СТА У.Цэцэгмаа: Багш хүн ээж шиг, эгч шиг, найз шиг байх ёстой

2017-10-03 14:25



ESA-- 1937 онд байгуулсан "Уран сайхны сургууль" 1957 оноос Хөгжим  бүжгийн Дунд Сургууль болж өргөжснөөр хөгжмийн бүхий л төрлөөр мэргэжлийн сургалт явуулах боломжтой болсон юм. Өдгөө 80 жилийнхээ ойтой золгож буй Хөгжим бүжгийн коллежийнхон  түүхт ойнхоо босгон дээр албан ёсоор Хөгжмийн их сургууль буюу Консерватори болсон. Монголын урлагийн үе үеийн төлөөллийг төрүүлэн гаргасан түүхэн сургуулийн ахмад багш, Монголын анхны мэргэжлийн төгөлдөр хуурчдын нэг,  СТА У.Цэцэгмаатай  ярилцлаа.


        ESA-- Таны Хөгжим бүжгийн  коллежтой амьдралаа холбосон түүхээс хоёулаа яриагаа эхлүүлэе?


        - Миний бүхий л амьдрал, ажил үйлс энэ сургуультай холбоотой. 1957 онд Хөгжим бүжгийн дунд сургууль анх сонгодог хөгжим, бүжгийн ангидаа элсэлт авахад мэргэжлийн төгөлдөр хуурын ангид 16 хүүхэд элсэж орсны нэг нь би. Тухайн үед Зөвлөлтийн мэргэжилтэн багш нар ирж бидэнд төгөлдөр хуурын “А” үсгийг зааж, гарыг маань төгөлдөр хуурын товчлууртай анх танилцуулсан.
Уралын хөгжмийн дээд сургуулийг мэргэжлийн төгөлдөр хуурчаар төгссөн Монголын хамгийн анхны төгсөгчдийн нэг. Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Зундуйн  Хангал, хөгжим судлаач Р.Энхбазар , урлагийн гавъяат зүтгэлтэн В.Баавгай, концертмейстер Л.Халиунсүрэн  гээд нэртэй төртэй олон сайхан хөгжмийн зохиолч, уран бүтээлчидтэй хамт сурч төгссөн. Уралын хөгжмийн дээд сургуулийг 1974 онд төгсөж ирээд л сургуульдаа багшилсан.


ESA-- Төрөлх сургуулийнхаа ойд зориулж хүндэтгэлийн тоглолт хийх гэж байна. Тоглолтынхоо талаар мэдээлэл өгнө үү?


         - Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим бүжгийн коллеж /ХБК/-ийн 80 жилийн ой энэ онд тохиож буй. Түүхт ойн босгон дээр сургууль маань Хөгжмийн их сургууль буюу Консерватори боллоо. Ой угтсан олон төлийн ажил хийгдэж байна. Миний хувьд Хөгжим бүжгийн коллежийн анхны төгсөгчдийн нэг, сургуульдаа 45 жил багшилсан ахмад багшийн хувьд  түүхт ойн бэлэг болгож  “Хос эгшиглэн” гэсэн хүндэтгэлийн тоглолтоо өнөөдөр  хийж байна. Тоглолтод миний удирдаж төгсөгсөн үе үеийн төгсөгчид, одоо суралцаж байгаа шавь нар, манай тэнхимийн багш нар оролцож төрөлх сургуулийнхаа ойд  бэлэг барина.


        ESA--Энэ хугацаанд хэчнээн шавьтай болсон бэ. Гарын шавь нараас тань нэр алдарт хүрсэн олон хүн байгаа байх?


        - Маш олон шавь бий. Яг тодорхой тоо одоо хэлж чадахгүй нь. Анхны шавь нар гэвэл, мэргэжлийн төгөлдөр хуурын багшаар ажиллаж байхдаа төгсгөсөн удирдаач Б.Лхагвасүрэн, төгөлдөр хуурч Н.Гэрэлчулуун, Баянмонгол чуулгын удирдаач Д.Отгонбаатар нар байна.
Би 2000 оныг хүртэл Ардын хөгжмийн тэнхимд багшилсан. Ардын хөгжмийн тэнхимд  ёочины багш Г.Дашдавааг ,хуучирын багш С.Цэвэлмаа гээд алтан үеийн багш нартай хамтарч ажиллаж байлаа. Энэ хугацаанд ятгачидтай голчлон ажилласан. Шавь нараас маань нэр төртэй яваа олон  хүүхэд байна. Азийн ятгын хатан хаан Ч.Мөнх-Эрдэнэ , н.Алтантуяа, н.Билэгдэмбэрэл гээд  олон улсад нэр алдраа дуурсгасан шавь нар бий.


        ESA--Таныг бас концертмейстерийн тэнхимийг анх санаачилж ,байгуулсан гэж байсан. Энэ  тухайгаа дурсвал?


        -1980-аад оны эхээр Концертмейстрийн нэгдлийг  анх санаачилж байгуулж байсан юм. Үлээвэр хөгжим, ардын хөгжим,утсан хөгжим, дуулаачийн тэнхим гээд төрөл төрөлөөрөө тус, тусдаа нэгдэл байдаг.Тухайн үед концертмейстрүүд цөөн, хаана ч харьяалагддаггүй байсан. Тиймээс нэгдсэн нэг удирдлагад орж, эрх ашгаа хамгаалах үүднээс анх   Концертмейстрийн нэгдлийг байгуулж байсан.


        ESA-- Концертмейстерийг хүмүүс төгөлдөр хуурчидтай андуурах тохиолдол байдаг. Концертмейстер гэж  хэн бэ?


       - Хүмүүс гэлтгүй урлагийн тогоонд хамт байгаа уран бүтээлчид маань ч концертмейстер гэж чухам хэн бэ гэдгийг төдийлөн сайн ялгаж, салгаж ойлгохгүй байх нь бий. Концертмейстерийг зөвхөн төгөлдөр хуур дараад сууж байдаг хүн  гэж өнгөцхөн харж болохгүй. Тухайн уран бүтээлчийг боловсорч, хөгжихөд,  концертмейстерийн хөдөлмөр , зүтгэл маш их. Уран бүтээлчийн амжилт, ололт, алдаа оноо  концертмейсертэй салшгүй холбоотой. Тэгэхээр нэг ёсондоо концертмейстер гэдэг уран бүтээлчийн багш ч, хамтрагч ч болж байдаг.


        ESA--40 гаруй жил хөгжминйн сургуульд багшиллаа. Шавь нартайгаа харилцах өөрийн гэсэн  арга барил гэж бий байх. Ер нь хөгжмийн сургуулийн суралцагчидын онцлог бас байдаг болов уу?


        -Тэгэлгүй яахав. Мэргэжлийн хөгжмийн сургуульд сурч байгаа хүүхдүүд энгийн сургуульд сурч байгаа хүүхдүүдтэй харьцуулахад илүү ачаалалтай байдаг. Хөгжмөө маш олон цагаар давтана. Холоос, хөдөө орон нутгаас ирж суралцдаг хүүхдүүд ч цөөнгүй бий. Сэтгэлзүйн хувьд баярлаж, гомдох нь амархан. Ер нь сэтгэл хөдлөл ихтэй. Тэр бүрт багш хүн ээж шиг нь, эгч шиг нь, найз шиг нь байж аргадаж, халамжилж, аашлахдаа аашилж байж ойлголцоно шүү дээ.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.