И.Нарантуяа: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг эрүүл хүмүүс авч байна

2017-11-24 17:56

  

  Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэмж буюу “групп”-ээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хууль бусаар хасч байгаа тухай Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны гүйцэтгэх захирал И.Нарантуяа мэдээллээ.




     ESA—Тодруулбал 2016 оны зургадугаар сарын 30-наас хойш хөгжлийн бэрхшээлтэй 7000 гаруй иргэнийг группийн болон бусад зардлаас нь хасах шийдвэрийг Эмнэлэг хөдөлмөрийг магадлах төв комиссоос гаргажээ.


        Энэ талаар Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны гүйцэтгэх захирал И.Нарантуяагаас тодрууллаа.


    ESA—Эмнэлэг хөдөлмөрийг магадлах төв комиссоос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ямар шалтгааны улмаас группийн мөнгө болон бусад зардлаас хассан гэж байна?


     -Өнгөрсөн жил сонгуулийн дараа буюу зургадугаар сарын 30-наас хойш өнөөдрийг хүртэл 7000 гаруй иргэнийг группийн мөнгөнөөс нь хассан байна. Энэ талаар эмнэлэг хөдөлмөрийг магадлах төв комиссоос асуухад Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар групп тогтоолгох өвчний жагсаалтыг баталсан. Энэ жагсаалтын дагуу зарим төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг группээс хассан гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Хүн хос эрхтэнийхээ нэгийг алдахаар хөдөлмөрлөх чадвараа алдана биздээ. Тухайлбал, нэг нүд нь хараагүй хүн ажил хийж байгаад нөгөө нүднийхээ харааг алдвал яах вэ? Гэтэл ийм төрлийн бэрхшээлтэй иргэдийг группээс хассан байсан. Үүнийг асуудал  болгож ярьсны эцэст хос эрхтэнийхээ нэгийг алдсан хүн группд байх ёстой гэдэг шийдвэрийг сайдууд гаргаж, 3112 хүн нь буцаж группийн мөнгөндөө орсон. Гэтэл одоо дахиад хүмүүсийг хасч байна. Нүдэнд ил харагдаж байгаа бэрхшээлийг л хөгжлийн бэрхшээл гэж үзээд нурууны үрэвсэлтэй, дотрын өвчлөл буюу дотор эрхтэн дутуу хүмүүсийг хасаад байгаа. Ер нь тэр шийдвэр гаргадаг, эрх бүхий дарга нар нь групп тогтоолгоход байнгын хэвтэрт байгаа хүнд л тэтгэмж өгнө гэж ойлгоод байх шиг байна.


    ESA— Хөгжлийн бэрхшээлтэй иргэд группийн мөнгийг хүртэж чаддаггүй. Эрүүл хүмүүс ч групп тогтоолгоод тэтгэмж авдаг гэж ярьдаг. Үүнтэй холбоотой гомдол мэдээлэл танай байгууллагад ирж байна уу?


    -Би БЗД-ийн иргэн, хөгжлийн бэрхшээлтэй нэг хүүтэй. Тиймээс эмнэлэг хөдөлмөрийг магадлах комиссийн хурал бүрт нь очиж суудаг. Эрүүл хүмүүс эмч нарт нь мөнгө өгөөд группд орчихдог. Гэтэл заавал группд байх ёстой хүн нь яаж ч уйлж, дуулж байсан ч группд орж чадалгүй буцдаг тохиолдол байгаа. Энэ тухай баримт надад бий. Хүсвэл та бүхэн дараа надтай уулзаад энэ талаарх баримтыг дэлгэж олон нийтэд дэлгэж болно. Уг нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт хандсан ч баримт хангалтгүй, таны яриад байгаа зүйл хөдөлшгүй биш гээд шалгахаас татгалзсан.


    ESA— Хөгжлийн бэрхшээлтэй иргэд группийн тэтгэмжээс гадна ямар тэтгэмж авдаг юм бол?


    -Группийн мөнгө 141,000 төгрөг авдаг. Үүн дээр байнгын асаргааны болон унааны мөнгө, түлээ нүүрсний мөнгө гэх мэт хувьсгах зардлыг авдаг. Яг хувьсгах зардал нь нийлээд хэдэн төгрөг болдгийг сайн мэдэхгүй. Ямар ч байсан унааны мөнгө 200,000 төгрөг байдаг. Гэвч хоёр нүдгүй хүн ч энэ мөнгийг олж авч чаддаггүй юм. Жишээлбэл нэг ээж хүүхэд нь унааны мөнгөнөөс хасагдсан тухай өргөдөл бичиж манайд холбоонд ирүүлсэн. Өргөдөл гаргасан ээж “хараагүй хүүхэд ээжээрээ сургуульдаа хүргүүлж, сургуулиасаа авахуулдаг болохоор тухайн хүүхдэд унааны мөнгө шаардагдахгүй” гэж төрийн байгууллагууд үзсэн учраас манай хүүхэд унааны мөнгөнөөсөө хасагдсан гэж өргөдөл дээрээ бичсэн байсан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа ар гэрийнхэнд сар тутамд 200,000 төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй эцэг эхээ асарч байгаа хүнд улиралд 60,000 төгрөгийг тэтгэмжийг улсаас олгодог. 


       ESA— Группийг яаж тогтоодог вэ?


    -Эмнэлэг хөдөлмөр магадлалын комиссын төлөөллүүд, халамжийн мэргэжилтэн, нийгмийн даатгал зэрэг 12-15 хүн тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүнийг үнэлж дүгнэж, эмнэлгийн үзлэгт оруулж шийдвэр гаргадаг байгаа. Энэ комиссын шийдвэрээр л хөгжлийн бэрхшээлтэй хүн групп орох эсэх нь шийдвэрлэгддэг юм. Гэтэл энэ хүмүүс нь хүнээс хахуул аваад эрүүл хүнийг группд оруулчихдаг.


   ESA— Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэмжид хамрагдах нөлөөлж буй нэг зүйл нь “хөгжлийн бэрхшээлийн ангилал” юм. Одоогоор улсын хэмжээнд буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа, яриа, сонсгол, хөдөлгөөн, сэтгэц, хавсарсан, бусад гэсэн ангилалд хамруулж байна. Зарим тохиолдолд хөгжлийн бэрхшээлийн ангилалд багтахгүй өвчлөл гарч байгаа бөгөөд энэ ангиллын улмаас тэтгэмжийн мөнгөө авч чадахгүй хүмүүс байдаг гэнэ. Тиймээс хөгжлийн бэрхшээлийн ангиллыг шинэчлэхээр Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн хамт олон ажиллаж байгаа юм байна.

 

 


     Энэхүү шинэчилсэн ангиллыг Эрүүл мэнд сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд хамтран батлах бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тодорхойлох маягт өөрчлөгдөх юм байна. Өөрөөр хэлбэл анхан шатандаа хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг бүртгэх, хөгжлийн бэрхшээлийг нь нарийвчлан тодорхойлох боломжтой болох юм.


     Энэ талаар Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн хэлтсийн дарга С.Баярбат:

 

 

     “Одоогоор улсын хэмжээнд нэг зуун мянга нэг мянган орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа гэх боловч энэ нь яг албаны судалгаа биш. Тиймээс хөгжлийн бэрхшээлийн ангиллыг шинэчилснээр тоон мэдээлэл үнэн бодитоор гарах юм. Мөн аутизмын хүрээний эмгэг, дотор эрхтний эмгэгтэй болсон иргэдийг хөгжлийн бэрхшээлд бүрэн хамруулж чадна” гэв.

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.