Редакцийн бодлого

 

 Эрхэм зорилго: Анхдагч эх сурвалжид тулгаарлана

 

Бидний эргэн тойронд, дэлхий дахинд өдөр тутам болж буй үйл явдал, үзэгдэл, аливаа баримтыг бие даасан мэргэжилтнүүд, мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах, аливаа асуудалд илүү өргөн хүрээнд өртсөн давхаргыг тодорхойлох, анхдагч эх сурвалжид /мэдээллийн анхны эх үүсвэр/ тулгуурлах зарчмаар мэдээ, мэдээллийн зайлшгүй үндэс суурь үнэн бодитой байдлыг баталгаажуулсан бүтээгдэхүүнийг олон нийтэд хүргэнэ. 

 

Алсын хараа: 

 

Уншигч, Үзэгч, Сонсогч-ийн  итгэдэг, бүтээлч эх сурвалж байх. Хэрэглэгч тус бүрийн хэрэгцээ, шаардлагыг  хангахыг эрмэлзэн мэдээлэл түгээх, нийгмийн боловсролыг дээшлүүлэх, зөвхөн арилжааны зорилготой мэдээллийн зах зээлээс татгалзан, нийгэм, монгол хүний амьдралд өнгө нэмэх зорилгыг бид өмнөө тавьсан. Манай хамт олон нийгмийн зорилтуудаа баримталж, улс орны хөгжлийн түлхүүр төслүүд, хамгийн шинэлэг, суут авьяасыг дэмжин урамшуулж, хэн нэгний ашиг сонирхлоос хараат бус ажиллан ёс зүйн хэм хэмжээний өндөр түвшинд гарах арга замыг эрэлхийлэн ажиллана.

 

Баримтлах зарчим:

 

Шударга байх зарчим

Шударга байх нь манай агентлагийн үндсийн үндэс. Агентлагийн бүхий л контент нь нээлттэй, үнэнч, үнэнийг, эрхэмлэсэн байна. Агентлагийн зарчимд нийцээгүй, хангалтгүй илэрхийлэгдсэн нэг ч сэжүүр байх ёсгүй.  

 

 

Үнэн зөв байдал

Бид үнэн зөв байдлыг хатуу баримтлах ёстой. Энэ зорилгодоо хүрэхийн тулд мэдээллийг шалгаж, бас дахин шалгаж, бусад эх сурвалжаар баталгаажуулах, мэргэжлийн экспертүүдээс холбогдох зөвлөгөө авахад бэлэн байх ёстой. Редакцийн хамт олон үйл явдлын газар дээр  байх,боломжгүй бол гэрчүүд, анхдагч эх сурвалжаас мэдээлэл авах ёстой. Зарим тохиолдолд үнэн зөв гэдэг нь  баримтуудыг ердийн байдлаар зөв дараалалд оруулахаас илүү өргөн агуулгатай байдаг. Мэдээлж буй үйл явдлын үнэн дүр зураглалыг бүрэн гаргахын тулд түүнд хамааралтай бүхий л мэдээллийг оруулахыг чухалчилна.

 

 

Эх сурвалжид баримтлах зарчим

Агентлагийн мэдээлэл үнэнч, нээлттэй, шулуун шударга зарчим дээр үндэслэгдсэн байна. Бид албан харилцаа тогтоосон хүмүүсдээ үнэнч шударга, хүндэтгэлтэй хандах ёстой. Бидэнтэй холбогдож хамтран ажилласан хүмүүс нэвтрүүлэг, мэдээ мэдээллийн агуулга, түүний үүрэг, мөн нэвтрүүлэг шууд эфирээр эсвэл бичлэгээр цацагдах, мөн түүний хэлсэн үг өгүүлбэрийг засч найруулах эсэхийг мэдэх эрхтэй.

 

 

Редакцийн хараат бус байдал

Уншигч, үзэгч, сонсогч агентлагийн мэдээ мэдээллийн зорилго чиглэлд итгэх боломжтой байх ёстой. Мэдээллийг хүлээн авч буй зорилтот бүлгийнхэнд тухайн мэдээ мэдээллийг улс төр, арилжааны дарамт, бусдын ашиг сонирхлын нөлөөн дор бэлтгэхгүй,  бодитой, чамбай, даацтай, чухал шалтгаантайгаар нийтлэсэн гэдэгт итгэл үнэмшилтэй байх нөхцлийг редакц бүрдүүлэх үүрэгтэй. Сэтгүүлч, уран бүтээлчдийн мэргэжлийн бус алдаа редакцийн ажиллагаанд нөлөөлөх боломжийг гаргах ёсгүй.

 

 

Хувийн амьдралыг хүндлэх

Редакцийн хамт олон хүмүүсийн хувийн амьдралыг хүндэтгэх ёстой. Хувийн зан байдал, харилцан яриа, зурвасыг олон нийтэд дэлгэхгүй бөгөөд гагцхүү нийгмийн өргөн хүрээний ашиг сонирхолд нийцэхгүй, ноцтой хохирол учруулахуйц тохиолдолд хувийн шинж чанартай материалыг дэлгэж болно.

 

 

Ёс зүйг баримтлах

Мэргэжлийн болон хувийн ёс зүйг эрхэмлэх. Үзэгчид, уншигчид, сонсогчид янз бүрийн үзэл баримтлалтай гэдгийг сайтар ойлгож, хүндэтгэлтэй хандах бөгөөд өөрсдийн үзэл баримтлалаар бусдыг гутаан доромжилж болохгүй. Тухайн нэвтрүүлэг, мэдээ нийтлэл, эфирт гарах хугацаатай холбоотойгоор зорилтот бүлгийнхэнд үүсэх хүлээлтийг анхаарах нэн шаардлагатай.  Телевизийн аливаа контент, пэйж хуудсанд материал бэлтгэхдээ цагийн хуваарилалтын зарчмыг харгалзах ёстой. /21,00 цагаас өмнө ямар нэвтрүүлэг цацах нь зохистой эсвэл зүйд нийцэхгүй/

 

 

Нийгмийн эсрэг болон гэмт хэргийн шинжтэй үйлдлийг даган дуурайх сэдэл төрүүлэхээс зайлсхийх

Телевизийн суваг, радио нэвтрүүлэг болон бусад мэдээллийн сувгуудаар дамжуулж байгаа зүй бус үйл явдлыг даган дуурайх магадлалтай гэдэгт олон нийт санаа зовнидог. Хүний амь насанд заналхийлсэн аливаа аюул, нийгмийн эсрэг болон гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн талаар мэдээлэхдээ олон нийтэд сөрөг сэдэл төрүүлэхгүй байхуйцаар мэдээлэхийг эрхэмлэнэ.

 

 

Хүүхдийг хамгаалах

Контент бэлдэж байгаа уран бүтээлчид үүнд оролцож байгаа хүүхдүүдийн сэтгэлзүйг хамгаалах талаар анхаарал хандуулах ёстой. Уран бүтээлчид тухайн контент хүүхдэд хэрхэн нөлөөлөх, оролцогч хүүхдүүдтэй хэрхэн ажиллах, олон нийтэд цацагдсны дараа тухайн уран бүтээл хүүхдэд ямар үр дагавар авчрах талаар сайтар нягталж, бэлтгэх үүрэгтэй.

 

 

Ярилцлагын зочинтой үнэнчээр харилцах

Агентлагийн ярилцлагыг эелдэг, үнэн зөв хандлагаар хийх ёстой. Ярилцлагыг судалгаатай, хурц, зөв өнцөгтэй, мэдээлэл өгөхүйц байдлаар хийх бөгөөд харин хэт давшилсан, бүдүүлэг, мөн мэтгэлцээний оролцогч талуудын аль нэгийг баримталсан байдалтай ярилцаж болохгүй. Ярилцлагын үеэр өдөөн хатгалт гарч болох ч үүний хариуд түрэмгий, хандлага гаргаж болохгүй. Ярилцлага өгч байгаа хүн асуултанд бүрэн дүүрэн хариулах боломжтой байх ёстой.

 

 

Арилжааны ашиг сонирхлоос ангид

Агентлагийн мэдээллийн контентууд сурталчилгааны сэдэл төрүүлэхүйц, аливаа нэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнес эрхлэгчийг сурталчилсан агуулгатай байж болохгүй. Аливаа нэг бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дурдсан бол энэ нь сурталчилгаа биш гэдгийг батлах ёстой.

 

Сурталчилгаа

Сурталчилгаа бол түүнийг ялгах тэмдэг ашиглах, сурталчилгаа гэдгийг шууд ойлгогдохоор илэрхийлсэн байх ёстой.