Г. Чойжамц: Монголчууд жилд 150 тэрбум төгрөгийн эм хэрэглэж байна

2017-09-12 11:44

ESA: Биед хөнгөн зэргийн зовиур илрэхэд бид ихэнхдээ л хэн нэг эмчээс туслалцаа хүсэхгүйгээр эмийн сангийн хаалга татаад л асуудлаа “шийдчих” гэдэг. Бидний эрүүл мэнд үнэхээр эмийн санд байдаг гэж үү?!


 

Антибиотикийг эмчийн жороор уухын ач холбогдол, бас эмчийн жоргүйгээр уухын хор хөнөөл юунд оршдог вэ. Энэ талаар эм судлаач, анагаах ухааны доктор, профессор Г.Чойжамцтай ярилцлаа.

 

ESA: Бид ихэнхдээ өөрийн дураар эм аваад уучихдаг буруу заншилтай. Мэдээж, энэ буруу гэдгийг ойлгодог ч энэ нь ямар хор уршиг дагуулах вэ гэдэг дээр төдийлөн ойлголтгүй байдаг.  Эмийн зохистой ба зохисгүй хэрэглээ гэж чухам юуг хэлдэг вэ?


- Эмч мэргэжилтний шийдвэрээр эм сонгогдож,  тун хэмжээг тогтоогоод, тухайн эмчийнхээ хяналтад хэрэглэхийг эмийн зохистой хэрэглээ гэж ойлгож болно.Тэгэхээр, сонголт, тугналт, хяналт гэсэн гурван зайлшгүй үе шатнаас эм хэрэглэгээ бүрддэг байх нь.

 

Эмийн хэрэглээг зохистой байна уу гэдгийг үнэлгээний арга буюу  “Зургаан зөвийн зарчим” гэж бий. Тэр нь “Зөв эмийг, зөв цагт, зөв тунгаар зөв зөвлөмж, мэдээлэлтэйгээр, зөв хяналттайгаар хэрэглэнэ” гэсэн зарчим. 


Эсрэгээрээ, өвчтөн өөрөө шийдвэр гаргачихаар, эмийг ямар ч онолын үндэслэлгүйгээр, таамгаар сонгож тугнана. Энэ нь ашигтай үйлчилгээ өгч байна уу, эсвэл  гаж нөлөө үзүүлээд байна уу, хордуулаад байна уу гэдгийг хэн ч хянахгүй. Тэгэхээр, мэргэжлийн бус хүн сонгосон, тун хэмжээг нь онолын үндэстэйгээр тааруулаагүй, эм хэрэглээний үр дүнг хянаагүй л бол тэр нь эмийн зохисгүй хэрэглээ болчихож байгаа юм.


ESA: Монголчууд ер нь хэр их эм хэрэглэдэг хүмүүс вэ. Эм хангамж манай улсад ямар түвшинд байдаг юм бол?


- Уламжлалт анагаахын эмийг оруулаад Монгол Улсын зах зээл дээр өнөөдөр 5000 гаруй нэрийн эм байна. Дэлхийн 40 гаруй орны, 100 гаруй эмийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг бид авч хэрэглэдэг. Манай улсад уламжлалт анагаахын эм үйлдвэрлэдэг арав, европ эмийн 30 гаруй үйлдвэр бий. Гаалиар орж ирсэн эмийн өртгийг тооцож үзэхэд монголчууд жилд 150-иас ч илүү тэрбум төгрөгийн эм хэрэглэж байна. Энэ бол бүрэн биш тоо шүү.


ESA: Эмийн хэрэглээ их байгаа нь өвчлөл их байгааг харуулж байгаа байх. Монголчууд өнөөдөр хамаг мөнгөө эмэнд “тавьж туух” хэмжээнд хүртлээ өвчлөлтэй байгаагийн гол шалтгаан юу юм бол?


- Хүн амыг эрүүл мэндийн боловсролтой болгож ер чадахгүй байна. Нөгөө талаас бид эрүүл байх аргад суралцахгүй, эрүүл мэндийнхээ төлөө санаа тавьж чадахгүй байна. Мэдээж, энэ нь нийгмийн хөгжлийн тодорхой үе шаттай холбоотой. Хүмүүс наад захын хэрэглээ, шаардлагаа бүрэн хангаагүй, нийгмийн хөгжил сул байна. Өлсөх, хоол олдохоор хэтэрхий их идэх, ядартлаа ажиллах, дараа нь хэтэрхий их унтах, биеийн хүчний хөдөлгөөн дасгал хөдөлгөөн хийхгүй байхаас эхлээд эрүүл  зан үйл, дадал заншил монголчуудад алга.


“Ард түмэн муу байна” гэх бас хэцүү л дээ. Өлсч байна, хоногийн хоолоо дийлэхгүй байна, авсан цалин амьжиргаанд нь хүрэхгүй байна. Энэ бүхэн сэтгэл санааны ихээхэн хямрал үүсгэх шалтгаан. Энэ чинь эрүүл мэндэд маш их хортой зүйл.

 

ESA: Ердөө л ийм шалтгаантай гэж үү?


- Мэдээж үгүй. Нөгөө талаас манайх эрс тэс уур амьсгалтай, сэрүүн улирал урттай орон. Үүнээсээ болоод томуу, томуу төст өвчний улирлын чанартай дэгдэлт болдог. Энэ дэгдэлт хүн амын эрүүл мэндэд маш их сөрөг нөлөө үзүүлж байна.


Дэлхийн анагаах ухаан нарны гэрэлийн нөлөөгөөр хүний арьсан дээр “Витамин Д” нийлэгжээд, элгэнд очиж мөн нийлэгжээд гарч ирсэн бүтээгдэхүүн нь хүний дархлааг бэхжүүлдэг юм байна гэдгийг ойлгочихлоо шүү дээ. АНУ-ын Харвардын их сургуулийн “MHI” эрдэм шинжилгээний байгууллагын төлөөллийн байгууллага монголд ажиллаж байгаа. Энэ байгууллагын эрдэмтдийн монголд хийсэн судалгаанд хамруулсан насанд хүрэгчдийн 70 орчим хувь нь “Витамин Д”-гийн дутмагшилтай гарсан. Төдий хэмжээний дархлаа султай, халдварт өрдөх эрсдэлтэй  хүмүүс  байна гэсэн үг.

 

ESA: Яагаад. Бид уг нь нарлаг монгол оронд амьдарч байгаа шүү дээ?

 

- Монголд жилийн 7-8 сард нь сэрүүхэн байдаг. Нимгэн хувцаслах, нүцгэн биеэ наранд шарах хугацаа хэтэрхий богино. Ихэнхидээ битүү хувцасладаг учраас бид байгалиас “Витамин Д”-г авч чадахгүй байгаа юм.


Өвчлөл яагаад их байгаа тухай сэдэв рүүгээ эргээд ороход, хот суурин газрын агаарын бохирдол их байна. Агаар бохирдохоор янз бүрийн харшлын болон амьсгалын замын өвчнүүд үүснэ. Хүрээлэн буй орчин бохирдоод эхлэхээр хүний бие махбод дахь эрүүл байхад зайлшгүй хэрэгцээтэй нянгийн бүрдэл алдагдана.


Насанд хүрсэн хүний гэдсэнд 1,5-2 кг ашигтай нян байдаг. Тэдгээр бактери бидний идсэн хоолыг боловсруулж, хэрэглэсэн эмийг бодисын солилцоонд оруулан эцсийн бүтээгдэхүүн болгож байж цусанд шимэгдүүлж өгдөг. Маш олон төрлийн бодисыг тэдгээр нянгууд нийлэгжүүлж өгдөг. Тэгээд бидний биед ашигтай нянгийн хомсдолд суурилсан өвчлөх эрсдэл гардаг. Энэ мэт олон шалтгаанаас болж өвчлөл их байна.


ESA: Ингээд л өвдсөн олонхи хүн эрүүл мэндийг эмийн сангаас олж авах гэж эндүүрээд байх шиг?


- Манайд нийгмийн эрүүл мэндийн бодлого муу, хөгжил сул байна. Тиймээс өвчлөл их байгаа юм. Өвчлөл их байгаа болохоор эм хэрэглэгээ  өндөр байна. Өвчний зовиур илрэнгүүт дур мэдэн эм худалдаж авч хэрэглээд хурц үеийг нь түр илааршуулж дутуу эмчилгээ хийж орхиод байдаг. “Даралт ихсээд байна, даралтны эм байна уу” л гэхээс биш, “Миний даралт юунаас болоод ихсээд байна” гэдгийг ер авч хэлэлцэхгүй байна.


Өнөөдөр айл болгон гэртээ эмийн сантай, эмийн нөөцтэй байна. Тэгээд л таамгаар эм хэрэглэдэг. Үүний цаана нөгөө л эмийн зохисгүй хэрэглэгээ бий. Айл болгонд л “Тетрациклиний мазь” гээд хэдэн жил ч болсон юм бүү мэд, юм болохоор л түрхэж байдаг нэг тийм тос байдаг. Тэр нь үйлчилж байгаа ч юм уу, үгүй юу, бүү мэд.

 

 

 

“Ибупрофен”, “Диклофенак”, “Парацетамол” ходоодонд шархлаа үүсгэдэг

 

 

 

 

ESA: Одоо бол айл болгоны эмийн санд “Ибупрофен”, “Диклофенак”, “Парацетамол” гэх мэт өвчин намдаах эмүүд байдаг болсон байна. Ер нь хүн болгонд тохирдог эм гэж байдаг юм уу?


- Өвчин намдаах, халуун бууруулах гэх мэт үйлчилгээтэй тодорхой бүлэг эм сонгомолоор тийм үйлчилгээтэй байдаг. Сонгомолоор халуун бууруулж, сонгомолоор өвдөлтийг намдаах үйлчилгээтэй. Гэхдээ таны асуугаад байгаа энэ эмүүд бүгд ходоод шархлуулдаг шүү дээ. Туршин шинжилгээнд энэ эмүүдийг л амьтанд хэрэглэж ходоодны шархлаа үүсгэж, дараа нь тэр шархлаагаа эдгээдэг байж магадгүй бодисоо туршдаг юм шүү дээ.


Үе мөч нь өвддөг хүн өвдөхөөрөө нэг өвчин намдаагч эм  уучихаад л өвдөхгүй болохоор нь хаячихаад яваад байхад нэг л өдөр ходоод шархлаатай болно. Тэр нь микробоор үүсгэгддэг шархлаа биш. Эмээр үүсгэгдсэн шархлаа байх нь. Ходоодны шархлаа бол хавдрын урьдал, урвадаг, хувилдаг өвчин.

 

ESA: Антибиотик хэрэглэхэд хүний биеийн ашигтай бактерууд давхар устаж байдаг гэж сонсч байсан?

 

- Үүнийг дисбактериоз гэж нэрлэдэг. Хүний гэдсэнд  5 тэрбум буюу 1,5-2 кг нян бий. Бидний идсэн хоолыг боловсруулдаг, бидний эрүүл байгаагийн нэг том шалтгаан нь эдгээр нян юм.

Нэг жишээ татъя. Зарим хүн уургийн дутагдалд орчихсон байдаг. “Уураглаг хоол хүнс идэж байгаа юу?” гэхээр “Тийм” гэдэг.


Уураг чинь уураг хэлбэрээрээ цусанд ордоггүй юм. Гэдсэнд байгаа микробуудын нөлөөгөөр аминхүчил болтлоо задраад цаашаа шимэгдэж байгаа. Тэрхүү амин хүчил эргэж нийлэгжиж байж уураг болно. Тэр уураг нийлэгжүүлэх процесс нь элгэндээ явагдахгүй, эсвэл нэгэнт нийлэгжчихсэн уургаа шээсээрээ ихэнхийг нь гаргаад байгаа юм. Нян ийм л хэрэгтэй зүйл. Тэгэхээр удаан хугацаанд антибиотик эмчилгээ хийлгэсний дараа  эм хэлбэрээр гаргаж авсан ашигтай нянгуудыг эмчийн зааврын дагуу хэрэглэх нь бий.

 

 

 

Хүн төрөлхтөн 2050 онд халдварт өвчинг эмчилж чадахгүй болох нь

 

 


ESA: Дэлхий нийтээр антибиотикийг зохистой хэрэглэхийг шаардаж, уриалж, энэ талаар олон зөвлөмжийн баримт бичиг гарч байна. Үүний цаана мэдээж эмийн даслын аюулаас зайлсхийх гэсэн гол шалтгаан бий байх?


- Хүн төрөлхтөн антибиотикийг, 1942 оноос эхэлж хэрэглэсэн. Түүнээс өмнө антибиотикийн хэрэглээ гэж зүйл дэлхийд байгаагүй. 1928 онд Английн эрдэмтэн Флеминг анх антибиотик Пенциллинийг нээсэн ч тэрнийг уудаг, тарьдаг эм болгох технологийн асуудлыг 1942 он хүртэл шийдэж чадаагүй байсан юм.


Антибиотикийг нээж эмчилгээнд хэрэглэхээсээ өмнө нян, микробоор үүссэн өвчнийг эмчлэх гэж хүн төрөлхтөн маш их зовж байсан. Антибиотикийг гаргаж авсан түүх, үүнийг эмчилгээнд хэрэглэсэн явдал бол халдварт өвчний эмчилгээний асуудлыг шийдсэн, анагаахын хөгжлийг хэдэн зуун жилээр урагш татсан том үйл явдал байсан юм шүү дээ.


1942 оноос хойш өнөөдрийг хүртэлх энэ 70 шахам жилийн хугацаанд антибиотикийн бүтэцтэй 3000 орчим бодисыг нээсэн. Түүнээс яг хүний эмнэлгийн практикт эм болгож чадсан нь 100 гаруйхан бодис. Энэ 100 орчим эмийн 60 орчмыг нь эмчилгээнд дахин хэрэглэхгүй болгоод, буцаагаад хасчихсан. Огт үйлдвэрлэхээ больчихсон гэсэн үг. Яагаад гэхээр, эдгээр 60 орчим эм нянд огт үйлчлэхээ больчихсон. Нян тэр антибиотикт үхэхээ больчихсон. Үүнийг антибиотекийн дасал гээд байгаа юм.


Пенциллин гэдэг эмийг уучихлаа гэж бодъё Пенциллиний химийн бүтэц орж ирэхэд нян тэрэнд нь үхнэ. Гэтэл ууж байсан эмээ тасалчихлаа гэж бодъё. Тэгмэгц нянгийн генетикт “Нэг тийм бетталактомын кольцотой бодис ороод ирэх юм бол тэрийг устгах ёстой шүү” гэдэг мэдээлэл явсаар, нянгийн 2,3,4 дэх үе дээрээ тэрхүү бетталактомын кольцог хайлуулж задалдаг ферментийг өөрөөсөө ялгаруулаад эхэлчихдэг. Ингээд л дасал үүсчихэж байгаа юм. Нян антибиотект дасах өөр олон механизм бас бий.


ESA: Тэгвэл 1942 онд хүний анагаахын салбарын хөгжлийг 100 жилээр урагшлуулсан энэ нээлт эргээд мөхөж байна гэж ойлгож болох уу?


- Хүн төрөлхтний өмнө маш том аюул тулж ирээд байна. 1942 онд хүний анагаахын салбарынхан халдварт өвчнийг эмчилдэг боллоо гээд бөөн баяр болж байсан бол ирэх 2050 онд эргээд огт антибиотикгүй болж болзошгүй болж байна. Буцаад 1940  оных шиг болох гэж байгаа юм. Тэр үед  ямар ч халдварт өвчнийг эмчилж чаддаггүй, халуурах нь халуураад, идээлэх нь идээлээд л байж байсан.


Тэмбүү гэж өвчин бий. Бактераар үүсгэгддэг. Тэмбүүг эмчлэх гэж “Сульма” нэртэй мөнгөн усны хүн алах хортой бэлдмэл хэрэглэж байсан. Сульмагаар тэмбүүг эмчлэх гэж оролдож байхад түүнийг хэрэглэсэн бүх хүн элэгний өвчнөөр нас барсан байдаг.


Сүрьеэгээр өвдсөн хүнийг эмчлэх гээд чадахгүй болохоор “Формалин” хэмээх ариутгалын бодис уулгаж байсан. Маш хортой бодис. Тэр үед “Формалин” уусан бүх хүн элэгний хурц дутагдалд орж нас барж байсан. Энэ мэтээр хүн төрөлхтөн антибиотикийг нээх гэж маш их гашуун, өрөвдөлтэй түүхийг туулсан.
Арай гэж гаргаж авсан шинжлэх ухааныхаа энэ гайхамшигтай үр дүнг одоо эргүүлээд устгах гэж байна. Анагаах ухаан антибиотикгүй болчихвол ямар ч халдварт өвчнийг эмчилж чадахаа болино л гэсэн үг.

 

 


ESA: 2050 онд халдварт өвчин үүсгэгч нянг дарах антибиотикийн хөгжлийн эрин үе дууслаа гэж ойлгож болох уу?

 

- Тийм. Шинжлэх ухааны хөгжлийн түвшин болон одоогийн антибиотик гаргаж авдаг технологи 1950 оноос хойш үүнээс илүү түвшинд гарч ирэх төлөв байхгүй. Энэ бол дэлхийн хэмжээний том эрдэмтэн судлаачдын хэлээд байгаа зүйл.


Тухайлбал, сүрьеэг эмчилэхэд хэрэглэдэг ердөө 20 гаруй эм байдгийн арав орчим нь антибиотик .Үүний ихэнхид нь сүрьеэгийн үүсгэгч “микобактер” гэдэг нян тэсвэржчихсэн. Тэгэхээрээ олон эмийн дасалтай сүрьеэ болчихдог. Түүнчлэн бүх эмэнд мэдрэг биш сүрьеэ гэж байна. Түүнийг Маш олон эмийн дасалтай сүрьеэ гэнэ. Ийм сүрьеэтэй хүнд ямар ч эмчилгээ хийхгүй орхихоос  аргагүй.

 


ESA: Бүх эмэнд дасал болсон сүрьеэтэй хүн хэр удаан амьдрах боломжтой вэ?


- Хамгийн ихдээ арван жил насална. Өвчтөн найман настай балчир байсан ч, наян настай өвгөн байсан ч ялгаагүй хамгийн удаандаа арван жилийн дараа үхнэ гэсэн үг. Энэ хугацаанд хэчнээн  ч хүнд сүрьеэгээ халдааж болно. Тэр хүнээс халдвар авсан бүх хүн маш олон эмийн дасалтай сүрьеэгийн халдварыг яг тэр чигээр нь авна.
Одоо монголд жилд 4000 орчим шинэ сүрьеэ оношлогдож байна. Өөрөөр хэлбэл, монголд сүрьеэгийн дэгдэлт болж байна.

 

 

Монгол Улс антибиотекийн даслыг гадаадаас импортолж байна

 

 

ESA:  Өвчнийг ямар антибиотикоор эмчлүүлэхийг зөвхөн эмчийн өгсөн зөвлөгөөнд найдаад  шийдэж болно гэж үү?


- Нэгдүгээрт, заавал эмчид үзүүлж, болж өгвөл бактерлогийн шинжилгээ хийлгэж байж эмээ сонгомоор байгаа юм. Хоёрдугаарт, антибиотикийг яг эмчийн заавраар хэрэглэх ёстой. Антибиотикийг “Идэвхитэй, эрчимтэй, гүйцэд хэрэглэнэ” гэсэн зарчимтай юм шүү дээ.


“Идэвхитэй” гэдэг нь яг эмчийн хэлсэн тунгаар, “Эрчимтэй” гэдэг нь ерөөсөө таслахгүй бай, “Гүйцэд” гэдэг нь эдгэртэл нь хэрэглэ гэсэн үг. Хэрэв антибиотик хэрэглэсэн л бол яг эмчийн бичиж өгсөн жорын дагуу хэрэглэхээс өөр арга байхгүй, заавал. Арав хоног уугаарай л гэсэн бол арав хоног л уухаас арга байхгүй. Тодорхой нэг өвчин үүсгэж байгаа нянг бүрэн устгаад л эмчилгээгээ зогсоох учиртай.


Цусны даралт ихсэх эсвэл титмийн цус тасалдах гэх мэт зарим өвчний хувьд угаас архаг явцтай, удаан хугацааны эмчилгээ шаарддаг болхоор үргэжлүүлэн олон жилээр эм хэрэглэх болдог.


ESA: Уг нь энэ зарчмыг л ягштал мөрдчихвөл антибиотикийн даслаас ангид байх бүрэн боломжтой байх нь?  

 

- Харамсалтай нь, хувь хүний хариуцлагаас шалтгаалахгүйгээр антибиотикийн дасал үүсгэж байгаа зүйл ч байна. Юу вэ гэхээр, гадаад харилцааны хөгжил, хүн амын хил дамнасан урсгал, эдийн засгийн нээлттэй харилцаа зэрэг нь антибиотикт дассан нянг импортлох маш том нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Нэг жишээ хэлье, ванкомицин гэж эм байна. 2003 онд л монголд анх орж ирсэн. Үүнээс зургаан сарын дараа зүгээр л тохиолдлоор манай нэг эрдэмтэн судлаач антибиоикийн даслыг судлаад үзтэл “ судалгаанд хамрагдагчдын ванкомициний дасал 60 хувьтай” гээд гарчихаж.

 

                                     

Тэгэхээр нь миний бие энэ эмийг аль компани оруулж ирснийг судалж үзлээ. Тэднийг олж очоод, “Манайхан ванкомицинийг хэр их хэмжээгээр борлуулаад, хэр өргөн хэрэглэчихэв?” гэтэл “Ганцхан удаа авчирсан ч борлуулалт сайн хийж чадаагүй. Манайхан нэг их хэрэглэж заншаагүй юм болов уу даа” гэдэг байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, манайд ванкомицинд тэсвэржсэн нян эмнээсээ түрүүлээд ороод ирчихэж байна шүү дээ. Дэлхий ийм л болчихоод байна.

Антибиотикт нян дасахад нөлөөлж буй өөр олон хүчин зүйл бий. Манайхан малдаа антибиотик багагүй хэрэглэдэг. Малчид маань өвчилсөн малдаа нэг хоёрхон удаа, системгүйгээр тарилга хийгээд хаячихаж байна. Тэр нь тухайн малд байгаа нянг антибиотикт дасгах маш идэвхитэй процесс. Дараа нь тэрхүү нян хүнд махаар, ер нь юугаар ч халдах боломжтой гэсэн үг.

Үүнээс гадна дэлхийн нэлээн хэдэн оронд антибиотикоор тогтворжуулсан хүнсний зүйлийг хэрэглэхийг хориглочихлоо. Хил, гаалиар ч оруулахаа больчихсон. Үүний цаад утга нь, антибиотикийн дасалтай л тэмцэх гээд байгаа юм. Манайд бол тийм хууль, шалгадаг систем байхгүй.


Монголчууд Бээжингээс баахан хүнсний ногоо худалдаж аваад галт тэргэнд ачуулж байна. Тэр нь хамгийн хурдандаа долоо хоног болж ирнэ. Энэ хугацаанд ялзрах ёстой. Гэтэл лангуун дээр ямар шинэхэнээрээ байдаг билээ. Яаж авчирсан бэ гэхээр, антибиотик цацчихаж байгаа юм. Ерөөсөө муудахгүй, нян үржихгүй гэсэн үг. Энэ бол антибиотикийн дасал үүсгэх маш том хүчин зүйл.

 

ESA: Антибиотикийн дасалын асуудлын цаана зөвхөн эмч, өвчтөн хоёр байгаа гэж ярихад учир дутагдалтай юм байна аа?

 

- Хууль байх ёстой, түүнийг хэрэгжүүлдэг тогтолцоо нь байх ёстой. Үүнийг Төрд хүргэх ёстой. Дөрөвхөн жил болоод солигдчихдог сайд дарга нар үүнийг мэдэхгүй, хараагүй явж байж магадгүй шүү дээ. Шаардаад байж байвал нэг Засгийн газар дээр шийддэггүй юм гэхэд дараагийн Засгийн газар дээр шийдэх ч юм бил үү.

 


ESA: Ямар зохицуулалт нэн түрүүнд шаардлагатай вэ?


- Хамгийн гол нь эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан эмчилгээний маш сайн удирдамж гаргах хэрэгтэй. Томуу, томуу төст өвчний халдвар дээр эмчилгээ хэрхэн хийх юм. Цусан хатгалгаа, ходоодны шархлааг хэрхэн эмчлэх юм гэх мэт удирдамж. Тэрхүү удирдамжийг дэлхийн жишгийг харж тогтмол шинэчилдэг байх хэрэгтэй.

 


ESA: Манайд тийм удирдамж байдаггүй хэрэг үү?


- Аль 2005 онд гарсан Клиникийн удирдамжтай л байгаа шүү дээ, Монгол Улс. Тэр нь “Зонхилон тохиолдох өвчин эмгэг, оношлогоо, эмчилгээний удирдамж” гэдэг ном бий. 2005 онд энэ удирдамжийг гаргахад манай улс 1500 нэрийн эмтэй байсан. Одоо 5000 гаруй нэрийн эмтэй болчихсон.
Монгол Улсын эмийн зах зээл дээр одоо байгаа 2000 гаруй эм нь энэ ном дотор огт бичигдээгүй байгаа. 2005 онд Монголд бүртгэгдээгүй байсан юм чинь яаж бичих билээ. Энэ номд бичигдсэн маш олон эм одоо эмийн зах зээлд байхгүй болчихсон. Өөр, орчин үеийн эмүүд нь ороод ирчихсэн.  


ESA: Тэгэхээр эмч, эмнэлгийн ажилтнууд шинээр орж ирсэн антибиотикийг  ямар ч удирдамжгүйгээр хэрэглэж байгаа юм байна шүү дээ. Ийм чухал удирдамжийг шинэчлэхгүй өдий хүрсний шалтгаан юу вэ?

 

- Энэ удирдамжийг шинэчилдэг тогтолцоо байх хэрэгтэй. Энэ бол нэг сайд гарч ирээд хэдэн хүн цуглуулж байгаад өөрчилчихдөг зүйл биш л дээ.


Жишээлбэл, дэлхийн анагаах ухаанд өнөөдөр цусны даралт ихсэх өвчнийг “GNC-8” гэдэг удирдамжаар эмчилж байна. Манайх болохоор “GNC-7”-гоор нэг удирдамж гаргачихаад тэрийгээ бариад л явж байх жишээтэй.  


Дэлхий нийтээр хэрэглэдэг, нийтлэг, өндөр түвшиний удирдамжийг орчуулж хэрэглэх ёстой. Монголд тийм тогтолцоо нь ер байхгүй. Миний бие энэ талаар өмнөх сайд болон, дэд сайдад хэлж байсан. “Энэ удирдамж хуучирсан, үүнийг өөрчлүүлээч” гэж. “Ёстой чухал юм хэлж байна, эргэж харна аа” л гэсэн. Тэгээд өөрчилсөнгүй.


Сүүлийн үед сайд нар хоёр жил болоод л солигдчихдог, ажилтайгаа танилцаж амжаагүй байтал огцорчихдог болохоор энэ сэдвийг бариад авчихсан сайд Т.Гандигаас хойш одоогоор гарч ирээгүй л байна.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

Зочин javka Javzan /59.153.115.71/

2017-09-16 22:26

Bagsh maani orchin vein emin xereglee tvvni ner torol parmakologin vilchilgee, antibiotik emin vvcer garal dacal gd zondoo ix medeelelg ogloo bagshdaa ajiln amjilt, ervvl enxg xvcei

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.