Ханиадны эмийг тунг нь хэтрүүлэн ууж мансуурагчид хэрээс хэтэрлээ

2017-09-07 14:55

Өвчин зовиур, эмчилгээний аргаас шалтгаалан эс хүссэн ч эмнээс салж чаддаггүй, түүнээсээ болж  антибиотикийн харшилтай болтлоо зовж яваа хүмүүс байхад эрүүл саруул хэрнээ эм бэлдмэлийг ус шиг залгилж, талх шиг идэн байж тунг нь хэтрүүлж хэрэглэснээрээ мансуурдаг донтонгууд олшрох хандлагатай болжээ.


 Хар тамхи хэмээх “цагаан тахал”-д улс орон нэрвэгдэж дууслаа. Хууль хүчний байгууллага энэ асуудлыг хянаж чадахааргүй өргөн хүрээнд тэлж томорсныг удаа дараа мэдэгдсэн.  Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт  бодисын тухай хуулиа чангатгаж, өнгөрөгч хавар, зун хэд хэдэн тусгай ажиллагаа явуулж бүлэг этгээдүүдийг барьснаар асуудал хэсэгтээ намжаад буй. Гэхдээ энэ нь нэг мөр дарагдлаа гэсэн үг огтхон ч биш. Улам л далд хэлбэрт шилжиж, улам л нарийн аргыг сэдэж ямарваа нэг замаар нийлүүлэгч, хэрэглэгчид холбогдсоор байгаа нь тодорхой биз. Харин нийгмийн эмзэг сэдвийн нэг болоод буй хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх тухай ярихаар бидний мэдлэгийн хүрээ өвс /канаббис/, мөс /метамфетамин/, шавар /морок/, extacy зэргээс хэтэрдэггүй. Эдгээр ургамал, химийн нийлэг бэлдмэл хэрэглэгчдийг л мансууруулах бодисын донтон гэж авч үздэг. Гэвч “дахан доогуур үймүүлдэг”, хэнд ч сэжиг ажиг төрүүлэхгүйгээр ханиадны эм уун мансууран донтогчдын цар хүрээ улам өргөжин тэлж буйг харин анхаарч, ажигласан билүү?     

 

 

 

Хамгийн наад захын жишээ бол ханиалга намдаах, халуун буулгах, хоолойны өвчлөлийн эсрэг хэрэг¬лэдэг комикс /komix/ хэмээх гурван төрлийн савлагаа бүхий шингэн сироп эмийг 20 ширхэгээс дээш хэмжээгээр худалдан авч уудаг мансуурлын шинэ хэлбэр дэлгэрээд  хоёр жил гаруйн хугацаа өнгөрчээ. Жил ирэх тусам дээрх эмийг өвчин намдаах, эдгээх  зориулалтаар нь  бус хэт их тунгаар уун, мансуурах зорилгоор хэрэглэгчид улам олширч байгаа аж. Уг эмийг мансууруулах зорилгоор хэрэглэгчдийн тэн хагасыг дунд сургуулийн ахлах ангийн сурагчид, оюутан залуус бүрдүүлж байгаа нь бүр ч эмгэнэлтэй. Комикс эмийг сурагчид, оюутнууд түлхүү хэрэглэх болсон шалтгаан нь эмийн үнэ хямд, нэг уут нь 350 төгрөг буюу 20 ширхэгийг авлаа гэхэд ердөө л 7000 мянган төгрөгөөр мансуурч буй учир тогтсон орлогогүй хүүхэд залуус үнэ ихтэй мөс, өвс мэтийн  хууль хүчний байгууллагын хараа хяналтад байдаг ургамал, бодисыг эрж сурч анхааралд өртөлгүй тэрүүхэн тэндээ санаа амар мансуурцгааж байна.

 

 

Комикс эмийг мансуурах зорилгоор хэрэглэгчид нь голцуу хүүхэд багачууд тул эмийн сөрөг муу нөлөөг нь анзаарах, сэрэмжлэх сөхөөгүйгээр донтон хэрэглэж байна.

 

 

Комикс эмийн найрлагад донтуулах, мансууруулах нөлөөтэй бодис агуулагдаагүй хэдий ч харшлын эсрэг үйлчилгээтэй хлорфенамин, гормоныг дэмждэг бодис болох  декстрометорфан /DXM/  агуулдаг учир хэтрүүлсэн тунгаар хэрэглэхээр жингүйдэх, хүүхэн хараа томрох, элдэв хийсвэр зүйл харж, сонсох үзэгдэл мэдрэгдэж эхэлдэг аж. Мансууруулах үйлчилгээний хугацаа урт үргэлжилдэг, эмийн үйлчилгээ гарсны дараагаар тархиар хатгуулах, ходоод өвдөх, дотор муухай оргих зэрэг шарталтын шинж илэрдэг дээрх эмийг зуршил болгон  ууж хэвшвэл үүнээс илүү хор уршигтай гэнэ. Хэдийгээр эмийн найрлагад парацетамол агуулагдаагүй учир элгэнд муугаар нө¬лөө¬лөхгүй ч, декстрометорфан  гэх гормоны төрлийн эм агуулагддаг учир их хэмжээгээр дасал болгон хэрэглэхээр дархлаа сулардаг, улмаар ходоодны хананд өөрчлөлт орж ходоодны цооролт үүсгэдэг аюултайг мэргэжлийн эм зүйч анхааруулж байв. Үүнээс үүдэн ходоодоо тайруулж авахуулсан тохиолдол ч сүүлийн нэг жилийн хугацаанд 50 гаруй р бүртгэгдсэн бөгөөд, дээрх тохиолдлын 90 гаруй хувийг дунд сургуулийн сурагчид эзэлж байгаа нь бүр ч харамсалтай. Олон улсын хэмжээнд комикс эмийг хориглоогүй, эмчийн жороор авдаггүй учир уг эмийг хэрэглэж мансуурдаг этгээдүүдэд хяналт шалгалт тавих боломж тэр хэрээр бүрэлдэж өгөхгүй байгааг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч К.Елена учирлаж байв.


Энэ бүхний хамгийн том буруутан нь өнөөх л эрүүл мэндийн цогц бодлого. Эмийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт хангалтгүй байгаа, эмийн худалдаа замбараагүй ихэссэн зэрэгтэй шууд хамааралтай. Нийслэлийн эрүүл мэндийн газраас өгсөн мэдээллээр нийслэлд өнөөд¬рийн байдлаар 645 эмийн сан албан ёсны эрхтэйгээр үйл ажиллагаа явуулдаг байна. Үүнээс эмнэлгийн эмийн сан 37, нэгдүгээр зэрэглэлийн 137, хоёрдугаар зэрэглэлийн 471 эмийн сан байдаг аж. Хамгийн гол нь мэргэжлийн эмзүйч эмийн сан бүхэнд ажилладаггүй нь хамгийн том цоорхой болж байна. Түүгээр барахгүй хотын захын жижиг эмийн сангууд бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулахын тулд тэр бүр жор, эмчийн бичиг нэхээд байдаггүйн гайгаар сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл авч хэрэглэгчдийн тоо улам л нэмэгдсээр байна.


Эмийн сангаас мансууруулах зорилгоор авч хэрэглэдэг эм, шахмал ганц комиксоор зогсохгүй. Китамин хэмээх өвчин намдаах зорилгоор хүнд хэрэглэдэг байсан ч сөрөг гаж нөлөө олонтай ажиглагдсан тул хү¬ний хэрэглээнээс хасаж, одоо зөвхөн мал, амьтанд өвчин намдаах, наргоз хийх зорил¬гоор хэрэглэх болсон дээрх бэлдмэлийг мал амьтны эмийн сангаас худалдан авч ман¬суурагчид ч цөөнгүй. Уг эмийг их хэм¬жээгээр хэрэглэхээр хий юм үзэж харах, элдэв гаж үзэгдэл харагдуулдаг сөрөг нөлөөтэй учир хэрэглээний жагсаалтаас гарган мал, амьтанд өвчин намдаах, унтуулж тайвшруулах, булчин сулруулах зорилгоор хэрэглэдэг болсон ч чухам тэр гаж нөлөөг авах зорилгоор хэрэглэдэг болжээ. Өмнө нь хүнд мэс ажилбарын улмаас наркозод орж байсан болон архинд донтох эмгэгтэй байсан хүнд уг эмийг хэрэглэхийг хатуу хориглодог ч төрөөс баримтлах эмийн тухай бодлого зохицуулалт сул учир шийдвэрлэж чадахгүй байсан хэвээр байна.
Түүнчлэн  трамадол буюу өвчин намдаах эмийг мөн мансуурах зорилгоор хэрэглэх тохиолдол ихэсчээ. Уг эм нь хагас синтетик химийн аргаар гарган авсан хар тамхины төрлийн бодис гэнэ. Эл эмийг эмчийн зөвшөөрлийн бичгээр олгодог нэртэй бо¬ловч дурын жижиг эмийн сангаас ороод асуухад ямар ч жор, эмчийн бичиг нэхэлгүй худалдаж буй нь гашуун үнэн. Дээр дурьдсан гурван эмтэй харьцуулахад Трамадолын шартах хам шинж маш их байдаг бөгөөд ясны өвдөлт, булчингийн өвдөлт маш ихээр зовиурлан илэрдэг тул бүр ч уршигтай.

 

Эл нийтлэлээрээ сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг сурталчилан таниулах, ман¬суу¬ран донтогчдыг өгшүүлэх гэсэнгүй. Гагц¬хүү найман нэрийн дэлгүүрээс ду¬тахаар¬¬гүй олширсон зөвшөөрөлтэй, зөвшөө¬рөл¬гүй эмийн сангуудын худалдаа, үйл ажил¬лагаанд хяналт шалгалт сайтар тавих хууль хяналтын тогтолцоотой болох цаг болжээ гэдгийг сануулахыг зорилоо.

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

ЗочинBaatar /119.40.102.12/

2017-09-08 18:40

Busdad mansuurah arga zam buu zaaj og erhem setguulchee.

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.