Монакод баячууд 7 хоногийн 105 мянган евро төлж завиар зугаацдаг

2017-09-06 16:44

Газрын дундад тэнгисийн номин эрэг дагуу байрлах Монакогийн вант улс ердөө 2,02 кв. км буюу 202 га газар нутагтай. Харьцуулахад Улаанбаатар хотын хамгийн жижиг гэгддэг Сүхбаатар дүүрэг 20,8 мянган га талбайтай тэнцэхээр гэхээр багцаалж болох бизээ. Гэвч газар газрын саятан, тэрбумтнуудыг соронз мэт татах чадвараараа Монакогийн вант улс жинхэнэ “үлэмж биетэн”. Заримдаа Монаког саятан, тэрбумтнуудын улс ч гэж нэрлэдэг.

 

                                                                                                          

 

Энд казино, офшор бүс, “формула-1”-ийн уралдаан, Каннын их наадам гээд одод, саятнууд, тэрбумтнуудын анхаарлыг татах зүйлс олон бий. Жишээлбэл, баячуулд зориулсан зугаалгын хурдан завь буюу яхтуудыг танилцуулдаг шоу жил болгон зохиогдоно. Уг нь яахт гэдэг нь дарвуулт хурдан завь. Гэхдээ тэрбумтнуудад хичнээн хурдан ч бай жирийн нэг завь хэрэггүй тул баячуудад зориулсныг гол төлөв супер яахт гэх бөгөөд уламжлалт дарвуул бүхий завьтай төстэй зүйл бараг үгүй гэж болно.

Тусгайлан зохион бүтээгдсэн асар өндөр үнэтэй, тансаг орд харш шиг эдгээр яахт нь хүний хөрөнгө чинээ, байр суурь, нэр нөлөөг харуулсан нэрийн хуудас болдог тул тэдгээрийг үзэж сонирхох, мөнгө цохин худалдан авах гэсэн тэрбумтнууд энэ шоуны гол үзэгчид бас оролцогчид юм.

                                                                                                          

 

Саяхан нээлтээ хийсэн энэ жилийн шоунд 25-аас 90 метр хүртэл урттай супер тансаг 125 яахт оролцож байгаагаас заримыг нь сонирхуулж байна.

 

 


Нидерландын “Amels” усан онгоцны үйлдвэрээс гарсан “Infinite Shades” супер яахт. 68 метрийн урттай энэ завь 12 зочин хүлээн авахаар тооцоологдсон бөгөөд багийн 20 гишүүн дээд зэргийн үйлчилгээ үзүүлнэ. Үнэ 57,5 сая евро.

 

 

Харин “Alejandra” яахт нь уламжлалт байдлаар буюу дарвуултайгаар бүтээгдсэн. 1993 онд Испанийн “Mefasa Asturias” усан онгоцны үйлдвэрт бүтээгдсэн энэ завь нь 41 метр урт бөгөөд 188 тонн усан багтаамжтай. Найман зочдыг дөрвөн тусгай тасалгаанд хүлээн авдаг, баг нь зургаан гишүүнтэй. Үнэ 6,95 сая евро.

 

 


“Elinor” яахтыг 2009 онд Испанийн “Sanlorenzo” усан онгоцны үйлдвэрт “Bikini Queen” гэсэн нэртэйгээр үйлдвэрлэн гаргаж байжээ. Харин шинэ эзэн нь 2017 онд худалдан авсны дараагаар бүх тоног төхөөрөмж, засал чимэглэлийг бүрэн өөрчлөөд шинэ нэр өгч. 37 метрийн урттай энэ завь нь 10 зочин хүлээн авах чадалтай. Бэл бэнчинтэй хүн 105 мянган евро төлөөд долоо хоног түрээслэж болно. Авъя гэвэл 9,45 сая евро.

 

 


Америкийн “Christensen” усан онгоцны үйлдвэрээс хоёр жилийн өмнө гарсан “Chausseur” яахт нь усан онгоцны олон давхар тавцан хооронд зочдыг зөөдөг дөрвөн хүний багтаамжтай лифттэй гэдгээрээ онцлог. Эзэн нь зарах сонирхолгүй тул хүссэн хүн долоо хоногийн хугацаатайгаар 273 мянган еврогоор түрээслэх юм байна.

 

 


“Seven Sins” буюу “Долоон нүгэл” нэртэй энэхүү супер яахтын эзэн нь Бельги нөхөр бий. 52 метрийн урттай энэхүү завийг зөвхөн түрээслэх бөгөөд долоо хоног нь 260 мянган евро болно.

 

 


“Apogee” нэртэй энэхүү супер яахтыг Италийн “Codecasa” усан онгоцны үйлдвэр 2003 онд бүтээжээ. Одоогийн эзэн болох “Merle Wood & Associates” агентлаг завийг 40 сая доллараар авах эсвэл долоо хоногийн 275 мянган еврогоор түрээслэхийг санал болгопог.

 

 


Италийн “ISA” усан онгоцны үйлдвэрийн “Sport 120” төслийн дагуу бүтээгдсэн 11 дэх яахт нь “Clorinda” нэртэй энэ завь юм. Супер яахтны хурд нь 34 зангилаа буюу цагт 63 км юм байна. Эзэн нь үнэ, түрээсийн төлбөрийн талаарх мэдээллээ хараахан дэлгээгүй байгаа гэнэ.

 

 

 

Италийн “CRN Yachts” усан онгоцны үйлдвэр “Cloud 9” гэдэг 74 метрийн урттай энэхүү супер яахтыг энэ тавдугааар сард Австралийн нэгэн тэрбумтанд хүлээлгэн өгчээ. 16 зочин хүлээн авах чадалтай, багийн 22 гишүүнтэй. Хүсвэл долоо хоногийн 896 мянган еврогоор түрээслэн тансаглаж болно.

 

 

 

“Grande” гэдэг 35 метрийн урттай энэ яахт нь анхнаасаа спортын гэсэн тодотголтой. Тиймээс тэрээр 39 зангилаа буюу цагт 72 км зам туулан хурдлах чадвартай. Италийн алдарт “Azimut Yachts” усан онгоцны үйлдвэрийн энэ хурдны завийг 8 сая доллараар худалдан авч эсвэл долоо хоногийн 90 мянган доллараар түрээслэх боломжтой тул бусад супер яахтуудын дэргэд харьцангуй хямд гэж болох юм.

 

 


Нидерландын “Heesen” усан онгоцны үйлдвэр нь нэрийг нь тун нууцалж буй тэрбумтны захиалгаар 50 метрийн урт энэхүү яахтыг бүтээжээ. Захиалагч нь чанга дуу чимээнд дургүй тул байж болох хамгийн нам дуутай байх ёстой гэсэн шаардлага тавьсан юм байна. Иймд голландчууд завийг гибрид хөдөлгүүртэйгээр бүтээсэн тул завийг хамгийн дээд хурдаа авсан үед эзний тасалгаан дахь дуу чимээний хэмжээ ердөө 46 децибел хүрдэг. 46 децибел гэдэг нь шиврээ бороо орох үед гардаг чимээтэй ойролцоо. Завины эзэн нэрээ нууцалж буй болохоор завийг ямар үнээр бүтээсэн, зарвал хэдээр зарах, түрээслэх үнэ гэх мэт зүйлийн талаарх мэдээлэл байхгүй.

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.