С.Эрхэмбаяр: Мөрренчингээр уртын дуу дуулуулчихад хийморь өөдрөг явна гэж хүрээний баячууд сүслэдэг байсан

2017-10-25 13:12

Мэдээ

    ESA: МУГЖ, Улсын начин, уртын дууч С.Эрхэмбаяртай ярилцлаа.

 

        -Сайхан намаржиж байна уу, Гавъяат аа. Уран бүтээлийн хур арвин уу. Сүүлийн үеийн сонин сайхнаасаа хуваалцаач. Уртын дууны цомог гаргах гэж байгаа гэж дуулсан?


        -Сайхан намаржиж байна. Сайхан намаржиж байна уу. Үндэсний бөхийн цөөхөн хэдэн шавьтай би. Тэд нарынхаа бэлтгэлийг хийлгэхээс гадна долоо хоногтоо нэг, хоёр удаа үе тэнгийнхээ бөхчүүдтэй хөлсөө гаргадаг юм. Үе тэнгийнхэн гэдэг нь хуучин цагийн самбо, жудогийн шигшээ багийн тамирчид юм. Ерөнхийлөгч Х.Баттулга бид нар чинь нэг үеийн шигшээ багийн тамирчид шүү дээ. Үүнээс илүү уран бүтээлийн амьдралд илүү идэвхитэй байна. Өмнө нь би монгол ардын 50 уртын дууг сэргээн дуулж “Эрдэнэ засгийн унага” нэртэй цуврал цомог гаргасан юм. Одоо тэр цомгоо үргэлжлүүлж 100 уртын дуу болгоод хэвлүүлчих санаатай байна.  Энэ ажил маань монгол уртын дууг түгээн дэлгэрүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигтай нийцэж буй юм.


        -Хувийн уран бүтээл хийхээс гадна таныг уртын дууны шавь сургалт явуулдаг гэж дуулсан?


        -Тэр ямар учиртай вэ гэхээр, “Өвгөн шувуу” нэртэй уртын дууны шавь сургалтын төв байгаа юм. Энэ сургалтыг маань УИХ-ын гишүүн асан Кёкүшүзан Д.Батбаяр дэмжин тусалж байр саваар хангаж, өөрөө бас суралцдаг юм. Ер нь бол монголчууд аливаа сурсан, мэдсэн эрдэм ухаанаа шавь сургалтаар дамжуулж хойч үедээ өвлүүлэн үлдээдэг байж. Ялангуяа урлаг, урлахуйн салбарт. Шавь сургалтын онцлог нь шавь багшийгаа даган амьдарч, тогоо шанагыг нь барихаас авхуулаад бүх зүйлд нь туслаж урт хугацааг хамт өнгөрөөдөг байж. Тэндээс л эрдэм чадлыг нь өвлөж сурч авахаас гадна амьдралын ухаан, дэг ёсонд суралцдаг байсан байх нь. Монголын нэрт уртын дууч Дорждагва гуай ч мөн л шавь сургалтаар Чавганц багшаасаа дуулахуйн эрдэм чадлыг сурсан байдаг.  Одоо бол цаг үеээ дагаад их, дээд сургуульд  суралцаж урлагийн мэргэжил эзэмшдэг болчихоод байна. Уртын дуучин  ч мөн ялгаагүй.


        Жүжигчин, найруулагч, хөгжимчин зэрэг урлагийн бусад мэргэжлийг диплом хамгаалж эзэмшиж болдог. Гэтэл уртын дууг  дөрвөн жил сурсан болоод мэргэжлийн болчихдог амар ажил биш юм шүү дээ.


        -Тэгэхээр хатуухан хэлэхэд уртын дуучинг “үйлдвэрлэх” боломжгүй гэсэн үг  үү?


        -Аварга хүн аваргаараа төрдөг гэдэгтэй л адил. Уртын дууг дуулж чадах заяасан хоолойтой хүн дуулдаг болохоос заалгасан хүний хийдэг ажил биш шүү дээ. Монголд дуучнаас их юм алга. Гэтэл эдэн дундаа уртын дуучид яагаад ийм цөөхөн байна гэдэг нь үүний нотолгоо. Дуурийн дуучинд тавимал хоолой суулгаад олон улсын том тэмцээнүүдэд амжилт гаргаж байна. Гэтэл уртын дуунд тавимал хоолой суулгаад дуулах аргыг нь заана гэж байхгүй шүү дээ.  Хуучны мундаг уртын дуучид болох “Их” Дамчаа, “Мөр” Ринчен аварга, Дорждагва, Нямлхагва нарын  агуу нь юундаа байна гэхээр тухайн уртын дууг өөрийн арга барилаар дуулаад өөрийгөө үлдээчихсэнд байгаа юм. Тэрнээс одоо хүнээс ялгагдахгүй уртын дуу дуулчихдаг улс зөндөө болчихож. Уртын дуу өөрөө агуу цар хүрээтэй зүйл учраас уртын дууч ч түүнийг тэгж л дахин давтагдашгүйгээр дуулах хүндхэн шалгууртай байдаг. Уртын дуу чинь үндэсний бөх, хурдан морьтой эн зэрэгцэх монгол хүний дархлаа юм шүү дээ. Гэтэл уртын дууны анги төгсчихөөд л нийтийн дуу, богино дуу дуулаад явж байгаа залуус их байгаад эмзэглэдэг. Ийм шүүмж хэлэхээр энэ одоо хэр хэмжээний дуучин болчихоод ингэж хэлэх эрхтэй юм гэж бодож магадгүй. Би өөрийгөө аугаа мундаг уртын дууч биш гэлээ ч бөхтэй жишвэл дүүрэн зааны зэрэгтэй гэдэгтээ итгэдэг.

 

 

     -Монгол уртын дууг та монгол хүний дархлаа гэж хэлсэн. Гэтэл монгол хэл соёлыг сонирхсон гадны иргэд морин хуур, уртын дууг их заалгах болжээ. Энэ үзэгдлийг та юу гэж боддог вэ?


        -Морин хуур бол монголчуудын хийж бүтээсэн зэмсэг. Түүгээр хэн ч хуурдаж тоглож болно. Харин уртын дууг ямар ч гадаадын хүн монгол хүнээс илүү дуулах боломжгүй. Монгол хүн дотроо уртын дууг ханатал дуулдаг хүн ховор шүү дээ. Тэгэхээр гадны иргэдэд уртын дууг зааж сургаж байгаа зүйлд эмзэглээд, түгшээд байх зүйлгүй.


        -Өвөрмонголын Цахар Тугчийн Урнаа гэдэг дуучин Франц тэргүүтэй барууны орнуудад их алдаршиж байна. Улаанбаатарт Дуурийн театрт ч тоглолтоо хийгээд амжсан. Түүнийг дуулахыг та сонсож үзсэн үү. Тэр үнэхээр хошуураад байх дуучин мөн үү?


        -Адилхан монгол хүн учир Өвөрмонголчуудад ч уртын дуу дуулах хоолой заяасан. Гэхдээ тэдний дуулах арга барил өөр, дээр нь тэдний урлаг манай өнөөгийн түвшнээс хол хоцорчихсон шүү дээ.


       -Энийг яагаад асуув гэхээр барууны орнуудад төдийгүй өнөө цагийн үзэгчдийн сонирхлыг татахын тулд уртын дууг өөр хэв маягаар хүргэх хэрэгтэй гэсэн давалгаа өрнөөд байх шиг?


        -Өнөөгийн дуучид бид цөмөөрөө уртын дуугаа буруу дуулдаг байж өөрчилж шинэчлэхийн тухай ярилтгүй. Одоо бид хуучны аугаа дуучдынхаа дэгийг л буцааж сэргээж дуулах цаг болж. Шинэчилж сэргээнэ гээд яриад явааг зүйрлэвэл өнөө цагт монгол хувцсаа дээдэлж өмсөж байна гээд “Мандухай сэцэн хатан” киноны хувцас шиг юм өмсөөд гүйгээд байгаатай л ижил санагдаад байгаа юм. Уртын дууг дээл, хувцас шиг гангалах боломжгүй юм.


        -Дээл хувцастай холбож Та их сайхан жишээ татлаа. Уламжлал ёс заншлаа дээдэлж байна гэсэн нэрийдлээр бид улам л дордуулаад байх шинжтэй. Үүний нэг жишээ нь хаана, ямар нь хамаагүй нээлтийн арга хэмжээ, жорлонгийн тууз хайчлах ёслол дээр ч уртын дууг дуулах болж?


      -Яг зөв. Хурим найр эхлүүлэхэд, тоглолт концертын эхэнд гээд элдэв шалдав нээлтийн арга хэмжээн дээр  заавал уртын дуугаар эхлүүлэх ёстой гэсэн шалтгаанаар л урлагийн сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан байна уу, хэн байна, аль олдсоноор нь дуулуулчихдаг болчихож. Найр хуриманд уртын дууг дуулуулж болно, болохгүй гээгүй. Гагцхүү уртын дуунд ач холбогдол өгөхгүй байгаад бухимдаж байна. Уг нь ямар үед ямар утга агуулгатай уртын дуу дуулахаас, хэнээр дуулуулахаас хамаарч тэр дууны шүншиг шингэдэг гэдэгт итгэдэг байж. Тийм ч учраас эрт цагт найр хуриманд аль л алдартай чадалтай уртын дуучийг залж урьдаг байж. Жишээлбэл, шашны ном, маань мэгзэмийг өөрөө даган баясаж сүсэглэхгүй бол авшиг нь ирдэггүй гэдэгтэй л ялгаагүй юм шүү дээ. Буддын мани мэгзэмийг төвдөөр уншчихдаг болохоор юу хэлж буйг нь ойлгодоггүй талтай. Гэтэл уртын дууг чинь сайхан монгол хэлээрээ уянгалуулан дуулж байна гэхээр илүү өөр байгаа биз. Энэ зүйлтэй холбоотой сонирхолтой түүх хуучлахад,  эрт үед даншигийн их аварга Майдарын Мөрренчинг цагаан сарын шинийн 15-ны дотор багтааж гэртээ авчирч дуулуулчихад тэр жилдээ гэрийн хутаг, хийморь өөдрөг сайхан явна гэж сүслэж хүрээний ноёд баячууд хошуурдаг байж. Тэгэхээр уртын дуу гэдэг том ном уншсантай адил хэмжээний шүншигтэй зүйл байх нь. Одоо бол тэгээд хэн гээч дуучин ямар утгатай дуу дуулж байгааг нь ойлгохгүй хэр нь л дуулуулаад байдаг болж.   


        -Улсын цолтой бөх хүнээс асуухгүй байж болохгүй нэг зүйл нь үндэсний бөх уртын дуу хоёрыг холбодог “гагнаас” нь цоллооч залуус байдаг. Та өнөөгийн уртын дуучдад их л хатуухан үг хэлж байна. Тэгвэл манай үндэсний бөхийн цоллооч засуулуудын чанар хэр байна вэ?


       -Нэгдүгээрт, засуул хүн цол дууддаг юм биш. Уртын дууч хүн цоллооч засуул байх учиртай. Цол дуудна гэдэг чинь амьсгаа, хоолойны цараа их шаарддаг зүйл. Хуучин бол “дэгээ” Гончиг гуай, Ланцаадорж гуай гээд мундаг уртын дуучид цол дууддаг байв. Одооны засуулууд Гончиг гуайн дэгээр, Мягмар гуайн дэгээр л цол дуудах хэрэгтэй. Харж байхад гоё хагас өнгө оруулж дууддаг байсныг орхихоос авхуулаад үг буруу хэлэх зэрэг алдаа их л харагдах юм.   


        -Тэр бүр ярьж хэлээд байдаггүй сэдвийг хөндөж ярилцсанд баярлалаа, Танд!


       -Ингээд ярьвал маш их зүйл бий. Дуусахгүй олон сэдэв байгаа учир энэ хүрээд төгсгөе. Та бүхэнд бас баярлалаа.

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

Зочин /64.119.24.215/

2018-04-25 01:28

Мөрринчин аварга, Чавганц багш гэнэ үү? Дорждавга Нямлхагваа,дэгээ Гончигоо хараагүй мэдэхгүй байж Алтаншагай шиг Хайдав багш маань гэдэг шиг бүлтэрсэн гар болжээ.Эхнэрээрээ хэдэн дуу залгаж ая дан сурсан гээд үнэнээ хэлээч баячуудын бөгс долоосон бялдууч хүний мөсгүй өвгөн минь.

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.