Форбес: 2017 оны хамгийн их орлоготой эмэгтэй дуучид

2017-11-21 13:07


     Америкийн "Форбес" сэтгүүл 2017 оны хамгийн өндөр орлоготой эмэгтэй дуучдын жагсаалтыг гаргажээ.



 

     Жагсаалтад 2016 оны зургадугаар сараас энэ оны зургадугаар сар хооронд хамгийн их орлого олсон дуучид багтсан байна. Жагсаалтад багтсан уран бүтээлчдийн талаарх мэдээллийг "Форбес" сэтгүүлээс авсан эх сурвалжтайгаар хүргэе.


  БЕЙОНСЕ, 105 сая $


     Энэ оны зургадугаар сард дуучин бүсгүй Сэра болон Руми гэсэн ихэр хүүхдүүд төрүүлсэн юм. Гэлээ ч хөл хүнд байхдаа ч өрсөлдөгчдөөсөө хол тасарчээ. "Lemonade" цомгийн борлуулалтаасаа 105 сая ам.доллар олсон тэрбээр аялан тоглолтоосоо ч багагүй орлого олсон гэнэ. Өдгөө 36 настай Бейонсе хэсэг хугацааны завсарлага авч, хүүхдүүдээ өсгөж байгаагийн дээр ажилдаа орохоор нэг их яарахгүй байгаа гэж ярьжээ.


2. АДЕЛЬ, 69 сая $

 


        Өдгөө 29 настай Адель зөвхөн төрөлх Англидаа төдийгүй дэлхий даяар алдаршсан хэвээр байна. Энэ онд тэрбээр ээлжит дэлхийг тойрсон аялан тоглолтоо хийсэн бөгөөд тоглолтынх нь тасалбар нүд ирмэхийн зуур худалдаалагдаж дуусчээ. Улмаар Адель 69 сая ам.долларын орлого олж Форбесын жагсаалтанд хоёрдугаарт бичигдсэн байна.


3. ТЕЙЛОР СВИФТ, 44 сая $


     “Look What You Made Me Do” нэртэй дууны клипэн дээрээ Тейлор Свифт хагас нүцгэлэн ваннанд хэвтэж, очир эрдэнэ биен дээрээ асгасан байдаг. Гайхалтай нь зураг авалтад ашигласан үнэт эдлэл жинхэнэ гэнэ лээ. Наймдугаар сарын 27-нд анх танилцуулсан энэ клип дэлхийн дээд амжилтыг эвдэж, ердөө 24 цагийн дотор 28 сая хүн үзжээ. Ийм алдартай дуучин бүсгүй 44 сая ам.долларын орлого олж, Форбесын жагсаалтын гуравдугаарт орсонд гайхах зүйлгүй.  Одоо 27 настай Тейлор ирэх онд дэлхийн улс орнуудаар аялан тоглолт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ тоглолтоос түүний орлого эрс өснө гэж ажиглагчид таамаглаж байна.


4. СЕЛИН ДИОН, 42 сая $


     Өнгөрсөн оны нэгдүгээр сард дуучин бүсгүй нөхрөө алдсан юм. Түүний нөхөр бас продюссер Рене Анжелил хавдар өвчний улмаас таалал төгссөн. Гэлээ ч дуучин бүсгүй удаан хугацаанд уй гашууд автахыг хүссэнгүй 2016 оны хоёрдугаар сард ажилдаа эргэн орж, аялан тоглолт хийж, 42 сая ам.долларын орлого олсноор энэ жагсаалтын дөрөвдүгээрт бичигджээ.


5. ЖЕННИФЕР ЛОПЕС, 38 сая $


    Улирч буй он Женниферийн хувьд олон талаар азтай, одтой жил байлаа. Хайр дурлалтай учирсан 48 настай дуучин бүсгүй бейсболын тамирчин Алекс Родригестэй аз жаргалтай байгаагаа үргэлж л ярьдаг. Мөн урлагийн талбартаа ч амжилттай байж, дэлхийн улс орнуудад аялан тоглолт хийж, Лас-Вегаст цуврал тоглолт хийх ашигтай гэрээ байгуулсан юм. Түүнчлэн “Бүжгийн ертөнц” телешоуны шүүгчээр ажиллах  зэргээр завгүй ажилласны дүнд 38 сая ам.долларын орлого олжээ.


6. ДОЛЛИ ПАРТОН, 37 сая $


     Нас бол тоо гэдгийн жинхэнэ сонгодог жишээ бол Долли. Тэрбээр одоо 71 настай ч Америкийн кантри дуучдын дундаас хамгийн алдартай уран бүтээлч хэвээр байна. Яг л залуугийнх шигээ аялан тоглолтоор явж, энэ жил нийтдээ 63 тоглолт зохион байгуулжээ. Долли хөдөлмөрч чанараараа 37 сая ам.долларын орлого олсон байна.


7. РИАННА, 36 сая $


    Барбадоссын дива  Атлантагаас Цюрих хүртэл хамгийн алдартай концертын тайзан дээр тоглолтоо хийдэг нэгэн.  Өнгөрсөн оны зургадугаар сараас энэ оны зургаадугаар сарын хооронд Рианна 36 сая ам.долларын орлого олсон байна.


8. БРИТНИ СПИРС, 34 сая $


    Нэг хэсэг тайзнаас холдож, “буруу замаар будаа тээн”, хэл амны бай болж явсан Бритни Спирс өнгөрсөн жил яг л алдрын оргил үед байсан шигээ чармайн ажилласан юм. Энэ нь ч үр дүнгээ өгч, Лас-Вегасд тоглолтоо хийх олон саяын гэрээ байгуулан, спорт танхимд биеэ чийрэгжүүлж урьдын адил гялалзах болсноор ашиг орлогоо ч чамгүй нэмжээ.


9. КЭТИ ПЕРРИ, 33 сая $


    Өнгөрсөн жил Кэтигийн хувийн амьдрал таагүй /Кэти найз залуу, Холливудын жүжигчин Орландо Блумаас салсан/ байсан ч ажлын талбартаа амжилттай байлаа. “Witness” нэртэй шинэ цомог гаргаж, шоу, тоглолт зохион байгуулснаар хамгийн өндөр орлоготой дуучдын жагсаалтанд багтжээ. Тэрбээр H&M хувцасны брэнд, Cover Girl гоо сайхны бүтээгдэхүүний нүүр царай болсон. Зар сурталчилгаанд тоглосон шагнал болон тоглолтын орлогоос нийтдээ 33 сая ам.доллар олсон байна.


10. БАРБАРА СТРЕЙЗАНД, 30  сая $

 

     Улирч буй онд 75 настай Барбара 14 тоглолт хийж, орлогоо 30 сая ам.доллараар өсгөжээ.  Барбара Стрейзанд  урьдын адил шоу бизнесийн хамгийн алдартай, ашиг орлоготой эмэгтэйчүүдийн тоонд багтсаар байгаа юм. Урлагийн тайзнаа гарснаас хойших нийт хугацаанд түүний пянз  145 сая гаруй хувиар худалдаалагджээ.

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.