С.Үүрцайх: Н.Учралын ярьсан 76 тойрогт сургууль, цэцэрлэг барих концессын гэрээ хэрэгжих боломжгүй

2017-09-12 12:56

ESA: Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор Улсын төсвийн концессоор нийслэлд 72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барихаар шийдвэрлэсэн байдаг. Энэхүү бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих төслийг хэрэгжүүлэгчээр “Рич голден буллс эдукэшн” ХХК шалгаран ажиллаж байгаа ч дээд шатны байгуулагуудын шийдвэр гаргалт удаашралтай байгаагаас энэ төсөл царцанги байдалд ороод байгаа билээ. Тиймээс бид “Рич голден буллс эдукэшн” ХХК-ийн Ерөнхий захирал С.Үүрцайхтай уулзаж үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцлаа.

 

 


ESA: Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газрыг огцруулах гурван үндэслэлийн хамгийн том шалтгаан нь концессын гэрээний асуудал байлаа.  Үүнээс үүдэж концессын гэрээ гэдэг сайд дарга нарын дээгүүрээ хувааж иддэг төсөл гэсэн ойлголт энгийн иргэдэд төрчихлөө. Гэтэл аль эрт Шинэчлэлийн Засгийн газрын үед гэрээ нь баталгаажсан 72 сургууль, цэцэрлэгийн цогцолбор тэргүүтэй, ард иргэдийн амьдралд тустай олон концессын гэрээ энэ ойлголтыг дагаад харлахад хүрч байна гэж харагдах юм?

 

- Анх 72 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих концессын гэрээг хамтарсан Засгийн газрын үед 2015 онд байгуулж байсан юм. Тухайн үед Ерөнхий сайд нь Япон Улсад ажлын айлчлалтай байж таараад тэр үеийн Шадар сайд У.Хүрэлсүх энэ төслийг эхлүүлэх шийдвэр гаргаж байсан түүхтэй л дээ. Үүний дараахан энэ асуудал улстөржөөд, Ардчилсан намын нэр нөлөө бүхий эрх мэдэлтнүүд уг төслийг царцаасан тал бий. Ер нь манай нийгэмд тогтсон нэг бурангуй жишиг бол ямар нэг нөлөөтэй улстөрч “гар дүрэхгүй” л бол тухайн төсөл зогсдог жамтай болчихож. Энэ л жишгээр тийм хүндрэлтэй нөхцөл байдалтай энэ төсөл нүүр тулгарсан ч давж гарч чадсан юм. Иймэрхүү байдалтай явсаар сонгууль дамнаж, Засгийн газар ч солигдож Ж.Эрдэнэбатын Засгийн газар 72 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажлыг дэмжиж манай компанитай Эвлэрэлийн гэрээ байгуулсан. Улсын дээд шүүх дээр ч концессын гэрээ эзэмших асуудлаар тогтоол гарч манай компанийн эрхийг эргэн сэргээсэн. Ингэснээр асуудал нэлээд цэгцрээд ажил урагшлах тал руугаа яваад эхэлж байтал Засгийн газрын хэрэгжүүлэх агентлагийн дарга нар тэргүүтэй дунд шатны албан тушаалтнуудын явцуу эрх ашиг хөндөгдөж эхэлснээр уг төсөл маань маш урт хугацаагаар сунжрах болсоор өдийг хүрлээ. Үүнээс болж манай төслийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан компаниудын ажил самгардаж хэдэн он дамнасан юм болоод байна. Уг нь Дээд шүүхийн энэ оны нэгдүгээр сард гарсан тогтоол, шийдвэрээр бол өнгөрсөн есдүгээр сарын 1-нд эхний цогцолборуудаа ашиглалтад өгөх ёстой байсан.

 

 


ESA: Засгийн газраас яг ямар учиртай тогтоол шийдвэрийг хүлээгээд байгаа юм бэ. Улсын Дээд шүүх бас ямар шийдвэр гаргасан юм бэ?

 

- Засгийн газраас концессын гэрээ эзэмших эрх олгосон тогтоол байдаг юм. Манай компанид олгосон эх тогтоолыг Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед хүчингүй болгочихсон юм. Шийдлийн Засгийн газрын үед гаргасан дээрх шийдвэрийг Улсын Дээд шүүх нэгдүгээр сард хэлэлцээд хууль зөрчсөнд тооцож манай компанийн концессын гэрээ эзэмших эрхийг сэргээсэн. Тийм болохоор одоо бидэнд Улсын Дээд шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу концессын гэрээ эзэмших эрх олгосон тогтоолыг эргэн сэргээсэн албан бичиг хэрэгтэй байна. Уг нь Ж.Эрдэнэбатын Засгийн газартай бид Эвлэрлийн гэрээ байгуулчихсан байсан юм. Гэтэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудаас холбогдох шийдвэр тушаалыг гаргаж чадалгүй явсаар дахин нэг шинэ засгийн нүүр үзэхээр болчихлоо. Засгийн газраас албан ёсны тогтоол шийдвэр гаргаагүй учраас хөрөнгө оруулагч тал мөнгө шийдэж өгөхгүй хүлээлгийн байдалд гацчихаад байна.

 

 

ESA: Монгол Улсад Концессын тухай хууль гэж тусдаа бие даасан хууль батлагдсан санагдах юм. Концессын тухай хууль хүчин төгөлдөр хэрэгжиж чадаж байгаа юу?

 

- Концессын тухай хуулийн зүйл заалт битгий хэл, Улсын Дээд шүүхээс аль нэгдүгээр сард гаргасан тогтоол хэрэгжихгүй өдийг хүрч байна шүү дээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Засгийн газарт хоёр ч удаа албан бичиг хүргүүлсэн ч тухайн албан бичгийн хэрэгжилт өнөөг хүртэл биелсэнгүй. Ингээд л харахаар Улсын Дээд шүүхээс тодорхой болчихсон тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа юм чинь Концессын тухай хууль дотор нуугдсан нарийн зүйл, заалтыг хэрэгжүүлнэ гэдэг үлгэр биз дээ.

 

 


ESA: Сая Засгийн газар огцорсон асуудлаас үүдэж иргэд концессын гэрээний тухай буруу ойлголттой болчихоод байх шиг байна. Ер нь манай концессын гэрээний ажил ямар зарчмаар явагддаг юм бэ?


- Төр, хувийн хэвшлийн түншлэл буюу гурван “Р.Р.Р” гэсэн зарчмын дагуу Концессын гэрээ эзэмшиж байгаа компани өөрөөсөө болон хөрөнгө оруулагчаас хөрөнгө гарган ажлаа гүйцэтгээд төрд хүлээлгэж өгсний дараагаар сүүлд нь эргэж гаргасан хөрөнгөө нөхөж авдаг зарчимтай.

 

 

 

ESA: Одоо 72 сургууль, цэцэрлэгийн концессын төсөл дахиад л нэг шинэ Засгийн газрын нүүр үзэхээр болж байна. Шинээр байгуулах Засгийн газраас та бүхэн ямар хүлээлттэй байна?

 

 - Саяхан болж өнгөрсөн УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааныг харж байхад санал хэлсэн гишүүдСургууль, цэцэрлэг барьсангүй” гэдэг шүүмжийг огцорсон Засгийн газрын гишүүдэд хэлж байна лээ.  Боловсролын сайд асан Ж.Батсуурь энэ төслийн ажлыг дэмжээд өгсөн бол түрүүлж огцрохгүй байх боломжтой байсан. Тиймээс одоо шинээр байгуулагдах Засгийн газар нэн тэргүүнд сургууль, цэцэрлэг барих ажлыг эхлүүлэх болов уу гэсэн горьдлогыг тээж байна. Улс төрчид үнэхээр л ард иргэдийнхээ төлөө ажилладаг юм бол хувийн эрх ашиг, компани бизнесийн эрх ашгаа хойш тавиад эхлээд боловсрол руу анхаараасай гэж хүсч байна.

 

 

ESA: Хоёр сарын өмнөх мэдээллээр энэ төслийн хүрээнд 30 сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга угсралтын ажил 5-70 хувийн гүйцэтгэлтэй яваа гэж байсан. Ажлын гүйцэтгэлийн хувь үүнээс цааш нэмэгдсэн үү?

 

- Энэ төслийн ажлыг Нийслэлийн Засаг дарга болоод түүний багийн гишүүд маш их дэмжин оролцож буйг зориуд дурьдмаар байна. Нийслэлийн удирдлагын хүчин чармайлтын үр дүнд эхний 30 цогцолборыг барих газрыг бидэнд хүлээлгэж өгсөн. Үүний үр шимээр Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол дүүрэгт эхлүүлсэн сургууль, цэцэрлэгийн цогцолборууддаа өөрсдөөсөө хөрөнгө гаргаад барилга угсралтын ажлыг эхлүүлээд одоогоор ажил 70 хувьтай явж байгаа. Үүнээс цааш яваад дээрх барилгын ажлуудыг бүрэн дуусгаж, дараагийн цогцолборуудын ажил руу орох гэхээр хөрөнгийн эх үүсвэргүй болчихоод байна. Шалтгаан нь өнөөх л Засгийн газрын тогтоол, шийдвэргүйгээс болоод хүлээлгийн горимд шилжээд байна.  Шуудхан хэлэхэд Монголд ямар ч том компани байсан 20-30 сая долларын хөрөнгийг өөрөөсөө гаргаад ажил эхлүүлэх боломжгүй шүү дээ.  Ингээд харахаар гаднаас хөрөнгө оруулалт авах гэж байгаа бол компанийн хөрөнгийн баталгаанаас гадна  Засгийн газрын тогтоол шийдвэр бүхий албан бичиг зайлшгүй хэрэгтэй болдог юм. Энэ л зарчмаа ном журмынх нь дагуу мөрдөөд явбал засаг, концесс эзэмшигч, хөрөнгө оруулагч гэсэн гурван тал аль, алинд нь тустай.

 

 


ESA: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 он хүртэлх бүрэн эрхийн хугацааны мөрийн хөтөлбөрт  сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт 70 хувь байсныг 85 хувьд хүргэх, гурван ээлжээр хичээллэж буй 33 ЕБС-ийг хоёр ээлжинд шилжүүлэх амлалт тусгагдсан. Гэтэл танай төслийн ажил зогсчихоор Хотын даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ч дагаад гацчихаад байна гэж ойлгож болох уу? 

 

- ОУВС-гаас манай Засгийн газарт тавьсан зарим шаардлагаас болоод зогссон ажлууд бий. Харин 72 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил бол аль 2015 онд хийсэн гэрээтэй учир ОУВС-гийн тавьж буй нөхцөл, шаардлагад хамаагүй ажил байгаа юм. Гэтэл тодорхой бус шалтгааны улмаас төслийн ажил түр хүлээлгийн байдалд шилжсэнээр манай компани болон манайхтай хамтран ажиллагч байгуулагууд алдагдал хүлээгээд зогсохгүй Нийслэлийн удирдлага ч иргэдэд амласан ёсоор мөрийн хөтөлбөрт тусгасан ажлаа үргэлжлүүлэхэд саад болчихоод байна даа.

 

 

ESA: Нийтэд хүрсэн мэдээллээр уг төслийн ажлууд нийслэлийн найман дүүрэгт бүгдэд нь баригдана гэсэн байсан. Тэгвэл гацаанд орчихоод байгаа төслийг цааш явуулахын тулд нийслэлийн тойргуудаас сонгогдсон гишүүдэд энэ асуудлыг танилцуулж нааштайгаар нөлөөлүүлэх тал дээр хүсэлт тавьж үзсэн үү?


- Зарим гишүүнд албан бичиг хүргүүлж үзсэн. Гишүүд бол “Дэмжинэ ээ” л гэдэг юм. Гэхдээ эцсийн шийдвэр гаргах нь УИХ биш Засгийн газар шүү дээ.

 

 

ESA: Хэрэв 72 сургууль, цэцэрлэгийн цогцолборыг бүрэн гүйцэд барьчихвал Улаанбаатар хотын замын түгжрэлийн ачаалал ч 30 хувиар багасах тухай та өмнө нь ярьж байсан. Энэ тооцоог ямар  судалгаан дээр үндэслэж гаргасан бэ?

 

- Улаанбаатар хотын авто замын түгжрэл ажлын өдрүүдийн өглөөд, орой хичээл сургууль тарах үеэр улам ихэсдэг гэдгийг бид мэднэ. Гол шалтгаан нь эцэг, эхчүүд том хүүхдээ сургуульд нь хүргэж өгч аваад, дараа нь бага хүүхдийнхээ цэцэрлэг рүү очдогт байгаа юм. Сургууль, цэцэрлэг нь нэг дороо байрладаг цогцолбортой болчихвол замын түгжрэлийн асуудал 30 хувиар хөнгөрөх тооцоо судалгааг бид хийж байсан нь үнэн. Гэхдээ одоо энэ төсөл хэрэгжсэнээр замын түгжрэлийг буруулна энэ тэр гэж ярихаа түр больё. Гол нь хүүхдүүд сургууль, цэцэрлэгтэй болох л хэрэгтэй байна шүү дээ.

 

 


ESA: Энэ төсөл ном журмынхаа дагуу хэрэгжээд эхлэхээр танай туслан гүйцэтгэгчээр хэдэн компани ажиллах вэ. Түүнийгээ дагаад хэдэн хүийг ажлын байраар хангах боломжтой вэ?  


-Манай компани энэ концессын гэрээг эзэмшсэн цагаасаа хойш нэг л зарчмыг баримталсан. Тэр нь гадаадын нэг ч компанийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулахгүй гэсэн болзол. Хамтран ажиллах компани нь монгол, бүх ажилчид нь монгол хүмүүс байлгахыг бид зорьсон. Баримталж ирсэн энэ байр сууринаасаа болоод туслан гүйцэтгэгчээр гадны компанийг шургуулах гэсэн холбогдох дарга нарын хавчлага шахалттай тулгарч ч байсан удаа бий. Одоо ч бидний баримталж буй зарчим хэвээрээ. Монгол компани, монгол хүмүүс ажиллах ёстой гэдэг байр суурин дээр бид хатуу зогсож байгаа. Одоогийн байдлаар төслийн туслан гүйцэтгэгчээр 20 компани хамтран ажиллаж, нэг компани ойролцоогоор 60 ажилтантай байна гэхээр дор хаяж цаана нь 1200 өрхийн тогтмол цалин орлогын асуудал хөндөгдөж байна гэсэн үг л дээ.   

 

 

ESA: Хөрөнгө оруулагч талаас нэхээд буй концессын гэрээ эзэмших эрхийг эргэн сэргээсэн албан бичиг шийдэгдчихвэл 72 сургууль, цэцэрлэгийн цогцолбор хамгийн цаад талдаа хэдэн онд ашиглалтад орох вэ?


-2018 ондоо багтааж бүрэн дуусна. Одоо 30 цогцолборын ажил 70 хувьтай явж байгаа шүү дээ.

 

 

ESA: Сүүлд болж өндөрлөсөн УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал ганц компани 72 сургууль цэцэрлэгийн концесс эзэмшээд таг зогсоочихоод байна гэж ярьсан.  Н.Учрал гишүүн 72 сургууль, цэцэрлэгийн цогцолборын төслөөс илүү гишүүдийн тойрог бүрт барих 76 сургуулийн төсөл илүү үр дүнтэй гэсэн өөр нэг гаргалгааг дэвшүүлсэн. Тэр ажил хэрэгжих боломжтой юу?

 

- Н.Учрал гишүүн тийм юм ярьж байна лээ. 72 сургууль, цэцэрлэгийн цогцолборын гүйцэтгэлийн ажил манайхаас биш Засгийн газрын шийдвэрээс болоод удаад байгааг хариуцлагатай мэдэгдье. Харин Н.Учрал гишүүний ярьсан 76 тойрогт тус бүр нэг сургууль, цэцэрлэг барих концессын гэрээ хэрэгжих боломжгүй. Энэ бол популизм. Яагаад гэвэл ОУВС 2016-2020 он хүртэлх УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд нэг ч концессын гэрээ батлахыг хориглосон.

 

 

 


 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.