АТГ хууль зөрчсөн мөрдөн байцаагчийг ашиг сонирхлын зөрчилгүй гэж дүгнэжээ

2017-10-19 17:41

 

        Гэр бүлийн долоон хүний амь нас эрсэдсэн авто осол дээр анхнаас нь ажилласан ч хариуцлага алдаж, хэргийг илрүүлэх явцыг удаашруулсан Нийслэлийн цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн мөрдөн байцаагч Г.Ууганцэцэг тэргүүтэй баг бүрэлдэхүүнийг АТГ-аас шалгаж үзээд тэднийг энэ хэрэг дээр ажиллахдаа ашиг сонирхлын зөрчил гаргаагүй гэж үзжээ.


        Тодруулбал, “Г.Ууганцэцэг нь хуульд заасан мөрдөн байцаагчийн эрх, үүргийг хэрэгжүүлээгүй нь тогтоогджээ. Гэвч хэргийн газар ажиллаж байсан, хэрэгт мөрдөн байцаалт явуулсан Г.Ууганцэцэг тэргүүтэй баг бүрэлдэхүүн болон тус хэргийг хаах шийдвэрийг гаргаж байсан прокурорууд нь бусдаас хахууль авсан, авлигын гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдоогүй” гэсэн хариуг АТГ-аас хохирогчдын ар гэрийнхэнд өгчээ.


        Хохирогчийн ар гэрийнхэн мөрдөн байцаагч Г.Ууганцэцэгийг ажилдаа хариуцлагагүй хандсан талаарх гомдлыг анх 2017 оны хоёрдугаар сард Цагдаагийн Ерөнхий газарт өгч байв.  Энэ дагуу ЦЕГ-аас албанаас шалгалт явуулснаар, Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн байцаагч Г.Ууганцэцэг нь Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн:


-     28.2.8 “эд мөрийн баримт болон бусад нотлох баримтыг цуглуулах, хэрэгт ач холбогдол бүхий мэдээлэл өгч болох бусад этгээдийг байцаах”,  


-    28.2.12 “мөрдөн байцаалтын бүх асуудлыг бие даан шийдвэрлэж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох”,


-    28.2.11-ийн “яллах болон цагаатгах нотлох баримтыг цуглуулах замаар хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, гэмт хэрэг, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох талаар шаардлагатай бүх арга хэмжээг авах”


-    28.2.14 –т заасан “гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох тулд зайлшгүй хийвэл зохих гүйцэтгэх ажлыг эрх бүхий байгууллагад даалгавар бичиж гүйцэтгүүлэх,
Мөн Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн:


-    80.1.1 “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэдийд, хаана, яаж, үйлдсэн болон бусад байдал/


-    80.1.6 “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан” болон Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.12 дахь заалтуудыг тус, тус зөрчсөнийг нь тогтоосон байдаг.

 

 


        Улмаар ЦЕГ-ын Үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга Ц.Долгорсүрэнгийн гарын үсэгтэй албан бичигт мөрдөн байцаагч Г.Ууганцэцэгт сахилгын шийтгэл ноогдуулах тухай саналыг НЦГ-ын гуравдугаар хэлтсийн дарга Н.Пүрэвсүхэд хүргүүлжээ.


        Гэвч өнөөдрийг хүртэл Г.Ууганцэцэгт сахилгын шийтгэл ноогдуулсан эсэхэд эргэлзэж байгаа хохирогчдын ар гэрийнхэн 2017 оны есдүгээр сарын 14-ний өдөр АТГ-т хандаж, мөрдөн байцаагч Г.Ууганцэцэг болон бусад нэр бүхий хүнийг ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг шалгуулахаар хүсэлт гаргаад байсан нь энэ юм.


        Энд дурьдахад, 2016 оны наймдугаар сарын 5-ны өдөр Хүй долоон худаг орчимд нэг гэр бүлийн долоон иргэн зам тээврийн ослын улмаас амиа алдсан. Энэ хэргийн талаарх мэдээллийг “Эх сурвалж” агентлаг уншигч та бүхэндээ цаг алдалгүй, түргэн шуурхай хүргэж байгаа билээ.

 

Эх сурвалж: Гэр бүлийн 7 хүн амь эрсэдсэн авто ослын мөрөөр...

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.