Шинэ цагийн “тэргүүн охид” буюу хэн нь хэн бэ?

2017-09-07 13:17

Монгол улс ардчилсан зарчмаар сонгууль явуулж эхлэснээс хойших түүхэнд анх удаа энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай болсноороо дотооддоо төдийгүй олон улсад анхаарал татаж байлаа.  Түүнээс ч илүү анхаарал татаж байсан нь улс төрд багагүй хугацаанд зүтгэсэн ч олон улсын хэвлэлүүдээр “бөх”, “зураач” гэдгээрээ илүү дурьдагдсан, өнөөгийн Ерөнхийлөгч, тухайн үедээ нэр дэвшигч Х.Баттулга байв.
Энэ эрхэмийн намтар, замнал олны сонирхох, “гүүглдэх” сэдвүүдийн нэг болж, бүр сониуч нэгэн нь Х.Баттулгын эхнэрийн эрэлд гарсан юм.

 

 

 


ТЭРГҮҮН ОХИНТОЙ БОЛСОН ТОВЧ ТҮҮХ

                                                                                                                      

 

Тэргүүн хатагтайн эрлийн явцад  “местный” гэгдэх орос, Х.Баттулгад нуган үрс хайрласан гэдгээс өөр тоймтой мэдээлэл олдоогүй. Тиймдээ ч  “албан ёсоор гэрлээгүй, монгол цусны биш хүн тэргүүн хатагтай болох нь” гэж зарим нь шүүмжилсэн бол Баттулгын дэмжигчид “Цэдэнбал ч орос эхнэртэй байсан” гэхчлэнгээр барьцах хандлагатай байлаа.  


Олон улсын жишгээс харахад, нөхөр нь Ерөнхийлөгчид нэр дэвшин, сонгуулийн кампанит ажлаа эхлүүлэхэд эхнэрүүд идэвхитэй оролцон, олон нийтийг хамарсан, лекц цуглаан зохион байгуулж, нөхөртөө дэмжлэг авахаар идэвхийлэн ажилладаг. Энэ л жишгээр ирээдүйн тэргүүн хатагтайг Монголын сонгогчид “нүдээ хөхөртөл” харсан ч таг, хоёр дахь шатны сонгуулиар ялалт байгуулахад гарч ирэх байлгүй дээ гэсэн найдлага ч мөн  талаар болов. .
Сонгуулийн сурталчилгааны ажил эхлэхээс дуусах хүртэл Х.Баттулгыг нэг л бүсгүй чимэж, дагалдан явж, олон нийтийн сүлжээгээр байр сууриа илэрхийлж байлаа. Гэхдээ энэ нь эхнэр нь биш харин охин Б.Намуунаа нь байсан юм. Ялалтын дараах мөч, тангараг өргөхөд ч, наадмын нээлтээр ч тэргүүн хатагтайгаа олж хараагүй монголчууд арга ядахдаа Намуунаад “тэргүүн охин” гэсэн хэргэм зүүлгэж орхив.

 

 

 

                   ТЭР ХЭН БЭ?

                                                                                                                      

 

“Тэргүүн охин” 2017 оны тавдугаар сарын 29-ний өдөр улс төрч аавыгаа дагалдан, олны өмнө гарав. Энэ өдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсан юм. МАН, МАХН-ы нэр дэвшигчид эхнэрүүдийн хамт ирж үнэмлэхээ гардсан бол АН-аас нэр дэвшигч Х.Баттулга охин Б.Намууныг дагуулан ирсэн нь олны анхаарлыг татаж байлаа.


Тэрбээр АН-ын ҮБХ-ны гишүүний сонгуульд нэр дэвшиж байсан мэдээлэл бий. Нэгэнтээ “Түмэн хишигтэн” төслийн сурталчилгаанд Монголын урдаа барьдаг загвар өмсөгчидтэй хамт тоглож, олны харц булааж байсан тэрбээр Сингапурт боловсрол эзэмшсэн, 2012 онд цуутай хурим хийсэн ч одоо ганц бие гэдгээс өөр Б.Намууны тухай мэдээлэл хомс.


Аавынхаа улс төрийн дүр төрхийг бүрдүүлэлцэж явсан Б.Намуун дүү Б.Номингийн хамт “Цагаан даваа”-ны хогийн цэг дээр очиж, хүүхдүүд хооллодог гэнэ лээ. Үүнийгээ бусад шиг сүр дуулиан бадруулан олон нийтийн сүлжээгээр цацдаггүй гэдгээс нь харвал хүнд туслаж чаддаг, нийгмийн эмзэг бүлгийнхэнд чиглэсэн багахан ч атугай тус хийж байгаа нь ирээдүйн замналд нь тодорхой нөлөө үзүүлж мэдэх юм.

 

 

 

АНУ-ЫН "ТЭРГҮҮН ОХИН"  ИВАНКА ТРАМП

 

                                                                                                                   

 

 “Тэргүүн охид”-ыг нэгтгэж байгаа цөөн төстэй чанаруудынх нь нэг нь жинхэнэ тэргүүн хатагтай олны нүднээс далд байхыг хүссэнтэй холбоотой”


Ийнхүү Монголд “тэргүүн охин” Б.Намуун олны анхаарал татаж байгаа бол олон улсын анхааралд Иванка Трамп байсаар байна.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп анх л энэ суудалд горилж эхлэх үеэс эхнэр Меланья Трамп нь “сүүдэрт үлдэх”-ийг хүссэн учраас Иванка Трамп сонгуулийн кампанит ажилд нь ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Иванка бол Трампын өмнөх эхнэрийн охин.


Өдгөө 36 настай Иванка Трамп 2004 онд Пенсильванийн их сургуулийг эдийн засгийн чиглэлээр онц дүнтэй төгссөн. Бизнес эрхэлдэг, фотомодель байсны дээр зохиолч нэгэн.


Үзэсгэлэнтэй, боловсролтой түүнийг сонгуулийн өмнө л олны өмнө гарч эхлэхээс эхлээд олон нийтийн ихэнх нь таатайгаар хүлээн авсан. Сонгуулийн кампанит ажилд аавынхаа гол туслагч байсан Иванка Трамп сонгуулийн дараа аавынхаа албан ёсны зөвлөхийн орон тоон дээр томилогдсон юм.  Ингэснээр АНУ-ын Ерөнхийлөгчийн охин аавынхаа уулзалтуудад оролцоно гэсэн үг.


Ийнхүү Ерөнхийлөгчийн охин Цагаан ордны албан ёсны зөвлөхийн статустай болсон нь АНУ-ын түүхэн дэх анхны тохиолдол юм.


 Энэ улсад засгийн ажиллагаанд садан төрлийн холбоог холихгүй байхыг заасан хууль үйлчлээд 40 жил болж байгаа. Гэхдээ энэ хууль АНУ-ын Ерөнхийлөгчид үйлчилдэггүй юм байна. Ингэснээр Трампын охин, хүргэн хоёр ерөнийлөгчид  зөвлөхөөр болсон юм.

 

 

 

 

ӨМНӨХ ҮЕИЙН ТЭРГҮҮН ОХИДЫН ЦУВАА

                                                                                                                      


Иванка Трамп ерөнхийлөгч эцгийнхээ зөвлөх болсон цорын ганц охин биш. Дэлхий дахин Клод Ширакийг сайн мэднэ. Тэр бол Францын ерөнхийлөгч асан Жак Ширакийн охин бөгөөд хэвлэлийнхэнтэй харилцаж, сэтгүүлчдээс эцгээ хамгаалдаг байв. Ширак өөрөө сонгуулийн өмнөх кампанит ажилтай холбоотой янз бүрийн сэдвээр охинтойгоо байнга зөвлөлдөг байсан гэх. Тэр бүү хэл зөвлөхүүдтэйгээ ярилцаж байхдаа “Энэ талаар Клод ямар бодолтой байгаа бол?” гэсэн асуултыг байнга тавьдаг байжээ.


Клод Ширакийн туршлагыг нэвтрүүлсэн дараагийн хүн нь Оросын Ерөнхийлөгч асан Борис Ельцины охин Татьяна Дьяченко. Тэрбээр эцгээ 1996 онд дахин сонгогдохоор сонгуулийн өмнөх кампанит ажлаа эхлүүлэх үед Францын Ерөнхийлөгчийн охин Клодын туршлагийг судлахаар тусгайлан Францыг зорьж байсан гэх.
Ельциний сонгуулийн штабд нь сөргөлдөөн гарсан тул бүрэн итгэж болох хүн түүнд хэрэгтэй байсан гэж хожим нь Ельциний эхнэр дурсжээ.

 

 

 


АМЕРИК "ТЭРГҮҮН ОХИН"-Ы НӨЛӨӨ

                                                                                                                      


Иванкаг эцэг нь багтаа татан оруулсан нь тэрбээр бизнесийн хүн, улс төрийн хүрээнд түшиг тулгуургүй учраас хамгийн ойр дотны хүмүүсийнхээ хүчинд найдаж байгаагаас үүдэлтэй гэж шинжээчид үздэг. Ийнхүү түшиг тулгуур нь болж байгаа Иванка Трамп эцгийнхээ ажилд хэрхэн нөлөөлж, юу хийсэн бэ?
Америкийн хэвлэлүүдийн мэдээллэснээр Иванка Трамп цаг уурын асуудлаарх хэлэлцээрээс АНУ гарах тушаалд эцгийгээ гарын үсэг зурахгүй байхыг ятгасан гэдэг.  Үүнээс өмнө Трамп Баракд Обамагийн үеийн энэ хэлэлцээрээс гарна гэж мэдэгдэж байсан юм.


Мөн Иванка Трамп болон түүний нөхөр Дональд Трампыг ЛГБТ хүмүүсийг хамгаалах хүрээнд ямар арга хэмжээ авах тал дээр нөлөөлж байсан гэдэг. Тэдний ачаар ижил хүйстнүүдийн зарим эрхийг хязгаарласан баримтанд Трамп гарын үсэг зураагүй байна.


Эцэгтээ туслахын тулд бизнесээсээ холдсон Иванка Трамп сонгуулийн өмнө олон нийтийн арга хэмжээн дээр байнга хамт оролцож, Трампад зөвлөгөө өгдөг байсан бол ийнхүү сонгогдсных нь дараа албан ёсны зөвлөх нь болсон юм.


“Би хичээх л юм бол хүссэн бүхэндээ хүрч чадна гэж намайг бага байхад аав минь үргэлж хэлдэг байсан ” гэж ярих Иванка Трампыг олон нийт сайн илтгэгч, улс төрчийн буурьтай хүн гэж үнэлдэг.


Тиймдээ ч Нью-Йорк Таймс сонин түүний тухай нийтлэлдээ “Иванка бүх талаасаа шилдэг. Үзэсгэлэнтэй, амжилттай яваа, үлгэр жишээ нөхөр, гурван хүүхэдтэй, аав нь үгийг нь сонсдог. Ингэснээрээ ч Иванка Дональд Трампын сонгуулийн өмнө кампанит ажлын төгс хэсэг болж байгаа юм” гэж онцолсон байдаг.

 

 


ТЭРГҮҮН ОХИДЫН ТАРЬСАН ШУУГИАН

                                                                                                                      


Өнөөдөр жишээлсэн хоёр охин хоёулаа л дуулиан шуугиан тариад явсан нь цөөн. Иванкагийн тухайд алдартай брэндийн бизнес нь бусад бизнес эрхлэгчдийн эсэргүүцэлд өртөн, зарим томоохон дэлгүүрүүдэд Трампын охины нэрийн бараануудыг худалдаалахгүй гэж мэдэгдэж байлаа.


Гэхдээ энэ нь Иванкагийн үйлдлээс биш харин эцгийнхээ шийдвэрийн улмаас ийнхүү хэлмэгдэж байв. Тодруулбал, Дональд Трамп үүрэгт ажилдаа орсныхоо дараахан цагаачдын урсгалыг зогсоох шийдвэр гаргасан нь цагаач иргэдээр ажиллах хүчээ бүрдүүлдэг бизнесийн салбарынхан болон олон нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, хомрогонд нь Иванка өртөж байлаа.


Хар багаасаа л үнэ цэнэтэй, өнгөтэй өөдтэйг өмсөж хэрэглэж ирсэн Иванка Трамп фотомоделиор ажиллаж байсан тул загварын мэдрэмж өндөртэй. Тиймдээ ч улс төрийн хүрээнд эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог хувцаслах соёл, дресс код дээр бүдэрч байсан удаагүй.


Инстаграммын од гэгддэг түүнээс олон орны бүсгүйчүүд  үлгэр дуурайлал авдаг. Харин энэ оны нэгдүгээр сард дээдсийн хүрээнийхний нэгэн арга хэмжээний үеэр өмссөн хувцаснаасаа болоод багагүй шүүмжлэлд өртсөн юм. Тодруулбал, Иванка Трамп арга хэмжээний үеэр 5000 долларын үнэ бүхий мөнгөлөг өнгийн, Carolina Herrera даашинз өмсснөө инстаграмм хуудсандаа байршуулсныг харсан ололн нийт Дональд Трамп долоон орны цагаачдыг АНУ руу нэвтрэхийг хориглосонтой холбон шүүмжилж байлаа.  Олон нийтийн сүлжээний хэрэглэгчид Ерөнхийлөгчийн охиныг Иванкагийн өмссөн даашинзны өнгөтэй ижил өнгийн нөмрөг нөмөрсөн дүрвэгсэдтэй харьцуулан ярьж байв.

 


Харин монгол “тэргүүн охин” –ы “жийнсэн өмд”-ний дуулиан сүүлийн хэд хоногт олон нийтийн сүлжээгээр иргэдийг багагүй талцууллаа. Ерөнхийлөгчийн албаа аваад анхны албан ёсны айлчлалаа хойд хөршөөс эхлүүлсэн Х.Баттулгыг Орост онгоцны буудал дээр тосох үед охин нь хоёр орны албаны хүмүүстэй зэрэгцэн цэцэг барин угтахдаа аавдаа үнсүүлэх гэж “дайрсан” нь олныг гайхуулав. Гэхдээ энэ үйлдэл нь аавын хайртай охины шинж гэж олон хүн дүгнэж, “уучилж болохоор үйлдэл” гэсэн бол дипломат ёс, албан хувцаслалтын дэгийг зөрчин жийнсэн өмдтэй зогссон нь шүүмжлэл дагуулсан юм.

 

 


“Юу өмсөх нь хамаагүй” гэж зөрүүд нэгэн нь муйхарласан бол “тэргүүн хатагтайгүй улс ядахнаа тэргүүн охин нь дипломат ёсыг дээдлэдэг баймаар” гэж үзэх иргэдийн тоо олон байна.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

Зочин /202.131.243.14/

2017-09-07 15:51

hamt ywsan bish aawiigaa l tosoj bgam chine yun ch uuntugch ymdee arai tom setgey manaihaan

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.