Игорь Бычков: Бидэнд дутуу хагас боловсруулсан баримт бичиг санал болгож байна

2017-09-18 14:57

ESA: Монгол улсын эрчим хүчний хэрэгцээг хангахад томоохон үүрэг гүйцэтгэх усан цахилгаан станцуудын төслийн хувь заяаг олон жил яригдсаны дүнд Орос Монголын хамтарсан ажлын хэсэг шийдвэрлэхээр болсон талаар бид өмнө нь мэдээллэж байсан. Эрдэмтэн, шинжээчид, албаны хүмүүсээс бүрдэх энэ ажлын хэсгийн анхны хуралдаан наймдугаар сарын 24-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдана гэж төлөвлөж байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас хойшилж байлаа. Мөн Оросын эрдэмтэд бэлэн болсон материал тулган, түүн дээр санал солилцох нь учир дутагдалтай гэж үзсээр байгаа. Ийм саналыг ч Оросын ШУА-ын академич Игорь Бычков илэрхийлжээ. “Тайга инфо”-д өгсөн түүний ярилцлагыг орчуулан хүргэж байна.

                                                                                                                    

 


- Игорь Вячеславович, ЮНЕСКО-ийн дэлхийн өвийн хороо энэ зун Орос болон Монгол улсад хандан усны эрчим хүч болон усны нөөцуийг зохицуулах аливаа төслүүддээ хил дамнасан стратегийн экологийн үнэлгээг явуулахыг дахин санал болгосон. “Хил хязгааргүй гол мөрөн” эвслийн экологчид энэ төрлийн үнэлгээ ямар байж болох талаараа ч хэдийнэ саналаа илэрхийлсэн. Монголын УЦС-ын асуудал дээр ийм үнэлгээ хийх боломжтой юу?

 


- Стратегийн экологийн үнэлгээ хийх боломжтой мөн хийх шаардлагатай гэдэг нь бодит зүйл. Гэхдээ Монголын УЦС-уудын төсөл Байгал нуурт учруулж болзошгүй нөлөөллийн уялдаа холбоотой үнэлгээг гаргаж өгч чадахуйц стратегийн экологийн үнэлгээ хийх шаардлагатай гэдгийг бид ОХУ-ын Байгалийн нөөц болон экологийн яаманд ятгасан ч хараахан амжилт олсонгүй. Одоон Эрхүүгийн шинжлэх ухааны төв хийгээд дуусгаж байгаа, Сэлэнгэ мөрний ай савын Оросын хэсэгт төслүүд нөлөөлөх үнэлгээг хийх эрдэм шинжилгээ судалгааны ажлын хоёр дахь хэсгийг дуусгаагүй байж дахиад зардал гарган төсвийн мөнгийг дэмий үрэх вий гэж болгоомжилж байна.


Монгол дахь МИНИС хөтөлбөрийн баг Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Шүрэн болон Орхоны станцуудыг багтаасан, Сэлэнгэ мөрний ай сав дахь УЦС-уудын төслийн бүс нутгийн экологийн үнэлгээг явуулах техникийн засварласан даалгаврыг бэлтгэж байгаа. Эдгээр техникийн даалгаврын урьдчилсан хувилбаруудыг өнгөрсөн хавар Буриад болон Эрхүү мужид болсон олон нийтийн сонсголын үеэр монголчууд танилцуулж, оршин суугчид болон шинжээчид санал, шүүмжээ хэлсэн юм.  Одоо энэ сарын сүүл гэхэд эдгээр санал шүүмжийг тусгасан шинэ хувилбарыг бидэнд танилцуулна гэж амласан байгаа. Харамсалтай нь үүнийг боловсруулахад оролцох саналыг хэн ч бидэнд тавиагүй, мөн энэ сарын сүүл гэхэд техникийн даалгавар гарна гэсэн албан мэдээлэл ч бидэнд алга.

 

 


- Энэ бүс нутгийн үнэлгээ нь ЮНЕСКО болон экологчдийн санал болгоод байгаа стратегийн экологийн үнэлгээний хувилбар болж чадах уу?

 

- Саяхан Байгалын бүс нутгийн зөвлөгөөн болсон. Энэ үеэр би ноён Шапхаев /Байгал нуурын асуудал эрхэлсэн Буриадын бүс нутгийн хэлстийн тэргүүн Сергей Шапхаев/ Симонов (Евгений Симонов — Хил хязгааргүй гол мөрөн эвслийн олон улсын зохицуулагч) нартай уулзсан юм. Одоогоор стратегийн экологийн үнэлгээ хийхээр хэн ч төлөвлөөгүй байгаа ч дээр өгүүлсэн бүс нутгийн үнэлгээний техникийн даалгаврыг Монгол болон Оросын шинжээчдийн хамтарсан бүлэг олон улсын шинжээчдийг татан оролцуулж, боловсруулах нь чухал гэж бид үзэж байгаа.  Энд дуулгахад, хоёр орны шинжээчдийн хамтарсан хэсэг байгуулахаар өнгөрсөн оны 12 дугаар сард болсон Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хурлаас шийдвэрлэсэн ч одоо хэр нь бид нэг дор цуглаж ажлаа эхлээгүй л байна.

 


Гол нь бид хамтдаа хэлэлцэх ёстой ямар нэг баримт бичиг алга байна л даа. Аливаа санал, шүүмжийг хэлэхийн тулд хувилбар хэрэгтэй.  Өнгөрсөн хавар, МИНИС төслийнхөн сонсгол зохион байгуулахдаа Бүс нутгийн экологийн үнэлгээний техникийн даалгаврын урьдчилсан хувилбаруудыг танилцуулсан.

 


Мөн Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын өнгөрсөн хуралдаанаар бид баримт бичиг дээр эхлээд хамтран ажиллахын тулд хамтарсан ажлыг хэсэг байгуулах санал тавьсан. Ингэж хамтран ажилласнаар дараа нь өөр хоорондоо байнга зөвшилцөх шаардлагагүй төсөл гаргаж авах давуу талтай. Энэ саналыг тухайн үед хоёр тал хоёул дэмжсэн. Экологчид болон Байгалын бүс нутгийн төрийн байгууллагууд ойрын үед Дэлхийн банк болон МИНИС-д зохих ёсоор хандах байх.  Бид ийм санал тавих бүрэн эрхтэй гэж бодож байна. Тэр дундаа 10 дугаар сарын 2-3-нд Улаанбаатарт ажлын хэсгийн анхны уулзалт хийхээр төлөвлөж байгаа  үед ийм санал гаргах нь чухал.

 

 

- Ажлын хэсгийн хурал товлогдчихсон уу?

 

- Саяхан Монголын улс төрд ээлжит донсолгоон болсон. Ерөнхий сайд нь огцорч, засгийн газар нь солигдлоо. Ийм тохиолдолд Монголд аливаа ажил, хэлэлцээр долоо хоногоор биш хэдэн сараар гацдаг.  Энэ улсад ийм онцлог байдаг юм, удирдлагууд солигдоно, зөвхөн сайд нар төдийгүй орлогч, мэргэжилтэн гэх мэт бүгд л солигддог. Ажлын хэсгийн хуралд Оросын талаас 34 хүн орохоор төлөвлөгдсөн. Үүнд төрөл бүрийн түвшний албан тушаалтнууд багтаж байгаа юм. Монголын талаас ч мөн 34 хүн оролцоно, мөн л төрийн албаныхан багтах ёстой. Тиймээс бид 10 дугаар сарын эхээр төр захиргааны байгууллагуудын төлөөлөгчид оролцдоггүй юм гэхэд эрдэм  шинжилгээний ажилтнууд оролцсон бага бүрэлдэхүүнтэйгээр цаашид судлах хэлэлцэх материалуудаа бэлдэхийн тулд хуралдах шаардлагатай байгаа юм.

 

 

- Энэ сарын сүүлээр МИНИС төслийнхөн бүс нутгийн экологийн үнэлгээ явуулах техникийн даалгаврын шинэ хувилбарыг танилцуулвал та бүхэн энэ хувилбарыг авч хэлэлцэх үү?

 

- Тийм ээ. Гэхдээ үнэнийг хэлэхэд, хоёр талын ашиг сонирхлыг тооцоолсон баримт бичиг гаргахын оронд бидэнд бэлэн болсон хувилбар гэж танилцуулсан баримт бичиг нь дутуу хагас боловсруулагдсан байгааг үргэлж харж байгаа нь надад таалагдахгүй байна. Зөвшилцөх, ойлголцох тал дээр цаг их авна. Санал шүүмжийг тусгана, дараа нь дахиад зөвшилцөнө гээд л. Энэ бүхэн тааламжтай эд биш. Харин хамтарсан ажлын хэсэг байгуулсан л бол анхнаасаа л зөвшилцөөд баримт бичиг бэлдэх нь илүү зохистой.

 

 

 

- Хил дамнасан стратегийн экологийн үнэлгээ тэгэхээр одоохондоо алс хэтийн төлөвлөгөө болж таарч байна уу?

 

- Байгальд хил хязгаар гэж үгүй. Бид өөрсдөө л хил тогтоож, нэг талаас үйлчилдэг ч нөгөө талдаа огтхон ч чухал биш  хууль журам бодож олцгоосон.  Стратегийн экологийн үнэлгээ бол нутаг дэвсгэр эсвэл объектыг хамарч байдаг. Бид Сэлэнгэ эсвэл Байгал нууранд энэ төрлийн үнэлгээ хийхээр боллоо гэхэд аргазүйн хувьд ямар ч хязгаар байхгүй гэж бодож байна.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.