Focus: АНУ Хойд Солонгостой тулалдвал ялагдана

2017-09-11 14:48

ESA: АНУ дахин хориг арга хэмжээ авсан тохиолдолд хэдэн үеэрээ зовох хариу барина гэж БНАСАУ сүрдүүлжээ.


Есдүгээр сарын гуравны өдөр ээлжит цөмийн туршилтаа хийж, дэлхий дахиныг хирдхийлгэсэн Хойд Солонгос энэ удаа дахин аман сүрдүүлэг хийлээ.


Цөмийн болон пуужингийн туршилтууд нь гагцхүү тусгаар тогтнолоо бататгах гэсэн мөн АНУ зэрэг дайсагнагч талуудаас өөрсдийгөө хамгаалах зэвсэг гэж байнга мэдэгддэг Хойд Солонгос, нөгөө талаас Солонгосын хойгийг төдийгүй дэлхийн нийтийг аюул заналд оруулж байгаа улс нь чухамхүү БНАСАУ гэж үздэг АНУ сүүлийн үед нэгнээ сүрдүүлж, олныг цочроосон мэдэгдэл гаргасаар байгаа юм.


Энэ оны наймдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “хэрээс хэтэрч байгаа” Хойд Солонгосыг “үнсэн товрого” болгоно гэж мэдэгдэж байлаа. Хойд Солонгосын “солиорлоос” дэлхий ертөнцийг аврахын тулд хүч хэрэглэнэ, их гал өдөөнө гэж ийнхүү мэдэгдсэн бол АНУ түрүүлж цохилт өгвөл хариуг нь заавал барина гэж Ким Жон Ун мөн л хариу “аман довтолгоо” хийсээр байв.


Тэгвэл энэ удаад цөмийн туршилтынх нь дараа олон улсын зүгээс, тэр дундаа АНУ санаачилан шинээр хориг тавих гэж байгаатай холбогдуулан БНАСАУ-ын ГХЯ мэдэгдэл гаргалаа.
Энэ мэдэгдэлдээ “АНУ хууль бус хоригоо НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр батлуулах гэж оролдвол үүнийхөө төлөөс зохих төлөөсөө төлнө, түүхэндээ харамсаад барахгүй зовлон туулна” гэж онцолжээ.

 

 


ДАЙН БОЛБОЛ...


Ийнхүү хоёр талаар “амаараа байлдаж” байгаад нэг л мэдэхэд жинхэнэ дайн өрнөх вий гэсэн айдас дэлхий даяар бий. АНУ, Хойд Солонгос хоёул цөмийн зэвсэгтэй тул сөргөлдөөн тоглоом биш, бүс нутгийг тэр чигт нь сүйрүүлэх учир аль аль нь нэгнээ сүрдүүлэх байдлаар, түрүүлж алхам хийхээс эмээж байгаа гэж үзэх ажиглагчид ч олон. Тэгвэл дайн болвол хэн нь...?
Хойд Солонгостой дайн, тулаан үүсгэвэл АНУ-ын хувьд энэ нь тун ч эмгэнлтэйгээр төгсөж мэднэ гэж Америкийн Калифорнийн Шинжлэх ухаан судалгааны хүрээлэнгийн шинжээч Питер Хейс үзэж байна.


Вашингтон Пхеньянд түрүүлж цохилт өгвөл энэ нь өргөн цар хүрээтэй дайн болж магадгүй, үүнээс зөвхөн АНУ төдийгүй түүний холбоотнууд ч хохирох гэнэ.

 


ESA: Пуужингийн туршилтуудыг удаа дараа хийснийхээ дараа ус төрөгчийн бөмбөг амжилттай туршсан гэж есдүгээр сарын гуравны өдөр мэдэгдсэн. Энэ бөмбөг нь 1945 онд Японы Нагасаки дээр хаясан атомын бөмбөгөөс тав дахин хүчтэй гэж Өмнөд Солонгос таамаглаж байлаа.

 

 

 


Өнөөдөр буюу есдүгээр сарын 11-ний өдрийн даваа гаригт НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Трампын санаачилгаар хуралдах учиртай. Энэ хурал дээр Хойд Солонгосын эсрэг шинэ хориг, тэр дундаа газрын тосны хориг тавих талаар яригдах юм. Тиймээс л улс оронд нь илүү хүчтэй нөлөө үзүүлж мэдэх энэ шийдвэрийг эсэргүүцсэн Хойд Солонгос дээрх мэдэгдлийг  гаргасан.
Хойд Солонгосын асуудал судладаг  шинжээч Питер Хейсийн үзэж байгаагаар газрын тосны хориг энэ улсад нэг их хохиролд учруулахгүй гэнэ. Пхеньян газрын тосны хэрэгцээгээ маш богино хугацаанд бууруулж чадахын дээр нүүрс зэрэг бусад бүтээгдэхүүнээр орлуулах боломжийг ч олж магадгүй аж.


Хойд Солонгосын арми түлшний нөөцтэй, тиймдээ ч газрын тосны зарцуулалтыг бууруулах боломжтой гэж шинжээч тайлбарлажээ.


Хориг арга хэмжээ авч хэрэгжүүлснээс хойш жилийн дараа л Пхеньян эдийн засгийн дарамтыг мэдэрч эхлэх гэнэ. Гэлээ ч БНАСАУ-ын оршин суугчид хэмнэлтийн хамгийн хатуу горимд ч бэлэн гэдгийг шинжээч онцолж байна.

 


“АНУ түрүүлж цохилт өгвөл дайн дэгдэнэ. Үүний дүнд Хойд төдийгүй Өмнөд Солонгосын ихэнх хэсэг сүйднэ. Гэлээ ч үүгээр бүх зүйл зогсохгүй, Япон Австрали зэрэг улсад асар их хохирол учирна. Энэ хоёр улс хоёулаа АНУ-ын холбоотон. Түүгээр ч зогсохгүй нөхцөл байдал цөмийн зэвсэг хэрэглэх дээрээ тулж болзошгүй бөгөөд Вашингтон энэ дайнд ялж чадахгүй хэмжээнд сөргөлдөөн асар их цар хүрээг хамрана” гэж Питер Хейс өгүүлснийг Focus онцолжээ.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.