МИНИС: Шүрэнгийн УЦС-ын төсөл цуцлагдаагүй

2017-09-29 16:40

ESA: УЦС –ын барих эсэх асуудал шийдвэрлэгдээгүй.


Монгол улсын эрчим хүчний хэрэглээний зохих хувийг хангах, ус нөөцлөх, зөв зохистой хуваарилах үүднээс хэрэгжүүлэхээр Шүрэнгийн голын УЦС болон Орхон голын усан сангийн төсөл цуцлагдсан, Монгол улс УЦС барихааргүй боллоо гэсэн мэдээлэл сүүлийн үед Оросын хэвлэлээр гарсан.
Энэ мэдээлэл олон нийтийн сүлжээгээр  ч мөн хурдацтай тархаж, МИНИС төслөөс зарлагдсан худалдан авах ажиллагаа цуцлагдсан нь УЦС-ын төсөл нэг мөр зогсоолоо гэсэн яриа газар авч байна.
Үнэхээр Шүрэнгийн УЦС-ын төсөл зогссон эсэх талаар МИНИС төслийн Худалдан авах ажиллагааны  мэргэжилтэн Г. Байгалиас тодрууллаа.

 

 


ESA:  МИНИС төслөөс цуцлагдсан тендерүүдийн талаар мэдээлэл өгнө үү. Цуцлагдах болсон шалтгаан?

 

- Дэлхийн банкны хамгааллын бодлогын дагуу төлөвлөж буй “Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах" болон "Шүрэнгийн усан цахилгаан станц"-ын төслүүдийн БОННҮ-ний ажлын даалгаврын төслийг эдгээр төслийн нөлөөлөлд өртөж болзошгүй бүс нутгийн ард иргэд бусад сонирхогч талуудын дунд 2017 оны 3-р сараас 7-р сарын хооронд ОХУ болон Монгол улсад олон нийтээр хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлгүүдийн үр дүнд дээрх хоёр төслийн Бүс нутгийн байгаль орчны үнэлгээг (БНБОҮ) Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээнээс (БОННҮ) салгаж БНБОҮ-ний судалгааны ажлыг эхэлж хийхээр шийдвэрлэсэн. Энэхүү судалгааны ажлын үр дүнд үндэслэн дээрх төслүүдийн Техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) болон БОННҮ-г хийх шийдвэрийг тухайн үед Засгийн газраас гаргахаар Төслийн удирдах хорооноос шийдвэрлэсэн тул өмнө зарласан тендерүүдийг цуцалсан. Гэсэн  ч БНБОҮ-ний сонгон шалгаруулалтыг эхлүүлэхээр ажлын даалгаврыг эцэслэн боловсруулж байна.

 

 

ESA:  Энэ тендерүүд цуцлагдснаар Шүрэнгийн УЦС  баригдахгүй болсон гэж яригдаж бна. Энэ үнэн үү?

 

-    Ташаа мэдээлэл. Судалгааны ажлын шат дарааллыг өөрчилсөн болохоос биш барина, барихгүй гэсэн шийдвэр гаргаагүй. Эхний шатны судалгааны ажлын үр дүн чухал.

 

 

 

ESA: Энд дуулгахад, МИНИС төсөл есдүгээр сарын 19-ний өдөр “Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах” төслийн бүс нутгийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээ (БНБОНҮ) болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ (БОННҮ) хийх зөвлөх компанийг сонгон шалгаруулах “,  “Шүрэнгийн усан цахилгаан станц” төслийн бүс нутгийн байгаль орчны үнэлгээ (БНБОҮ) болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ (БОННҮ) хийх зөвлөх компанийг сонгон шалгаруулах , Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах” төслийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах компанийг сонгон шалгаруулах, “Шүрэнгийн усан цахилгаан станц” төслийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах компанийг сонгон шалгаруулах” гэсэн дөрвөн төрлийн худалдан авах ажиллагааг цуцласан юм. Харин ийнхүү худалдан авах ажиллагаа цуцлагдсныг Оросын хэвлэлүүдээр “бүх тендер цуцлагдсан”, “Монгол улс УЦС барихгүй”, “Экологичид ялж, Монгол улс УЦС-аас татгалзлаа” гэх зэргээр мэдээллэсэн юм.


 Эргэн сануулахад, манай улс эрчим хүчний асуудлаа шийдвэрлэхийн тулд Сэлэнгэ мөрний ай савд Шүрэнгийн УЦС байгуулах хувилбарыг судалж байгаа ч энэ нь Байгал нуурын экосистемд хортой гэж үзсэн Оросын талын хүчтэй эсэргүүцэлтэй тулаад буй. Тиймдээ ч төрийн тэргүүний болон засгийн газрын түвшний уулзалтуудаар ОХУ Монгол улсыг өөр боломжит хувилбар сонгохыг удаа дараа санал болгож байгаа нэрээр “шахсаар” байгаа юм.  Олон жил яригдсан ч хөрсөн дээр буугаагүй энэ төслийн олон нийтийн хэлэлцүүлэг ОХУ болон Монгол улсад болж, иргэдийн санаа бодлыг тусгасан бол одоо хоёр орны эрдэмтдийн багийн хамтарсан судалгааны дүнг хүлээж байна

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.