Forbes: Дэлхийн хамгийн нөлөө бүхий мөн хамгийн залуу эмэгтэйчүүд-2017

2017-11-09 13:21

ESA: Америкийн Форбес сэтгүүл энэ оны хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйг нэрлэжээ. Тэдний дунд 40 хүртэлх насны 9 эмэгтэй багтсан байна. Эдгээр эмэгтэйчүүдийн талаарх мэдээллийг Forbes сэтгүүлээс авсан эх сурвалжтайгаар хүргэе.
.
 

1. ТЭЙЛОР СВИФТ


Нас: 27
Салбар: шоу-бизнес
2017 оны дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтанд 85-д бичигдсэн.
Иргэншил: АНУ
Гэр бүлийн байдал:  Гэрлээгүй

 


            Свифт 2006 онд ердөө 16 настайдаа дебют цомгоо гаргаж байв. Энэ цомог нь АНУ-ын Billboard 200-д хамгийн их борлуулагдсан цомгуудын жагсаалтанд багтсан юм. “1989” нэртэй сүүлийн цомог нь 2014 онд хамгийн борлуулалттай цомог болсон.  2017 оны наймдугаар сард Свифт Youtube суваг дээр «Look What You Made Me Do» клипээ байршуулсныг 43 сая гаруй удаа үзжээ.


           Мөн тэрбээр тоглолтынхоо тасалбарыг шинэлэг байдлаар худалдаална гэж зарлаж байлаа. Тодруулбал түүний цомгийг худалдан авдаг, клипийг нь үзэж, олон нийтийн сүлжээгээр идэвхитэй түгээдэг дэмжигчиддээ зориулан дуудлага худалдаа зохион байгуулахаар Свифт шийдсэн юм. Энэ нь тасалбар дамлан борлуулахаас сэргийлсэн үйлдэл гэж тэрбээр тайлбарлаж байлаа.

 


2. ПРИСЦИЛЛА ЧАН


Нас: 32
Салбар: сайн үйлс
2017 оны дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтанд 69-д бичигдсэн.
Иргэншил: США
Гэр бүлийн байдал: Гэрлэсэн, хоёр хүүхэдтэй.

 

 

       Анагаах ухааны боловсролтой, Харвардын их сургуулийг төгссөн, Chan Zuckerberg Initiative  санг хамтран байгуулагч Присцилла Чаныг Фейсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Цукербергийн эхнэр гэдгээр нь дэлхий нийт танина. Гэхдээ тэр зүгээр ч нэг алдартны гэр бүлийн хүн биш. Чан Bill & Melinda Gates Foundation болон Bloomberg Philanthropies байгууллагуудын хамтаар буурай орлоготой 60 оронд зүрх, судасны өвчнөөс үүдэлтэй нас баралтыг бууруулах  Resolve   хөтөлбөр хэрэгжүүлэхэд 225 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Сайн үйлсийн санаачилгынхаа хүрээнд тэрбээр Мета систем боловсруулсан юм. Энэ систем нь хиймэл оюун ухаан дээр үндэслэгдсэн бөгөөд эрдэм шинжилгээний нийтлэлүүдийг нэг дор унших боломжийг судлаачдад олгожээ.
2015 онд  Цукерберг болон Чан нар амьдралынхаа туршид Фейсбүүкийн хувьцааныхаа 99 хувийг буяны ажилд зориулна гэж мэдэгдэж байлаа.

 


3. ПРЯНКА ЧОПРА


Нас: 35
Салбар: шоу-бизнес
2017 оны дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтанд 97-д бичигдсэн
Иргэншил: Энэтхэг

 

 

       Прянка Чопра 2003 оноос эхлэн Болливудад нийтдээ 40 гаруй кинонд тоглон, амжилтанд хүрсний дээр Холливудад ч хөл тавьж чадсан юм. Тодрбуулбал 2015 онд түүний тоглосон Quantico цуврал гарснаар Чопра Америкийн телевизд гол дүр бүтээсэн анхны энэтхэг эмэгтэй жүжигчин болсон бол 2017 онд түүний тоглосон  “Малибугийн аврагчид” кино АНУ-д гарч эхлэжээ.


        Одоо тэрбээр Холливудаас тавьсан олон санал дээр ажиллаж байна. Харин эх орондоо Purple Pebble Pictures гэх продюссерын компани үүсгэн байгуулж, нутгийнхаа авьяастнуудыг нээн илрүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн “Прянка Чопрагийн боловсрол, эрүүл мэндийн сан”-гаараа дамжуулан Энэтхэгийн ядуу гэр бүлүүдийн хүүхдүүдэд боловсрол олгон, эрүүл мэндэд нь анхаардаг гэнэ.

 


4. ИВАНКА ТРАМП


Нас: 36
Салбар: улс төр
2017 оны дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтанд 19-д бичигдсэн.
Иргэншил: АНУ
Гэр бүлийн байдал:  гэрлэсэн, гурван хүүхэдтэй

 

 

           АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ууган охин, мөн ерөнхийлөгчийн зөвлөх Иванка Трамп улс орныхоо тэргүүн хатагтайн үүргийг гүйцэтгэж байна гэж олон хүн ярьдаг. Үүнээс өмнө тэрбээр хувцас загварын салбарт ажиллаж байсан бол өдгөө Их 20 дээд хэмжээний уулзалтанд оролцож, улс төрийн хүрээнд идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна.

 


5. БЕЙОНСЕ НОУЛЗ


Нас: 36
Салбар: шоу-бизнес
2017 оны дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтанд 50-д бичигдсэн.
Иргэншил: АНУ
Гэр бүлийн байдал: гэрлэсэн, гурван хүүхэдтэй

 

 

      Грэммигээс анх 19 настай байхдаа шагнал гардаж байсан бол 2011 онд Billboard сэтгүүл түүнийг “Мянганы уран бүтээлч”-ээр тодруулж байв. 2017 онд Бейонсе Форбес сэтгүүлийн хамгийн чинээлэг алдартнуудын жагсаалтад хоёрдугаарт бичигдсэн бол энэ жагсаалт дундаа 105 сая ам.долларын хөрөнгөтэй гэдгээрээ хамгийн чинээлэг эмэгтэйд тооцогдсон юм.

 


6. РОШНИ НАДАР МАЛОТРА


Нас: 36
Салбар: технологи
2017 оны дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтанд 57-д бичигдсэн .
Иргэншил: Энэтхэг
Гэр бүлийн байдал: гэрлэсэн, хоёр хүүхэдтэй

 


           Баруун-хойдын их сургууль болон Келлогийн нэрэмжит менежментийн сургуулийг төгссөн Рошни Надар 2009 онд 27 настайдаа HCL Technologies компанийн CEO болж, харин жилийн дараа гүйцэтгэх захирал болсон юм. 1976 онд эцэг Шив Надар нь үүсгэн байгуулсан компанийн стратегийн бүхий л шийдвэрийг Рошни гаргадаг.  Мөн тэрбээр Энэтхэгийн шилдэг сургууль, коллежийг үүсгэн байгуулсан  Shiv Nadar сангийн гол санхүүжүүлэгчийн нэг юм.

 


7. ЖАСИНДА АРДЕРН


Нас: 37
Салбар: улс төр
2017 оны дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтанд 38-д бичигдсэн.
Иргэншил: Шинэ Зеланд
Гэр бүлийн байдал: гэрлээгүй

 

 

         Саяхан Шинэ Зеландын Ерөнхий сайдаар сонгогдсон Жасиндра Ардерн бол бусдыг өөртөө татаж чадах улс төрч асар богино хугацаанд дээд өндөрлөгт хүрч болохын нэгэн жишээ юм. Ардерн 2017 оны наймдугаар сард Лейборист намыг удирдаж байсан бол 10 дугаар сард энэ нам ялалт байгуулжээ. Тэр бүү хэл “Жасиндамани” гэх нэр томъёо хүртэл гарсан байна. Учир нь намын дарга болоод аравхан хоногийн дотор лейбористууд сонгуулийн сурталчилгааны ажилдаа зориулан 500 мянган ам.долларын хандив цуглуулж чаджээ. Харин түүнийг намаа тэргүүлж байх үед намын нэр хүнд 43 хувь хүртэл өсч, 10 жилд байгаагүй дээд амжилт тогтоосон байна.

 

 

8. МАРГАРИТА СИМОНЬЯН


Нас: 37
Салбар: медиа
2017 оны дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтанд 39-д бичигдсэн.
Иргэншил: Орос улс
Гэр бүлийн байдал: хоёр хүүхэдтэй

 


2005 онд Симоньян 25 настайдаа RT буюу “Russian today/Оросын өнөөдөр/” гэх олон хэлээр нэвтрүүлгээ цацдаг мэдпээллийн хэрэгслийн сүлжээг удирдаж байв. Энэ агентлагийн үзэгч, уншигчдын тоо байнга өсч байдаг. Зөвхөн энэ оны есдүгээр сард гэхэд агентлагийн цахим хуудас 144 сая гаруй хандалттай, харин 2016 онд телевизийн сувгийг 70 сая гаруй хүн үзсэн байна.   

 

 

9. ЖИН ЛИУ


Нас: 39
Салбар: технологи
2017 оны дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтанд 40-д бичигдсэн.
Иргэншил: Хятад
Гэр бүлийн байдал: гэрлэсэн, гурван хүүхэдтэй

 

 

                Лиу бол 50 тэрбум ам.доллараар үнэлэгддэг, Хятадын 400 хотод байх тээврийн тавцангийн Didi Chuxing гэх стартапын Ерөнхийлөгч юм. Харвардын их сургуулийг төгсөж, 12 жилийн турш Goldman Sachs-д / ESA: Голдман Сакс Групп 1869 онд байгуулагдсан. Байгууллагын хэрэглэгчдэд хөрөнгө оруулалтын банк, үнэт цаас, хөрөнгө оруулалтын удирдлага болон бусад санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг олон улсын хөрөнгө оурулалтын банк, үнэт цаасны фирм юм /ажиллаж байсан Жин Лиу 2014 онд дээрх компанийг удирдах болжээ.

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.