Л.Байзада: Намрын хүйт ороход ээжийн минь инээх нь хүртэл цөөрчихдөг байлаа

2017-08-21 14:35
 

Соёлын тэргүүний ажилтан, поп дуучин Л.Байзадатай ярилцсанаа хүргэж байна. “Чиний зураг”, “Танилцъя охин”, “Үүрдийн наран” зэрэг хит дуугаараа үе үеийн залуусын “танил” болсон тэрээр удахгүй болох “Латиф” сангийнхаа ойд бэлтгээд завгүй явна.  

 

 

ESA: ...Буурал хатуу хорвоо
Ээжээ яагаад ийм юм бэ?
Бурхан ч даахгүй зовлонг үүрч
Ээжүүд минь юунд шанална вэ?... энэ бол таны үг аяыг нь бичиж, “Гурван бүдүүн”, Сараа гавьяатын хамтаар дуулж олонд хүргэсэн дуу. Энэ дууны бүтсэн түүхээс яриагаа эхэлмээр байна?

- Ээжийн тухай дуу бүтээнэ гэдэг амаргүй гэж уран бүтээлчид ярьдаг даа. Хамгийн сайн мэддэг хүнээ дуугаар өгүүлэхэд хамгийн гоё үг ч багаддаг аж. 2008 онд студид нэг дуугаа бичүүлж байхад:

...Насан туршийн гэрэлт наран минь та ээж минь

Намайг гэсэн сэтгэл чинь хүүд тань үнэтэй ээж ээ

Уйлж дуулах хорвоогийн жамыг бүгд дагадаг ч

Ухаарч ойлгоод хүү нь тантайгаа байхсан даа ээжээ
..
гэсэн дахилтын хэсэг орж ирсэн юм. Түүнээс хойш олон жилийн дараа “бүтэн” болсон дуу байгаа юм. Энэ дуу Монголын бүх сайхан ээжүүдэд, бас өөрийнхөө ээжид барьсан бэлэг. Хорвоогийн бүх ээжүүд жаргалтай байгаасай. Эрчүүд бид эмэгтэйчүүдээ илүү ихээр хайрлаж, халамжилж байгаасай. Тэднийхээ зовлонг ойлгож, хуваалцаж чаддаг байгаасай. Тэгвэл эмэгтэйчүүд маань улам л жавхаажаад, гэрэлтэх улс шүү дээ.

 

 

 

ESA: Таны хувьд ээждээ ямар ямар гэнэтийн бэлэг барих уу?

- Ээжид маань төрсөн үр хүүхэд нь сайн сайхан явахаас илүү бэлэг гэж байдаггүй болов уу. Ээжүүд чинь хүүхдүүдээ сайн яваасай гэж хүсэхээс гадна эрмэлзлэлийг нь бас их хардаг улс гэж бодогддог. Тиймдээ ч үрийнхээ сайн сайхны төлөө миний дуунд гардагчлан “бурхан даахгүй зовлонг ч үүрдэг”. Уг нь бурхан бүгдийг нь чаддаг гээ биз дээ. Тэгвэл ээжүүд үхэн үхтлээ тэднийхээ төлөө явсаар дуусдаг. Үгүй мөн агуу юм шүү.

 


ESA: Аавыгаа бурхан болоход та хэд их жоохон байсан байхаа?

- Тийм ээ. Том нь 18-тай, бага нь гуравдугаар анги байлаа. Тэр хүнд үеийг ээж маань зоригтойгоор туулж, таван хүүхдээ хүний зэрэгт хүргэсэн.

 


ESA: Мэдээж амаргүй үе олон байсан байх. Гэхдээ ухаан суугаад ээжийгээ “өөр нүдээр” харж, хамгийн ихээр өрөвдсөн нь хэзээ вэ?

- Хэцүү үе зөндөө, зөндөө. Намар оройн сэрүүн цаанаа л уйтгар авчрах нь бий. Хүүхдүүд бол ойлгохгүй ш дээ. Яг л тийм намрын хүйт орж эхлэхэд ээж маань нэг  л гунигтай болж, инээх нь хүртэл багасаад ирдэг байлаа. Хөөрхий дөө, энэ хүйтэн өвлийн хүйтнийг яаж давах уу гэж эртнээс л шаналж эхэлдэг байсан ч юмуу. Энэ тухай “Аав минь ирж явна уу даа” дуундаа:



...Шувууд буцах намраар эхийн минь сэтгэл гунихад

Шуурга сөрөн бид гэртээ хаврыг угтана гэсээр

Аав минь та намайг гэсэн хайраараа

Алсын алсаас ирж л яваа даа ...
гэж шүлэглэсэн.

 

 

 

“Гурван бүдүүн”-ий дуулсан энэ дуугаа сонсохоор ээжийн маань намрыг мэдрээд байгаа мэдрэмж надад ч бас төрдөг юм. За аав  нар ч бас агуу улс шүү дээ. Ер нь хүний амьдрал сайн мууг салгахын аргагүй холбоо хэлхээтэй. Хүмүүс бодохдоо харыг дараад л цагаан болчих юм шиг санахыг яана. Гэтэл үнэндээ бүгд хамт байж, амьдрал тогтдог бололтой. Нэгэн үе манай гэр бүлд эдийн засгаас болж хэцүү зүйл их тохиолдож байсан. Гэхдээ тэр болгоныг бид ээжтэйгээ даваад л гарсан. Та бид хоёрын ярианы эхэнд өгүүлсэн дууны “гол дүр” бол миний ээж. Энэ дуугаа Монголын сор болсон эмэгтэй, Зууны манлайгаар дуулуулна гэдэг  азтай хэрэг шүү.

 

 

ESA: Эсрэгээрээ та хэдийгээ ажил төрөлтэй, сайн сайхан явааг хараад баярлаж суугаа ээжийгээ харахад сэтгэлд өег байна биз?

- Тэгэлгүй яахав. Тийм баяртай өдрүүд ч зөндөө бий. Бид бол урлагийн гэр бүл. Тийм болохоор манайхан урлагийнхаа амжилтыг хамгийн түрүүнд соргогоор мэдэрч хүлээж авдаг. Ямар уран бүтээл хэрхэн яаж бүтсэнийг ээж их сайн мэднэ. Хүүгийнх нь зохиосон дууг хүмүүс аялж явааг хараад надаас илүү баярлана. Бас отгон хүүгээ ч их дэмжинэ. Хүүхдэд зориулсан юм хийж байгааг, энэ нь ховор жанар гэдгийг ээж дэндүү сайн мэддэг. Тийм болохоор өөрийн хэрээр дэмжинэ, ойлгоно, хамтдаа догдолно. Энэчлэн хүсэл эрмэлзлэлтэйгээр  хийж яваа ажилдаа амжилт гаргахад ээж их баярладаг. Яахав сайн хоол хийдэг, зодоон цохион хийхгүй, чихийг нь халууцуулахгүй явна гэдэг бас л баярлуулж байгаа хэрэг. Гэхдээ түүнээс илүү алсыг ээжүүд хардаг. Бүр тав, арав, хорь, гучин жилийн дараахыг харна гээч. Намайг өнгөрөөд өгөхөөр яана даа гэж ирээд л их олон жилийн дараахыг ярьж л байдаг улс шүү дээ. Бүүр муухан зурхайчаас илүү, зөнтэй гээч.

 


ESA: Хүүгийнхээ зохиосон ямар дуунд илүү дуртай болоо?

- Мэдээж залуу цагийнхаа хуучны дуунуудад дуртай. Тэр дундаасаа хөгжмийн зохиолч Чинзоригт хир халдаахгүй дээ. Хааяа нэг талбиун суухаараа түүний дуунуудаас дуулдаг юм. Харин минийхээс хэд хэдэн дууг тооноо. Түүнээс хамгийн их тоодог нь “Миний нутгийн өглөө” байна.
 


...Зүүдлэх шөнийн нойрноос сэрлээ

Зүрх сэтгэлийн уяа нутагт минь

Нарны цацраг алтаар гэрэлтээд

Насны жаргалыг зөгнөсөн өглөө ирлээ...
гээд л бас аялна.

 

 

 

 

ESA: Таны “Гэрэлт наран ээж” дуу “Монголын бүх үрс ээж аавтайгаа элэг бүтэн өсөх болтугай” гэж төгсдөг. Гэр бүлийн орчин хүүхдэд хамгийн их нөлөөтэй тийм ээ?

- Тэгэлгүй яахав. Элэг бүтэн аз жаргалтай гэр бүлд өссөн хүн ямар байх нь тодорхой. Монголчууд бид сүүлийн 20 жил хэтэрхий материаллаг зүйлд хуйларч олон жилийг үдлээ. Одоо больё. Өнөөдөр бид ахмадууд, ээжүүд, эмэгтэйчүүдээ хайрлаж хүндэлдэг монгол ухаанаа алдахгүй явахсан. Яахав энэ нийгмээс болоод зарим нэг охид маань алдаж онож яваа нь харагдах л юм. Гэхдээ амьдрал ойлгуулаад л өгнө. Яахав нэг алдаа л биз. Түүнийгээ засдаг ухаантай байх хэрэгтэй. Эрчүүд маань ч тэднийгээ эерэг зөв талаас нь хардаг байгаасай. Манай хүүхнүүд бас л хүчирхэг, чадалтай хүмүүс. Ямар ч хэцүү байсан хоногийн хоолоо хийгээд, галаа түлээд, уранхай цоорхойгоо нөхөөд, хүүхдээ өлсгөж даруулахгүй аваад авах чадвар Монгол эмэгтэйн хоёр гарт байдаг. Тэрнээс би айхтар сургааль айлдмааргүй байна. Бодлоо л хэлж байгаа нь энэ шүү.

 


ESA:  Ярианыхаа төгсгөлд “Латиф” сангийнхны сүүлийн үеийн сонин сайхнаас дуулгаач?

- Энэ жил сангийн маань зургаан жилийн ой тохиож байгаа. Өнгөрсөн хугацаанд их ч юм сурлаа, их ч юм үзлээ. Өдийг хүртэл ёстой бор зүрхээрээ явж ирлээ. Заримдаа шантрах, ажил төрөл бүтэлгүйтэх үе олон гарч байсныг нуугаад яахав. Гэхдээ юм нэгээр дуусдаггүй хойно. Маргааш нь дахиад нар мандана. Шинэ санаа, шинэ ажил эхэлнэ.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.