М.Туул: Хүний генийн үүсэл хөгжлийн зурагт монгол, еврей гэсэн хоёрхон ген бий

2017-09-06 15:23
70 настай хүний ясанд хөгшрөлтийн үйл явц дөнгөж илэрдэг байтал монгол эр хүний дундаж наслалт 66 байна

2016 оны эцсээр Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан статистик мэдээллээс харахад манай улсын хүн амын дундаж наслалт 69,89 байна. Тодруулбал, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75,84 байхад эрэгтэйчүүдийн дундаж наслалт 66,02 байгаа юм. Уг нь монгол хүний 70-аас дээш насанд ясны эдэд хөгшрөлтийн анхны шинж тэмдэг илэрдэг гэж  Анагаах шинжлэх ухааны доктор, профессор М.Туул ярилаа. Өөрөөр хэлбэ, 70 настай монгол хүний ясанд хөгшрөлт явагдаж эхэлнэ гэсэн үг.  Гэтэл монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт яагаад 70 нас хүрэхгүй байна вэ? Энэ асуудлаар Монгол эр хүн судлалын төвийн захирал, Анагаах шинжлэх ухааны доктор, профессор М.Туултай ярилцлаа.

 

 

 

ESA: Та бүхэн монгол хүний хөгшрөлтийн үйл явцад судалгаа хийсэн байна. Монгол хүнд хэдэн наснаас эхлээд хөгшрөлтийн үйл явц илэрдэг юм бол?

 

- Монгол эр хүн судлалын төвөөс эрдэмтэн судлаачидтай хамтран монгол хүний ясны эдэд судалгаа хийсэн. Энэ судалгаанаас үзэхэд, монгол хүн 70 нас хүрэхэд түүний ясанд хөгшрөлтийн анхны шинж тэмдэг илэрдэг. Өөрөөр хэлбэл, монгол хүн урт наслах боломжтой гэсэн үг. Гэтэл хүн амын дунд хөгшрөлтийн үе шат нь идэвхижсэн байдаг. Тэр тусмаа эрэгтэйчүүдийн дунд илүү ажиглагддаг. Хэрэв эрчүүдийн биологийн нас хуанлин наснаас дээш гараад ирэх юм бол тухайн хүн эрүүл мэндийн асуудалтай, эсвэл хүрээлэн буй орчин нь таарахгүй гэсэн үг. Арав гаруй жилийн өмнөх судалгаанд 30-39, 40-49, 50-59 настай эрчүүдийн биологийн нас өөрийнх нь наснаас ах байсан. Одоо 40-49, 50-59 насны эрчүүдийн биологийн нас хуанлин натай нь ойролцоо болсон. Энэ нь дээрх насны эрчүүд эрүүл мэнддээ тавих анхаарал нь дээшилснийг харуулж байгаа юм.

 

 

ESA: Хүн наснаасаа овортой харагдана гэдэг нь тухайн хүний биологийн нас хуанлийн наснаас ах байгаа гэсэн үг үү?

 

-  Монголчууд хүнтэй анх уулзахдаа нөгөө хүнээ хэд орчим насны хүн гэх нэг барагцаа гаргадаг даа. Тэр чинь л биологийн нас юм. Мэдээж, хүний эрүүл мэндийн байдал муудаад ирэхээр хүн царай зүс алдана, оворжуу харагдана.

 

 

ESA: 70 настай хүний ясанд хөгшрөлтийн үйл явц дөнгөж эхэлдэг гэлээ. Гэтэл яагаад эрэгтэйчүүдийн дундаж наслалт 66 байдаг юм бол?

 

- Эрэгтэйчүүддундаж наслалт богинохон байх шалтгааныг нэгдүгээрт өөрөөсөө, хоёрдугаарт нийгмээсээ хайх хэрэгтэй. Эрчүүд залуу байхдаа эрүүл мэнддээ анхаардаггүй. Ихэнхдээ нас ахиад ирэхээрээ арга буюу эрүүл мэнддээ анхаардаг ч,  хожимдсон байх нь элбэг. Дээр өгүүлсэнчлэн, хөгшрөлтийн үйл явц ясандаа хүрээгүй байгаа нь монголчуудыг өндөр наслах боломжтой болохыг харуулж байна. Гэтэл яагаад өндөр насалж чадахгүй хорвоог орхиж байгаа вэ гэдэг нь монголчууд хүүхдээ эрүүл өсгөж чаддаггүйтэй л холбоотой.  Хүүхдийг 5-6 нас хүртэл нь эрүүл өсгөх юм бол цаашид эрүүл хүн болж өсөх хандлагатай юм. Ерөнхийдөө хүнийг хүүхэд байхаас нь эрүүл өсгөх нь хамгийн чухал бөгөөд хүүхэд байхдаа өвчилсөн өвчин нь бүрэн эдгэрээгүйн үүднээс нас ахих тусам тэр нь архаг, хууч өвчин болдог юм. Харин хүүхдээ эрүүл өсгөж чадаагүй нь эцэг эхчүүдийн буруу огт биш. Эрүүл бус байхад нийгмийн амьдрал, ядуурал, хоол хүнсний чанарлаг байдал зэрэг олон асуудлаас үүдэж хүүхэд эрүүл бус өсч байгаа юм.


Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хүүхэд эрүүл байгаа юм шиг харагдаж байгаа ч хүний нүдэнд үл үзэгдэх нянгаар өвчичихсөн байх тохиолдол цөөнгүй бий. Тэр нь даамжирсаар архаг хууч өвчин үүсэх үндсэн шалтгаан болж байгаа юм.


Өндөр хөгжилтэй орнуудад хүүхдээ л зөв, эрүүл өсгөж чадсан учраас хүмүүс нь өндөр насалж байгаа юм. Хүн эрүүл хөгжинө гэдэг нийгэм эрүүл байна гэсэн үг.

 

 

ESA: Хүүхдээ эрүүл өсгөхийн тулд бид юунд анхаарах вэ?

 

- Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдийг зургаан нас хүртэл нь өвчлүүлж болохгүй өвчний жагсаалтыг гаргасан байдаг. Үүнд хамар хоолой, залгиурын эрхтний өвчлөлөөр хүүхдийг өвтгөж болохгүй гэж заасан байгаа. Гэтэл манай хүүхдүүд ханиадаар маш их өвчилдөг.  Ханиадыг дутуу эмчилсний улмаас хоолойн хэсэг дэх бактери нь хүний эрхтэнд дасан зохицож, суурьшиж эхэлсэн байдаг. Энэ бактери нь 20-30 жил хүний биед амьдарсаар байгаад сүүлд нь өвчлөл үүсгэж байгаа юм. Тэгэхээр аливаа өвчнийг бүрэн эдгэртэл нь зөв эмчлэх ёстой. Манай иргэд хүүхдээ ханиад хүрэнгүүт нь нэг эм өгөөд л ханиалгах нь багасангуут эдгэчихлээ гэж боддог. Гэтэл энэ нь эдгэрсэн бус биед нь дасан зохицож эхэлсэн гэсэн үг. Ийнхүү биед дасан зохицсон бактери даамжирсаар байгаад өвчин болж эрчүүдийн биеийг улам л дордуулж байгаа юм.

 

 

ESA: Одоогийн залуусын бие бялдар сулбагар, хөгжил муутай гэж ярих юм. Ер нь монгол эр хүний бие бялдрын хөгжил хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

 

- 1920-иод оны үеийг одоо үеийнхтэй харьцуулахад, монгол хүний толгойн хэлбэр өөрчлөгдсөн. Тухайн үед монголчууд их том, данхар толгойтой байсан бол одоо толгойн хэмжээ жижгэрч, шөвгөрдүү болж хувирсан. Тэгэхээр хүний бие мах бодийн хөгжилд амьдарч байгаа нийгэм их нөлөөлж, хувьсал явагддаг. Энэ өөрчлөлт манай залуучуудад их ажиглагдаж байгаа. Тухайлбал, залуучуудын бие бялдрын хөгжлийн судалгаанаас харж байхад залуучуудын гарын шуу, хөлийн шилбэ зэрэг мөчдийн булчингийн өргөний диаметр буурсан байдаг. Нэг үгээр хэлбэл хөдөө амьдарч байгаа хүүхэд морь малаа услах, аргал түлээгээ бэлтгэх мэтээр биеийн хүчний ажил их хийдэг учир өсөлт нь өөр байдаг. Харин Улаанбаатар хотын төвийн хүүхдүүд ахуйн ажил хийхгүй болоод ирэхээрээ бие бялдрын хөгжилд нь өөрчлөлт гарсан. Өмнөх 100 жилийн турш монголчуудын харж байсан эр хүний биеийн хөгжил өөрчлөгдөж байгаа болохоор ахмадууд залуучуудыг шүүмжилдэг байх. Яахав, энэ бол нийгмийн хөгжил, суурин газарт амьдрах хүүхэд залуучуудын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор гарч байгаа өөрчлөлт юм.

 

 

ESA: Ирээдүйд энэ өөрчлөлт үргэлжлэх болов уу?

 

- Монгол эрчүүд хүүхэд байхаасаа эрүүл өсч чадах юм бол бие бялдрын хөгжил сайн байна. Харин бие бялдрыг хөгжүүлэхийн тулд ахуйн хүрээний ажил хийхгүй байгаа учраас системтэйгээр хөгжүүлэх бодлогыг барих байх. Жишээлбэл, нас насны онцлогт нь тохируулж төрөл бүрийн спортоор хичээллүүлж байгаад 25 орчим нас хүрэхээр нь булчин суулгах дасгал, фитнесээр хичээллэхийг зөвлөж байх хэрэгтэй. Мөн нийтийн бие тамир гэдэг ойлголт одоо эрчимжиж байгаа учир хэдэн жилийн дараа улам л иргэдийн дунд тэлэх болно.

 

 

ESA: Бид Чингисийн Монгол гэдгээрээ ихээхэн бахархаж, омогшиж амьдардаг ард түмэн. Тэгвэл монгол хүний генийн онцлог нь юу юм бэ. Бид үнэхээр дэлхийд ховорхон гентэй ард түмэн мөн үү?

 

- Дэлхийн аль ч үндэстэн, ястны генийн удамших чадвар гайхалтай байдаг. Одоо “Дэлхий дахины хүний генийн сан”-д хүний шинээр бий болсон генүүдийг бүртгэж байгаа. Энэ нь дэлхий дээр байгаа хүний бүхий л генийг бүртгэж судалдаг гэсэн үг. Монголчуудын дунд генийн тархалтын судалгаа хийхэд, монгол хүний ген хятадуудын дунд тохиолддог ихэнх ген, нигери, цагаан арьстнуудын дунд зонхилон тохиолддог генүүдэд байж байдаг. Энэ бол монгол хүн маш эртээс үүсэлтэй, хүний генийн эртний эх суурь гэдгийг баталж байгаа юм.
Нөгөөтэйгүүр, хүний генийн үүсэл хөгжлийн зургийг зурахаар хоёрхон ген л гарч ирдэг. Нэг нь Монгол, нөгөөх нь Еврей. Яг энэ зураглал, Генийн сангийн чиглэлээр мэргэшсэн дэлхийн олон эрдэмтэд монгол хүний ген дэлхийн хүн амын генийн эртний эх суурь юм гэдгийг баталсан байдаг.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.