Л.Цог: Засгийн газрыг огцруулах асуудлыг Цэц дээр хэлэлцдэг болж яагаад болохгүй гэж?

2017-11-06 11:40

 

        УИХ-ын дэд дарга асан Л.Цогтой ярилцлаа



 

         ESA— Монгол Улсын Ерөнхийлөгчийн парламентад тавьсан удаа дараалсан хоригууд улс төрийн гол сэдэв болж байна. Энэ хоригоос шалтгаалж парламентийн ажил цааш явах, гүйцэтгэх засаглалын ажил урагшлах асуудал гацаанд орж байна гэж ярих юм?


       -Ерөнхийлөгчийг хориг тавьсныг буруутгаж болохгүй юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоон дээр хориг тавьсан асуудлыг хэлэлцсэн чуулганы хуралдааныг би анхааралтай ажиглалаа. Зөвхөн хуулинд л хориг тавьдаг юм шиг УИХ-ын их олон гишүүн ярьж байна лээ. Энэ шиг том төөрөгдөл байхгүй. Яагаад гэвэл сайдыг томилсон шийдвэр өөрөө УИХ-ын шийдвэр мөн.  Тэгэхээр УИХ-аас гаргасан тогтоол шийдвэрт хориг тавих эрх нь нээлттэй цагт Ерөнхийлөгчийн хориг тавьсны буруу гэж байхгүй. Харин үндэслэл нь хэр оновчтой байсан бэ гэдэгт л тогтож ярилцсан нь зөв болов уу.


        ESA— Монголын улс төрийн амьдралд үүсээд буй дээрх хүчин зүйлүүдээс хамаарч Төрийн гурван өндөрлөгийн эрх мэдлийг дахин хувиарлах, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг танах асуудлыг идэвхитэй хөндөн ярих боллоо?


        -Монголын төр гурван толгойтой, гурван Ерөнхий сайдтай боллоо гэх зэрэг яриа бол манайхны өөрсдийн ойлголтоороо л ярьж буй зүйл. Гэтэл Үндсэн хуулинд маань маш тодорхой заасан төрийн гурван өндөрлөгийн онцгой бүрэн эрх гэж зүйл бий. Хоорондоо харилцан адилгүй эрх мэдлүүдтэй шүү дээ. Би нэг жишээг байнга ярьдаг юм л даа. Зоогийн газраар үйлчлүүлэхдээ өмнө тавьсан хоолоо л идэх ёстой биз дээ? Гэвч хүний тавагтай хоол руу өндийж буй мэт Үндсэн хууль зөрчин өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж байгаа тохиолдлууд Монголын улс төрийн төдийгүй нийгмийн амьдралд их ажиглагдах болж. Үүний хамгийн том жишээ нь аль нэг намын дарга УИХ-ын даргын албыг хавсран гүйцэтгэх буруу хандлага тогтож байгаа явдал. Энэ нь одоо байгаа М.Энхболд даргад ч биш цаашид намын дарга, УИХ-ын даргын албыг хавсран гүйцэтгэх олон дарга нарт хамаатай зүйл. Үүнийг Үндсэн хуульд хүрэлгүйгээр зохицуулж, нэг мөр хориглож болохоор зүйл.


        ESA— Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэг орон даяар өрнөж байна. Эх хуульд гар хүрэх асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй танилцаж амжсан уу?


        -Бидний 17 жил ярьж байгаа “дордуулсан долоо” гэдэг нэмэлт өөрчлөлтийн сөрөг үр дагавар өнөө үед маш тодорхой илрэх боллоо. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн хүн парламентаас томилдог гүйцэтгэх засаглалын кабинетад ороод ажиллачихаар гол будлиан үүсчихээд байна. Хэрэвзээ УИХ-ын гишүүн давхар дээлтэй байхыг хориглодог байсан бол нэгэнт УИХ-ын гишүүн сайд болохгүйгээс хойш Засгийн газраа өнөөгийнх шиг байнга оролдохгүй байх байсан нь тодорхой. Одоо хэлэлцүүлэг өрнүүлээд байгаа нэмэлт өөрчлөлтүүдийг заавал хэрэгтэй зүйл гэж би хувьдаа бодохгүй байна. Өмнө нь нам хоорондын тэмцэл өрнөдөг байсан бол одоо нам доторхи тэмцэл өрнөж байгааг бид харж байна. Энийг л арилгах гэж Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах гээд байна гэж ойлгож байгаа. Гэхдээ энэ санаагаа тайлбарлахдаа хууль зүйн бус утгаар ярьж ойлгуулаад байгаа юм. Засгийн газрын насжилт богино байгаа нь нам доторхи тэмцлээс үүдэлтэй болохоос биш хууль зөрчөөд огцорсон нь ховорхон шүү дээ. Ер нь Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг Үндсэн хуулийн Цэц рүү оруулж хэлэлцдэг болж яагаад болохгүй гэж.  


         ESA— Засгийн газрын тогтворгүй байдлын талаар нэгэнт ярьсных  У.Хүрэлсүхийн кабинетын насжилтыг тооцоолоод эхэлж.  Энэ Засгийн газрын бүрэлдэхүүн таны сэтгэлд хэр нийцэж байна. Үнэхээр МАН-ын Их хурлыг үзэхгүй огцорчих юм биш байгаа?


        -Ерөөсөө ардчилалын 27 жилийн түүхийг бид алган дээрээ тавиад харж байна. Олон ч Засгийн нүүрийг энэ хугацаанд үзлээ, Монголчууд. Тиймээс энэ Засгийн газраас хүлээх хүлээлт их байна. Ажлаа аваад удаагүй байгаа энэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг ийм тийм гэж өнөөдөр дүгнэхэд эрт байна. Харин юу гэж хэлж амласныг нь бид тод санаж байгаа. Ерөнхийлөгч ч, Ерөнхий сайд ч сайхан зүйл амлаж одоогийн албан тушаалдаа хүрсэн. Гэвч алхам нь амлалтаасаа зөрөөд эхлэвэл бид дахиад л дүнгээ тавих болно. Засгийн газрын насжилт, тогтвортой байдлын талаар харин тааж хэлж мэдэхгүй юм.


         ESA— Таньтай цаг үеийн асуудлаар болон хуулийн орчны талаар голчлон ярилцлаа. Одоо харин МАХН дотор үүсээд буй нөхцөл байдлын талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь. УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй нэр бүхий хүмүүсийн зүгээс намын удирдлагадаа тавьж буй шаардлагыг та зөв гэж үзэж байна уу?


       -Намын халуун тогоон дотор яг юу болж байгааг би сайн мэдэх боломжгүй. Учир нь би өнөөгийн намын удирдлагатай санал бодол нийлэхгүй, зарчимч шаардлага тавиад аргаа барсандаа намын гишүүнээс татгалзах өргөдлөө өгчихсөн. Өнгөрөгч 2016 оны УИХ-ын сонгуульд оролцоогүй нь ч үүнтэй холбоотой. Намын удирдлагад шаардлага хүргүүлж тэмцэж буй энэ гишүүд миний хоёр жилийн өмнө аргаа бараад тэмцсэнтэй л адил нөхцөл байдалд байгаа юм билээ. Энэ нам угаас нам биш нэг хүнийг тойрон хүрээлэгчдийн хүрээлэл болчихжээ.

 


   

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.