Андреа Ковч: Шидэт реализм

2017-06-21 19:00
Шидэт реализм
Б.Сүйжин

Б.Сүйжин урлаг судлалын блог хөтөлдөг. Урлаг судлаач.

Нэг үлгэр эсвэл нэг шөнийн зүүдтэй эн тэнцэхүйц үнэ цэнэтэй түүхийг Андреа Ковчын зургуудаас уншиж болно. Салхитай, сэрүүн, шар, ганцаардмал өдрүүдийн дурдатгалаас...


Мичиганы шидэт реалист /magic realist/ зураач, хэрээнд дурлагч хэмээн өөрийгөө нэрийдсэн Андреа Ковч бол орчин үе /moderne/-ийн зурагт контемпорари ландшафтыг дүрсэлдэгээрээ алдартай нэгэн.
Түүний акрилкын ажлуудаас фото реализм болон сурреал дүр зураг, симболик байдал нэгэн зэрэг ажиглагддаг. Гэвч илбэ, жатга, далд ертөнцийн нууц эдгээр зурагт огт үгүй, зөвхөн мэйжик реалисм* л буй.


Magic realism – 1920-оод оны үед Германы шүүмжлэгч Франц Ро “Шинэ эд юмс” урсгалын бүтээл дэх гэрэл зураг мэт нарийвчилсан дүрслэл, аймшигт ад зэтгэрийн өнгө аясыг “мэйжик реалисм” гэсэн үг тодорхойлсон байдаг. Эдгээрт өдөр тутмын бодит амьдралын ахуйн нууцыг шингээсэн эд зүйлсийг нь онцолсон ч ёгт хэллэгээрээ үзэгчдэд бодит бус сэтгэгдэл төрүүлдэг.
Мэйжик реализм нь Ковчийн төрж, өссөн АНУ-ын хөрсөнд бойжсон тул түүнд илт ойрхон. Нөгөөтэйгүүр энэ урсгалыг Европын сюрриализм**-ын нэгэн хувилбар гэж үзэх нь ч бий. Театрт жүжигчний дүрээ хувилгадаг багийг, Арабад гивлүүрээр нүүрээ бүтээж халхалдагийг мэйжик хэмээн үзнэ. Энэ тохиололд мэйжик гэдгийг шууд шидийн гэж хэлэхээс илүүтэй ямар нэгэн объектыг субъект, субъектыг объект болгож буй гэж ойлгох нь зүй. Энэ нь  хүн төрөлхтөн санааны түвшинд шинэ зүйлийг бий болгож буй оюуны тэлэлт гэж ч ойлгох болох.
Нөгөөтэйгүүр түүний зургуудад бодит бус дүр, эд юмс нэгээхэн ч үгүй. Зохиомжийн сценад амьд биет алхаж, эд зүйлстэйгээ харилцаа үүсгэж буй хөдөлгөөнтэй, амьдлаг. Үйл явдлууд бидний өдөр тутамд өрнөж байдаг жирийн амьдралыг харуулавч үзэгчдэд ер бусын нөлөө үзүүлдэг нь хачин. Дүрүүдийн хэрэглэж буй эд зүйлс, хийж буй үйлдэл зэрэг нь Мичиганы ахуй амьдралыг нэвт харуулахын зэрэгцээ деталиудаас бид зарим симболик шинэ чанарыг шууд харж болохоор.       
►Surrealism- Францын Анри Бергсон, Германы Вильгельм Дильтей, Австрийн Зигмунд Фройд нарын сэтгэл зүйн онолд тулгуурласан. Сюрриалист бүтээл бодит байдалтай харагддаг ч ашиггүй ертөнц, нүд хуурсан бодит хэсгүүд, хүний ухамсарт захирагдахгүй сэтгэлийн үзэгдлүүдийг гэрэл зураг мэт маш нарийн дүрсэлснээс хийсвэр орчин бодит мэт харагдаг.
►Simbolon – Бодит хэлбэрийг боол мэт дагах хэрэггүй, хэлбэрийн цаадах агуулга руу нэвтэрч, нүдэнд үл үзэгдэж, гарт үл баригдах хийсвэр утгыг урлагийн бүтээлд дүрс тэмдэгээр илэрхийлэх.

 

 

СҮСЭГ БИШРЭЛ БОЛ ТАРЧЛААН ЮМ

         


-СҮСЭГ БИШРЭЛ БОЛ ТАРЧЛААН ЮМ-

 

 


Андреа Ковчийн хэлсэн энэ үг түүний мэйжик зургуудыг модернизмд хамааруулж болох юм гэдгийг нотлоно. Тэрээр цэвэр ухамсараар /Pure Reason. Immanuel Kant/ зурдаг болохоос ямар нэгэн сүсэг бишрэл, онгод савдаг, бурхны үгээр ажилладаггүй.Андреа Ковч:

 

 

Би бяцхан охин шиг л шидэт үлгэрүүдэд дуртай, тиймдээ ч үүнийг хийдэг. Энэ нь намайг нууцлаг, шидэт, романтик ертөнц рүү хөтлөдөг. Сонгодог үлгэрүүдээс “Hans Christian Andersen”, “Ах дүү Гримм” үлгэрүүд миний анхны төсөөллийг надад өгч байсан бол сүүлд Arthur Rackham, Howard Pyle нарын бүтээлүүдэд гүнзгий орсон.

 

Мичиганы уур амьсгал, онгон байгаль, тариалангийн талбай дахь улаан үстэй эмэгтэйчүүд, амьтадын дүрслэл нь Америкийн хойд хэсгийн ахуй амьдралын араншинг томруун харуулдаг. Гэвч бүтээлүүдийнх нь цаг хугацааг хөөж үзэхэд дүрүүдийн жижиг цэцгэн хээ, толбо бүхий хувцас, урт нарийн хоншоортой арьсан гутал, цайны иж бүрдэл бүхий эд хэрэглэл, дээш шуусан буржгар үс засалт зэрэг нь 1940-өөд оныг санагдуулна. Харин хувцас болон ханан дээрх хээний гоёмсог байдал, өнөөгийн загварын чиг хандалагад нийцсэн зарим деталиуд цаг хугацааг тодорхой хөөхөд ойлгомжгүй байдал үүсгэж, мухардуулна. Тэрээр цаг хугацааг тодорхой өгүүлдэггүй нь бас нэгэн онцлог.  

 

 

-САЛХИ ЮУ ӨГҮҮЛЭВ-

 


Ахиад л Америкийн хойд хэсгийн* нутгийн араншинг дурдах шаардлагатай боллоо. Тэнд салхи үргэлж л үлээж байдаг тул зураач маань энэ араншинг бүтээлүүдийнхээ цөм болгожээ.

 

Нөгөөтэйгүүр түүний ихэнх зурагт хар хэрээ дүрслэгддэг нь ямар нэгэн симбол утгатай бол хойд Америкынхны итгэдэгчлэн “Хэрээ далавчаа дэвэх үед салхи салхилж, цахилгаан цахидаг” гэх. Хэрээ салхи хоёр хамтдаа дүрслэгддэг ийм утгатай. Хэрээ нь салхи, салхи нь хэрээгүйгээр дүрслэгдэх боломжгүй мэт байна.


[*Widwestern гэдгийг Америкийн хойд хэсэг гэж бичив. 1984 онд АНУ-ын нутаг дэвсгэрийг дөрөв хувааж, баруун хойд хэсгийг “Widwestern” гэж албан ёсоор нэрлэсэн байдаг.]


Тэгээд ч үргэлж дүрслэгддэг эмэгтэйчүүдийн царай төрх, нүдний харцнаас бид нэгийг олж харах боломжтой. Юуг гэвэл ердөө юуг ч биш. Юуг ч биш гэдэг нь цаг хугацаа зогссон мэт, эмэгтэйчүүд тэрхэн агшинд сэтгэл хөдлөлөө, өөрийн бодлоо гээсэн мэт, ямар нэгэн нууц зүйлд нэвтэрсэн шиг хов хоосон. Магад энэ нь салхи, хэрээтэй ч холбоотож байж болох. Үзэгчтэй харц тулгарсан дүрүүд нь зогссон цаг хугацаанаас гэнэт амь орсон шиг, шууд харилцаа үүсгэж буй нь гайхам. Абсурд зүүднээсээ сэрэхэд зүүдний дүртэйгээ бодит амьдрал дээр харц тулгарах шиг түгшүүртэй, үл ойлгогдом уур амьсгал нь бидэнд маш хүчтэй нөлөөлөл үзүүлж чадна.

 

 


-БҮСГҮЙЧҮҮД-

 


Цуврал зургуудад гарч буй бүсгүйн дүрүүд бүгд бодит амьдрал дээр бий. Андреа Ковчын моделиуд, бидний хэзээний танил эдгээр бүсгүйчүүл бол зураачийн дотны найзууд юм.

 


Тэрээр анхны дүрээ 7-8 наснаасаа хойш нөхөрлөсөн багын найзынхаа нүүрний байдал онцлогт дурлан гаргаж байв. Дараа нь найзынхаа дүүг моделио болгож дөнгөв. Энэ мэтээр өөрийн бүтээлүүдийнхээ уур амьсгалд тохирох найз нөхдөө дүрслэх болжээ. Одоогоор Ковч таван өөр эмэгтэй, нэг эрэгтэй модельтой ажилладаг аж. Цөөн модельтой урт хугацаагаар нь ажиллах нь бүтээлүүдийн уур амьсгалыг хадгалах бас нэгэн боломж гэв. Тэд юуны өмнө тариалангийн талбайд очоод хөгжилдөнгөө, фото зургаа авахуулж, газартай танилцана. Энэ үед зураачийн санаа гэнэт орж ирэхэд хүссэн моделио тэндээ зогсоогоод үргэлжлүүлэн боддог аж.

 


-Дэд гарчиг-

 

Амьтад эрчүүд болох нь:

 

Ковчийн субъектүүд ихэвчлэн салхинд хийссэн буржгар улаан үстэй эмэгтэй хүн байдаг тул зарим судлаачид түүнийг феминист гэж тодорхойлох нь ч бий.

 

Эрчүүдээс хараат бус, хамааралгүйгээр, бие биетэйгээ амьдарч буй бүсгүйчүүдийн тухай өгүүлдэг гэх нь ч бишгүй. Нөгөө талаар зураг бүхэнд гардаг амьтад тухайлбал, зэрлэг нохой, хэрээ зэрэг нь эрчүүдийн зан араншинг төлөөлсөн симболууд байж болох талтай гэсэн олон талт таамаглалууд хөвөрсөөр байдаг. “Зочид” нэртэй бүтээлд гэхэд эмэгтэйчүүд бялуу хийж эмх замбараагүй байдал үүсгэсэн хэдэн арван хэрээ, галзуу нохойг аргалаж буйг дүрсэлжээ.


Деталиуд:

 

Реалист байдлыг зургийн деталиуд өрдөнө. Маш олон гайхалтай деталиудыг та Ковчийн зургуудаас харах боломжтой.

 

Бүсгүйчүүдийн хувцас, түүн дээрх хээг яг л хэвлэмэл мэт нэгэн давтамжтай буулгасан байдал, мөнгөн халбаганы халтардсан байдал, гутлын элэгдэл, бялуу хийхэд хэрэгцээтэй эд зүйлсийг ширээн дээр дутаалгүй олж байрлуулсан зэрэг эдлэл хэрэгслийг алдаагүй дүрсэлсэн нь, байгалийн дүр төрх, салхины чиг, өвсний нарийн ширхэг бүрийг алдаагүй дүрсэлсэн нь энгийн үзэгчдийн сэтгэлд ихээхэн нийцдэг билээ.  
Мэдээж түүний бүтээлүүдэд өгүүлэгдэж буй зэрлэг онгон байгаль болоод хүн төрөлхтөний нарийн харилцаа, устаж үгүй болж буй байгаль дэлхийг мэдэрч зогсоо хүн төрөлхтөний эмгэнэл зэрэг байнга давтагддаг агуулгыг уншигч та аль хэдий нь анзаарсан болов уу гээд энэ тухай дэлгэрүүлэлгүй өндөрлөе.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.