Василий Шестаков: Путин, Баттулга хоёр барилдвал...

2017-09-08 18:42

ESA: — ОХУ-ын Владивосток хотод зохион байгуулагдсан Дорнодын эдийн засгийн форумын үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад жудо бөхийн төрлөөр халз барилдахыг наргиан байдлаар санал болгожээ.  “Путин жүдогийн хар бүстэй, Монголын тэргүүн ч мөн жүдогийн бүстэй. Өнөөдөр энэ танхимд жүдо бөхийн Олимпийн аварга Яцухиро Ямасито сууж байна. Хоёр ерөнхийлөгчийн жүдо бөхийн барилдааныг Японы холбооны шугмаар зохион байгуулахыг түүнд санал болгож, харин би өөрөө чимээгүйхэн хөндлөнгөөс харч суух юм сан” гэж Шинзо Абэ наргисан байна. Олон улсын самбо бөхийн холбооны тэргүүн Василий Шестаков Японы ерөнхий сайдын энэ наргиаг ихэд үнэлэн, ийм арга хэмжээ зохиовол тулааны урлагийг дэлгэрүүлэхэд дэмжлэг болж мэдэх юм гэжээ. Мөн тэрбээр Russia Today агентлагт хоёр улсын ерөнхийлөгч жүдо биш харин самбо бөхийн дүрмээр барилдвал тэдний хооронд ямар барилдаан болох байсан талаар ярьсныг орчуулан хүргэж байна.

 

 

-Абэгийн саналын талаар та ямар бодолтой байна? Хоёр орны ерөнхийлөгчдийн хооронд халз барилдаан зохион байгуулах боломжтой юу?


- Энэ бол наргиан байсан гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Гэхдээ наргиан бүрт үнэний хувь байдаг. Путин ч тэр Баттулга ч тэр маш хүчтэй бөхчүүд. Мэдээж тэд өөр өөр жингийнх л дээ. Тэд үнэмлэхүй жинд л барилдах боломжтой, харин самбод ийм төрөл байдаггүй. Зарчмын хувьд гэвэл тэд хоёулаа жүдо болон самбо бөх мэднэ, аль ч төрлөөр амжилт үзүүлж чадах хүмүүс.

 

 

- Та яагаад жүдо биш самбо бөхийн төрлийг санал болгож байгаа юм бэ?

 

- Нэгдүгээрт, би өөрийнхөө спортын төрлийг дэмжиж байна. Хоёрдугаарт, самбо бол манай үндэсний спортын төрөл. Самбо бол гардан тулааны төрлүүд дундаас тэргүүлдэг.

 


- Оросууд Путины жүдо бөхийн эрдмийн талаар сайн мэднэ. Харин Монголын Ерөнхийлөгч самбо бөхөд хэр бол?

 

- Монголын Ерөнхийлөгч дэлхийн самбо бөхийн аварга, хошой мөнгөн медальтай хүн. Өндөр зэрэглэлийн тамирчин гэж боддог.

 


- Тэгвэл Путин зэвсэггүйгээр биеэ хамгаалах урлагт  /ESA: самбо- гэдэг нь “самооборона без оружия” буюу “зэвсэггүйгээр биеэ хамгаалах ” гэсэн утгатай үгийн товчлол юм/ хэр мэргэшсэн бэ?

 

- Путин самбогийн спортын мастер, Ленинградын тэмцээний нэг бус удаагийн аварга, ЗХУ-ын аварга шалгаруулах тэмцээнүүдэд шагнал хүртэж байсан. Бид нэг бус удаа барилдаж байсан, тиймээс түүнийг сайн тамирчин, бөх гэж хэлж чадна.

 

 


- Одоо Оросын Ерөнхийлөгчийн бэлтгэл хэр байгаа бол?

 

- Түүний саяхан авахуулсан зургуудыг харсан биз дээ. Тэдгээрээс харахад ерөнхийлөгч бэлтгэл давгүй байгаа нь илт. Чадварыг булаагаад авчихаж болохгүй гэсэн үг байдаг шүү дээ. Мэдээж тэмцээнд орохын тулд өдөрт хоёр удаа бэлтгэл хийх шаардлагатай ч Путины бие бялдрын бэлтгэл үргэлж сайн байдаг.

 

 


- Спортын хоёр өөр төрлийн төлөөлөгчид саяхан халз тулалдаж байсан. Флойд Мейвезер болон Конор Макгрегор нар асар өндөр шагналын төлөө боксын тулаан хийсэн. Тэгвэл Путин болон Баттулга нар юуны төлөө тулалдах байсан бол?

 

- Нөхөрлөлийн төлөө. Манай улс Монгол,Япон болон бусад орнуудтай сайн харилцаатай. Бид дэвжээн дээр өрсөлдөгчид хэдий ч дэвжээнээс гараад найз нөхөд, гэр бүл шиг харилцаатай байж, нэг нэгнээ хүндэтгэдэг.

 

 


-Самбо бөхийг олимпийн төрөлд багтаах асуудал олон жил яригдаж байна. Хоёр орны тэргүүн самбо бөх барилдснаар спортын энэ төрлийг дэлгэрүүлэхэд туслах болов уу?

 

- Энэ төрлийн аливаа ажиллагаа ихээхэн дэмжлэг болох нь ойлгомжтой. Гэхдээ одоо ч самбо бөх их алдартай л даа. Дэлхийн аварга шалгаруулах болон бусад томоохон тэмцээнүүдийг дэлхийн 15 оронд шууд дамжуулдаг. Олимпийн бүхий л төрлүүд ийм хэмжээний алдартай байж чадахгүй шүү.

 

 

- Путин, Баттулга хоёр барилдвал хэн нь ялах бол?

 

- Найрамдал ялна. Төрийн тэргүүнүүдийн барилдаан цэвэр бэлгэдлийн чанартай гэдэг нь ойлгомжтой.  Манай орны болон Монголын Ерөнхийлөгч бэртэл авах нөхцлийг үүсгэхгүй байх ёстой. Тэдний урд улсын чухал зорилтууд байгаа шүү дээ. Өрсөлдөгчөө ялах нь чухал биш, харин төрийн тэргүүн өөрийн үндсэн үүргээ гүйцэтгэх ёстой.

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.