Уолт Диснейн ЗУРГААН нууц

2017-08-19 13:34
«Хүн мөрөөдөж чадаж байгаа бол мөрөөдлөө биелүүлж ч мөн чадна» Уолт Дисней

Хүүхэлдэйн киноны алдарт уран бүтээлч, Диснейлэнд үлгэрийн ертөнцийг үндэслэгч Уолт Диснейг домогт хүн гэдэгтэй хэн ч маргахгүй. Анхны бүтээлүүдээ туурвиж эхлэх замдаа дөнгөж ороод байх үед түүнийг шүүмжлэх, гоочлох хүмүүс мундахгүй байлаа. Гэлээ ч нөр их хөдөлмөр, өөрийгөө агуу уран бүтээлч гэж дэлхийд нотлохыг хүссэн эрмэлзэл нь түүнийг алдрын оргилд хүргэсэн юм. Хүүхэлдэйн хаант улсыгр үндэслэгч өөрийн боловсруулсан 6 зарчмыг өдөр тутмын амьдралдаа байнга мөрддөг байжээ.


Ямар зарчим баримталж, энэ их амжилтанд хүрсэн нууцыг та бүхэнтэй хуваалцая. 

 

 


Шүүмжлэгчийн эсрэг мөрөөдөгч 

 

 

Хамгийн бүтэшгүй зүйлийг ч мөрөөдөж болно, гэхдээ төсөөлөшгүй зөгнөлийг ч хэрэгжүүлэх хэрэгтэй

 


Хүн бүрт Мөрөөдөгч, Реалист буюу бодит байдлыг хардаг хүн мөн Шүүмжлэгч гэсэн гурван чанар байдаг гэж Дисней үздэг байжээ. Сайн ажиллахын тулд эдгээр гурван чанар нэг нэгэндээ чөдөр тушаа болох биш харин нэгнээ дэмнэн, дотоод сэтгэлийг хурцалж өгөх ёстой гэж тэрбээр ярьдаг байсан гэнэ. Энэ үзэл баримтлал дээрээ тулгуурлан Дисней ажилтнууддаа зориулсан гурван өрөө тохижуулсан байна. 

 


Мөрөөдөгчийн өрөө нь зөвхөн мөрөөдөхөд зориулагдсан. Мөрөөдөх орчныг бүрдүүлэхийн тулд хананд тод, өнгөлөг зурагнууд өлгөж, төрөл бүрийн ишлэлүүд бичжээ. Энэ орчинд хамгийн бүтэшгүй зүйүлийг ч мөрөөдөж болно, гэхдээ төсөөлөшгүй зөгнөлийг ч хэрэгжүүлэх хэрэгтэй. Ямар ч шүүмжлэл хэрэггүй, зөвхөн мөрөөдөл бас санаа...

 


Харин бодит байдлыг харах өрөө нь ажиллах орчныг бүхэлд нь бүрдүүлсэн, хамгийн сүүлийн үеийн техникээр тоноглогджээ. Бодит байдлыг эрхэмлэгчид мөрөөдөгчдийн санааг амьдралд хэрэгжүүлж байв. Энд хамгийн төсөөлөшгүй дүрүүд цаасан дээр бууж байлаа. Ингэж л Микки Маус, Цасангуа ба долоон одой, Питер Пэн, Бэмби болон үе үеийн багачуудын хайртай бусад дүрүүд мэндэлсэн юм.  


Гурав дахь өрөө шүүмжлэгчдэд зориулсан. Энэ өрөөнд Диснейн бүтээлүүдийг үзүүлж, шүүмж сонсоно. 

 

 

 


Томчуудын эсрэг хүүхэд 

 


Бүтээлч хүн сэтгэлдээ үргэлж хүүхдээрээ байдаг. Дисней  55 насандаа төмөр замын загвар тоглоомоор тоглодог байжээ. Ийн тоглохдоо цаашид хийх хүүхэлдэйн ертөнцийг санаандаа бий болгон бүтээдэг байж. 

 

 

Хэт сэрэмжлэлгүй адал явдал хайх 

 

 

Эрсдэл өндөр байх тусам зорилгодоо хурдан хүрч, тэр хэрээр бусдаас давуу талтай байна

 

 

Уолт Дисней байнга л эрсдэл хийдэг байжээ. “Эрсдэл өндөр байх тусам зорилгодоо хурдан хүрч, тэр хэрээр бусдаас давуу талтай байна”. Энэ бол түүний баримталдаг зарчим. 


Дисней амьдралынхаа туршид олонтаа хямралд өртөж байжээ. Бүтээлээ таниулахаар 30 жил зүтгэсэн ч жил бүр түүнийг дампуурал дагана. Гэвч тэр бууж өгсөнгүй, Диснейлэндийг байгуулахын тулд амьдардаг байшингаа хүртэл барьцаалж байсан гэдэг. Урам хугарч, ажил бүтэлгүйтэх бүрт Дисней толгойгоо ганзаглан суулгүй илүү өргөн цар хүрээтэй, томоор сэтгэн ажилласнаар хүүхэлдэйн киноны ертөнцийн шилдэг нь болж чадсан юм. 

 


Шинжээч биш туршигч 

 

 

 

Чадварлаг , нэртэй мэргэжилтнүүдийн санаа бодлыг сонс. Харин тэднээс яг эсрэгээр нь хий

 


“Чадварлаг , нэртэй мэргэжилтнүүдийн санаа бодлыг сонс. Харин тэднээс яг эсрэгээр нь хий” гэж Уолт Дисней  ярьдаг байжээ. 
Хачирхалтай нь Диснейн санаа бүрийг хүмүүс галзуу гэж дүгнэн, мэргэжилтнүүд түүнийг огтоос ойшоодоггүй байв. Дисней л анх удаа хүүхэлдэйн баатруудын тоглосон бүрэн хэмжээний кино бүтээх санал гаргаж байлаа. Гэвч шинжээчид цаг хагас үргэлжилэх хүүхэлдэйн киног хэн ч үзэхгүй, бүтэлгүй санаа гэж ярьж байв.  Гэлээ ч “Цасангуа ба долоон одой” хэмээх анхны бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино тэдний буруу гэдгийг батлан, бүх цаг үеийн хамгийн ашиг орлоготой кино болсон юм. 

 

 

 

Үргэлж сайн сайхан ялдаг 

 


Хар муу зүйл үргэлж ялагддаг. Тиймдээ ч Дисней аз жаргалтай төгсгөлийг харуулаагүй бүтээл гаргана гэж хэзээ ч төсөөлж байгаагүй юм. Дисней өөрөө “энхийн цагаан тагтаа ” байгаагүй л дээ. Цэцэрхээд сайрхаад байх зүйлгүй, архи ууж, тамхи татдаг нэгэн байв. Гэхдээ бүтээсэн дүрүүдээ үргэлж гэнэн цайлган, сайн сайхнаар төсөөлөн буулгана. Тэдгээр баатруудыг хэн ч гоочилж зрхлэхгүй тийм л гэгээлэг... 

 

 

 

 

 

Бардах биш бөхийж сур

 


Гэр бүлээрээ амрахад зориулагдсан Диснейлэндийг байгуулахаар шийдсэн Уолт Дисней өөрийнх нь “гол дайсан” болох телевизд хандаж байжээ. Олон хүнээс тусламж хүссэн ч түүнд татгалзаж байсан тул Дисней ийн телевизд хандахаас аргагүй болсон гэдэг. Телевизд өөрийнх нь хүүхэлдэйн кинонуудаас бүтсэн бүрэн хөтөлбөрийг зарж, улмаар энэ нь ч хэвлэл мэдээллийнхэн хүүхэлдэйн киногоор амьсгалах суурийг тавжьээ. Долоо хоног бүр үзэгчдэд хүрдэг байсан шинэ нэвтрүүлгийн ачаар Диснейн санхүүгийн байдал эрс сайжирч, 53 насандаа саятан болсон бол домогт уран бүтээлчийн үр сад Диснейлэндийн ертөнцийг өргөжүүлэн хөгжүүлснээр хэдийнэ тэрбумтнууд болсон юм. Уолт Диснейн хувьд уран бүтээл бүхнээс илүү байсан, тиймдээ ч санаа бүрээ ямар ч арга замаар хамаагүй хэрэгжүүлдэг байв.

 

 

 

Мөрөөдлийнхөө төлөө явж байгаа гэдгээ үргэлж сана

 


Агуу уран бүтээлч Уолт Диснейн амжилтанд хүрсэн нууцууд нь мөрөөдлөө хэрэгжүүлэхэд ямар замаар явах хэрэгтэйгээ шийдэж чадаагүй хэн нэгэнд тус болж ч мэдэх. Хүндрэлээс бүү ай, зам байхгүй бол өөрөө зам, жим гарга. Мөрөөдлийнхөө төлөө явж байгаа гэдгээ үргэлж сана. Энэ л Диснейн танд хэлэхийг хүссэн гол санаа. 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.