Яруу найрагч Д.Гансаруул: Сэтгүүлч хүн нэг мэдээ биччихээд л, араас нь нэг шүлэг угсруулж бичнэ гэж байхгүй шүү дээ

2017-09-15 15:51

Сэтгүүлч, яруу найрагч Д.Гансаруулын “ЦООХОР МАЙЛЗЫН ТҮҮХ”  триллер, акмейст, детектив шүлгийн номын нээлт 9 сарын 15-ны баасан гаригт “Аз хур" номын их дэлгүүрт  боллоо. Энэ ном яруу найрагчийн дөрөв дэх бие даасан яруу найргийн түүвэр бөгөөд өмнө нь “Зүрхний нандин эмзэг уяа чамдаа” /2007 он/, “Саранд гандсан хөшиг” /2009 он/,  “Сарны тосгон” /2014 он/ номуудыг тус тус хэвлүүлж байжээ.


“ЦООХОР МАЙЛЗЫН ТҮҮХ” хэмээх дөрөв дэх яруу найргийн түүврээ уншигч олныхоо мэлмийн өмнө дэлгэн тавьж буй яруу найрагч Д.Гансаруулд баяр хүргэхийн ялдамд цөөн хором ярилцлаа.

 


ESA: “ЦООХОР МАЙЛЗЫН ТҮҮХ” хэмээх шинэ номоо триллер, детектив шүлгийн түүвэр гэж тодотгожээ. Триллер, детектив жанрын өгүүллэг, киног өмнө нь уншиж, үзэж  байснаас триллер шүлэг гэж огт сонсож байгаагүй юм байна. Энэ нь маш их сонирхол татлаа?

 

- Би ер нь их богинохон хэмжээтэй шүлгүүд бичдэг. Энэ номонд багтсан шүлгүүд бол өмнө хэвлэсэн гурван номонд хэвлэгдээгүй, утга агуулгын хувьд зохицхооргүй шүлгүүд байсан л даа. Өмнөх гурван номын маань редакторууд ч  цус нөжтэй, аллага хүчирхийлэлтэй, сүнс сүүдэртэй, сэтгэцийн өвчтөн гол дүртэй шүлгүүдийг маань ялгачихаад байдаг байсан.   Тиймээс иймэрхүү утга агуулга бүхий шүлгүүдээ цааш нь хураагаад л яваад байлаа. Тэгээд хожим нь хураасан шүлгүүдээ эмхлээд нэг хартал нэг утга агуулгад зангилагдах бүхэл бүтэн нэг шүлгийн түүвэр бэлэн болчихсон байсныг анзаараад ном болгон  хэвлүүлсэн нь өнөөдөр уншигч олны оюуны мэлмийд хүрч байна.

 

 

 

ESA:  Та Монголын томоохонд тооцогдох өдөр тутмын сонины, тэр дундаа улс төрийн албаны сэтгүүлч хүн. Гэтэл бас болоогүй триллер, детектив чиглэлээр шүлэг уран бүтээл туурвидаг. Таны ажил мэргэжил, хувийн уран бүтээл хоёр сүлэлдэн нийцэх боломжгүй мэт харагдах юм?

 

- Энэ бүхний балансыг тааруулах үнэхээр хэцүү л дээ. Өдөр тутмын шуугисан амьдралын их хэмнэлд мөнхийн хөдөлгүүр шиг тасралтгүй үргэлжлэх сонины их ажлаас өндийж, дотоодоо сэрж мэдэрч шүлэг бүтээл туурвина гэдэг нээрээ ч санаанд огт багтахгүй мэт. Гэхдээ амьдралын ийм буулганд удаан явахаар уран бүтээлч хүн тэсгэл алдарч энэ уяа гинжнээс түр ч атугай чөлөөлөгдөхийг хүсдэг. Тиймээс л арга буюу үүр шөнөөр өөртөө цаг зарцуулж өнөөх л хоёр давхрын дээврийн өрөөндөө, өнөөх л гунигийн мухартаа тухлан, дуртай хөгжмөө сонсон тайвшран сууж байхдаа л сэтгэлд бугшаад байсан тэр бүхнээ шүлэг болгон гаргадаг даа. Тэрнээс биш нэг мэдээ биччихээд л, араас нь нэг шүлэг бичээд суугаад байна гэж байхгүй шүү дээ.

 

 

 

ESA: Монголчууд  амны билэггүй, ашдын дэмбэрэлгүй зүйл ярьж, бичихийг цээрлэдэг ард түмэн. Энэ бүхнийг үл харгалзан хэн бүхний зайлсхийдэг сэдвээр шүлэг бүтээл туурвиж, өөрийн мэдэлгүй тухайн сэдэвтээ автчихсан явтал ойр дотны хэн нэгэн өвдөж зовох, хүнд хэцүү зовлон тохиолдоход уран бүтээлч хүн өөрөөсөө буруу хайдаг юм шиг ээ? Дээрхи сорилтыг хэрхэн давав?

 

- Яг үнэн. Хэдхэн сарын өмнө хайрт аав маань бурханы оронд одож миний амьдралд нөхөж баршгүй гарз тохиолдсон юм.Тиймээс  би энэ номоо огт хэвлэхгүй гэж бодож байсан үе бий. Гэтэл одоогоос гурван сарын өмнө энэ номынхоо эхийг аавыгаа амьд сэрүүн байхад үзүүлж “иймэрхүү ном хэвлэвэл яах вэ” гэж асууж байснаа санасан. Тэр үед аав минь маш их дэмжиж, урам хайрласан учраас хэвлэн нийтлэх нь зөв юм гэж шийдсэн дээ. Энэ явдлаас хойш ёр билэг гэх зүйлд илүү ихээр итгэдэг болсон учраас энэ сэдвээс аль болох зайлсхийхийг оролдож байгаа. Гэлээ ч гэсэн онгод, сэрэл мэдрэмж маань энэ талын зүйлсийг соргогоор мэдэрдэг учраас өөрөөсөө урваж чадахгүй л явна.

 

 

ESA: Ярилцлагынхаа төгсгөлд манай уншигчдад шинэ уран бүтээсээ сонирхуулаач гэж хүсэх байна?

 

- Хана их гоё
Хадаасаар хамаагүй зурж болдог
Гэхдээ баллуурдаж болдоггүй болохоор
Болгоомжтой зурах хэрэгтэй
Хайртай хүнээ үхүүлж ч зурж болдог
Хааяа бас амилуулаад ярилцаж ч болно
Нарыг зураад гараа ээн дулаацаж болно
Сарыг ч бас зураад
Тогоон дээр нь цай чанаж болно.
Хана их гоё
Харин заримдаа эмч нар
Бүгдийг нь хар будгаар будчихдаг
Битгий ингэ гээд
Хоёр гарыг минь хүлчихдэг юм
Сэтгэцийн энэ эмнэлгээс гарвал
Түүнийхээ байшингийн дээврийг
Сар, оддоор дүүргэж өгнө өө.


/“ЦООХОР МАЙЛЗЫН ТҮҮХ” 69-р нүүр/

 

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.