BBC: Чингис хааны аугаа амжилтад 1000 жилд ганц удаа тохиох цаг агаарын таатай нөхцөл нөлөөлжээ...

2017-09-03 12:19

Цаг агаарын мэдээ уншиж, сонсоно гэдэг зөвхөн хувцасаа тохируулахад хэрэгтэй төдий зүйл биш юм. Ямар ч зүйлд гадны, гэнэтийн, тэр дундаа байгалийн хүчин зүйлүүдийн нэг болох цаг уурын өөрчлөлт, хур тунадасаас бидний хийх зүйлийн эхлэл, үр дүн шалтгаалах тохиолдол гардаг. Байгаль хэмээх бүрэн танигдаагүй хүчний өмнө хүн төрөлхтөн олонтаа сөхөрч байсныг түүх гэрчилнэ. Үүгээр ч зогсохгүй дайн байлдааны үед цаг уур, газарзүйн онцлогийг сайн мэдэж байх нь ялалтанд хүргэх нэг зэвсэг болдог байжээ. 


 

 

Тэнгэр бүрхэг байсан нь Кокура хотын иргэдийг АНУ-ын цөмийн бөмбөгийн дэлбэрэлтээс аварчээ...

 

 


1945 оны 8 дугаар сарын 6.  Хирошима хотод тунгалаг сайхан зуны сайхан єдєр байсан бол Кокура хотод үүл доогуур хуралдсан бүрхэг өдөр тохиожээ. Зуны өглөөний энэ л бүрхэг байдал Кокура хотын иргэдийг АНУ-ын цөмийн бөмбөгдөгч онгоцны аюулаас аварсан ажээ. Өглөөний 7 цаг 30 минутад Хирошима хотын дээгүүр тандалт хийн ниссэн онгоц төв бааз руугаа үүл 30 хувиас илүүгүй, цэлмэг байна гэсэн мэдээллийг дамжуулав...

Хотыг дээрээс нь харахад алган дээр тавьсан мэт харагдах ийм л цаг агаар анхны цөмийн бөмбөгийг хаясан Хирошима хотыг бай болгоход тун таатай нөхцөл болжээ. Харин нөөц байнд багтсан Кокура хотын хувьд үүлэрхэгээс гадна үүл нилээн доогуур байснаар аюулаас зайлуулсан гэдэг. Хүн төрөлхтөний дайны түүхэнд үнсэн мөрөөр бичигдсэн энэхүү аймшигт бөмбөгдөлтийн уршгаар Хирошима хотын гуравны хоёр нь бүрэн сүйдэж, 90-166 мянган хүн дэлбэрэлт болсон эхний өдрөө нас баржээ. "Жаалхүү" нэртэй Уран- 235 цөмийн бөмбөгийн хор уршиг үүгээр дууссангүй бөмбөгдөлтийн улмаас радио идэвхит бодисын хордлого, дэлбэрэлтийн бусад хөнөөлөөс болж тавхан жилийн хугацаанд хорт хавдар, бусад химийн бодисийн аажим нөлөөллөөс болж нас барсан хүний тоо 200 мянгад хүрсэн юм. 

 

 

 Гитлерийн Барбаросса төлөвлөгөө Оросын хүйтэн цаг агаарын өмнө хүчин мөхөсдөв... 

 

 

 Гитлерийн цэргүүд 1941 оны есдүгээр сард Зөвлөлтийн нутагт цөмрөн ороод нилээд амжилттай тулалдаж явав. Тус цахилгаан дайныг XII зууны Загалмайтны гуравдугаар аян дайныг удирдсан Ромын хаан Фридрих Барбароссагийн нэрээр Барбаросса хэмээн нэрлэхийг Адольф Гитлер шийдсэн байдаг. Барбаросса ажиллагааг 1940 оны 12 сарын 18-наас эхэлж төлөвлөсөн бөгөөд бэлтгэл ажил, цэргийн ажиллагаа нь 1941 оны хавраас өвөл хүртэл үргэлжилсэн юм. Ялалт байгуулна гэсэн бат итгэлтэй герман цэргvvд Улаан талбайд тэмдэглэх ялалтынхаа баярт өмсөх ёслолын хувцасаа хvртэл авч явсан гэдэг. Зөвлөлтийн хамгийн том, чухал баяр болох Октябрийн баярын өдөр болох арваннэгдүгээр сарын 7-нд Москвад ялалтын баяраа тэмдэглэхээр төлөвлөснөөс ч болсон байж ч болно. Германы цаг уурын албаныхан орост дулаан өвөл болно гэсэн цаг уурын урьдчилсан дүгнэлт гаргасан нь тэднийг ялагдахад хүргэсэн нэг хүчин зүйл болсон гэж түүхчид үздэг. 2 жил дараалсан хүйтэн өвөл болдоггүй гэсэн тухайн үеийн цаг уурчдын таамагллаар өмнөх өвөл нь хүйтэн байсан тул дулаан өвөл болно гэж үзэж байжээ. Дайны хоёр дахь өдрөөс Зөвлөлтийн цаг уурын албыг цэрэгжүүлж, арми, флот бүрийн дэргэд цаг уурын албадыг зохион байгуулан цаг уурын мэдээллийг чандлан нууцалж,  байнга өөрчлөгдөж байдаг Зөвлөлтийн цаг уурын албаны нууц кодыг авахын тулд хойд туйлын станцууд руу германы шумбагч онгоцууд довтлож байсан гэдэг. Харамсалтай нь германы армид ялалтаа тэмдэглэж өмсөх ёслолын хувцаснаас илүүтэй хасах 40 хэм хүртэл хүйтэрдэг оросын өвөлд өмсөх зузаан хувцас хэрэгтэй байжээ. 

 

 

Оросын өвөлд Напелеон Бонапарт 50,000 морь осгож, салхинд туугдсан францчууд гол хүчээ барав...

 


    Тvvхэн явдалд цаг агаар хэрхэн нөлөөлдгийн хамгийн тод жишээ нь Наполеон Бонапартын Орос руу хийсэн довтолгоо юм. 1812 онд Наполеон Бонапарт Орос улсыг  эзлэхээр армиа илгээв. Ойртож буй өвлийн улирал ч Наполеон Бонапартын энэ нутгийг эзэлж чадна гэсэн итгэлд өчүүхэн ч нөлөөлсөнгүй. Дайн тулааны түүхэнд томоохон тулаан, дайныг цаг агаарын байдалтай уялдуулан төлөвлөх арга нийтлэг байлаа. Харин өөрийн дайнч чанар, цэргүүддээ итгэсэн Францын жанжинд цаг агаар, тухайн нутгийнх нь газарзүйн онцлог чухал санагдаагүй бололтой. Москваг нэг ч цэргийн амь хохироолгүй амжилттай эзэлсэн нь францчуудад өөдрөг хандлагыг төрүүлсэн ч төдөлгvй орост хасах 40 хэмд хүрч хүйтэрсэн өвлийн эхний хэдхэн өдөрт францын армийн 50,000 морь осгож vхэв. Орос цэргүүдээс олзолж авсан дах дэгтий ч нэмэр болсонгvй. Дайны сүүлийн гурван долоо хоногийн турш францчууд хүйтэн салхинд туугдан, хоол ундгүй, гал хөсгүйн дээр тал бүрээс довтлох Орос цэргүүд Наполеоны армийн хамаг хүчийг барав. Түүний энэ алдааг 130 жилийн Адольф Гитлер давтсан билээ. 

 

 

Хар арьстнуудын бослого далайн шуурганд илрэв...

 

 


    Хэрэв далайн хүчтэй шуурга дэгдэж, аадар бороо ороогүйсэн бол Америкийн түүхэнд наймдугаар сарын 30-ны өдөр тодоор бичигдэж болох байв. 1800 онд Виржиниа мужийн Ричмондонд Габриель хэмээх бичиг үсэг тайлагдсан боолоор удирдуулсан хар арьст боолууд эздийнхээ эсрэг босохоор төлөвлөөд байлаа. Хар арьстнуудын эрхийг хязгаарлах, тэднийг бичиг үсэгтэй болгон боловсрол эзэмших эрхийн төлөө тэмцэхээр шийдсэн 26 боолын дотор Габриелийн ах,дүү хоёр ч байв. Харамсалтай нь далайн хүчтэй шуурга, борооны улмаас тэд бослого хийх өдрөө хойшлуулсныг тэдний дунд байсан хоёр боол өөрсдийн эзэн Мосби Шеппардад дуулгажээ. Боолын эзэн цагаан арьст Мосби Шеппард тэр даруй Виржиниа мужийн Амбан захирагч Жеймс Монрод хэл дуулган, цагдаа нартай очиж хөөрхий хар арьст боолуудыг баривчилсан байна. Бослогыг зохион байгуулж байсан Габриел Норфолк голын дагуу зугтаж амжсан ч түүний ах, дүү хоёр болон бослого гаргахаар зэхсэн боолууд бүгд баригдаж, олон хоногийн турш тамлагдсан түүхтэй.  

 

 

Монголчуудын эзлэн түрэмгийллээс Япончуудыг Такашима хар салхи аварчээ...

 

 


    Бурхны салхи буюу Камиказе хэмээх нэршлийг түүхэнд оруулсан үйл явдалд ч цаг агаар нөлөөлжээ. Юань гүрний хаан Хубилай арлын Японыг дайлаар мордов. Анхны довтолгооноор 1274 оны намар 900 хөлөг онгоц, 4 мянган цэрэг Цусима, Ики арлыг эзэлж Кюшю арлын эрэгт буулгав. Уг арал дээр болсон тулалдааны дараа далайн шуурганаар монголын 200 хөлөг онгоц живж, 1300 цэрэг амь үрэгджээ. 
1281 оны 2 дугаар сард Япон руу дахин довтолж 4 мянга дөрвөн зуун  хөлөг онгоц, 140 мянган цэргээс бүрдсэн тэнгисийн цэрэг бэлтгэн илгээн Такашима арлыг эзлэн авсан ч наймдугаар сард нь далайн хар шуурга дахин дэгдэж 4 мянган хөлөг онгоц, 100 мянга гаруй цэргийг нь живүүлж, эл довтолгоо мөн л бүтэлгүйтэв. Эх газрын далайгаас тусгаарлагдсан нутгийнхан далайн шуурга гэж юу байдгийг мэдэхгүйн дээр усан онгоц хэрхэн хийхийг төдийлөн сайн мэддэггүй байсан нь тодорхой. Японд илгээсэн олон мянган хөлөг онгоцыг богино хугацаанд хийсэн учир их хэврэг байснаас далайн шуургын цохилтыг дааж чадахгүй бут үсэрч байсан гэж зарим судлаачид таамагласан нь бий. 
  

 
  

BBC: Чингис хааны аугаа амжилтад 1000 жилд ганц удаа тохиох цаг агаарын таатай нөхцөл нөлөөлжээ...

 

 

 Дэлхийг байлдан дагуулалтын түүхийн хамгийн тэргүүнд бичигддэг XIII зууны монгол буюу Чингис хаан Их Монгол улсыг байгуулахад цаг агаарын таатай байдал ихээхэн нөлөөлсөн тухай “BBC”-ийн эрдэмтэд онцолжээ. Дэлхийн дулаарал болон Монголын цаг агаарыг судладаг уг багийн хийсэн дүгнэлтээр монгол нутагт 1180-1190 он хүртэл ган гачигтай хүндхэн цаг агаартай байсан ч 1211-1225 онуудад мянган жилд ганц тохиох зөөлөн, чийглэг уур амьсгалтай болж өөрчлөгдсөнөөр Чингис хааны газар нутгаа тэлэх, дэлхийг байлдан дагуулах хүслээ гүйцээхэд таатай нөхцөл бүрджээ. Монгол цэргийн сүр хүчийг морьгүйгээр төсөөлөх боломжгүй. Тиймдээ ч ховор тохиох зөөлөн, чийглэг уур амьсгал дайн байлдааны гол уналга болсон морьдын тэжээл элбэг ургахад нөлөөлжээ. Урт хугацааны дайнд мордоход ч тааламжтай цаг агаартай байснаар угаас тэсвэр хатуужилтай монгол дайчдад бүр ч амар байсан биз.  Эрдэмтэд дээрх дүгнэлтийг гаргахад Хангайн нурууны орчмоос олдсон эртний чулуулаг, лавын урсац, модны цагаригийн байдал ихээхэн нөлөөлжээ. Хангайн нуруу орчмын хуурай газар нутагт тухайн үед ургаж байсан мод ургамал хангалттай урт насалж байсан гэдгийг малтлагаар олдсон байгалийн олдворуудын бүтэц, чанар харуулсан байна. 


Дээр дурьдсан жишээнүүдээс гадна олон түүхэн байдал цаг агаар, байгаль орчны онцлог тулалдааны арга барил, удирдах хүний ухаан, цэргүүдийн зориг, тэвчээрээс дутахгүй үүрэгтэй оролцдог гэдгийг баталдаг. 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

Зочин /150.129.142.238/

2017-09-12 15:47

Гоч материал байна

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.