Хүчтэй аадар борооны улмаас Архангай, Сэлэнгэ, Өвөрхангайд мал хорогдож, айлын хашаа байшин нуржээ

2017-08-21 11:02

2017 оны наймдугаар сарын 17-20-ны өдрүүдэд үргэлжлэн орсон хүчтэй аадар бороо, салхи шуурганы үеэр Архангай, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн нутагт багагүй хохирол учраад байна.

 

 

 

 

Тухайлбал, 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас Архангай аймгийн Цэцэрлэг сум, “Туулант” багийн “Дөрөө нуур” гэдэг газар  Хөвсгөл аймгийн Рашаант сумын харьяат иргэн Э, Б, О, А нарын 200 гаруй мал хорогдсон, мөн аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн “Олон” гэдэг газар хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас малчин Ү-гийн 14 бог мал мөндөрт даруулан хорогдсон байна.

 

 

 

2017 оны 08 дугаар сарын 18-нд Сэлэнгэ аймгийн Жавхлант сум, Моностой багийн “Жавхлант  Уул” гэдэг газар усархаг бороо орсны улмаас үер бууж 10 метр засмал зам үерт автсан . Тус аймгийн “Сэлэнгэ” АЗЗА ХХК-ийн ажилчид ажиллаж, Сүхбаатар-Дархан чиглэлийн автозамын хажуугийн хөвөө шороо урссан, автозам сэтэрснийг засварлаж байна.

 

2017 оны 08 дугаар сарын 18-нд Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шунхлай багийн нутагт түр зуурын мөндөр орж хүчтэй хуй салхи салхилсны улмаас 13-38 насны 2 иргэн хөнгөн бэртэл авсан. 47 айлын хашаа, 11 гэр нурж эвдэрсэн, 13 байшингийн дээвэр хуурч, цонх хагарсан, 6 зуны байшин бүрэн нурсан. Мөн 6 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам тасарч, 7 тулгуур багана унасныг засварлахаар Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн ажилчид ажиллаж байна.

 

 

 

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сумын засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/87 дугаар захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн хор уршгийг арилгах арга хэмжээ авч ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

 

Аюулгүй байдлаа хангахыг сэрэмжлүүлж байна

                    

- ИХЭНХ НУТГААР УСАРХАГ БОРОО ҮРГЭЛЖЛЭН ОРНО -

 

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 22-нд ихэнх нутгаар, 23-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 24,25-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, Хангай, Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд говь тал хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

 

 

Зуны амралт, аялал зугаалгын цаг дуусч, хичээл сургуулийн бэлтгэл ажил эхэлж байгаатай холбогдуулан хөдөө, орон нутгаас нийслэл хотыг зорих иргэд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгдэж байна.

Түүнчлэн ихэнх нутгаар усархаг бороо үргэлжлэн орж гол, мөрөн, нуурын  усны түвшин нэмэгдсэн байгаа тул иргэд, жолооч нар баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж аюулгүй байдлаа хангах, гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжилж аюулгүй байдлаа хангахыг сэрэмжлүүлж байна.

 

 

Мөн бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг  Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.