И.Азизов: Азийн эрчим хүчний тойрог Монголын УЦС-ын хувь заяаг шийдэхэд туслана

2017-08-21 08:04

Монгол дахин нэг УЦС-тай болох эсэх асуудал сүүлийн үед улам эрчимтэй яригдах болсон. Угаасаа л чив чимээгүй байж байгаад бүтээн байгуулалт сүндэрлэчихдэггүй тул яриа хэл ам гарах нь энгийн л үзэгдэл. Юу гээд л манай нийслэл болдог шиг бөөн хэл ам босч ирснээ тэгсхийгээд ууршиж алга болох вэ. Ер нь ч яригдаж, эсэргүүцэж байгаа бүхэн ардаа учир шалтгаантай. Манай Шүрэнгийн УЦС-ын тухайд гэвэл хил дамнасан ус буюу Орхон голын эрэг дээр баригдах гэж байгаа мөн энэ Орхон гол Байгал нуурын гол цутгалан гэдгээрээ хэл ам татлаад байгаа хэрэг. УЦС барьчихвал Байгал нуур юу ч үгүй ширгэчихнэ, эсвэл бүр далан нурвал “цунами үүсч” Буриадын нийслэлийг хуу хамж, усанд живүүлнэ гэж бат итгэж байгаа нэгэн байгаа бол, хамтдаа судлая, үр дүнг нь гарсан хойно эсэргүүцэх үгүйгээ ярилцъя гэсэн эрдэмтэн, судлаачид нөгөө хэсэгт нь зогсож байгаа юм.  Тун удахгүй, энэ сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод Орос, Монголын хамтарсан эрдэмтдийн баг энэ сэдвээр хуралдах учиртай. Харин энэ зуур Оросын хэвлэл мэдээлэл энэ сэдвээрхи мэдээллүүдээ эрчимжүүлсээр байна. Саяхан бид манай улсын шинэ Ерөнхийлөгч Х.Баттулгаас "Итар Тасс" агентлагийн сэтгүүлч ярилцлага авсныг орчуулан хүргэсэн. Тэрбээр мөн ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд И.Азизовоос ярилцлага авчээ. Харин энэ удаад ерөнхийлөгчөөс огт сонирхоогүй ч хоёр орны хувьд нэн сонирхолтойд тооцогдож байгаа УЦС-ын талаар асуусан байна.

 

 

Ноён И.Азизов манай улсыг “Азийн эрчим хүчний супер тойрог”-т оролцсоноор Байгал нуурын цутгалан дээр барихаар төлөвлөж буй УЦС-ын талаарх асуудлыг зохицуулах боломжтой гэж үзжээ.

 

 

“Бид эрчим хүчний системээ сайжруулах гэж байгаа Монголын түншүүдийнхээ хүсэл эрмэлзлэлийг дэмжиж байгаа” гээд УЦС барих өртөг нь дэндүү өндөр гэж онцолсон  байна.

 

 

"Монгол улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах боломжит хувилбарыг өнөөдөр авч үзэх нь эдийн засгийн талаасаа нэн зүйтэй. Эрчим хүчний супер тойргийг байгуулах нь нэн чухал бөгөөд энэ төсөлд Монголын талыг оролцуулахаар урьсан " гэж элчин сайд цохон тэмдэглэжээ. /И.Азизовын ярилцлагыг эндээс уншина уу /

 

 

Ийнхүү Монгол улсад суугаа элчин сайдаас ярилцлага авсан "ИТАР ТАСС" агентлаг манай улсын төлөвлөж байгаа УЦС-ын талаарх мэдээллийг цааш нь үнэлж дүгнэжээ. Тэд энэ төслийг тун аюултай гэж үзсэн байна.

 

 

 

“Аюултай УЦС”


 

Сүүлийн хэдэн жилд яригдаж байгаа, Байгал нуурын гол цутгалан дээр баригдахаар зэхэж буй усан цахилгаан байгууламжийг барих манай улсын төслийг Оросын эрдэмтэд нуурын экосистем болон Сэлэнгэ мөрөнд хортой нөлөө үзүүлнэ гэж үзэж байгааг ч онцолж. Түүнчлэн УЦС барих нутаг дэвсгэр дээр газар хөдлөлтийн аюул байгааг эрдэмтэд сануулдагийг ч энд мөн өгүүлжээ.

 

 

2016 оны 10 дугаар сарын эхээр Дэлхийн банк Шүрэнгийн УЦС болон Орхоны усан сангийн төслийг боловсруулах тендерийг олон нийтийн хэлэлцүүлэг хийхгүйгээр зарласны дараа ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Сергей Донской дэлхийн банкинд нөхцөл байдлыг тодруулах талаар захидал явуулсны дүнд Дэлхийн банк ийм тендер явуулаагүй гэсэн хариу өгсөн талаар "ТАСС" агентлаг онцолсон байна.

 

 

 

Азийн эрчим хүчний сүлжээ

 

Петербургийн Эдийн засгийн энэ жилийн форумын үеэр “Россеть”-ийн тэргүүн Олег Бударгин манай улсыг Азийн эрчим хүчний тойрог барих төсөлд нэгдэх боломжтой гэж мэдэгдэж байлаа. Зохих  гэрээ хэлэлцээрүүд нь ч хэдийнэ хийгдээд эхэлсэн гэнэ. Энэ төсөлд Орос, Хятад, Хойд болон Өмнөд Солонгос, Япон улс оролцохоор сонирхож байгаагаа илэрхийлсэн байна. Энэ төслийг хэрэгжүүлснээр дээрх орнуудын эрчим хүчний системүүдийг нэгтгэх боломжтой гэнэ. Чухам ямар төсөл болох, мөн хэрэгжих хугацааных нь талаар бид эргэн мэдээлэх болно.

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

Зочин /202.179.27.228/

2017-09-05 23:54

Монгол улс нуур цөөрөм муутай, тиймээс гадаргуугийн усыг нөөцлөх, нуур үүсгэх, УЦС барих нь их чухал. Оросууд хуучнаараа өөрийн эрх ашгийг түрүүнд тавьж, "хямд" гэх цахилгааныг манайд экспортлож, биднийг дарамтлах бодлого явж бн.

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.