АУ-ы доктор, дэд профессор Э.Одхүү: Нас ахих тусам хромсомын түвшинд алдаа гарч эхэлдэг

2017-09-04 14:38
Үр хөврөлийн хөгжлийн эхний 10 долоо хоногт ургийн дархлаа, дотоод шүүрэл, мэдрэлийн болон цусны эрхтэн тогтолцооны үүдэл сууриуд бүгд тавигддаг.

ДЭМБ-ын судалгаагаар үргүйдэл, гэр бүл бологсдын дунд 10-15% тохиолддог бөгөөд улс орны хөгжлийн түвшин, хүн ардын эрүүл мэнд, газар нутгийн байршил, нийгэм эдийн засгийн байдал зэргээс шалтгаалан үргүйдлийн тархац харилцан адилгүй байдаг. Эрдэмтдийн судалгаагаар гэр бүлийн хосууд жирэмслэхээс сэргийлэх арга хэрэглээгүй нөхцөлд хамтын амьдралын эхний 12 сард эмэгтэйчүүдийн 85% нь жирэмсэлдэг байна. Дэлхийн ихэнх оронд энэ байдалд үндэслэн гэр бүлийн хамтын амьдралын эхний жилд жирэмслээгүй тохиолдолд үргүйдэлтэйд сэжиглэн шинжлэх, эмчлэх шаардлагатай хэмээн үздэг юм. Тэгвэл үргүйдлийн шалтгаан, түүний эмчилгээ, үр шилжүүлэн суулгах талаар АУ-ы доктор, дэд профессор Э.Одхүүтэй ярилцсанаа хүргэе.

 

 

ESA: Та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?

 

-Би 2004 онд Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль, Анагаах ухааны сургуулийг хүний их эмчээр төгссөн. 2005 оноос сургуульдаа багшаар ажиллаж, 2006 онд Анагаах ухааны  магистр хамгаалсан. 2007-2010 онд Австрийн Вена хотод докторын судалгаагаа хийж, Монголдоо ирээд “Монгол хүний насжилтад антиоксидант болон проксидант тогтолцооны оролцоо” сэдвээр ААнагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Ингээд 2010-2015 он хүртэл Япон улсын Kato Ladies Clinic-т эмбриологч эмч, эмэгтэйчүүдийн эмчийн сургалтад суралцаад, өдгөө  “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төвийн эмчилгээ эрхэлсэн захиралаар ажиллаж байна.

 

ESA: Үр шилжүүлэн суулгах ажилбар ямар дарааллаар явдаг юм бэ. Манай уншигчдад дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч.

 


- Эмэгтэй хүний өндгөвчинд өндгөн эс хөгжиж боловсордог. Тэр өндгөн эс нь сарын тэмдэг ирэх үеэс хөгжөөд, бүрэн гүйцэд боловсорсныхоо дараа буюу мөчлөгийн яг дунд үед өндгөвчнөөс хагарч үрийн хоолойд ирдэг. Яг энэ үед бэлгийн харьцаанд орвол эр бэлгийн эс үтрээнд орж, тэндээсээ умайн хүзүү, умайн хөндий, үрийн хоолойгоор дамжин үрийн хоолойн төгсгөлд өнөө хагарч гарсан өндгөн эстэй нийлж үр тогтоодог. Тогтсон үр хөврөл нь үрийн хоолойд дөрвөн өдөр байгаад тав дахь өдрөөс умайдаа орж бэхлэгдээд жирэмслэдэг юм. Хэвийн жирэмслэх үйл явц ийм дараалалтай. Харин өндгөвчнөөс гарсан өндгөн эс, эр бэлгийн эстэй уулзаж чадахгүй байх, уулзсан ч цаашаа хөгжиж чадахгүй, эсхүл өндгөвчнөөс өндгөн эс бүрэн гүйцэд боловсорч гарахгүй, аль эсвэл эр бэлгийн эс нь өндгөн эсэндээ хүрч чадахгүй, эсвэл үрийн шингэнд эр бэлгийн эс огт байхгүй гэх мэт маш олон төрлийн шалтгаанаас болоод дээрх үйл явц жамаараа болж чаддаггүй. Үүнийг бид үргүйдэлтэй байж болзошгүй хэмээн хэмээн ойлгодог.  

 

 

ESA: Энэ тохиолдолд үр шилжүүлэн суулгадаг байх нь ээ?

 

 -Олон улсад үргүйдлийн шалтгаанаасаа хамаараад эмчилгээний үндсэн гурван төрлийн аргыг хэрэглэж байна. Хамгийн түрүүнд хийх ажил бол хугацаа товлох. Энэ нь ЭХО болон дааврын хяналтан доор яг өндгөн эсийн гадагшлах хугацааг гаргаж, хосуудад бэлгийн харьцаанд орох хугацааг нь товлож өгдөг. Хоёрдугаарт, өндгөвчинд өндгөн эс боловсорч хагарч гүйцэх тэр үед эрэгтэйн үрийн шингэнийг авч, угааж цэвэрлээд эр бэлгийн эсийг ялган умайн хөндийд цацах эмчилгээ бий. Харин гурав дахь нь үр шилжүүлэн суулгах арга юм. Энэ нь өндгөн эсийг хагарч үрийн хоолойд орохоос нь өмнө тусгай ажилбараар хатгалт хийж аваад лабораторид оруулдаг. Нөгөө талаас эр бэлгийн эсийг авч, угааж цэвэрлээд лабораторийн орчинд нийлүүлнэ. Өөрөөр хэлбэл, эр эм бэлгийн эс нийлээд үрийн хоолойд амьдрах хугацааг лабораторид хийж байна гэсэн үг. Ингээд умайн салстад суухад бэлэн болсон үр хөврөлийг бид умайд суулгах ажилбарыг үр шилжүүлэн суулгах гэдэг.

 

 


ESA: Үргүйдэл ямар шалтгаанаас болж үүсдэг юм бэ?

 

- Үргүйдлийн маш олон шалтгаан бий. Ерөнхийд нь эрэгтэй болон эмэгтэйгээс шалтгаалсан хэмээн ангилдаг бөгөөд хэвлэлийн зарим тоймд анхдагч болон хоёрдогч үргүйдэл хэмээн ангилсан байдаг. Шалтгаанаас ерөнхийд нь дурдахад өнчин тархины үйл ажиллагааны алдагдлаас байж болно. Өндгөвчинд өндгөн эс боловсорч ялгарах, төмсгөнд эр бэлгийн эс үүсч хөгжихөд өнчин тархинаас ялгарч байгаа бэлгийн дааврууд чухал ач холбогдолтой байдаг юм. Тэгэхэд удамшлын болоод олдмол шалтгааны улмаас өнчин тархинаас ялгарч байгаа бэлгийн даавруудын үйл ажиллагаа алдагдаж, өндгөн эс, эр бэлгийн эс хөгжих үйл явцыг алдагдуулчихдаг. Нөгөөтэйгүүр элгэнд бэлгийн даавруудыг зөөж холбож байдаг уургууд нийлэгжиж байдаг. Тэгвэл тэр уургийн үйл ажиллагааны алдагдалтай хүмүүс байна. Гуравдугаарт, эмэгтэйчүүдийн өндгөвчний үйл ажиллагааны бүлэг шалтгаан бий. Тухайлбал, манайхны хэлдгээр киста буюу төрөл бүрийн уйланхайнууд өндгөвчин дээр үүсэх. Киста нь тухайн эмэгтэйн өнчин тархи, өндгөвч, бэлгийн булчирхайн дааврын үйл ажиллагааны гажуудал, удамшлын шалтгаантай үүсээд байдаг. Энэ нь өндгөн эс боловсорч хагараад үрийн хоолойд орох үйл явцад саад учруулдаг. Дараагийнх нь үрийн хоолойн шалтгаантай. Үүнд үрийн хоолойн битүүрэл, үрийн хоолойд шингэн хуримтлагдах, эсвэл умайн гадуурх жирэмслэлтээс болоод  мэс ажилбар хийсэн хүмүүс багтдаг.  За бас умай, умайн хүзүүний шалтгаанууд байна. Харин эрчүүдийн хувьд дааврын алдагдлаас гадна удамшлын шалтгаантай, эсвэл багадаа ямар нэгэн бэртэл гэмтэл авч байсан, гахайн хавдар тусаад төмсөгний эдүүд нь үхэжсэн, химийн эмчилгээ хийлгэж байсан гэх мэт. Дээр нь бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөөд, өнөөх нь хүндэрсний улмаас үрийн хоолой наалдаж битүүрсэн ч байж болно. Эсвэл хүүхэд байхдаа төмсөг нь хожуу бууснаас ч үүддэг. Өндөр температурт төмсөг удаан хугацаагаар байснаас бэлгийн эс нийлэгжүүлэх үйл явц удааширдаг гэх мэт маш олон шалтгаан жирэмслэх үйл явцад сөргөөр нөлөөлдөг.

 

 


ESA: Үр суулгуулсан эмэгтэй болон байгалиараа жирэмслэсэн эмэгтэйн хувьд тээлтийн 10 долоо хоногийн хугацаанд ялгаа байх уу?

 


-Үргүйдлийн шалтгаанаа тогтоогоод, эмчилгээний аргаа сонгоод,  нэгэнт үр тогтоод умайн салстад бэхлэгдчихсэн бол хэвийн эмэгтэй жирэмслээд гардаг бүх эрсдэл явагдана. Манай талаас удаан хугацааны эмчилгээний үр дүнд жирэмсэн болсон эмэгтэйчүүдэд гарч болох эрсдлүүдийг бууруулахын тулд эхний 10 долоо хоног хүртэл хянадаг. Ер нь гарч болох эрсдлүүдийн дийлэнх нь энэ 10 долоо хоногт гардаг. Учир нь үр хөврөлийн хөгжлийн эхний 10 долоо хоногт ургийн дархлаа, дотоод шүүрэл, мэдрэлийн болон цусны эрхтэн тогтолцооны үүдэл сууриуд бүгд тавигддаг юм. Үүнээс цааш ээжээс хамаарах хамаарал нь багасчихдаг. Өөрөөр хэлбэл, эхний 10 долоо хоног хүртлээ ээжээсээ хамааралтай байдаг байх нь. Нөгөө талаас ихэс мөн адил эхний 10 долоо хоногт бүрэн гүйцэд хөгжчихдөг.

 

 

ESA: Танай эмнэлэгт ирээд харж байхад 35-аас дээш насныхан олон байна?

 

- Энэ эмчилгээ манай улсад шинэ зүйл. Одоогоос дөрөв, таван жилийн өмнө л анх Баянгол эмнэлэгт хийж эхэллээ шүү дээ. Түүнээс өмнө үргүйдэлтэй хүмүүс хаана, хэнд хандахаа мэддэггүй байлаа. Тиймдээ ч зарим нэг нь байгаа байдалтайгаа эвлэрчихсэн. Нөгөө хэсэг нь “Ажил, ажил гэж гүйсээр нэг мэдсэн нас явчихжээ” гэсээр манайд ирдэг. Өнөөдөр үр шилжүүлэн суулгахад олон улсад өндөр сэдээлт бүхий эмчилгээг хийж байна. Харин манайд Япон улсын “Kato Ladies Clinic” эмэгтэйчүүдийн эмнэлгийн захирал асан доктор Osamu Kato эмчийн анх санаачлан үргүйдлийн эмчилгээнд амжилттай нэвтрүүлсэн, өндөр үр дүнтэй дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөөд байгаа “Байгалийн мөчлөг зөөлөн сэдээх” аргыг эмчилгээндээ ашигладаг. Өөрөөр хэлбэл, өндөр даавраар сэдээлт эмчилгээ хийх биш байгалийн мөчлөгт тулгуурласан зөөлөн аргаар өндгөвчийг сэдээдэг юм. Энэ эмчилгээний үр дүн нь 40-өөс дээш насныхандаа илүү үр дүнтэй байдаг.

 

 


ESA: 40-өөс дээш гэдэг төрөхөд эрсдэлтэй нас биш гэж үү?

 

- Мэдээж эрсдэлтэй байлгүй яахав.  Нас ахих тусам хромсомуудын салж нийлэх, хуваагдах үйл явц нь удааширч, хромсомын түвшинд алдаа гараад эхэлдэг. Иймд бид байгалийн шалгаралыг илүүд үздэг. Тухайн хүн нэг сар өндгөн эсээ өглөө гэж үзье гэж бодоход хэрэв хромсомын гажигтай бол лабораторид өнөөх нь өсдөггүй. За өслөө гэхэд сууж өгдөггүй, суусан ч хөгждөггүй. Энэ бол байгалийн их том шалгуур болчихож байгаа юм. Гэхдээ эхний удаад хромсомын гажигтай байлаа гээд дараагийнхад давтагдана гэсэн үг биш. Жишээлбэл,40-43 насны эмэгтэйд сарын тэмдгийн зургаан мөчлөг дотор нэг удаа үр тогтох чадвартай эс гарах магадлалтай гэж онолын хувьд үздэг. Тэгэхээр сар бүр өнөө хүнд эмчилгээнд явж, өндгөн эсийг нь аваад,  нийлүүлээд суулгаж үзэхийг бидний зүгээс зөвлөдөг. Мэдээж энэ тухайгаа эмчилгээ эхлэхээс өмнө үйлчлүүлэгчдэдээ тайлбарлана шүү дээ.

 

 


ESA: Сүүлийн үед манайхан Солонгост үр шилжүүлэн суулгаад ихэр хүүхэд төрүүлдэг болж. Танайд үйлчлүүлэгч хүсвэл ихэрлүүлж болох уу?

 

- Солонгост хэт сэдээлтээр хийдэг. Сарын тэмдэг ирснээс гурав дахь өдрөөс эхлээд өндөр тунтай дааврын эмчилгээг  хийж, олон өндгөн эсийг гаргаж авдаг. Ингэж олон өндгөн эс аваад үр дүнгээ сайжруулахын тулд хоёр юмуу гурвыг суулгаснаар хоёр, гурван ихэр болдог. Олон улсын чиг хандлагаар ингэж үр шилжүүлэн суулгаад ихэр жирэмсэн үүсэх нь эмчилгээний хүндрэл гэж үздэг. Мэдээж, ихэр жирэмсэн эрсдэлтэй шүү дээ. Үр хөврөлийн 50 хувь ээжийнх, 50 хувь нь аавынх. Тэгэхээр үр хөврөлийн дархлааны мэдээллийн 50 хувь нь аавынх учраас ээжийн хувьд  энэ 50 хувь нь харь бие гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тэр харь биеийг ээж есөн сар биедээ тээнэ. Ихэсийн цус, ээжийн цус хоёрын хооронд буюу умайн салстын ханан дээр ихэс байрладаг. Хэрвээ ихэс муу хөгжөөд, эсвэл үрэвслийн процесс явагдаад, ихэсийн бүрэн гүйцэд сонгон нэвтрүүлэх чадвар алдагдчихвал ургийн цусны аавын мэдээлэл агуулсан эсүүд, ээжийн цусны мэдээлэл агуулсан эсүүдийн хооронд дархлааны урвал явагдаж эхэлдэг. Үүнээс болоод ихэс ховхорно. Мөн үрэвслийн процесс явагдаж дархлааны медиаторуудад үүсээд тэр нь ээжийн бөөрний эсүүдийг гэмтээснээр ээж шээсээр уургаа алддаг, даралт ихэддэг, хавагнадаг, манас таталтад ордог гэхчлэн эрсдлүүд гарч болно. Тэгэхээр хэрэв нэг нэг үр хөврөл байгаа тохиолдолд энэ эрсдэл долоо орчим хувь гэвэл ихэр жирэмсэн дээр хоёр дахин нэмэгдэх нь байна. Хоёрдугаарт, шилжүүлэн суулгалтын явцад хоёр үр хөврөлийн нэг нь үрийн хоолой дээр, нөгөө нь  умайдаа тогтчихож болно. Өндөр өртөг бүхий эмчилгээ хийлгээд амжилттай болсон ч саяын эрсдлүүдээс болоод ураг таслах, үрийн хоолой боох шаардлага гардаг. Гэхдээ энэ бол тодорхой хувийн эрсдэл гэдгийг хэлмээр байна. Олон улсад энэ мэт эрсдэл байгаа ч эрсдэл дундуур алхаж байж амжилтад хүрнэ гэж үздэг. Харин манай өөрийн философи бол хүн нэг л эс гаргана, нэгийг л хүлээж авна, тэгээд нэг л хүүхэдтэй болдог нь байгалийн зохилдлогоо юм. Иймээс гарч болох эрсдлээс сэргийлж, аль болох үр дүнтэй эмчилгээг бид чухалчилдаг учраас ихэр үр суулгалтыг хийдэггүй.

 

 


ESA: Ямар тохиолдолд тээгч эхийн асуудал яригддаг вэ?


- Эхний төрөлтөөрөө кесорво хагалгаа хийлгээд магадгүй хагалгааны дараа цус алдаад умайгаа авахуулсан. Гэхдээ өндгөвч нь байгаа. Эсвэл умайн эндометрийн хавдрын улмаас өөрөө тээх боломжгүй, зүрх, бөөрний хүнд өвчтэй хүмүүсийн хувьд тээгч эхийн асуудал яригддаг юм. Энэ тохиолдолд тухайн эмэгтэй өндгөн эсийг авч, нөхрийнх нь эр бэлгийн эстэй нийлүүлж үр тогтоогоод тээгч эхэд суулгадаг.


Энд нэмж ярихад манайхан тээгч эх, донор хоёрыг хольж ойлгоод байдаг. Донор гэдэг нь арай өөр. Жишээ нь 45 настай хүн манай дээр дөрөв, таван ч удаа эмчилгээнд орлоо. Гэтэл өндгөн эс нь олигтой гардаггүй, гарсан ч тогтдоггүй, хромсомын гажигаар үхээд байлаа гэж бодъё. Тийм тохиолдолд тухайн хүний удмын генийг хадгалах үүднээс цусан төрлийн залуу эмэгтэйгээс өндгөн эсийг нь авч, нөхрийн эстэй нийлүүлээд өөрт нь суулгаж өгч болно. Энэ тохиолдолд хүнээс эс авч байгаа учраас донорын асуудал яригддаг.

 

 

ESA: Танай өөр нэг давуу тал нь үр хөврөл болон бэлгийн эсүүдийг хөлдөөж, гэсгээдэг аргыг хэрэглэдэг. Энэ талаараа тайлбарлаж өгөөч?


- Хөлдөөлтийн технологи бол манай дэвшилттэй технологийн нэг. “Байгалийн мөчлөг, зөөлөн сэдээх” аргаар өндгөн эсийг боловсруулахад нэг эсвэл цөөн өндгөн эс \дунджаар 3-5 ширхэг\ гарган авч байгаа нь өндгөн эс соруулах ажилбар, өндгөн эсийн чанар, үр хөврөлийн суулгалт зэрэгт хэд хэдэн давуу талыг бий болгодог.  Илүү дэлгэрэнгүй тайлбарлавал тухайн мөчлөгт дээр бид өндгөн эсээ авчихлаа. Мэдээж тэр мөчлөгт дээр дааврын болон эмийн ачаалал өгчихсөн учраас умай үр хөврөл хүлээж авахдаа муу байдаг. Гэтэл бид эсээ аваад лабораторид өсгөвөрлөчихсөн. Тийм тохиолдолд өнөө өндгөн эсийг яах вэ гэдэг асуудал яригдана. Тэгэхээр хөлдөөж хадгалж байгаад дараагийн мөчлөг дээр умайдаа суулгаж өгдөг.


Энэ хөлдөөх технологийг олон улсад хэрэглэдэг хоёр арга байна. Манай хувьд хурдан хөлдөөлтийн аргыг хэрэглэдэг бөгөөд үр дүнтэй, дээр нь олон талын ач холбогдолтой. Жишээлбэл, өнөөдрийн хатгалтаар нэг хүнээс дөрвөн өндгөн эс авчихлаа. Энэ дөрвөө эр бэлгийн эстэй нийлүүлээд дөрвөн үр хөврөл тогтоож болно. Энэ дөрвөн үр хөврөлийг гаргаж авах зардал ижил буюу гурван сая гаруй төгрөг болдог. Ингээд дөрвүүлээ хөгжих юм бол хөлдөөгөөд хадгалчихна. Үүнээсээ эхнийх нь суулгаад амжилтгүй боллоо гэхэд дахиад үлдсэн гурваасаа нэгийг суулгуулчихна. Энд эс авах зардал яригдахгүй. Зөвхөн суулгалтын зардал л бодогдоно. Энэ нь үйлчлүүлэгчийн хувьд уян хатан бөгөөд зардалд хэмнэлттэй нөхцөл болдог. Гуравдугаарт, эхний өндгөн эсээр үр амжилттай тогтсон бол үлдсэнээ хадгалуулж байгаад хоёр, гурван жилийн дараа дахиад хүүхэдтэй болж болно. Тэр тохиолдолд гэсгээгээд суулгахад гэсгээгээд суулгасан төлбөрөө л төлнө. Эцэс нь нэг үгээр хэлэхэд хөлдөөх нь үр дүнтэй, үйлчлүүлэгчид ч ашигтай. Төлбөрийн хувьд ч боломжийн бөгөөд үйлчлүүлэгч дахиад хүүхэдтэй болохдоо хэрэглэж болно гэсэн үг.


ESA: Ярилцсанд баярлалаа.

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 4 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (4)

Зочин /202.9.41.220/

2018-06-15 20:01

Djdhtjdhfbhhklykfjdntmgfjgfbgnimgkfmgnfmfmfnfnjinydhryyuuuufhxjfnfncngnfklhgnfjtjjgfjrhiifjhfbchynvcbjubngcnjuhcnxnkiyjgngfhggjghggfhhthghfhgjghthhghyhhhhjhhhhghhjhhhhdudhfdhfgjf

Хариулах 0 0
Зочин /202.21.124.20/

2017-09-06 16:24

Байгалийн мөчлөг, зөөлөн сэдээх гэж ирээл чихэнд цэцэг ургуулахгүй үнэнгээ хэлээч дээ

Хариулах 0 0
Зочин /202.21.106.116/

2017-09-05 20:57

mash mundag bagsh min olon ger buld az jargal beleglesen altan gartai emch amjilt bag[хориотой үг]

Хариулах 0 0
Зочин /66.181.164.211/

2017-09-05 10:12

Ишшш багш минь яагаад ингэж худлаа ярьдаг юмдээ 2010-2015 онд Японд эмэгтэйчүүдээр сурсан гэнэ үү?? 2013 онд Монголд хамт эх барихын резидентээ төгссөн шавь нь байна Гэхдээ амжилт хүсье багш аа

Хариулах 0 2

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.