“Огцруулах давалгаа” үргэлжилсэн долоо хоногийг тоймловол...

2017-09-03 15:23

Төрийн байгуулалтын байнгын хороо огцруулах асуудлыг дэмжсэнгүй

  Төрийн байгуулалтын байнгын хороо энэ долоо хоногийн лхагва гариг буюу 8 сарын 30-ны өдөр хуралдсан. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Засгийн газрыг огцруулах шалтгаанаа танилцуулсан. Тэрбээр “Засгийн газар долоон төрлийн концессын гэрээ хийсэн. Мөн өнгөрсөн жил ажил хийгээгүй, 60 тэрбумаар төрийн албыг наймаалцсан асуудлаа хаацайлсан, маш олон хууль санаачлаад буцаасан. Тиймээс Ж.Эрдэнэбат сайдад хариуцлага тооцох ноцтой үндэслэл байна гэж үзсэн. Энэ асуудлыг Үндсэн хуулийн 43 дугаар зүйл заасны дагуу, Дэгийн 38.1 дүгээр заалтыг үндэслэж тус тус хэлэлцэж өгөхийг хүсч байна” гэсэн юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд МАН-аас УИХ-ын дарга  М.Энхболд, Д.Хаянхярваа, Д.Лүндээжанцан, О.Содбилэг, Б.Ундармаа, Н.Энхболд, н.Цэрэнбат, Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат, Б.Батзориг, Б.Жавхлан, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар, Д.Сумъяабазар, Тогтохсүрэн нар суусан бол Ардчилсан намаас Ж.Батзандан, Д.Эрдэнэбат нар байжээ. Харин АН-ын гишүүн Б.Наранхүү, МАХН-ын гишүүн О.Баасанхүү нар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд суугаагүй юм. гишүүд саналаа хэлсний дараа хэлэлцэж буй асуудлаар гишүүдээс санал хураав. Засгийн газрыг огцруулах саналыг байнгын хорооны гишүүдийн 47,1 хувь нь дэмжиж уг санал олонхын тоонд хүрээгүй тул уналаа. Тодруулбал, хуралдаанд нийт 17 гишүүн орсноос 9 нь буюу 52,9 хувийн саналаар Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар энэ асуудал унах нь тодорхой байсан. Учир нь Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдээс таван хүн л энэ байнгын хороонд харъяалагддаг бөгөөд харин эсрэгээрээ МАН-ын лидерүүд энэ байнгын хороог толгойлдог билээ. Юутай ч ирэх долоо хоногийн пүрэв гаригт болох УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудал эцэслэн шийдэгдэхээр болж байна.

 

“Оройтсон бороо” буюу НИТХ-ын дарга Ц.Сандуй огцорлоо
 Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө 8 сарын 31-ний өдөр өгсөн нь өнгөрч буй энэ долоо хоногийн гол явдлын нэг яах аргагүй байлаа.
 Тэрбээр зөвхөн НИТХ-ын даргын суудлаасаа татгалзаад зогсохгүй, нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаалаасаа огцрох хүсэлтээ  ч мөн гаргасан байна.  НИТХ-ын МАН-ын бүлгийн гишүүд Ц.Сандуйг огцруулахыг шаардсан албан бичгийг хэд хоногийн өмнө өгөөд байсан билээ.  Нийт 16 төлөөлөгч гарын үсэг зурсан албан бичигт Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, НИТХ-ын Хуралдааны дэгийн заалтыг үндэслэн НИТХ-ыг зарлан хуралдуулж, НИТХ-ын даргыг өөрчлөх, НИТХ-ын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхийг тусгасан байсан юм. Энэхүү санаачлагыг НИТХ-ын АН-ын бүлэг дэмжиж түүнийг албан тушаалаасаа огцрох ёстой хэмээн мэдэгдээд байсан юм.  НИТХ-ын дарга Ц.Сандуйд нам нь хариуцлага тооцох байсан бол УИХ-ын сонгуулийн дараа л шийдчих байсан. Эсвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө юм уу хойно эцэслэн шийдвэрлэчихэж болох л байсан. Гэтэл “оройтсон бороо, хожимдсон ухаарал” мэт яагаад одоо огцрох өргөдлөө Ц.Сандуй өөрөө гаргав? Үүнд хоёр хүчин зүйл нөлөөлсөн нь тодорхой. Нэгдүгээрт төрсөн дүү Ц.Сэргэлэн нь оффшорт данстай гэсэн цоо шинэхэн дуулиан суудлаасаа ховхороход нь түлхэц болсон нь дамжиггүй. Энэ байтугай асуудлыг өдийг хүртэл “гүтгэлэг” гэж няцааж ирсэн түүнд дүү Ц.Сэргэлэнг нь төнхсөн дуулианыг ч намжаагаад өнгөрүүлж чадах л байсан болов уу. Харин үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө бичихэд нөлөөлсөн гол хүчин зүйл нь МАН-ын шинэчлэлийн давалгаа.  Нэгэнт л намыг шинэчлэх асуудлыг хөндөж буй бол эхний алхам нь өнөөгийн удирдлагыг өөрчлөх, цаашлаад 60 тэрбумын хэрэгт хутгалдсан нөхдөд хариуцлага тооцох нь ойлгомжтой. Намд бодитоор шинэчлэл хийж байна гэж нийгэмд харагдах эхний эерэг мессэж нь мэдээжийн хэрэг Ц.Сандуйг огцруулах байж таараа. Энэ нь цаанаа Ж.Эрдэнэбатын Засгийн газар Хүрэлсүхтэнгүүдтэй тохиролцох, эв эеээ ололцох алхмын эхлэл болсны нэгэн илрэл ч байж болох юм. 

 

Миний нулимсыг Ерөнхий сайд л арчина
   Өнгөрч буй энэ долоо хоногийн баасан гаригт 2017-2018 оны хичээлийн шинэ нээлт эрдмийн баяр тохиолоо. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 2300 гаруй сургалтын байгууллагад 980 гаруй мянган хүүхэд, залуус суралцана. Мөн 73 мянган зургаан настан эрдмийн их өргөөний босгоор алхан орж байна. Энэ оны хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр Төрийн тэргүүн эзгүй байсан ч Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар уламжлал ёсоор ЕБС-иудад зочлон нээлтэнд оролцсон. Зургаан настангууд нэгдүгээр ангид элсэн суралцах болсноос хойш энэ өдөр уламжлал болтлоо тогтсон зүйл нь дарга цэрэг, сэтгүүлч сурвалжлагч гэлтгүй “12 жил авсан” багачуудаас элдвийг асууж, нулимсыг нь үзэх. Энэ хичээлийн жилийн нээлтийн өдөр ч  энэ улигт зан үйл мөн л давтагдсанаас нь хамгийн топ нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Нийслэлийн Сүхбаатар дүүргийн гуравдугаар дунд сургуульд элсэн орсон бяцхан хүүгийн нулимсыг арчиж өгсөн торгон мөч байлаа. 

 

Охид барилдаад медаль авахад эрчүүд нь алга ташдаг болжээ

Бахархмаар ч юм шиг, ичмээр ч юм шиг ийм нэг утга агуулга бүхий текстийг “Дээдсийн хүрээлэн”  сонины эрхлэгчээр ажиллаж асан, өдгөө АНУ-д ажиллаж амьдарч буй яруу найрагч Н.Билгүүн Нүүрномын хуудаснаа бичсэнийг анзааралгүй өнгөрөөж чадсангүй. Энэ долоо хоногт улс орны хэмжээнд онцлох олон үйл явдал өрнөснөөс гадна улсынхаа нэрийг дэлхийн дайдад дуурсгадаг спортын топ төрлүүдийн ДАШТ болж өндөрлөсөн нь онцлох үйл явдлын нэг яах аргагүй байлаа. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад зохион байгуулагдсан боксын ДАШТ-д оролцсон  манай дөрвөн ширэн бээлийтэн медалийн төлөө өрсөлдсөнөөс МУГТ Н.Отгондалай туршлага заан хүрэл медалийн болзол хангаж манай боксчид ямартай ч ганзага хоосонгүй ирэхээр болсон бол, Унгар улсын нийслэл Будапешт хотноо зохион байгуулагдаж өнөөдөр багийн барилдаанаар өндөрлөж буй жүдо бөхийн ДАШТ-ээс манай жүдочид 6 медаль хүртсэн үзүүлэлт нь багийн дүнгээр Япон улсын ард буюу багийн дүнгээр хоёрдугаар байрт бичигдэх түүхэн амжилт болон тэмдэглэгдэж байна. Энэ удаагийн ДАШТ-ний эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд зодоглосон МУГТ Д.Сумъяа алтын медалийн төлөөх барилдаанд 13 минутын турш хүч үзэн, жүдо бөхийг үндэслэгч Наран улсын тамирчинг вазари үнэлгээгээр буулган авсан явдлыг энэ тэмцээний онцлох барилдаанаар нэрлэжээ.

Олон нийтийг цочирдуулсан гэмт хэргүүд олноор гарав
Улиран одож буй энэ долоо хоног улс төрийн амьдралын хувьд тун эгзэгтэй тэр хэрээр завгүй долоо хоног болж өндөрлөж, нөгөөтэйгүүр  сургууль, цэцэрлэгийн хичээл эхэлснээр эцэг эхчүүд, хүүхэд багачуудын хувьд ч шинэ хичээлийн жилийн бэлтгэлийг базаах бужигнаантай долоо хоног болж өндөрлөлөө. Энэ бүх үйл явдлуудтай давхцан дайны хажуугаар дажин гэгчээр нийгмийн цочроосон ноцтой гэмт хэргүүд үйлдэгдсэн нь онцлохгүй байхын аргагүй сэдвийн нэг боллоо. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дарь Эхийн ганц худагийн буудал орчим арван гурван настай охины гар утсыг хамар хашааных нь гэх 18 настай хүү  булаан зугатаж, араасаа дагуулж явсаар зочид буудалд авчирч  хэрцгийгээр зодож, бүлэглэн хүчирхийлж амь насыг нь хохироосон хэрэг гарсан бол, Нэгдүгээр эмнэлгийн Шарил хадгалах газрын ажилтан ажилдаа хайнга хандсанаас талийгаачийн цогцсыг ар гэрийнхнээс нь өөр хүмүүст өгч явуулсан хэрэг өнгөрсөн пүрэв гаригаас баасан гаригт шилжих шөнө гарсан.  Учир явдлыг ухаж үзтэл шарил хадгалах газрын ажилтан нь Баянхонгор руу авч явах байсан цогцостой хохирогч эмэгтэйн талийгаач нөхрийн шарилыг андуураад өгөөд явуулчихсан аж. Түүнчлэн Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид таксины жолоочийн амь насыг бүрэлгэсэн онц ноцтой гэмт хэргийг шуурхай илрүүлсэн мэдээлэл энэ долоо хоногт цацагдсан. Эл хэргийг бүлэглэн үйлдсэн сэжигтнүүд нь 16 орчим насны эр, эм нийлсэн хүүхэд залуус байсан гэх.  Амралт зугаалгын улирал дуусч, ажил хичээл эхэлсэнтэй зэрэгцэн энэ мэт ноцтой хэргүүд гарах болсон нь иргэдийг үр хүүхдийнхээ болон өөрсдийнхөө амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөө болзошгүй аюулаас хамгаалах сонор сэрэмжтэй байхыг сануулсан дохио болсноос гадна насанд хүрээгүй хүүхдүүд иймэрхүү ноцтой хэргийг үйлдсэн нь эцэг эхчүүд, сурган хүмүүжүүлэгч нарт анхааруулгын дохио болов.

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.