Буриад улс Монголын УЦС-ын хувь заяаг шийдэх нь

2017-11-14 14:48

 


    Монголд хомсдож байгаа эрчим хүчийг Буриад нийлүүлснээр манай улсыг УЦС байгуулах хувилбараас татгалзана гэж Буриад үзэж байна




    Галуут нуурын цахилгаан станцыг нэмэлт хүчээр ажиллуулснаар Буриад улс Байгал нуурт хохирол учруулах Монголын УЦС-ын байгууламжийг байгуулах тухай асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж Буриадын Тээврийн хөгжил, эрчим хүч, замын аж ахуйн сайд Сергей Козлов мэдэгджээ. Энэ талаар ТАСС агентлаг дамжууллаа.

    Манай улс эрчим хүчний хомсдлоо шийдвэрлэх үүднээс Байгал нуурын гол цутгалан болох Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц байгуулах боломжийн талаар сүүлийн жилүүдэд судалж байгаа. Харин ийнхүү Байгал нуурын гол цутгалан дээр УЦС байгуулах нь дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн нууранд асар хор хохиролтой гэж үзсэн Оросын тал энэ хувилбараас татгалзахыг уриалж, эрчим хүчний хомдслыг Оросын нутаг дэвсгэрээс хямд үнээр нийлүүлэх эрчим хүчээр нөхөхийг удаа дараа санал болгож байгаа юм.

   Лавров: Байгал нуурын цутгал дээр УЦС барихгүйгээр Монголын эрчим хүчний асуудлыг шийдэх боломж бий

 

    Тэр дундаа, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Буриадад айлчлах үеэрээ Монгол улсыг УЦС байгуулах хувилбараасаа татгалзахын тулд эрчим хүч хямд үнээр нийлүүлэх боломжийг судлах үүргийг Буриадын холбогдох албан тушаалтнуудад өгч байлаа.


    Энэ хүрээнд зохих боломжуудыг судалсны үндсэн дээр Буриад улс эрчим хүч нийлүүлснээр МАНАЙ УЛСЫГ УЦС БАРИХ ШААРДЛАГАГҮЙ БОЛНО гэж үзэж байгаа юм байна.


    “Галуут нуурын цахилгаан станцыг дээд түвшин хүртэл нь нэмж ачаалласнаар 3,2 тэрбум киловатт цагийн хэмжээтэйгээр экспортоо нэмэгдүүлэх боломжтой. Энэ нь Монголд баригдахаар төлөвлөгдөж буй УЦС үйлдвэрлэх цахилгааны хэмжээнээс давж байгаа юм” хэмээн Козлов Байгалын бүс нутгийн дэд бүтцийн форумын хуралдаан дээр мэдэгджээ.


    Ийнхүү эрчим хүч нийлүүлэхэд Галуут нуурын цахилгаан станц- Сэлэнгэ-Дарханы 220 киловольтын цахилгаан дамжуулах шугмын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Козлов онцолсон байна.

Монгол руу татах эрчим хүчний сүлжээнд Хятад хөрөнгө оруулалт хийж магадгүй


     Буриадаас Монгол руу жилд 200 сая киловатт-цаг цахилгаан эрчим хүч нийлүүлэгдэж байгаа. Одоо ашиглагдаж байгаа цахилгаан дамжуулах шугам нь хамгийн ихдээ 245 мегаватт дамжуулах  хүчин чадалтай гэдгийг Козлов онцолжээ.


    Ийнхүү нэмэлт эрчим хүч нийлүүлэх замаар Монголын УЦС байгуулах талаарх санаачилгыг зогсоохыг хичээж байгаа нь дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн Байгал нууранд УЦС хор хөнөөлтэй гэж үзсэнтэй холбоотой юм. Манай улсад усан төхөөрөмж байгуулвал Байгал нуурын экосистем болон Сэлэнгэ мөрөнд, ялангуяа ус багатай жилүүдэд сөрөг нөлөө үзүүлнэ гэж Оросын эрдэмтэд үзэж байгаа. Түүнчлэн УЦС байгуулвал тухайн бүс нутагт газар хөдлөлтийн аюул нүүрлэх эрсдэлтэй гэж үзэх шинжээчид ч олон байгаа юм.

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.