Л.Баттогтох: Үр хөндөлт эмэгтэй хүний гуа байдлыг ЭРГЭН СЭРГЭХГҮЙ болтол гундаадаг

2017-10-23 16:43

 

        Үр хөндөлтийн хор хохирол дан ганц эхийн хэвлийд бүрэлдсэн ургийн “мөхөл”-өөр хязгаарлагддаггүй. Эмэгтэй хүний бие организм, сэтгэл санаа, гоо сайхныг эргэж хэзээ ч нөхөн сэргэхгүй болтол доройтуулах хүчин зүйл бол үр хөндөлт.




        Хэрэв зайлшгүй тохиолдолтой тулгарч, үр хөндүүлэхээс өөр аргагүй байдалд хүрсэн бол эмэгтэй хүн өөрийн биеийг энэхүү мэс ажилбарт “бэлтгэх” ёстой байдаг аж. Түүнчлэн үр хөндөлтийн дараахь нөхөн сэргээх эмчилгээг зайлшгүй хийлгэх шаардлагатай гэнэ.


        “Эх сурвалжийн зочин” буланд энэ удаа “Самандбадраа” уламжлалт анагаах ухааны эмнэлгийн их эмч Л.Баттогтохыг урьж, үр хөндөлт, түүнээс үүдэлтэйгээр эрүүл мэндэд учирдаг хор хохиролоос хэрхэн ангижирч болох талаар ярилцлаа.

 


  

         ESA— Монголчууд сүүлийн 30 жилийн хугацаанд нэг сая иргэнээ үр хөндөлтөд алдсан статистик бий. Үр хөндөлтийг хуулиар хориглоогүйн уршиг нь энэ болов уу?


       — Зөвхөн хууль эрхзүйн орчин руу бүх бурууг чихэж болохгүй л дээ. Үр хөндөлтийн хууль эрхзүйн орчинг бүрдүүлэхийн тулд нийгмийн болон хувь хүмүүсийн ёс суртахууныг бэлтгэх ёстой.  Үр хөндөлтийг багасгах гол хүчин зүйл нь хүмүүст бэлгийн боловсрол олгох явдал. Бэлгийн боловсролын тухай мэдээллийг хүсвэл хэн ч, хаанаас ч авч чадна.


      ESA— Бид үр хөндөлтийг ихэнхдээ нэг л өнцгөөс нь харж эмзэглэж хүлээж авдаг нь хүний амь нас. Гэтэл үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйн бие махбодид ямар хэмжээний хохирол учруулж байгааг тэр бүр тооцоолохгүй, магадгүй энэ дээр төвлөрч анхаарал хандуулахгүй байна?


      — Аймшигтай хохиролтой шүү дээ. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, гоё энерги буюу гуа байдал нь эргэж сэргэхгүйгээр үхчихдэг. Арьсаа мянга сайхан цэвэрлэж, үнэтэй бүтээгдэхүүн хэрэглээд нэмэргүй, цаанаа нэг “шимгүй” болчихдог.  Ил, далд хэлбэрээр богино хугацаанд, эсвэл аажимдаа тухайн эмэгтэйн бие махбодь болоод оюун санаа нь маш их уналтад ордог.

 

       ESA— Яг ямар үйл явцаар бие махбодид тийнхүү нөлөөлдөг гэж?


       — Умайд ураг үүсэхэд эмэгтэй хүний организм тэр чигээрээ тэрхүү ургийг тэжээх, өсгөн бойжуулах үйл явцад ороод ирдэг.  Тархинаас гарч буй даавар, элэг, ходоод, цөс, өндгөвчинд эрчимтэй үүсч байсан, ургийг тэжээх байгалийн жам ёсны тэр  үйл явцыг дундуур нь таслаад хаячихаж байгаа юм.


        Хэрэв үнэхээр таслах зайлшгүй шаардлага гарсан бол эмэгтэй хүн үүнийг эрүүл мэнддээ хохирол багатайгаар даван туулах бэлтгэл хийх ёстой. Тэр нь ямар бэлтгэл байх вэ гэхээр, цус төлжүүлэх, дархлаа сэргээх, цусны үйл ажиллагааг засах гэх мэт. Үр хөндөлтийн өмнө заавал бэлтгэл байх ёстой. Тэр нь бүр стандарттай. Жишээлбэл, тухайн эмэгтэй тарган уу, туранхай юу, хэдэн сартай жирэмсэн бэ, ямар улиралд үр хөндөлт хийлгэх гэж байгаа зэргээс хамаараад урд нь хийх бэлтгэл өөр, өөр байдаг.  

 


        Үр хөндөлтийн дараа ч яг үүн шиг, гарсан хор хохирлыг засах, урьд нь хэвийн байсан тэр үйл явцыг дахин үүсгэх эмчилгээг хийлгэх ёстой. Ингээд үр хөндөлтийн бэлтгэл, үр хөндөлт, үр хөндөлтийн дараахь нөхөн сэргээлтийн эмчилгээ гэсэн гурван цогц зүйл байх ёстой.


         Ингэж байж үр хөндөлтөөс гарах хорт үр дагавар буюу савны хавдар, шархлаа, меом, киста, үргүйдлээс тодорхой хэмжээгээр сэргийлнэ.  Үр хөндөлтийн дараа тухайн эмэгтэйд сэтгэл гутрал болон хийн өвчин үүсдэг. Дотоод гормоны үйл явц өөрөө өндгөвчтэй нягт холбоотой байдаг. Бүх эрхтэн системд хамааралтай. Тэгэхээр жирэмслэлт гэдэг зөвхөн өндгөвч, түүний хоёр трубан дээр үүсч байдаг процесс биш байх нь.


       ESA— “Үр хөндөлт гоо сайханд сөргөөр нөлөөлдөг” гэж мянга “хашгираад” ойлгохгүй байх. Харин яг ямар үйл явцаар нөлөөлөөд байна вэ гэдгийг тодорхой, ойлгомжтойгоор ярьж өгвөл хүний ой тойнд ордог талтай шүү дээ?


       — Бидний биеийн дотоод эрүүл мэндийн толь бол гадна дүр төрх шүү дээ.
Бидний ажлын туршлага, практикт үр хөндөлт хийлгээгүй эмэгтэй маш ховор таардаг. Энэ бол үнэн шүү. Үр хөндүүлснээс шалтгаалсан сөрөг үр дагаварууд нь эмэгтэй хүний гоо сайхныг алдагдуулдаг юм байна гэдэг нь практикаас харагддаг. Жишэлбэл, арьсны өнгө эрүүл байдлаа алдаж зэгэл саарал, хар бараан болох, хөх ширгэж, үс хумс хэврэгшиж өнгөө алдах, сэтгэл санаа уруу дорой, цог жавхаагүй, мартамхай болох, биеийн дулаан илч багасах зэрэг нийтлэг шинж илэрч байна. Энэ бол уламжлалт анагаах ухааны гол онол болох тунгалагийн боловсролт алдагдсанаас үүсдэг шинжүүд юм.  


        ESA— Үр хөндөлтөөс үүдэлтэйгээр бие махбодид үүсч байгаа энэ гэмтлийг эмчилгээний аргаар засч, нөхөн сэргээх боломжтой юу?


        -Үүнийг засдаг арга нь одоогоор зөвхөн уламжлалт анагаах ухаанд байна. Энэ үйл явц мах,  цус, яс эсвэл дусал дээрээ болсон уу гэдгээс шалтгаалж нөхөн сэргээх эмчилгээг хийдэг. Тунгалаг зөв боловсорч байгаа үед хүний мах, мяраа зөв байдаг. Мах мяраа зөв байвал тэнд цус төлжилт хэвийн байдаг гэсэн үг.


    Биеийн мөн чанар буюу хий, шар, бадганы аль нь тухайн хүний биед давамгайлснаас шалтгаалаад эмчлэх стандарт нь өөр, өөр байдаг. Хий бадгана эсвэл хий, шар хавсарсан мөн чанартай хүнд хийх ёстой эмчилгээ өөр болоод явчихдаг. Тэгэхээр хүн болгонд “Юмдүүжин” таарахгүй гэсэн үг. Хүн болгонд цагаан мөөг, “Шим шим-3” таарахгүй. Хувь хүнийхээ онцлогийг хараад, судсыг нь барьж үзээд хүн тус бүрт таарсан эмчилгээг нь хийх ёстой.

 


        ESA— Үр хөндөлтийн өмнөх бэлтгэлийг хувьдаа хийх ёстой юу?


        — Эмчийн заавраар хийх ёстой. Цус багатай хүн байвал дархлаа, тамир тэнхээг нь сэргээх шаардлагатай. Энэ чинь нэг хэлбэрийн мэс засал шүү дээ. Зөвхөн үр хөндөлт гэхгүй, бүх хагалгаа тийм.
        Тухайн хүний бие организмын онцлогийг харгалзаад цус багатай эсвэл циститтэй бол тэрийг нь засах хэрэгтэй. Ингэхгүй бол тэр бүх өвчин нь үр хөндөлтийн дараа сэдэрнэ. Өвчин өөрөө дархлаа суларсан үед үүсэх организмаа хайж яваад хамгийн эмзэг орчин дээр очиж үүсдэг.


       ESA— Эмч нар үр хөндөлтийн дараа өвчтөндөө нөхөн сэргээх эмчилгээг зөвлөдөггүй юм уу?


     — Ихэнхдээ “Юмдүүжин” эсвэл “Шим шим-3” эмийг уу л гэдэг. Гэтэл “Шим шим-3”-ыг савны үрэвсэлт халууны үед ууж болдоггүй юм шүү дээ. Тэгэхээр, абортанд орсон бүх хүн эсвэл хүүхэд төрүүлсэн бүх хүнд “Шим шим 3”-ыг зөвлөж болохгүй. Эмэгтэйчүүдийн бүх өвчинд таардаг эм биш. Бүх эмэнд өөрийн болон эсрэг заалт гэж бий. Таардаг заалтад нь л уух ёстой.


      ESA— Үр хөндөлт хийлгэхээс аргагүй тохиолдол гэж бий. Тухайлбал, савны гадуурх жирэмслэлтийг химийн тариагаар шимэгдүүлэх замаар “үр хөндөж” байна. Энэ нь эрүүл мэнд талаасаа харьцангуй хохирол багатай гэж ойлгож болох уу?


      — Олон улс оронд үр хөндөлтийг эмийн болон мэс заслийн аргаар хийхийг хамгийн аюулгүй гэж үздэг. Гэсэн хэдий ч олон мянган эмэгтэй эрүүл мэнд, амь нас хохирсоор байгаа нь судалгаагаар тогтоогдчихоод байгаа.


        Нөгөөтэйгүүр, химийн хүчтэй тариа дархлааг дарангуйлж ашигтай бактерийг устгадаг. Антибиотекийн нэг муу тал нь тэр. Биед үүссэн тэр хоруу чанартай бактер, байх ёстой бактераа аль алиныг нь устгачихдаг. Антибиотикийн хэрэглээнээс болоод  илэрхий зовиур байхгүй хэр нь цонхийсон цагаан царайтай, зовхи нь хөхөрчихсөн, ядруу, хоол нь шингэхээ больж биеийн ямар ч тамиргүй болчихсон хүн олон байна.


        Энэ мэт хүний биед илэрхий байгаа эмчлэхээс гадна цаана, далд болж байгаа процессыг эмчлэх эмчилгээ нь уламжлалт анагаах ухаанд л бий.  Европ эмнэлэгт хүний биед далд үүсч байгаа тэр хувьсал, өөрчлөлтийн процессыг ерөөсөө эмчилдэггүй.


        Зовиур илрээгүй, шинжилгээгээр өөрчлөлт гараагүй бол өвчин байхгүй гэж үздэг. Энэ хоёр дээр л “асуудал” гараагүй бол үндсэндээ сэтгэл гутралтай ч юм уу холбоотой гэж ойлгоод байдаг.


       ESA— Саванд хий бүрэлдэхэд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?


        -Цистит болж байгаа юм шиг шинж тэмдэг нийтлэг илэрдэг. Үтрээнээс хий гарах, байнга даарах, бэлгийн харилцаанд орох дур хүсэлгүй болох, орсны дараа тавгүй, шээс өвдөлттэй гарах гэх мэтээр илэрнэ. Дээр нь сэтгэл гутрал, хямрал ихтэй, уйланхай болох гэх мэт олон шинж тэмдэг илэрнэ. Өвдөлт нь нуруу, бөөр, давсаг руу үргэлж шилжиж байдаг. Гол нь зүрхийг муутгадаг. Савны хий бүрэлдэх өвчний үед яг зүрхний өвчний шинж тэмдэг гардаг. Энэ тохиолдолд тухайн эмэгтэйн  савыг л эмчлэхгүй бол зүрхийг нь эмчлээд үр дүн гарахгүй гэсэн үг.

 

 


   ESA— Бариа заслын аргаар савны хийг гадагшлуулдаг уу?


  — Үгүй. Үтрээнээс хийг шахаж гаргаснаар савны хийг гадагшлуулж байна гэж ойлговол тэрэн шиг худлаа зүйл байхгүй. Энэ бол энгийн гоо сайханч гэдэг юм уу, бариа хийдэг хүмүүсийн л санаанаасаа зохиож хийдэг зүйл. Савны хий гэдэг эмэгтэй хүний саван дотор механизм нь зөв ажиллаж байх ёстой гормоны тэнцвэрийг л хэлээд байгаа юм. Энгийнээр хэлбэл цусны эргэлтийг л хэвийн болгож байна гэж ойлгож болно. Түүнээс биш, сав нь хийгээд дүүрээд цанхайчихдаг юм биш л дээ.


        Зүгээр л, гэдэсний дүүрэнгэ, олгой, давсаг, өндгөвчинд байгаа хийг шахаж  гаргачихаад “савны хий” гаргалаа гэж ойлгуулаад байгаа юм.  


        ESA— Үр хөндөлтийн дараа хийх ёстой гамын талаар манай уншигчдад тодорхой мэдээлэл өгөхгүй юу?


        - Ер нь хүн эмчилгээ хийлгээгүй үедээ ч хүн гамтай байх ёстой. Өөртөө хайртай байх хэрэгтэй. Эд, зүйлээ гамнадаг шигээ өөрийгөө гамнаж хайрлах хэрэгтэй.


        Европ эмчилгээ хийлгэж байгаа үед ч хүн гам барих ёстой. Тухайлбал, амбуциллин, пенциллин хийлгэж байгаа тохиолдолд зайрмаг мэтийн хүйтэн зүйл идэж болохгүй. Хүйтэн усанд орж, даарч болохгүй. Ношпа ууж байгаа бол та цуйван, стейк, шорлог идэж болохгүй. Ношпаны үйлчилгээ байхгүй болчихно.


        Халуун хоол, хүйтэн пиво хоёр нийлэхээрээ “алуурчин” хоол болдог юм шүү дээ.
 Деклоденк ууж байгаа бол архи ууж болохгүй. Тархины чинь эсийг улам хийтэй, мангар болгоно. Цагийн тариа хийлгэж байхдаа хүйтэн усанд ороод байж болохгүй. Дулаан хувцаслах хэрэгтэй.


        Хүн ерөөсөө л даарч болохгүй. Даарах нь хүний долоон тунгалаг гэдэг үйл явцыг  тэр чигээр нь дарангуйлчихдаг. Байгалийн жам ёсоор үүсч болох дулааны солилцоог нь гэмтээчихдэг.  Хүн дулаан байж байж нойрондоо сайн байна, дулаан байж байж өтгөн, шингэн гэх мэт хаягдал гадагшлуулах үйл явц нь бүгд зөв байна. Дулаан багасахаар хүний өтгөн гарахаа болиод шээс хаагдчихдаг. Бөх унтаж чадахгүй болж, хоол нь шингэхээ болино. Тархины сэтгэн бодох чадвар муудна.


        Эцэг, эхчүүд бага насны хүүхдүүдээ хичээлд нь тогтмол зөөж, өдөр унтуулаад цагтаар хооллож халамж тавьдаг. Тэр халамжийн дийлэнхийг нь дахиад өсвөр насанд нь байлгах ёстой.
Биеэ хайр гамгүй хаяна гэдэг богино наслахын л цондон. Тэр нь батлагдаж байгаа биз дээ. Монголчууд их богино насалж байна.


        Тэгэхээр, жирэмсэн үед, жирэмсний дараа, үр хөндөлтийн дараа ялгаагүй  дулааны солилцоогоо сайн байлгаж, гэмтсэн эд эсүүдийг нөхөн төлжүүлэх ёстой.


       ESA— Үр хөндөлтийн өмнө тусгайлан идэх ёстой хүнс гэж байдаг уу?


        — Яг тэр энэ ургамал ногоо, мах сүү хэрэглэ гэж хэлэхэд өрөөсгөл байдаг. Үр хөндөлтийн өмнө бэлтгэл болгож тухайн хүний хоол шингээх чадвар, биеийн галын илч зэргийг харгалзан үзэж тохирох хоол ундны зөвлөгөөг мэргэжлийн эмчээс авах ёстой. Үр хөндөлт бол мэс ажилбар учраас уламжлалтын онолоор бол биед хийн халуун, шар ус үүсдэг юм. Тиймээс шархны халууныг дарж үрэвсэл халдвар үүсэхээс сэргийлэх бага зэрэг сэрүүн, хөнгөн, хуурай чанарын хоол ундыг шарх төлжиж эдгэрэх хугацаанд л хэрэглэнэ. Мөн шарх төлжиж эдгэрэхэд нөлөөлөх хоолыг түлхүү хэрэглэнэ. Үүний дараа биеийн хий цусны эргэлт алдагдаж хямардаг тул хий дарах, цус төлжүүлэх, тамир тэтгэж дархлаа сайжруулах бүлээн, тослог, шимтэй хоол ундыг хэрэглэх ёстой.

 


        ESA— Бурхны шашинд үр хөндөлтийг юу гэж үздэг юм бэ?


    — Үр хөндөлтийн талаарх бурхны шашны ойлголт нь арван хар нүгэлтэй шууд хамааралтай  байдаг.  Үр хөврөлийн амийг санаатай хорлох нь тэрхүү эрдэнэт хүн болон мэндлэх үр удмын буян заяа, удмын сан, хийж бүтээх бүх үйлсийг нь хөнөөн устгаж байгаа явдал гэж ойлгох хэрэгтэй.


        Эмэгтэй хүн хэдийгээр  хилэнцтэй үйл хийж байгаа ч тэрхүү үр удмыг бий болгоход хамгийн чухал үүрэгтэй эрэгтэй хүнд гэм унал нь адилхан тусдаг юм.


        Учир нь эрэгтэй хүний хувьд энэ үйлдэл нь бусдаар амьтны амь таслуулж байгаа, бусдыг амьтны амь таслаж байгааг даган баясч байгаа, үр хөндүүлэхийг ятгасан бол амьтны амь таслахыг сайшаан өгүүлж байгаа хилэнцтэнд тооцогддог юм.


        Амьтны амийг таслахад зориулсан байр орныг байгуулах, ашиг хонжоо мөнгө олох зорилгоор амьтны амь таслах, мэс хэрэглэж,  хорт бодис эмээр хордуулж байгаа зэрэг нь ч маш хүнд нүгэлд тооцогддог.


        Энэ тохиолдолд үр хөндөлт хийгдэх зайлшгүй шаардлага гарчээ гэж үзвэл амьтны амь тасалсан сэдэл нь санаатай бус юм. Үүнийг бурхны шашинд нүгэл гэж үзэхгүй байх нь бас бий. Энэ бол маш нарийн ойлголт л доо.


    ESA— Зурхайн онолоор үр хөндүүлж болохгүй цаг үе гэж байдаг уу?


     — Байлгүй яахав. Ялангуяа, бөөр, өндгөвч, давсганд сүлд оршиж байгаа үед үр хөндөлт хийлгэж болохгүй. Итгэмээргүй, жижиг зүйл шиг сонсогдож магадгүй. Гэхдээ л ийм үед үр хөндүүлснээс болж саваа авахуулах, дахиж жирэмслэхээ болих, галзуурах, тэх бүү хэл амь насаа алдах гэх мэт маг ноцтой хүндрэлүүд гарч болзошгүй байдаг.
.


    

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 6 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (6)

zownigch /202.21.106.116/

2018-06-19 13:26

tanai hayag haana we,herew teej bui urag osoltgvi,eswel gajigtai gj onoshlogdwol 22 nedeles omno zaawal vr hondvvl gdg,tegwel yah bolj bna?

Хариулах 0 0
Зочин /66.181.182.157/

2018-05-07 07:30

Хөндүүлэхгүй гээд яалтай билээдээ аль аль нь хөөрхийлөлтэй шүү.Эрчүүд хүн шиг бол .у боллоо гэж үр хөндүүлэх билээдээ. Эмэгтэй хүний гоо үзэмж дахин сэргэхгүй гцндах нь ч юу зовож .байгаа амьтадыг битгий сэтгэлээр унагах юм яриад худлаа донгосоод бай хөөө өч төчнөөн л үр хөндүүлж байна болохгүй гээд яадгийн хүний амьдралд тус хүргэж чадахгүйгээс хойш зүгээр л дуугай бай

Хариулах 2 1
Зочин /66.181.186.245/

2018-04-16 15:03

uuchlaarai... osoltgui bolson uragiig avhuulahad bas odor sudar heregtei bh u??? bas huuhed osoltgui blh n ymr shaltgaantai bdiin bol... blj ogvol todorhoi hariu ogno uuu???

Хариулах 0 0
Зочин /66.181.160.44/

2018-04-19 15:22

Hden sartaidaa osoltgui bolsn be

Хариулах 0 0
Зочин /183.81.171.3/

2017-12-28 11:06

tulbur ni heterhii unetein bna lee. Tulbur ni bodit bol sain emneleg

Хариулах 0 1
Зочинz /122.201.19.230/

2017-10-25 21:08

svld orshino gdgni yu gsn vg we

Хариулах 0 1
Зочин /103.26.193.203/

2017-10-24 09:18

зөв шдээ

Хариулах 0 1

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.