Елизаветагийн хуримын 70 жилийн ойд: Хуримын бялууг бүтээхэд олон орон оролцжээ

2017-11-20 12:47

    ESA— Өнөөдөр Елизавета гүнж болон ханхүү Филипп нарын хуримын 70 жилийн ой тохиож байна. Английн уламжлал ёсоор 70 жилйин ойг цагаан алтан хурим гэж нэрлэдэг бөгөөд хатан хаан Елизавета энэхүү нэн ховор тохиох ойг тэмдэглэж буй түүхэн дэх анхны ихэс дээдэсд тооцогдпож байгаа юм. Хатан хааны хуримын ойн энэ өдөр одоогоос 70 жилийн тэртээ 1947 онд хурим хэрхэн болж өнгөрсөн талаарх сонирхолтой мэдээллийг Би-Би-Си агентлагаас авсан эх сурвалжтайгаар хүргэж байна.

 

 

ТЭДНИЙ ТАНИЛЦСАН ТҮҮХ


       Елизавета гүнж ханхүү Филипптэй хэрхэн танилцсныг олон нийт мэддэггүй. Ордноос нийтэд танилцуулсан түүхээр бол тэд 1934 онд Филиппийн үеэл эгч, Грекийн гүнж Мария болон Елизаветагийн авга ах Кентийн гүн нарын хуриман дээр танилцсан гэх.


        Гэхдээ хатан хааны гэр бүлийг сайн мэдэх хүмүүсийн ярьснаар, тэд үүнээс ч өмнө, тодруулбал ордонд хааны гүнжүүд хамтран жүжиг тавих үеэр танилцсан гэнэ.

 

 

         Энэ жүжигт ирээдүйн хатан хаан Аладдины дүрд, харин дүү нь гүнжийн дүрд тогложээ.  Гэрийн театр Виктория хатан хааны үеэс эхлэн ихэд алдаршин, уламжлал болсон байна. Ийнхүү уламжлал болгон жүжиг тавьснаар ирээдүйн хаан хатад болон тэдний ойрын хүмүүс олны өмнө биеэ хэрхэн авч явах, ичиж зовнихгүй байхад суралцах ач холбогдолтой байжээ.

 

 

ХЯМРАЛТ ҮЕИЙН ХУРИМ


       1947 онд Британийн эдийн засгийн байдал туйлдаа хүрсэн байв. Дайнд ялсан ч үүний тулд асар их төлөөс төлсөн тул энэ үед улсын өр ДНБ-ий 250%-тай тэнцэж байлаа.

 

 


        Лейборист Засгийн газар аль болох их шинэчлэл хийхээр хичээсэн ч үүнд зарцуулах хөрөнгө байсангүй. Түүний зэрэгцээ Британид хатуу чанга картын систем үйлчилж байв.  Засгийн газар эдийн засгийг төвлөрүүлж, бүх баялгийг аль болох тэгш хуваарилахыг хичээсэн ч энэ нь тийм ч их дэмжлэг хүлээсэнгүй. Яг ийм хүндхэн нөхцөлд, дайны дараа сэхэж амжаагүй байсан улсад хатан хааны хуримын зар тарав. Хэдий хүнд цаг үе байсан ч ард түмэн нь энэ хуримд эрвийх дэрвийхээрээ зүтгэж, мөн хуримын ёслолыг телевизээр шууд дамжуулж байжээ.

 

 


ЖИНХЭНЭ ХАНХҮҮ БА АРД ТҮМНИЙ ГҮНЖ


       Дайны дараа хатан хааны гэр бүл нэгдсэн вант улс болон нөхөрлөлийн орнуудын хамгийн их хүндлэл хүлээсэн нийгмийн институтуудын нэг байв.


        Учир нь дайны үед хааны гэр бүлийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарч, гүнж охидыг хотоос гаргахаар төлөвлөх үед хатан “Охид надгүйгээр хаашаа ч явахгүй. Харин би хааныг орхихгүй” хэмээн мэдэгдэж байв. Мэдээж дайны үед хаан Лондон хотыг, ард түмнээ орхин явахгүй нь тодорхой байсан тул ард түмэн хатны цэцэн ухааныг магтан, энэ гэр бүлийг улам ихээр  дээдлэн хүндэлдэг болжээ. Улмаар дайны үед ирээдүйн хатан хаан, Уэльсийн гүнж Елизавета туслах корпуст ачааны машины жолоочоор ажилладаг байв.


        Харин ханхүүгийн хувьд “ХАНХҮҮ”  гэсэн нэрэндээ жинхэнэ төгс зохицсон хүн байлаа. Залуу сайхан эр тэнгисийн цэрэгт алба хаадаг байсан бөгөөд охид бүсгүйчүүд ихээр татагддаг байсан гэх.

 


БӨГЖ, ДААШИНЗ, БЯЛУУ


        Хуримаа хийх дөхсөн ч Филипп хуримын бөгж захиалах мөнгөгүй байв. Харин түүний ээж Баттенбергийн гүнж Алисад очир эрдэнийн шигтгээтэй титэм байсан бөгөөд энэ титмээс Филипп нэг шигтгээг нь авч, уран дарханд захиалга өгчээ.  Гурван каратын хэмжээтэй энэхүү очир эрдэнийг суулгасан бөгжийг Лондонгийн алдарт Philip Antrobus Ltd компани бүтээсэн байна.

 

 

          Хуримын үеэр эдийн засаг нь туйлдсан байсан тул хатан хаанд зориулсан тансаг хурим хийх чадалгүй байсан ч ард түмэн нь баяр ёслолыг хүлээж байлаа.  Мөн хуримын даашинзыг хэрхэн урлах талаар багагүй асуудал үүсчээ. Тухайн үед Британид даавуун эдлэлийг ч картаар олгодог байв. Ингээд орон даяар эмэгтэйчүүд гүнжийг гоёмсог шинэ даашинзтай болгохын тулд даавуу авах эрхийн бичгээ гүнжид илгээж эхлэжээ.  Мянга гаруй эрхийн бичиг цугласан ч бусдын картаар эд зүйл худалдан авахыг эрс хориглосон байсан тул Елизавета гагцхүү өөрийн картыг л ашигласан байна. Мэдээж Парламент түүнд хуримын даашинз хийхэд нь зориулж 200 эрхийн бичиг нэмж олгожээ. Даашинзыг ордны загвар зохион бүтээгч Норман Хартнелл бүтээсэн бөгөөд энэ даашинзыг өөрийнх нь бүтээсэн даашинзуудаас хамгийн шилдэг нь гэж ярьж байжээ. Английн уламжлалд нэг ч хурим тансаг бялуугүйгээр өнгөрдөггүй. Энэ бялууг бүтээхэд олон килограмм элсэн чихэр, тос, гурил, хатаасан жимс зэрэг олон найрлага орох бөгөөд гэвч 1947 онд бялуунд орох эдгээр найрлагууд хомсдолтой байлаа. Бараг л дэлхий даяар Елизаветагийн хуримын бялуу бүтээхэд гар бие оролцож,  Канад гурил, Ямайка ром дарс, Шинэ Зеланд тос илгээжээ. Тэдгээрийн дундаас Австрали улс илүүтэй зүтгэл гаргаж, скаутын отрядын охид хандив цуглуулан, Лондон хот руу хатаасан жимс, дарсан жимс болон бялуу хийхэд шаардлагатай олон бүтээгдэхүүн илгээсэн байна. Ингээд л олон орны ард түмний зүтгэлээр бүтсэн хуримын бялуу 2,74 метрийн өндөртэйгээр хийгдэж  гүнж, ханхүү нарыг дүрсэлжээ.

 

 


ГҮНЖИЙН ТИТЭМ БОЛОН ХУРИМЫН БЭЛГҮҮД


       Хуримынхаа өдөр Елизаветагийн зүүсэн титэм өнөөг хүртэл эрхэм дээдсийн хамгийн эрхэмсэг гоёлын нэгд тооцогдсоор байна. Энэ титмийг 488 ширхэг очир эрднээр чимэглэсэн бөгөөд энэ титмийг 1888 онд Уэльсийн гүнж Александра өөрийн эгч, Оросын эзэн хаан  III Александрын эхнэр Мария Федоровнагаас хуримынхаа 25 жилийн ойд бэлэг болгон авч байжээ. Тухайн үед энэ титэм 4400фунт стерлингээр үнэлэгдэж байсан бол одоо зөвхөн үнэт эдлэл гэдгээрээ 400 мянган фунт стерлингийн үнэтэй болсон байна. Удам дамжсан энэ титмийг хатан хаан Елизавета 2002 онд алтан хуримаа хийх үед зүүж байжээ.


       Хуримын өдөр залуу хос 2500 гаруй бэлэг авсан байна. Хааны гэр бүл зөвхөн найзууд болон хамаатнуудаас л бэлэг авна гэсэн бичигдээгүй хууль Елизаветагийн хуримаар анх удаа зөрчигджээ. Ханхүү, гүнж нарт зориулсан бэлэг бороо мэт цутгаж байв. Шинэ Зеландын засгийн газраас бичгийн ширээ, Египетийн хаан Фарук алтан зүүлт, Хятадаас гангар шаазан эдлэл зэрэг олон сонирхолтой бэлэг байсны дунд Энэтхэгээс ирсэн бэлэг олны анхаарлыг татаж байв. Махатма Гандигийн нэхсэн ноосон ороолт дээр “Энэтхэгийг чөлөөл” гэсэн бичиг нэхсэн байжээ. Мэдээж, энэ ороолт бүгдэд таалагдаагүй нь ойлгомжтой.


        Дашрамд дуулгахад, Елизавета болон Филипп нарын хурим телевиз болон радиогоор дамжуулсан хааны гэр бүлийн анхны үйл явдал болсон юм. Вестминстерийн ордноос хуримыг шууд дамжуулахад дэлхий даяар 20 сая гаруй хүн үзэж, сонсжээ.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.