А.Хишигдалай: Хит болохгүй ч, ганцаардсан нэгэнд хань болоод “эгшиглэж” л байгаа

2017-11-03 11:24
А.Хишигдалайгийн дотор хүн хэн болохыг яагаад мэдэж болохгүй гэж.

    Энэ цагийн рейтинг өндөртэй, бас эрэлт ихтэй дуучдын нэг болсон А.Хишигдалай “UBS” телевизийн “Universe best songs”-оос “төрсөн” уран бүтээлчдийн нэг. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд өөрийнх нь хэлснээр “Олны нүдэн дээр л өсөж байгаа” түүнийг үзэгчид “Чадалтай хоолойтой золиг шүү. Даанч хэлж, ярьж байгаа нь...” хэмээн толгой сэгсрэх нь олонтаа. Гэсэн ч хүсэл болоод авьяас байхад амжилтад хүрдэг гэдгийг үеийнхэндээ төвөггүй харуулж яваа түүний хэм хэмжээнд баригддаггүй яриаг фенүүд нь “өршөөчихдөг” юм.

 




   

         ESA: Хамтран дуулдаг М.Зоригтоосоо “өрх тусгаарлан” шинэ уран бүтээлдээ орсон гэж сонссон. Уран бүтээлийн олз, омог арвин байна уу?

 

          -Бидний хамтран дуулсан олон уран бүтээл бий. Гэхдээ бид хүмүүсийн ярьдагчлан хослон дуулаачид биш л дээ. Миний хувьд гоё уран бүтээл гарч байвал хэнтэй ч хамтарсан асуудалгүй. Өнгөрсөн хугацаанд Зоригттой 5-6 жил дуулж, “Хайртай хүндээ” анхны тоглолтоо маш амжилттай зохион байгууллаа. Цаашдаа ч хамтрах цагтаа хамтарна аа.


            Сонин дуулгахад, энэ жил “Үми Но Кокоро" буюу “Далайн сувдан зүрх” нэртэй анхны цомгоо гаргаж байгаа. Ирэх гуравдугаар сард цомгийн баяраа хийхээр төлөвлөсөн. Өмнө нь хүмүүстэй хамтарсан, хамтраагүй нийлээд 50 гаруй дуу гаргажээ. Гэхдээ ганц ч цомоггүй өнөөдрийг хүрчихэж.

 

"Үми Но Кокоро" цомгийн дараагийн сингл болох “Ghost”


            Анхны цомог маань найман дуутай бөгөөд “Mi Senti”-гээс бусад нь соло уран бүтээл байгаа юм. Эхний удаад Германд зураг авалтыг нь хийсэн  “Mi Senti”, “Ghost” дууныхаа клипүүдийг цацаад байна. Өөр сонин гэвэл, сая “Яг түүн шиг”-ийнхээ хэдтэй Солонгосын таван том хотоор тоглоод ирлээ. Үзэгчид үнэхээр гоё хүлээж авсан.


         Гэснээс, “Яг түүн шиг” шоунд хэн нэгнийг дуурайх  ёстой байтал би ч өөрөөрөө явсаар дуусгасан. Гэхдээ энэ шоунд  орсондоо үнэхээр талархдаг шүү. Урлагийн ах эгч, найз нарыгаа хэн нь хэн бэ гэдгийг илүү таньж,  дотно танилцсан.

 

 

    ESA: Би тэрэнтэй л адилхан болж чадах байсан гэж боддог од байна уу?


    -Үнэндээ тэгж бодож байгаагүй. Би анхны “Яг түүн шиг”-т орох гэж байсан ч ажилтай болоод амжаагүй. Харин хоёр дахид нь яалт ч үгүй “баригдсан”. Боловсрол сувгийнхантай хамтран ажилладаг учраас хоёр дахь удаад татгалзах арга байгаагүй юм.


           Магадгүй, дуучин Хишигдалай болсон бол үнэхээр адилхан болох байлаа. Тэрнээс өөр боломж надад байгаагүй. Арав, хорин хүн ирээд нүүр будаж, макс тавина. Би өнөө л янзаараа сууж байгаа юм чинь. Үнэхээр хувирдаггүй хоолой, хувирдаггүй царай гэж байна. Энэ шоуг сайхан болгохын тулд маш том, хүчирхэг баг ажилладаг. Бүгд л ажилдаа сэтгэл зүрхнээсээ хандаж байгааг хараад би ч хичээх ёстой. Гэвч хэчнээн хичээсэн ч энэ том хацар, сөөнгө хоолой “ялагдахгүй” юм байна лээ.

 


    ESA: Урам хугарч байв уу?


    -Үгүй ээ. Ингээд төрчихсөн “амьтныг” яах билээ. Урлаг бол аугаа зүйл. Ядарсан нэгэнд хань болж, аз жаргалтай үед нь хөг нэмдэг. Яахав дээ, Хишигдалай хувираагүй л байгаа биз. Гэсэн ч би дуулж байгаа нь л гоё. Дандаа магтуулна гэж юу байхав. Шүүмжлэх хүн ч олон таарсан. Би урлагийн хүн. Магтлаа гэж сагсуурахгүй бас мууллаа гээд шантрахгүй. Өнөөдрийн томчууд маань яг л энэ бартаат замыг туулж ирсэн улс шүү дээ.

 

Урлагийн хүн болох гэж яарч, догдолж, тэмцэж явахдаа “хөшигний” арын амьдралын тухай төсөөлж ч байсангүй.

 

         Заримдаа ч тэвчээр алдаад нүүр номондоо “Ээ, та нар намайг ...”  гээд биччихмээр үе гардаг л байлаа. Одоо ч нэгэнт дөжирчээ. Хүн бусдын өмнөөс санаа зовж, элдвээр ярьж байхаар өөрийгөө хааяа нэг “нэвт” харж, ур дахь ажлаа л сайн хийгээд явахад амжилтад хүрдэг юм. Үүнийг өөрийн биеэр нотолж яваа хүн. Бусдын нүдэн дээр л өсөж торниж байна. Ер нь миний урлагийн амьдрал жилээс жилд ахин дэвшиж байгаа. Би хэзээ ч уналтад орсонгүй. Яг л энэ эрчээрээ 50,60 хүрчихээд дуулна аа л гэж боддог.

 


    ESA: Гэхдээ хүнд “оргил үе“ гэж байдаг. А.Хишигдалайгийн оргил үе хэзээ байх бол оо?


    -Нэг л өдөр амжилт сонсоно. Өнөөдөр би улсын баяр наадам, төрийн том концертууд болоод Балхаа ах, Чука ах нарын акулуудын тоглолтод жил болгон оролцон дуулж байна. Энэ бол миний хийж байгаа ажилд өгч байгаа дүн. Гэхдээ одоогоор оргил үе “ирээгүй” байна. Хэдийгээр багаасаа дуулсан ч тайзан дээр гараад зургаан жил л болж байна. Энэ бол нэг талаас их ч нөгөө талдаа бага хугацаа. Одоогоор цаг нь болоогүй байна. Болохын цагт “үзүүлээд” өгнө өө. Тэрнээс “Цаг нь болоогүй учралын төлөө одоо шаналаад яахав”. Би болохгүй бол хүчлэх дургүй. Мэдээж, хийж байгаа дуу бүрт маань хичээл зүтгэл, хөдөлмөр шингэсэн. Гэхдээ хит болгох гэж улайраад, бусад шиг хүчилдэггүй. Үнэхээр гоё дуу бол хүч шаардахгүйгээр хит болчихдог юм. Уран бүтээлч хүн чинь хэрэггүй дуу гэж хийхгүй л дээ. Хит болохгүй ч хэн нэгэн ганцаардсан эмэгтэйд хань болоод “эгшиглэж” л байгаа. Дуу бол муухан найзаас дээр гэж би боддог.

 

"Үми Но Кокоро" цомгийн анхны сингл болох "Mi Senti"

 

    ESA: Урлаг таны залуу нас, амьдралыг “үрэхээс” айхгүй байна уу?


    -Урлагийн хүн болох гэж яарч, догдолж, тэмцэж явахдаа “хөшигний” арын амьдралын тухай төсөөлж ч байсангүй. Одоо бол жил ирэх тусам урлагийн хүний амьдралыг илүү ойлгож байна. Заримыг нь өөрийн биеэр туулаад бас хохирч үзлээ. Жишээлбэл, экс найз залуугийн маань хувьд найзууд нь миний тухай элдэв ам дамжсан батлагдаагүй хов живийг их ярьдаг байлаа. Эхний удаад өнөөх маань тоохгүй. Дахиад хоёр, гурав болоход “Нээрээ юу ч билээ” гэж эргэлзэж эхэлдэг. Хамгийн дотны хүмүүс нь ярьж байгаа учраас бас итгэл үнэмшил төрөөд байна шүү дээ. Гантулга бид хоёр ийм шалтгаанаас болж салсан. Ингэлээ гээд тэр хүнд буруу өгөхгүй. Монгол шиг цөөхөн хүн амтай нутагт таагүй яриа амнаас ам дамжихдаа томрон томорсоор “түймэр” мэт л тархдаг. Одоо би маргаашийн тухай тааж мэдэхгүй байна. Бодохыг ч хүсдэггүй. Энэ амьдрал намайг заримдаа иргүй мохоо болгоод ч байх шиг. Хүнийг хайрлаж дурлахаасаа ч айж байна. Гэхдээ яг одоо би шинэ хайр дурлалтайгаа учраад маш их аз жаргалтай байгаа.

 

    ESA: Баяр хүргэе! Найз залуугаа танилцуулж болох уу?

    -Надаас хоёр ах, барилгын инженер мэргэжилтэй, энгийн даруухан нэгэн байгаа. Би түүндээ хайртай. Мундаг залуу л даа. Миний амьдралыг хамгийн сайн ойлгодог хүн.

 

 

    ESA: “Харанга”-ын Лхагваа “Хайртай байснаа болилоо гээд  хураагаад авчихдаг юм биш” гэж ярьсан нь бий. Уучлаарай, өмнөх хайр дурлалын шарх аньсан болов уу?


    -Би  хүнийг сэтгэлээсээ хайрлаж, чин үнэнчээр ханддаг. Мэдээж, салангуутаа л өргөс авсан мэт мартчихна гэж байхгүй. Зүгээр л сайнаар  дурсаж, сайхан дурсамжаа зүрхэндээ мөнхөлчихсөн. Тэр утгаараа өнгөрсөн дурсамжийг далдын далд хийсэн байгаа. Өөрөөр хэлбэл, сэтгэлийн мухартаа эрж хайгаад амар олохгүйгээр далдын далд хийчихсэн.

 

Дуучин С.Зоригт, А.Хишигдалай

 

    ESA: Урлагийнхан бол мэдрэмжтэй улс. Тэр утгаараа хайртай хүндээ “мэдрэмжийн” шалгуур тавьдаг уу?


   -Инженер хүмүүс хамгийн мэдрэмжтэй нь гэж би бодсон. Аливаа асуудалд их ул суурьтай ханддаг. Намайг аймаар уурлаж байхад галыг унтраах жишээний. Миний найз залуу “аймшигтай” халамжтай. Эмэгтэй хүнийг хүндлэх тал дээр хэнийг ч дагуулахгүй.

 

    ESA: Аав, ээжтэй нь танилцсан уу?


    -Ээж, аав нь мэддэг юм шиг байна лээ. Одоогоор танилцаагүй. Энэ удаад хайр дурлалын бурхан тэнгэр ивээгээд, элдэв саад бэрхшээл холуур өнгөрч байгаа. Би ч олон хүнтэй үерхэж явсан биш дээ. Миний насанд хоёр гэдэг бол бага тоо.

 


    ESA: Урлагийн залуу бүсгүйчүүдэд санал тавих спонсорууд олон байдаг тухай тэд ярьдаг. Танд ч бас санал ирдэг үү?


     -Намайг бүх эрчүүд сонирхдог. Энд баян, хоосон аль нь ч байна. Фейсбүүкээр өдөрт 200,300 танилцах, уулзаж хоол идэх мессэж ирдэг. Энэ дээр утасны дуудлага бас нэмэгдэнэ. Би энэ бүхнээс эелдэг атлаа соёлтойгоор татгалзаж сурсан хүн. Энэ бол  миний давуу тал. Би өнөөдрийг хүртэл баян спонсорыг илүүд тавьж ирсэнгүй. Өнгөрсөн хугацаанд ямар ч ивээн тэтгэгчгүйгээр энэ олон дууг хийлээ. Халтуурын мөнгөө өөрөөсөө харамлан харамлан цуглуулж, хааяа урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд  амьдарч ирсэн. Түүний хүчинд өдий дайтай боллоо. Хөдөлмөрийн амтыг мэдрээд, аргаа олчихсон болохоор надад хэн нэгэн баяныг багтаах орон зай үлдээгүй.  


            Дуу хуур гэдэг чинь бас сонин л доо. Өдөр тутам ажиллаад, сар бүр цалингаа авахгүй. Хаанаас, хэрхэн  мөнгө олох нь бүрхэг. Тэгсэн  ч надад шантраад урлагаа хаях бодол төрж байгаагүй.

 

"Яг түүн шиг" шоуны 2-р улирлын  баг Солонгост тоглолтоо хийжээ.


    ESA: Урлагаар “өвчилчихдөг” гэдэг ?


    - Тийм ээ, өвчтэй болчихдог юм. Би нэг дуугаа зургаа, долоон саяар хийлгэчихээд, энд тэндэхийн тоглолт дээр 500 мянгаар л дуулна. Тэгээд энэ нь тогтмол биш гээд бод доо.

 


    ESA: Өнөөдөр хамгийн үнэтэй клип ямар ханшаар бүтэж байна вэ?


    - Хамгийн үнэтэй нь 10, хямд нь гурван саяын ханштай.  Хямдыг нь “сонирхогчид” л хийдэг болчихсон шүү дээ. Гэхдээ бид хямдхан юм хийж болохгүй. Монголын урлагийн ирээдүйд тодорхойлох залуу хүмүүс учир хоёрын хооронд юм хийхгүй. Тэр утгаараа би клипэнд маш их ач холбогдол өгдөг болсон.

 

    ESA: “Тарагтай боов” яагаад тасарчихав?


    -Нэвтрүүлгийг маань хүмүүс эхэндээ ойлгодоггүй байлаа. Харин сүүлдээ асар олон үзэгчтэй болсон. Олон ч хүнийг нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан. Сүүлдээ оруулах  ч хүнгүй болсон л доо. Юм үнэ цэнэтэй атлаа цөөхөн байх нь гоё учраас ингээд дуусгасан.

 

    ESA: Өөр нэвтрүүлэг хийх үү?


    -Надад маш олон контентийн санаа байна. Олон ч телевизээс хамтран ажиллах санал тавьж байна. Гэхдээ санал тавьсан болгонд зөвшөөрөөд савчаад гүйдэг нас өнгөрсөн. Сайн бодож байгаад нэг гоё контент хийнэ ээ.   

 

Би амьдрал дээр сайн сонсогч,  бас сайн ярилцагч байж чаддаг хүн.

 

    ESA: Пост чинь шар мэдээний сэдэв болчихдогийг мэдсээр байж яагаад бичээд байдаг юм бэ?


    -Манай сэтгүүлчид их хямдхан, ядуу сэтгэлгээтэй болчихож. Фейсбүүкийн зураг авч, постоор мэдээ хийдэг. Өөрсдөө эрэл хайгуул хийхгүй байна. А.Хишигдалайгийн дотор хүн хэн болохыг яагаад мэдэж болохгүй гэж. “Өлсөөд байна” гээд биччихвэл “А.Хишигдалай өлсөв”  гарчигтай мэдээ болоод явах жишээний.

 


    ESA: “Тарагтай боов” өөрт чинь сэтгүүлчдийн зовлон жаргалыг мэдрүүлсэн байлгүй дээ?


    -Миний асуултууд зүгээр л урсаад ороод ирдэг. Би энд сэтгүүлчгүй ажилладаг. Өөрөө сэтгүүлчээ, найруулагчаа, редактороо  хийнэ. Арай л зураглаачаа хийчихгүй юм. Би амьдрал дээр сайн сонсогч,  бас сайн ярилцагч байж чаддаг хүн. Гэхдээ нэвтрүүлгийн хувьд ярьж байхад нь сул үгэн дээр нь дөрөөлж, үзэгчийг инээлгэх ёстой. Тэднийг уйдаахгүйн тулд ямар ч амттай яриа байсан таслахгүй байхын аргагүй юм.

 


    ESA: Нэвтрүүлгийн оролцогч Чойжоо  таны аргыг барсан байх аа?


    -Чойжоо амьдрал дээр миний найз. Нээлттэй, хөгжилтэй залуу байгаа юм. Тэр өдөр “Сэтгэл, санаа таагүй байна” гээд биеэ  барьчихсан. Олон нэвтрүүлэг дунд тийм зүйл байх шүү дээ.

 


    ESA: Танд ч гэсэн сэтгэл санаа муухан үедээ хөтөлсөн нэвтрүүлэг байдаг уу?  


    -Мэдээж, байна. Гэхдээ тайзан дээр хэчнээн зовлонтой байсан ч хөшиг хаагдтал  “жүжиглээд” л ордог.

 

 

    ESA: Хамгийн сүүлд хэзээ уйлсан бэ?


    -Өчигдөрхөн уйлсан. Ойрд асуудал их байна аа. Би ч өөрөө уйланхай хүн. Уйлахаар сэтгэл санаа тайвшраад сайхан болчихдог юм.

 


    ESA: Найз залуутай болсон гэлээ. Болзоонд сайн явж байна уу?


    -Үгүй дээ, болзох үе өнгөрсөн. “Дараагийн шат”-ндаа орчихсон гэх үү дээ.  

 


ESA: Ярилцсанд баярлалаа.

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.