7 хоног 7 үйл явдал

2017-08-26 08:41

                        Өнгөрч буй долоо хоногт эх оронд өрнөж олны анхаарлыг татсан үйл явдлыг “Эх сурвалж агентлаг” уншигч та бүхэндээ тоймлон хүргэдэг. Энэ долоо хоногт У.Хүрэлсүх ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, Засгийн газрыг унагахаар 30 гишүүн гарын үсэг зурлаа. Түүнчлэн цэцэрлэгийн цахим элсэлт болон бусад үйл явдал олны анхаарлын төвд байлаа. Ингээд уншигч та бүхэндээ энэ долоо хоногийн онцлох долоон үйл явдлыг “Эх сурвалж” агентлаг тоймлон хүргэж байна.

 

 

У.Хүрэлсүхийн ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өглөө

 

 

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор Ерөнхий сайдад хүргүүлээд байгаа.

 

У.Хүрэлсүх ажлаас чөлөөлөгдөх өргөдөлдөө: Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Таны зохион байгуулан хэрэгжүүлж буй улстөрийн бохир үйл ажиллагаатай би эвлэрч чадахгүй учир таньтай цаашид хамтран ажиллах ёс суртахуун итгэл үнэмшилгүй боллоо. Таны явуулж буй бодлого үйл ажиллагаанд эх орон, ард түмнээ гэсэн сэтгэл дутаж, улс төр, бизнесийн цөөн хэдхэн гэр бүлийн эрх ашгийг хамгаалж, ард түмний дургуйцлийг төрүүлж буй 60 тэрбумын гэх төрийн албыг үнэлж, зарсан хэргийг хаацайлж байгаа нь Монгол төрийн эрх ашиг, Үндэсний аюулгүй байдалд харшилж байна" гэжээ.

 

 

 

Засгийн газрын тухай хуулийн 22.1-т “...Биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноор албан тушаалаас чөлөөлж өгөх тухай хүсэлтээ Ерөнхий сайд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн нь Ерөнхий сайдад тус тус өргөн мэдүүлж болно”,

Мөн тус хуулийн 22.3-т “...Засгийн газрын гишүүн өөрийн эрхэлсэн асуудлын хүрээний бодлогын асуудлаар Ерөнхий сайдтай, эсхүл гишүүдийн олонхитой санал зөрсөн зэргээс бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, түүнчлэн хуульд заасан бусад үндэслэл байна гэж үзвэл албан тушаалаасаа огцрох хүсэлтээ Ерөнхий сайдад хэдийд ч гаргаж болно. Харин энэ тухай эцсийн шийдвэр гартал үүрэгт ажлаа гүйцэтгэж, хариуцлагыг хүлээнэ” гэж заасан байна.

 

 

Энэ дагуу У.Хүрэлсүх хүсэлтээ өгсөн хэдий ч эцсийн шийд гартал үүрэгт ажлаа гүйцэтгэх ёстой. Харин хүсэлтийг хэд хоногийн дотор шийдэхийг нарийвчлан заагаагүй юм байна.

Засгийн газрын ээлжит хуралдаан энэ сарын 23-ны өдөр болсон ч Шадар сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал хөндөгдөөгүй юм.

 

 

 

Монголын улстөрчид 25 жилийн дотор 14 засгийг унагажээ

 

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах албан бичгээ УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан УИХ-ын дэд дарга Я.Санжмятавд өргөн барилаа.

 

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсан тохиолдолд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороог долоо хоногийн дотор хуралдуулах, УИХ-ын чуулганыг 14 хоногийн дотор хуралдуулах заалттай гэж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдээллээ.

 

 

 

 

МАН өөрсдийн байгуулсан Засгийн газраа огцруулах гэж байгаа бөгөөд Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан 30 гишүүн бүгд МАН-ынх юм.

 

Хэрэв олонхийн бүлгийн 30 гишүүн дээр АН-ын бүлгийн есөн гишүүн, С.Жавхлан, О.Баасанхүү нарыг нэмбэл Ж.Эрдэнэбатын Засгийн газар оршин тогтноход хүндрэлтэй болно. Огцруулах бичгийг УИХ-ын 76 гишүүний 39 нь дэмжвэл Засгийн газар унах юм.

 

1992 оноос хойшхи 25 жилийн хугацаанд улс төрчид 14 Засгийн газрыг унагаад байгаа юм. Дунджаар тооцвол Монгол Улсын нэг Засгийн газар 1,5 жил насалдаг бөгөөд энэ хугацаандаа сандал, суудлын хэрүүл маргаан хийсээр байгаад огцорч байна.

 

 

 

Хоёр настнуудын азын өдөр буюу 2017.08.25

 

 

 

Цэцэрлэгийн цахим бүртгэлд 22607 хүүхэд бүргүүлсэн бол 11699 нь төрийн өмчит цэцэрлэгт элсэж байгаа юм. Нийслэлийн хэмжээнд төрийн өмчит 227 цэцэрлэг үйл ажиллагаа явуулахаас цахим элсэлтийг 166 цэцэрлэгт нэг зэрэг санамсаргүй, түүврийн аргаар явууллаа.

 

 

Өнгөрсөн жилийн яг энэ үед цэцэрлэгт бүртгүүлсэн хүүхдүүдэд элсэлтийн тасалбар тарааж, улмаар тухайн тасалбараар сугалааг сугалуулж байлаа. 2017-2018 оны хичээлийн жилд  гар аргаар хийж байсан сугалааны ажлаа цахим хэлбэрт шилжүүллээ. Хэдийгээр эцэг эхчүүд цэцэрлэгийн гадна хонон, өнжин дугаарладаг хүндрэл арилсан ч мөн л сугалаа явуулсанд гомдолтой эцэг, эхчүүд цөөнгүй байгаа юм.

 

 

 

Нийт ургацын  40 хувийг алдаж болзошгүй

 

 

 

Улсын хэмжээнд:                                                                                                                    

 

 393,6 мянган га талбайд үр тариа, үүнээс 367,2 мянган га-д буудай,

14,9 мянган га-д төмс

 7,5 мянган га талбайд хүнсний ногоо

 78,2 мянган га-д тосны ургамал

 1,9 мянган га-д эмийн ургамлын тариалалт хийжээ.

 

Энэ зун хур бороо багатай, хэт халалтаас үүдэж буудай тариалсан талбайн 74,6 хувийг хурааж, төлөвлөсөн буудайн ургацын 54,3 хувийг, хэрэгцээт гурилынхаа 52,5 хувийг, төмсний 74.5 хувийг, хүнсний ногооны 44,6  хувийг хангахуйц хэмжээний  ургац хураан авах урьдчилсан тооцоог Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн мэдээллээ. Нийт ургацын 40 гаруй хувийг алдах төлөвтэй байгаа.

 

Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320 мянган тонн улаанбуудай шаардлагатай. Урьдчилсан дүнгээр 2017-2018 оны дотоодын хэрэгцээнээс 154,5 мянган тонн хүнсний улаанбуудай дутах төлөвтэй байгаа юм. Иймээс дотоодын хэрэгцээг хангахын тулд дутуу улаанбуудайг ОХУ-аас хямд үнээр импортлох хэлэлцээрийг ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн ОХУ-д айлчлах үеэрээ хийжээ. Хоёр тал 170-200 мянган тонн улаанбуудай, 400 мянган тонн өвс худалдаж авахаар тохиролцож, тээвэрлэлтийн асуудлыг хэлэлцэж байгаа гэнэ.

 

 

Авто худалдаа эрхлэгчид хотоос гарах уу?

 

 

 

Авто худалдааны цогцолборт төрийн бүх төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн учир өнгөрч буюу долоо хоногт үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ. Эмээлт дэх Авто худалдааны цогцолборын үйл ажиллагааг эхлүүлж байгаатай холбогдуулан нийслэлийн төв хэсэгт энэ чиглэлийн худалдаа эрхэлдэг захуудын удирдлагуудад Авто худалдааны цогцолбор руу нүүхийг шаардсан мэдэгдлийг НЗТДГ-аас хүргүүлээд эхэлсэн.

 



Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийн санаачлагаар Улаанбаатар хотын эргэн тойрон дахь техникийн захуудыг нэгтгэх зорилгоор “Авто худалдааны цогцолбор” барих барилгын ажлыг эхлүүлж,  2015 оны хоёрдугаар улиралд дуусгахаар төлөвлөсөн ч ашиглалтад орох хугацаа хойшилсоор өдийг хүрсэн. Одоогоор нийслэлд  25 га талбайд техникийн есөн зах, бусад 27 жижиг цэгт автомашин, сэлбэг хэрэгслийг худалдаж байгаа.

Худалдаа эрхлэгчид, авто захуудын ойр орчимд амьдарч байгаа иргэд захуудыг нүүлгэхийг үргэлж шаарддаг. Гэвч зарим худалдаа эрхлэгч “Авто худалдааны цогцолборыг хэт хүйтэн газар барьсан, тэнд өвөл зунгүй бохирын үнэр үнэртэж байна” гэх мэтээр зарим худалдаа эрхлэгчид эсэргүүцсээр өдийг хүрсэн юм.

 



 

Одоо Авто худалдааны цогцолборын үйл ажиллагаа жигдэрсэн тулд худалдаа эрхлэгчид тус газар руу нүүх байх гсэн хүлээлт ард иргэдийн дунд байна. Хэдийгээр худалдаачид Эмээлт рүү нүүхээр худалдан авалтгүй болно гэж эмээж байгаа ч нийлүүлэлт нь байгаа цагт эрэлт нь байж л таарна. Тиймээс авто машин авах гэж байгаа иргэд тав тухтай авто машинаа сонгох боломж олдвол тус газрыг зорих нь мэдээжийн хэрэг юм.

 

 

Цахилгаан машинтай иргэд хөнгөлөлт эдэлнэ

 

 

 

 

Хотын захирагч С.Батболд мягмар гаригт /2017.08.22/ цахилгаан хөдөлгүүрт автомашины хэрэглээг нэмэгдүүлэх үүднээс авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөхөөр захирамж гаргалаа. Цахилгаан хөдөлгүүр автомашины хэрэглээг нэмэгдүүлэх төлөвлөгөөг Засаг дарга боловсруулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулах юм байна. Энэ төрлийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлснээр автомашинаас ялгарч байгаа утааг бууруулахаас гадна байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй нөхцөл байдал бий болно гэж үзэж байгаа юм байна.

 

Өнгөрсөн гуравдугаар сард төсвийн тодотгол хийхдээ Засгийн газраас хос тэжээлт болон цахилгаан хөдөлгүүрт автомашины онцгой албан татварыг 50 хувь хөнгөлөх шийдвэр гаргасан билээ.

 

Одоогоор томоохон автомашин үйлдвэрлэгчид цахилгаан автомашин үйлдвэрлэж байгаа бөгөөд 15-20 жилийн дараа нийт үйлдвэрлэх автомашины 90 хувь нь цахилгаан болох судалгаа бий.

 

Цахилгаан хөдөлгүүрт автомашины давуу тал эдүгээ ч маргаантай хэвээр. Хэмнэлттэй гэсэн ойлголт зарим талаар л үнэн. Шатахууны зардал гэж байхгүй ч цахилгаан машины үнэ бензин болон дизель хөдөлгүүрт хувилбараасаа хавьгүй өндөр. Цаашид нийтийн хэрэглээ болох тусам энэ бэрхшээлийг хэсэгчлэн шийдвэрлэх боломжтой хэмээн үйлдвэрлэгчид үзэж байгаа юм.

 

 

Гадаад дахь монгол оюутнуудынхаа тоог гаргана

 

 

 

 

Өнгөрч буй долоо хоногт “Хилийн чанад дахь монгол оюутан залуучуудын анх дугаар нэгдсэн чуулга уулзалт” боллоо. Албан бус тоогоор 200 мянга гаруй монгол иргэн гадаадад ажиллаж, амьдарч байна. Үүний 50 мянга орчим нь оюутан залуус гэх боловч найривчилсан тоон судалгааг  гаргаагүй аж. Тиймээс Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн Удирдах зөвлөлөөс амьдарч байгаа иргэдийн мэдээллийн санг байгуулахаар төлөвлөж байна.

Энэ санг байгуулснаар аль улс оронд хэчнээн монгол оюутан ямар мэргэжлээр суралцаж байна вэ, одоо хэчнээн оюутан аль аль орон руу суралцахаар явах гэж байна гэх мэт мэдээллийг Засгийн газар жил бүр гаргах боломж бүрдэнэ. Хамгийн гол нь гадаадад амьдарч байгаа монголчуудынхаа талаарх үнэн зөв, бодит мэдээллийг гаргах боломжтой болох юм.

 

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.