Сэлэнгэ мөрөн татарсан шалтгааныг Оросын эрдэмтэд тогтоожээ 

2017-08-23 13:02
Зуны цагт хур тунадас бага байгаа нь ус татрахад нөлөөлж байна.  
Сэлэнгэ, 2017-08-23 13:02, ESA, Б. Ананд

Монгол улс Байгал нуурын цутгалан болох Сэлэнгэ мөрний сав газарт УЦС байгуулахаар төлөвлөж буйтай холбоотойгоор байгаль орчны үнэлгээ, экосистемд нөлөөлөх эерэг сөрөг үр дагаврын талаар сүүлийн жилүүдэд идэвхитэй хэлэлцэн, эрдэмтэн судлаачид энэ чиглэлээр ажиллаж байгаа юм. Тэгвэл энэ удаад Москвагийн эрдэмтэд Сэлэнгэ мөрний ус татарч буйн шалтгааны талаар судалгаа хийжээ. Москвагийн их сургуулийн цахим хуудсанд нийтлэгдсэн эрдэмтдийн судалгааны талаар болон судалгаанаас үүдсэн мэдээллийг infpol.ru мэдээлснээр хүргэе. 

 



 

 

Москвагийн их сургуулийн албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр Сэлэнгэ мөрөн Байгал нуурын усны жил бүрийн урсацын тал хувийг цутгадаг байна. 1996 онд энэ голын усны түвшин бага байсан нь одоо хүртэл эрдэмтдийн санааг зовоож байгаа гэнэ. Энэ үзэгдлээс болж Байгал нуурын усны түвшин ч буурчээ. 
Судалгааны нийтлэлд онцолсноор Сэлэнгэ мөрөн гүндээ болон урсгал дагуу ч ус татарч байгаа нь ажиглагдаж байгаа юм байна. Москвагийн их сургуулийн газарзүйн ухааны доктор Наталья Фроловагийн үзэж байгаагаар усны жилийн дундаж зарцуулалт буурч байгаа нь зуны улиралд хур тунадас багатай байгаа нь нөлөөлж байгаа гэнэ.

 
Эрдэмтэд Сэлэнгэ мөрний урсацын олон жилийн хэлбэлзлийн онцлогууд болон хур тунадас, ус уурших хурдны онцлогуудыг судалжээ. Байгал нуурын ус татрахад нөлөөлсөн, олон жил усны түвшин багасч байгаагаас үүдэн дээрх нөхцлүүдийг судлах шаардлагатай болсныг Москвагийн их сургуулийн эрдэмтэд онцолсон байна. 


“1963 оноос хойш Байгал нуураас гарах усны урсацыг тохируулж байгаа Ангар мөрний УЦС-ын ажлын горимыг нарийвчлан тогтооход энэхүү судалгаа шаардлагатай байгаа юм. Түүнчлэн Сэлэнгэ мөрний ай сав дэр УЦС байгуулахаар төлөвлөж байгаа Монголын засгийн газрын судалгаатай холбоотойгоор энэхүү судалгааг хийсэн” гэж эрдэмтэн Фролова тайлбарласан байна. Түүний үзэж байгаагаар усны тэнцвэрт өөрчлөлт орсон байгаа нь Байгал нуурын ай савны экологийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлөх бөгөөд цаашлаад эрдэмтэд энэхүү сөрөг нөлөөллийг үнэлэх судалгааны ажил хийхээр төлөвлөжээ. 

 

 


Байгал нуурыг “юүлэх” Холбооны шийдвэр 


Хэдийгээр нөхцөл байдал хүндхэн болсон ч Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведев жилийн өмнө Байгал нуурыг “юүлэх”-ийг албан ёсоор зөвшөөрч байлаа. Ус багатай нөхцөлд Эрхүү мужийн оршин суугчдыг усаар хангахын тулд Оросын Засгийн газар ийм шийдвэр гаргаж байсан юм. 


“Усны түвшний нөхцөл байдлаас хамааран Байгал нууранд хамгийн дээд болон хамгийн доод түвшнийг тогтоосон. Энэхүү шийдвэр нь онц аюултай нөхцөл байдлаас зайлсхийх, Эрхүүгийн усан зангилааны орчимд байрлах хүн ам, эдийн засгийн объектууд, нийгмийн хүрээг ус, дулаан, эрчим хүчээр хангах боломжийг олгох юм” гэж Сайд нарын танхимын тэргүүний гарын үсэг бүхий тогтоолд онцолсон байлаа. 


Энд дуулгахад, өмнө нь үйлчилж байсан хуулийн дагуу Байгал нуурын усны доод түвшнийг 456 метр гэж заасан байлаа. 2001 онд ийнхүү усны түвшнийг метрээр тогтоож өгсөн бөгөөд тэр үеэс хойш Ангар дахь цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломжгүй болсон тул Эрхүүгийн УЦС-ын ажиллагаа доголдож эхэлсэн байна. 


Байгал нуурын ус татарч байгааг үл хайхран нуураас авах усны хэмжээг нэмэгдүүлэх саналыг 2014 онд Эрхүүгийн эрдэмтэд гаргаж байв. Тэд ингэснээр Дорнод Сибирийн эрчим хүчний салбарынханд тулгарч буй асуудлын эх үүсвэр болсон голуудын усны түвшин багасч байгаа асуудлыг шийдвэрлэнэ гэж үзэж байлаа.

 
2015 оны нэгдүгээр сард Буриадын эрх баригчид энэ асуудалд анхаарлаа хандуулж эхлэв. Тус Улсын тэргүүн асан Наговицын ус татарч байгаагаас үүдсэн үр дагаврын талаарх экологчидын мэдээллийг судлах үүргийг Байгалийн нөөцийн сайд Юрий Сафьяновд өгч байлаа. Усны түвшин багасч байгаагийн гол шалтгаан нь Эрхүүгийн эрчим хүчний салбарын үйл ажиллагаа гэж үзэж байсан юм. Улмаар Байгал нууранд өндөржүүлсэн бэлэн байдлын горим тогтоож байлаа. Харин Москва эрхүүгийнхний санаачлагыг дэмжсээр байв. 

 

 

 

«Медведевээс юу ч хамаарахгүй »

 

2016 оны зун Буриадын эрэг дагуух бүс нутгийнхан Байгал нуурын ус бүхэлдээ татарч байгааг мэдэрч эхэлжээ. Олон жижиг гол, нуур хатаж, худаг усгүй болж, харин байгаа усных нь чанар мэдэгдэхүйц муудсан байна. Гэлээ ч холбооны эрх баригчид Байгал нуурын усны түвшний хилийг өргөтгөн, нэг метрээс 2 метр 31 сантиметр болгохоор төлөвлөж байгаагаа зарласан юм. Ингэснээр усны түвшний доод үзүүлэлт 455,54 метр болох бол дээд түвшний хэмжээ 457,85 метр болох юм.  Дээр дурьдсанчлан, энэ баримт бичиг хэдийнэ хүчин төгөлдөр болсон. 

 

Энэ санаачлагыг 2016 оны гуравдугаар сард Төрийн Думын гишүүд эсэргүүцэв. Мөн оны дөрөвдүгээр сард усны түвшнийг эргэн харах шийдвэрийн талаар Буриадын сенатч асан Арнольд Тулохонов тайлбарласан юм. 


“Байгал нуурын ус хэвийн горимоороо 231 сантиметрт хүрч байсан тохиолдол огт үгүй. Ийм бага түвшинд очсон нөхцөлд Эрхүүгийн усан цахилгаан станцаас доош байгаа бүхий л ус цуглуулах хэсгийн ажил бүрэн зогсоно. Харин усны түвшин төлөвлөж байгаа шиг дээд цэгтээ хүрвэл Эрхүүгийн УЦС-ын турбинууд Байгал нуурын усны бүхий л эзлэхүүнийг дамжуулж чадахгүй. Хүчин чадал нь дийлэхгүй учраас хоосон хаялт явагдаж Ангар мөрөн болон Эрхүүгийн объектуудыг усанд автуулна” гэж Тулохонов тайлбарлаж байв. 


Түүнчлэн Медведевийн гарын үсэг бүхий баримт бичигт аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлыг лоббидож байгаа гэдгийг онцолж байв. Харин долоодугаар сарын 18-нд болсон Засгийн газрын хуралдааны үеэр тэрбээр Байгал нуурыг “юүлэх” арга хэмжээ зайлшгүй шаардлагатай байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. 


Түүний үзэж байгаагаар одоо Медведевээс юу ч хамаарахгүй, бүх зүйл цаг агаараас шалтгаалах гэнэ. Бороо орвол Байгал нуурын усны түвшин нэмэгдэнэ, Эрхүүгийн УЦС-аар дамжуулах усны хэмжээг багасгах өөр нэг шийдэл ч байгаа ч энэ аргыг хэрэглэвэл Ангар мөрний эрэг дагуух хотууд усан хангамжгүй болно гэж Тулохонов тайлбарлажээ. 


Энд дуулгахад, Оросын усны нөөцийн газрын наймдугаар сарын 18-ны өдрийн гаргасан мэдээллээр, Сэлэнгэ мөрний усны түвшин 47 сантиметрээр буурсан бол Байгал нуурын усны түвшин наймдугаар сарын 7-ны өдрөөс хойш нэг л түвшиндээ буюу 456 метр 23 сантиметр байгаа юм байна. 

 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.