Үндэсний үйлдвэрлэгчдийг 25 сая хүнтэй ЗАХ ЗЭЭЛ хүлээж байна

2017-11-20 09:11

 

     Энэ бол өвөрмонголын хэрэглэгчдийн талбар. Сүүлийн жилүүдэд монгол үйлдвэрлэгчид өвөрмонгол болон хятадын үзэсгэлэн худалдаа дамжин бүтээгдэхүүнээ борлуулдаг болжээ.



 

        “Гэрээсээ гараад сар болж байна” гэх хүнтэй тааралдсан бол “Сар юу ч биш, бүтэн жил экспо дамжин явж байгаа хүмүүс ч бий” гэх өөр нэгэн байна.


    “ЭХ СУРВАЛЖ” агентлаг өнгөрсөн баасан гаригт ӨМӨЗО-ы Шилийн хот дахь “Монгол хот” худалдааны төвийн нээлтээс сурвалжлага бэлтгэлээ. Энд монголын 30 гаруй аж ахуйн нэгж болон иргэд бүтээгдэхүүнээ дэлгэн тавьсан байв.


    Эсгий, ноос ноолуур, арьс шир, мөнгөн эдлэл худалдаалж буй бүтээгдэхүүний дийлэнхийг эзэлнэ. Ерөөс эндхийн хэрэглэгчдийн эрэлт энэ. Монголын үндэсний хэв шинжийг агуулсан хувцас хунар, эд эдлэл бүхэн өвөрмонголчуудын сонирхолд нийцдэг байна. Лангуу бүрт “Энэ монгол уу?” гэж асуух хүмүүстэй тааралдана. Монголчууд бид барууны гэсэн эд зүйлийг илүүд үздэг шиг өвөрмонголчуудад ар монголоос ирсэн бүтээгдэхүүнүүд бол загвар, чанарыг илтгэдэг гэнэ.


    “Монголын бүтээгдэхүүн чанартай, тэгээд загвар сайтай хэр нь үнийн хувьд боломжийн байдаг” гэж тэд үздэг юм байна.

 

 


    Ний нуугүй хэлэхэд, монголоос очсон бидэнд бол өнөөх л эсгий гутал, гэрийн шаахайнууд, нөгөө л нэг хэвийн загвартай ноос ноолууран бүтээгдэхүүнүүд тэнд байв. Юу хэлэх гээд байна вэ гэхээр, бүтээгдэхүүнээ илүү загварлаг, олон төрөл болгож чадвал ӨМӨЗО-ы 25 сая хүнтэй бэлэн зах зээл үндэсний үйлдвэрлэгчдийг маань алгаа тосон хүлээж байна. Бидэнд их том боломж байна.


    “Монгол хот” худалдааны төв анхны салбараа Хөх хотод өнгөрсөн жил нээсэн байна. Энэ хугацаанд нийтдээ 150 сая юанийн бараа бүтээгдэхүүн эргэлтэд оруулсан нь энэ дэлгүүрийг нээсэн өвөрмонголчуудад ихээхэн урам өгчээ. Цаашид хэд, хэдэн хотод салбараа нээхээр сэтгэл шулуудсан гэнэ.


    “Хаа холоос бараа, бүтээгдэхүүнээ чирээд ирэх хэцүү л дээ. Гэвч бид монголд хийж чаддаггүй борлуулалтаа өвөрмонголд хийж чаддаг. Замын зардал, татвараа төлөөд үлдсэн ашиг нь монголд хийдэг борлуулалтаас давж гарч чаддаг” гэж тэнд очсон монголчууд маань ярьж байна.


    Татвар гэснээс, Эрээн хот дахь Худалдааны чөлөөт бүсийнхэн монголчуудад нэгэн таатай боломжийг олгосны үр дүнд манай үндэсний үйлдвэрлэгчдийг ийнхүү “Монгол хот”-той холбох гүүр болжээ. Чөлөөт бүстэй гэрээ байгуулсан тохиолдолд бараа бүтээгдэхүүнээ харьцангуй хямд татвартайгаар хятад руу оруулах боломж бүрдсэн байна.


    Ингээд “Монгол хот”-д лангуу түрээслэх өртөг өдөрт нэг м2 нь 2.8 юань. “Монгол хот”-ын нээлтэд зориулсан үзэсгэлэн худалдаа тав хоног үргэлжилсэн юм. Сайны хажуугаар саар нь ч бас байна. Эрээнээс хятадын дуураймал ноос ноолуур дарж ирэн хямд үнээр зарж, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ урмыг ууцтай нь хугалж буй нөхөд ч байна. Гэвч “Монгол хот”-ын удирдлагуудын зүгээс нэгэнт зорьж очоод түрээсээ төлж байгаа тэдэнд ялгавартай хандах дүрэм, журмыг гаргасангүй. Тэгээд ч адилхан л монгол хүмүүс, адилхан л амьдрах гэж яваа болохоор тэднийг чичлээд суух хэцүү аж. Сонголтыг худалдан авагчдад үлдээхээс яахав.


Лангуу бүрт “Энэ монгол уу?” гэж асуух хүмүүстэй тааралдсаны учир энэ байж.


“ҮЛ ОЙЛГОГДОХ” ҮЙЛ ХИЙГЧИД...

 

 


     “Монгол хот”-ын нээлтэд олон хүний бүрэлдэхүүнтэйгээр, чамгүй ач холбогдол өгч ирсэн хэсэг монгол иргэн эрхгүй анхаарал татав. Тэдний танилцуулж буй бүтээлүүд монгол үндэсний хэв соёлыг харуулахаас гадна чамгүй тансаг харагдана. Дөрвөн бэрхийн мэргэ, шагайгаар морь уралдуулах тоглоомыг маш хүндэтгэлтэй, гоёмсог шийдлээр танилцуулж байв.


    Энд тэд ашиг хайж ирээгүй, зөвхөн аль эрт ерөнтцийн мөнх бусыг үзүүлсэн өвөг дээдсийнхээ сүнстэй холбогдож, тэднийхээ заавраар ирсэн гэх “хийсвэр” зүйл ярих нь мөн сонин. Энэ тайлбарыг сийрүүлж бичихэд учир дутагдалтай тул өөрийгөө Хиан Их хүрээний эзэн их үйлстэн, “Их Ах” хэмээн танилцуулсан эрхэмтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.


    ESA—Та бүхэн олон хүний бүрэлдэхүүнтэй ирсэн харагдаж байна. “Монгол хот”-ын нээлтэд чамгүй ач холбогдол өгчээ?


    -Бид энд бизнес хийх гэж биш, монгол түмэндээ монгол язгуур, ёс заншлыг таниулж харуулах гэж ирсэн. Бид өвөг дээдсийнхээ хүсэлтээр, тэднийхээ “Монгол түмнийг сайн сайхан амьдрах, мандан бадрахад хэрэгтэй” гэж хэлсэн тэр зүйлийг нь бүтээл болгож гаргаад тэрийгээ танилцуулж явдаг.


    Өөрөөр хэлбэл, бид дэлхийг тойрон явж, монголчууддаа эдгээрийг танилцуулах учиртай хүмүүс.  Ар монголдоо энэ чиглэлээр нэлээн явсан, ингээд энд бас үйл хийх ёстой болоод бөөнөөрөө ирчихээд байж байна.
    Зөвхөн “Монгол хот”-ын нээлтэд оролцох ч биш, уул ус тахихаас авахуулаад маш олон ажилтай ирсэн.


   ESA—Та бүхэн ямар нэгэн байгууллагад харьяалагддаг уу. Эсвэл хувь хүмүүс хоорондоо нийлээд энэхүү үйл ажиллагааг эрхэлдэг юм уу?


    -Манай “Монголын Хиан бүлхэмдэл”-ийнхэн “Урлахуйн хишиг” гэж компанитай. Түүнчлэн “Нүүдэлчин сэрэхүй” ТББ-тай.  Бид Тэрэлжид, ууланд монгол ёс заншлаараа амьдардаг харь элгийн хүмүүс.  Биднийг бөөтэй андуурдаг нь ч бий. Тийм биш. Бид монгол түмнийхээ язгуурын сүнсийг сэрээх үйл хийдэг. Өвөг дээдсээс “хэлсэн” үйлийг хийж отоглож амьдардаг. Манай отогт нийт 20 гаруй хүн бий. Энд ирсэн нь 10 гаруй хүн байна.


    Монгол хүний эрүүл саруул амьдрахад хэрэгтэй гэж өвөг дээдсээс хэлсэн бүтээлүүдийг энэ үзэсгэлэн худалдаанд гаргаж тавьж байгаа. Эдгээр бүтээлийг маань хүмүүс хараад “Энэ минийх байна” гэдгийг таних учиртай юм.


      ESA— Уучлаарай, хэрэв өвөрмонголчууд үүнийг тань ойлгохгүй, худалдаж авахгүй бол тэр хол газраас ирэх гэж гаргасан зардлаа яаж нөхөх вэ?


     -Өвөрмонголчууд ар монголоос илүү үүнийг ойлгож эхэлсэн. Зовлонд байгаа ард түмэн учраас тэр юм уу, “Монголоороо байх ёстой, монгол уламжлалаа мэдэж авъя, монголоо алдаад байна гэсэн” гэсэн бодолтой хүн олон байна. Өвөрмонголчууд язгуурын монгол зүйлээ хайж явдаг хүмүүс.
Тэгээд ч бидэнд ашиг олохгүй байх вий гэхээс айх зүйл байхгүй, нэгэнт энд ашиг хайж ирээгүйгээ хэлсэн шүү дээ.


       ESA— Та бүхний энд дэлгэн тавьсан бүтээл маш сонирхолтой бас тансаг хийцтэй юм?


        -Өнөөдөр бид өвөрмонголчуудыг  язгуурын монгол наадгайгаар наадуулж, монголчууд эрт дээр үед ямар уламжлал, соёлтой байсныг мэдрүүлж байна. Дараа нь аль бүтээл хэнд, ямар хэрэгтэйг ойлгуулна. Бүтээлүүддээ бид эзнээ сайн сайхан, аз жаргалтай байлгах домыг нь хийчихсэн байгаа. Нийтдээ 100 гаруй нэр төрлийн бүтээл энд танилцуулж буй. Тулганы суурийг хийсэн мод гэхэд л аянганд ниргүүлж, бүрэн боловсорсон мод буй. Ер нь аливаа байгалийн эд зүйл өөрөө бүрэн боловсордог цаг хугацаатай. Алт, мөнгө, зэс, гууль гээд бүгд бүрэн боловсордог учиртай.


      ESA—Сонин юм аа, монголд байхдаа Та бүхний талаар, ийм үйл ажиллагаа явуулдаг хүмүүс байдаг гэж огт сонсч байгаагүй юм байна?


- Бид “Хүннү молл” их дэлгүүрт бүтээлүүдээ худалдаалдаг байсан. Одоо Гандантэгчинлэн хийдийн ойролцоо нэг дэлгүүр нээх гэж байгаа. Тэнд маш олон бүтээл бий. Энэ үйлээ бид дэлхийн олон орон дахь монголчууддаа 10-аад жилийн турш интернэтээр түгээсэн.

 


Д.ОЮУНБААТАР: ӨВӨРМОНГОЛЧУУД МОНГОЛ ҮНДЭСНИЙ

БҮТЭЭГДЭХҮҮНД ЭЛЭГТЭЙ ХАНДДАГ

 


     Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, Орхон аймгийн харьяат Д.Оюунбаатар гуай энд хүүтэйгээ хамт иржээ. Тэрээр эсгийгээр хийсэн гутал, гэрийн шаахай, оймс гээд нийт долоон төрлийн бүтээгдэхүүнтэй ирсэн байв.  “Нийтдээ 4 сая орчим төгрөгийн зардал гаргаж энд ирсэн.  Шилийн хотод 20-иод хоногийн өмнө мөн үзэсгэлэн худалдаа болоод монгол бараа худалдаалчихсан болохоор өнөөдрийн байдлаар санасан хэмжээндээ борлуулалт хийж чадаагүй л байна. Маргаашаас гайгүй болох байх аа. Тодорхой хэмжээний ашиг гардаг учраас би энэ хүртэл явж ирсэн. Монголд зарснаас арай илүү боломжтой байдаг. Яагаад гэхээр миний хийж байгаа зүйлийг хятадууд хийж чаддаггүй. Өвөрмонголчууд монгол үндэсний бүтээгдэхүүнд бас их элэгтэй ханддаг” гэж ярилаа.  


Э.ЦЭЦЭНБААТАР: "ГОВЬ" БРЭНДИЙГ ӨВӨРМОНГОЛЧУУД ТӨДИЙГҮЙ

ХЯТАДУУД АНДАХГҮЙ БОЛСОН


    “Монгол хот” худалдааны төвийн захирал Э.Цэцэнбаатартай ярилцлаа.

 

 


      ESA— “Монгол хот” худалдааны төв хэрхэн үүссэн талаар яриагаа эхлүүлье?


    -“Монгол хот” өнгөрсөн жилийн есдүгээр сарын 10-нд анх Хөх хотод үүдээ нээж өрхөө сөхсөн. Бидний хэсэг нөхөд монголчуудынхаа уламжлалт аж үйлстэй холбогдсон зүйлүүдийг хийж эхэлсний нэг нь энэ “Монгол хот” худалдааны төв. Монголчуудыг нэгтгэсэн зах зээлийн тавцан хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон хэрэг. Ерөөсөө л монголчууд бөөгнөрч юм хийе гэсэн санаанаас үүдэлтэй юм.


    Монголчуудын бараа бүтээгдэхүүн яс чанар сайтай, цэвэр юм гэдгийг хүмүүс мэдэрдэг хэрнээ өргөн хэлбэрээр зах зээлд нийлүүлж чадаагүй. Тэгэхээр энэ дэлхий нийтэд түгэн тарж буй монголчуудын хийсэн бүтээдэхүүнүүд зах зээлд өргөн хүрээг хамрах ёстой гэж бид үзэж байгаа юм.  


     ESA—Монгол бараа, бүтээгдэхүүнүүд энд ирэхээрээ хятадын болон өвөрмонголын хэрэглэгчдэд хэр таалагддаг юм бэ. Үнэ өртгийн хувьд ямар байдаг юм?


    -Ер нь их таалагдаж байгаа шүү. Үнэ өртгийн хувьд ч боломжийн. Хятад хэрэглэгчид ч монголын бараанд их дуртай байгаа. Чанар, загвар, үнийн хувьд маш их таалагддаг.


      ESA— Хамгийн их худалдаж авах сонирхолтой байдаг  бүтээгдэхүүн юу байна?


    -Хүнсний тал дээр бол хиам байна. Нөгөө талаар ноос ноолууран бүтээгдэхүүн хамгийн их сайн байгаа. “Говь” брэндийг өвөрмонголын бүхий л хэрэглэгчид мэддэг. Хятадууд ч бас “Говь”-ийг асууж сурагладаг болсон. “Монгол хот”-д “Эрдэнэт хивс”-ийнхэн бас борлуулалт хийж байна.


    Шилийн хотод байнгын оршин суугчийн тоо 300 мянга. Тэдний 80 хувь нь Монгол Улсын барааг эдэлж, хэрэглэнэ гэж бид тооцоолж байгаа.


      ESA— Шилийн хот газар зүйн болоод эдийн засгийн хувьд ямар онцлогтой хот юм?


    -Газарзүйн хувьд томоохон хотуудаас зайдуу, өвөрмонголчууд их төвлөрсөн хот. Малчид олон бий. Энэ утгаараа монголын эд барааны шаардлага илүү ч болов уу гэсэн бодол байна.


    ESA—Өвөрмонголчууд бас борлуулалт хийж байна. Тэд ихэвчлэн ямар  бараа бүтээгдэхүүн худалдаалж байна вэ?


    -Монгол хувцас. Түүнчлэн өвөрмонголын орон нутгийн бүтээгдэхүүн, малчдын гарын бүтээгдэхүүнийг худалдаж байгаа.


      ESA— Монголоос хүмүүс чамгүй урт зам туулж ирж байна. Тэдэнд ямар давуу талыг олгож байгаа вэ?


     -Бидний хувьд түрээсийн, хамтрах, бараа бүтээгдэхүүнээр хангах гэсэн гурван хэлбэрээр хамтрах нөхцлийг бүрдүүлж байгаа. Түрээсийн хувьд монголын болон өвөрмонголчуудад адил үнэтэй. Нэг метр2 талбайн түрээс 2.8 юань. Үүнд нь цахилгаан, худалдагчийн өртөг орчихож байгаа.


    ESA— Монголд байгаа үйлдвэрлэгчид таньтай хэрхэн холбогдох вэ?


    - “Монголхот” гэсэн цахим худалдааны вэб сайт юм уу, и-мэйл, утсаар холбогдож болно. “WECHAT”-аар мөн холбогдож болно.  


     ESA— Дээр дурьдсан гурван төрлөөр хамтрах хэлбэрийг илүү дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?


       -Монголын чанартай брэнд үйлдвэрлэдэг компаниуд бараагаа нийлүүлж, бид тэдэнд талбараа гаргаж өгөөд  ашиг орлогоо хувааж авах хэлбэр байна. Нөгөө хэлбэр нь гаралтын орноос шууд хүргэх, хил алсалсан худалдаа буюу лангуунд бараа тавих хэлбэр байж болно.

 


 

Ч.ХАСХҮҮ: ЭЭРЭЭНИЙ ЧӨЛӨӨТ БҮС ЭХНИЙ ХОЁР ЖИЛД ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨР АВАХГҮЙ


    Эрээн хот дахь Худалдааны Чөлөөт бүс буюу Эрээн хотын хилийн иргэдийн худалдааны бүсийг байгуулах шийдвэрийг анх 2014 онд гаргаж, өнгөрсөн долдугаар сард ашиглалтад оруулжээ. 100,000 м2 талбайтай, барилгын талбай нь 85000 м2, агуулах болон машины зогсоолтой.


    “Монгол хот” худалдааны төвийн нээлтэд оролцоод буцах замдаа бид Эрээн хотын хилийн иргэдийн худалдааны бүсийн захирал Ч.Хасхүүтэй уулзаж, товч мэдээлэл авсан юм.

 

 


    Тэрээр, “Хил орчмын иргэд Чөлөөт бүсэд өдөрт нэг хүн 8000 юаниас доош өдөрт тутмын бараа хэрэглэгээг худалдахад татвар авахгүй. Хилийн иргэний тоо урьд нь зөвхөн Эрээн хотын иргэдээр хязгаарлагддаг байсан бол одоо Шилийнгол аймгийн нэг сая иргэнээр  хүрээгээ тэлсэн.  


    Монгол Улсын бараа бүтээгдэхүүнээс гадна Оросын барааг энд  борлуулахаар болсон.  Чөлөөт бүс маань тогтмол ажиллаад эхэлбэл худалдааны төвийн нэгдүгээр давхарт Монголын болон Оросын барааг оруулна. Энэ дотроо 143 павилонтой. Одоогоор 40 гаруй хувьд нь гэрээ хийгээд байна. Хоёрдугаар давхарт хятадын чанартай мөртлөө хямд барааг үйлдвэрээс нь татаж авчрах бодлого хэрэгжүүлж байна. Худалдаачид цаашид заавал Эрээний худалдааны төвийг зорих шаардлагагүй болно гэсэн үг.


    Чөлөөт бүсэд түрээслэгчээс эхний хоёр жилдээ павилоны түрээс авахгүй. Зөвхөн зарагдсан бараанаас нь таван хувийн татвар авна. Түрээслэгч маань орлогогүй байвал татвар авахгүй. Тэд эндээсээ цаашаа хятадын болон Өвөрмонголын өөр хотууд руу үзэсгэлэнд явж бараагаа зарж болно” хэмээн ярилаа.

 


      ESA—Одоогоор Эрээн хот дахь энэхүү Чөлөөт бүсэд монгол худалдаачид цөөхөн байна. Хилээр бараа бүтээгдэхүүнээ оруулж ирэхэд Монголын талаас л чамгүй хүнд сурталтай тулж байгаагаас өөр ямар нэгэн бэрхшээл байхгүй байна гэж тэд ярьж байсан.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 2 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (2)

Оогий /202.9.40.70/

2017-12-10 15:28

Миний утас 90750512

Хариулах 0 0
Оогий /202.9.40.70/

2017-12-10 15:27

Сайн байцгаана уу би гараараа монгол гэр авдар сийлдэг энэ үзэсгэлэнд оролцож борлуулмаар байна яаж оролцох вэ энэ хүмүүстэй холбогдмоор байна холбож өгч тус болооч

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.