Д.Эрдэнэцэцэг: Монгол орны 50 гаруй хувьд зудын нөхцөл бүрдээд байна

2017-11-23 15:44


    Ус цаг уур, олрчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан зудын эрсдэлийн заргаас харахад нийт нутгийн 50 хувьд өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна.



 
    ESA— Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс цас зуд үүсч болзошгүй газруудад ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээллийн тусламжтайгаар зудын эрсдлийн зураглалыг сар сард нь боловсруулж байна.


    2017 оны зун ихэнхи нутгаар гантай болон гандуу байсан нь ургацын хэмжээг байх, мал тарга хүч дутуу авах, улмаар өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөл бүрдээд байна. Энэ сарын 10-ны Монгол орны 30 гаруй хувьд зудын эрсдэл ИХ, мөн 30 хувьд зудын эрсдэлтэй байгаа юм байна.


    Энэ талаар Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсийн дарга Б.Эрдэнэцэцэгээс тодрууллаа.

 


   ESA—Одоогоор нутгийн 30 хувь зудын эрсдэлтэй байна гэлээ. Аль бүс нутгаар зудын эрсдэл их байна вэ?


     -Зудын эрсдэлийн зураглалыг сар сард нь гаргадаг бөгөөд арваннэгдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 30 хувь зудын их эрсдэлтэй байна. Их эрсдэлтэй гарсан бүс нутаг бол өнгөрсөн зун их гантай байсан, малын бэлчээрийн даац хэтэрсэн, хадлан тэжээлийг хангалттай хэмжээнд бэлтгэж чадаагүй бүс нутаг орж байна. Одоогоор нутгийн төв болон зүүн аймгууд цастай байгаа. Тухайлбал Увс, Завханы зааг нутаг, Ховд, Говь-Алтайн хойд хэсэг, Архангайн зүүн,  Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсгээр болон Булган, Төв аймгийн залгаа нутгаар хамгийн их эрсдэлтэй гарлаа. Мөн Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын хойд хэсэг, Өмнөговийн зарим сумдын нутгаар зудын эрсдэлтэй байна.  Цаашид зарим газраар ахиу цас орох төлөвтэй байгаа нь зудын эрсдлийг улам нэмэгдүүлэх, одоо дунд зэрэг эрсдэлтэй байгаа газар нутгаар өвөлжилтийн нөхцөл байдал муудаж, хүндэрч болзошгүй байна.   
 


   ESA— Сүүлийн 10 гаран  жилд зуд болсон тохиолдол хэд, хэд байна. Хохирлын хэмжээ ямар байна. Үүнд судалгаа хийсэн зүйл байна уу?


    -2000 оноос хойш олон толгой мал хорогдсон 8 жил байна. Нэг ёсондоо 8 удаагийн зуднаар нийтдээ 23 сая толгой мал хорогдож, 20,000 иргэн амжиргаагаа залгуулах боломжгүй болжээ. Дээрх зудын улмаас 1 их наяд 800 тэрбум төгрөгний хохирол учирсан байдаг.

 

    ESA—Энэ өвлийн цаг агаарын төлөвийг гаргасан байсан. Товч танилцуулаач?

 

   -Энэ жил дунджаас яламгүй дулаан, гэхдээ цасны давтамж олон жилийн дунджаас их байна. Хүмүүс олон жилийн дундаж гэж ярихаар өнгөрсөн хоёр гуравхан жилийг дундаж гэдгийг ойлгодог. Гэтэл олон жилийн дундаж гэдэг нь 20-30 жилийн судалгааны ажлын үр дүнд бий болсон зүйл гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Тиймээс энэ жил өнгөрсөн жилээс хүйтэн, эсвэл дулаан ч байж болно.

 

    ESA—Сошиал орчинд энэ жил маш хүйтэн, 40-50 градус хүрч хүйтрэнэ гэсэн мэдээлэл цацагдаад байна. Гэтэл та олон жилийн дунджаас яламгүй дулаан гэж мэдээллээ?


     -Сошиал орчинд хүмүүс янз бүрийн эх үүсвэрээс мэдээлэл авч байна. Зарим үед аль нь үнэн, худал гэдгийг ялгах аргагүй болдог. Гэхдээ Ус цаг уур, орчны судалгааны хүрээлэн цаг уурын тухай албан мэдээллийг гаргаж байгаа. Одоогоор бидний гаргасан урьдчилсан мэдээллээр 40-50 градус хүрч хүйтрэнэ гэсэн мэдээлэл гараагүй. Иргэдийн сошиал яриж байгаа мэдээ бол албан бус мэдээлэл гэж хэлмээр байна.


    ESA—Энэ намар нойтон цас орсон, зарим газраар бороо орж, өдөртөө хайлмагтаж шөнөдөө хөлдсөнөөс болж ихэнх нутагт цасны нягт их байна. Мөн малын бэлчээр мөстөх, хальтиргаа гулгаа үүсэх зэргээр нөхцөл байдал хүндэрч болзошгүйг анхаарах хэрэгтэй байгааг албаныхан анхаарууллаа. Өнгөрсөн зун маш их гантай байсан болохоор малчид өвс тэжээлээ хангалттай бэлтгэж чадаагүй, өвсөө хадъя гээд ч хамар хатгах өвсгүй газар байсан гэж орон нутгаас ирсэн малчдын төлөөлөл ярьж байна.


    Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 3-р багийн иргэн А.Мөнхбаяр:

    "Энэ өвөл хүндрэх болов уу гэж малчид ярьж байна. Тиймээс ч нядалгаа нийлээн хийлээ. Миний хувьд 100 толгой мал нядаллаа. Энэ зун өвсний гарц тааруу байсан болохоор хүн бүр өөрийн боломжоор өвс хадсан, гэхдээ их хэмжээгээр авч чадаагүй. Манай суманд нэг боодол өвс 7000 төгрөгийн үнэтэй байна".


    Булган аймгийн Орхон сумын 3-р багийн иргэн Д.Дэлгэрмөрөн:

 

    "Манай нутагт цастай газраараа их цастай алаг цоог байна. Энэ жил малчид маань өвөл хүндэрч,  зуд болох нь гэж л ярьж байгаа. Миний хувьд 700 гаруй малтай өвөлжихөөр бэлтгэлээ базаалаа. Нутгийн өвс хаддаг газар гантай байсан болохоор өвс бараг авч адаагүй. Тиймээс тэжээлээр л тэжээнэ гэж бодож байна. Даанч худалдааны өвс тэжээлийн үнэ улам бүр л өслөө. Одоогоор боодол өвс 10,000 төгрөг, хивэг 13,000 төгрөг, түүнээс дээш үнэтэй байна".


   "Зудын эрсдэлийн зураглалыг харахад манай улсын бэлчээр сайтай нутгаар зудын эрсдэл их гарсан байна. Энэ нь тухайн газарт малын тоо өндөр байгаагаас үүдэж байгаа юм. Олон тооны малын хөлөөр бэлчээр талхалагдаж, мал идэх өвсгүй болж байна. Тиймээс малчид малын тоондоо бус малын чанартаа анхаарах хэрэгтэй" гэж Японы Нагояагийн их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Нандинцэцэг онцоллоо.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.