Хүн төрөлхтөн 1895 онд анх удаа тасалбараар кино үзсэн

2017-08-19 14:30
“Усаар шүршигдсэн ус шүршигч” нь киноны түүхэн дэх хамгийн анхны богино хэмжээний инээдмийн бүтээл юм.

Киногүйгээр орчин үеийн амьдралыг төсөөлөх аргагүй. Уйдахад хөгжөөж, гомдоход тайвшруулж, ганцаардахад хань болдог кино гээч гайхамшигт зүйлсийг та бид бараг л хүн төрөлхтөн үүссэн цагаас л байсаар ирсэн зүйл мэт боддог.  Гэтэл кино урлаг, кино бизнес гээч зүйл үүсэн бий болоод зуу гаруйхан жил болж байгаа гэдгийг та мэдэх үү? Бүр тодруулбал 1895 оны 12-р сарын 28-нд хүмүүс анх удаа тасалбар худалдан авч, тухлан сууж байгаад баримтат кино, кино зураглал, богино хэмжээний инээдмийн кино зэргийг үздэг болжээ.

 


Юу болсон бэ гэхээр Луи ба Огюст Люмьер гэдэг ах дүү хоёр Эдисоны бүтээлийг сайжруулж өөрчлөн авсан кино зураглалуудаа анх удаа төлбөртэйгээр олонд хүргэсэн юм. Тасалбар худалдан аваад Капуцинуудын гудамжинд байрладаг Гран кафегийн хонгилын өрөөнд орж тухлан суусан хүмүүс нэг бүр нь 50 секунд орчим үргэлжилдэг 10 гаруй жижиг үзэгдлүүдийг үзсэн юм.

 


Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн анхны кино үзвэр нь  “Люмьерийн үйлдвэрийн ажилчид тарж байгаа нь”, (La Sortie des usines Lumière, 1895) гэсэн кино ажээ. Одоогийнхоор бол энэхүү 50 секунд орчмын бичлэгийг кино ч гэж хэлэхэд хэцүү. Бичлэг дээр ердөө л Люмьерийн үйлдвэрийн ажилчид үйлдвэрийнхээ хаалгаар хэрхэн гадагш гарч байгааг л харуулна. Дараа нь залгуулаад далайн давалгаа, ажлаа хийж байгаа дархчуул, өглөөний хоолоо идэж байгаа хүүхэд, хана нурааж байгаа нь зэрэг бичлэгүүдийг үзжээ.

 

“Люмьерийн үйлдвэрийн ажилчид тарж байгаа нь”

 

 

Гэхдээ эдгээрийн дотроос хоёр кино үзэгчдийг хамгийн ихээр байлдан дагуулсан байна.  Өөрөөр хэлбэл үзэгчдийг ёстой мэл гайхуулж, цэл хөхрүүлсэн хэрэг. Энэ нь “Ля Сьота буудал дээр галт тэрэг ирж байгаа нь” (L"Arrivée d"un train en gare de la Ciotat 1895), “Усаар шүршүүлсэн ус шүршигч” ("ArLroseur Arrosé, 1895) гэсэн хоёр кино.

 

 

“Ля Сьота буудал дээр галт тэрэг ирж байгаа нь”

 

Эхнийх нь дээр нь төмөр замын буудал дээр галт тэрэг хэрхэн ирж, түүнээс зорчигчид бууж, хүмүүс хэрхэн тосч байгааг харуулна. Үргэлжлэх хугацаа нь ердөө л минут орчим. Тэр үеийн кино бичлэг дуугүй байсан нь мэдээж. Тэгэхээр магадгүй дуу энэ тэр ч байхгүй хар цагаан, тэгээд ганцхан минут үргэлжилдэг бичлэг үзэх юу нь сонин байна гэх хүмүүс гарах байх л даа. Тэгвэл энэ явдал тэртээ 1895 онд болж байгааг дахин сануулмаар байна. Энэхүү бичлэг дээр алслалтын аргыг анх удаа ашиглан хавтгай даавуун дээр гурван хэмжээст дүрслэлийг чадварлагаар харуулж чадсан байдаг. Тиймээс анх удаа үзсэн хүмүүст галт тэрэг үнэхээр даавуунаас дайран гарч ирээд бяц дайрах гэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, зарим нь айсандаа бүр ухаан алдан унаацгаасан тухай түүх одоо хүртэл яригддаг.

 

 

 


Харин “Усаар шүршигдсэн ус шүршигч” нь киноны түүхэн дэх хамгийн анхны богино хэмжээний инээдмийн бүтээл билээ. Бусад кинонуудаасаа ялгаатай нь баримтат бус харин бүхэлдээ уран сайхны зохиомж байснаараа эрс ялгарч байв. Зүгээр ч нэг зохиомж бус харин киноны түүхэнд анх удаагаа эхлэл, өрнөл, оргил үе ба төгсгөл гэсэн бүрэн бүтэц бүхий кино болсон юм.

 

 

“Усаар шүршүүлсэн ус шүршигч”

 


 

 

Дэлгэрэнгүй өгүүлбэл: Урт хоолойгоор цэцэрлэг усалж байгаа хүн гарна. Энэ бол дүрслэл. Дараа нь жаал хүү гарч ирээд шүршигчийн ард зогсоод усны хоолойн дээр нь гишгэнэ. Энэ бол үйл явдлын эхлэл хэсэг. Үүний дараа шүршигч эр ус гарахаа больсонд гайхан хоолойны хошуу руу шагайна. Энэ бол үйл явдлын эргэлтийн хэсэгтэй өрнөл үе. Үүнийг залгуулаад жаал хүү хөлөө хоолойн дээрээс авахад ус гэнэт олгойдон гарч шүршигчийн нүүр рүү шүршинэ. Мэдээж энэ үйл явдлын оргил хэсэг юм. Дараа нь шүршигч эр уурлан жаал хүүг зодоход нөгөөх нь зугтана. Энэ нь киноны тайлал хэсэг.
Ердөө  минут орчин үргэлжилдэг хэдий ч энэ бол та бидний үзэх дуртай уран сайхны киноны анхдагч нь байлаа.

 

 

Ийнхүү ах дүү Люмьерийн бүтээлүүдийг үзсэн анхны үзэгчид үнэхээр их сэтгэлийн ханамж авч, түүнээ найз нөхөд, гэр орныхонтойгоо бахдан хуваалцсан нь нэг ёсондоо киноны анхны реклам болсон гэдэг нь гарцаагүй. Энэ анхны ам реклам үнэхээр маш хүчтэй байсны ачаар кино гээч зүйл тэгсхийгээд мартагдаж алга бололгүй үргэлжлэн, сая сая үзэгчдийг байлдан дагуулсаар өнөөдрийн оргилд хүрсэн билээ.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.