Байр суурь: Үндсэн хуулийн өөрчлөлт шүүгчдийг улс төрөөс хараат болгох нь

2017-10-18 14:39

     

        ESA: "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал: Монгол Улсын жишээ” олон улсын хурал өнөөдөр “Blue sky” зочид буудлын хурлын танхимд боллоо. Энэ хурлаар Үндсэн хуульд тусгасан хүний эрхийн асуудал, хуулийн хэрэгжилт болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар хуульч, эрдэмтэд санал солилцсон юм.


           Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөлд  “Улсын дээд шүүхийн шүүгчийг УИХ дэмжсэнээр Ерөнхийлөгч томилно” гэсэн заалтыг тусгасан нь шүүгчдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгараад байна. Энэ талаар хуралд оролцогчийн байр суурийг хүргэе.

 

М.Батсуурь: Улс төрийн нам, эрх мэдэлтнийг дагадаг хүнийг

шүүгчээр томилох ёсгүй

 

 

 

 

         Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь: Одоо байгаа зохицуулалтаар Улсын дээд шүүхийн шүүгчийг УИХ-д танилцуулснаар Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөр энэ заалтыг дордуулчихсан. Шүүгчид мэргэжлийн ур чадвараа хөгжүүлснээр албан тушаал ахиж, дээшилж байх ёстой. Гэтэл улс төрийн нам, эрх мэдэлтэй улс төрчийг дагадаг хүнийг шүүгчээр томилох ёсгүй. Тэгэхээр Үндсэн хуульд тусгах гээд байгаа өөрчлөлтөөр шүүгчид улс төрийн хараат байх эрсдэлийг бий болгож байгаа юм. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг УИХ, Засгийн газраас томилох тухай заалт шинээр орж ирж буй нь  анхан болон давж заалдах шатны шүүхэд эрх баригчид өөрийн хүнийг томилдог эрх зүйн орчныг бүрдүүлэх гээд байна.   

 

        ESA: Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дундаас шүүмжлэлд ихээр өртөж буй заалт нь УИХ сонгуулийн тогтолцоог батлах тухай өөрчлөлт. Одоо мөрдөж буй Үндсэн хуульд “Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно” гэж заасан байдаг. Харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр “сонгуулийн” араас “тогтолцоо” гэж нэмэхээр тусгасан. Энэ өөрчлөлтөд улс төрийн намууд болон олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа.

 

Д.Гончигдорж: Сонгууль зохион байгуулах тоглоомын дүрмээ

Үндсэн хуульд уяж өгөх хэрэгтэй

 

 

        УИХ-ын гишүүн асан, Шинжлэх ухааны доктор Д.Гончигдорж, “2016 оны сонгуулийн өмнөхөн манай нам Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь алдаа болсон. Улс төрийн хүчнүүд өнөөдөр ямар тогтолцоогоор сонгууль явуулбал манай нам илүү суудал авах бол гэсэн зорилгоор хуулийг өөрчилж байна. Энэ нь Үндсэн хуульд сонгуулийг зохион байгуулах суурь зарчмаа оруулаагүйтэй холбоотой юм. Одоо Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах гэж байгаа бол хамгийн түрүүнд сонгууль зохион байгуулах тоглоомын дүрмээ Үндсэн хуульдаа уяж өгөх хэрэгтэй. Хэрэв сонгуулийн тогтолцоогоо хувиршгүй байдлаар хуульд тусгаж чадах юм бол сонгууль эрх чөлөөтэй, шударга, мөнгөний бус сонгууль болно” гэв.

 

        Эргэн сануулахад,  УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, орон даяар хэлэлцүүлэг хийсэн. Одоогоор иргэдээс ирсэн саналыг цахим архивт бүртгэх ажил үргэлжилж байгаа бөгөөд улстөрийн намуудаар хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байна.


        Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл дараахь үндсэн хүрээг тус, тус хамарч буй. Үүнд,  


1.    Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах,


2.    Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох,


3.    Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх,


4.    Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх,


5.    Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах,


6.    Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгохоор зорьж байна.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.