Д.Нармандах: Залуучуудын хөдөлмөр эрхлэх ур чадварыг тодорхойлдог болно

2017-11-30 15:44

    Залуучуудыг байнгын ажлын байртай болоход нь дэмжлэг үзүүлэх, ажил олгогчдын тавьж буй шаардлагад залуу боловсон хүчнүүд тэнцэж байгаа эсэхэд үнэлгээ хийх зорилгоор  “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлж байна.


ESA: Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр энэ төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2018 оныг дуустал үргэлжлэх юм байна.


       Монгол Улсын  ажиллах хүчний 57.2 хувийг 18-35 насны залуучууд эзэлдэг боловч нийт ажилгүй иргэдийн 60 гаруй хувийг залуучууд эзэлж байна. Тодруулбал 2017 оны 3-р улирлын байдлаар хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгэгдсэн иргэд 33,3 мянгад хүрчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 61.9 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна гэж Үндэсний статистикийн хорооноос гаргасан тайланд тусгагджээ. Мөн их дээд сургууль төгсөөд ажлын байртай болтлоо нэг Монгол залуу ойролцоогоор 2.6-2.9 жилийг ажилгүй өнгөрүүлж байна гэсэн судалгаа байдаг.


      Иймд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлснээр залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн байдал нэмэгдэж, зөвхөн ажил олгогчийн тавьсан шалгуураар ажилд орох бус өөрийгөө үнэлж “би энэ ажлын байранд ажиллах ёстой хүн” гэдгээ батлах боломж бүрдэх юм байна.

 
        Тус төслийн үр дүнгийн талаар “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн үндэсний зөвлөх Д.Нармандахаас тодруулахад: Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвүүдийг аймгуудад бий болгох юм. Энэ загвар төвөөр залуучуудын хөдөлмөр эрхлэлттэй холбоотой 5 төрлийн үйлчилгээ үзүүлэх юм. Одоогоор гурван аймагт энэ төвийг байгуулсан бөгөөд төсөл хэрэгжих хугацаанд үлдсэн аймгуудад загвар төвийг байгуулна” гэв.


Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвөөр хүргэх үйлчилгээний тухайд:


Нэгдүгээрт: Ажил хайж байгаа залуучууд хөдөлмөрийн зах зээл хэр ойрхон байгаа юм. Өөрөөр хэлбэл хөдөлмөр эрхлэх ур чадвар ямар байна вэ гэдэгт үнэлгээ хийдэг үйлчилгээг нэвтрүүлж байгаа юм байна. Энэ үйлчилгээ бий болсноор залуучууд ажил хийхдээ бэлэн эсэх, ажил олгогчийн шалгуурыг давж чадах эсэхээ урьдчилан тодорхойлж мэдэх боломжтой болно.


Хоёрдугаарт: Эхний үнэлгээний үйлчилгээндээ тулгуурлаж залуучууд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний ажилтантай хамтарч ажлын байр хайх, бизнес эрхлэх, хувиараа хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөөгөө гаргана. Энэ төлөвлөгөөний үндсэн дээр тухайн ажил хайгч ажлын байртай болох эсвэл өөрийн бизнесээ эхлүүлэх боломжтой болохоор төлөвлөжээ.


Гуравдугаарт: Ажил хайж байгаа залуучууд багаар ажиллах, бичиг баримт боловсруулах, ажлын анкет зөв бөглөж сурах зэрэг сургалтад хамрагдах юм.


Дөрөвдүгээрт: Ажлын байрны шалгуур, ажил мэргэжлийн тодорхойлолт зэрэгтэй урьдчилан танилцах буюу ажил хайж байгаа хүнийг бүх төрлийн мэдээллээр хангах үйлчилгээ үзүүлнэ.


      Их дээд сургууль төгссөн залуучууд ямар ч ажил хийж чадна гэх боловч ажил олгогчийн шалгуурыг давах нь ховор. Тиймээс энэ төрлийн үйлчилгээнд хамрагдсанаар мэргэжил, ажлын байрнаас шалтгаалж, хувь хүнд ямар шаардлага шалгуур тавьдаг вэ гэдгийг мэдэх боломжтой юм.


Тавдугаарт:  Залуучуудын гарааны бизнесийг хөгжүүлэх үйлчилгээг үзүүлэх юм байна.


ESA: “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийг Улаанбаатар хотын Баянгол, Хан-Уул дүүрэг болон Увс, Завхан, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дархан-Уул, Өмнөговь аймгуудад хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд залуучууд байнгын ажлын байр гэхээсээ илүүтэй өөрийн шинэлэг, бизнесийн санааг хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаа нь харагдаж байгаа юм байна.

 


       Энэ талаар Баянгол дүүргийн ХХҮГ-ын Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Г.Энхбаяр: “Баянгол дүүргээс Левон гэдэг бренд шалгарч, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн 10 сая төгрөгийн буцалтгүй тусламжтайгаар үйл ажиллагаа эхлүүлсэн. Энэ оны эхээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол одоо Левон брендийн бүтээгдэхүүнүүд олон улс руу гарч байна. Энэ бренд нь арьс болон модон эдлэлээр цүнх хийж байгаа” гэв.

 


        Дархан-Уул аймгийн ХХҮГ-ын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Б.Сэрүүнтунгалаг:  “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн гарааны бизнес дэмжих уралдааныг зарлахад манай аймгаас 200 гаруй  хүн оролцож байсан. Үүнээс харахад залуучууд өөрсдийн шинэлэг санаан дээр тулгуурлаад гарааны бизнес эхлүүлэхийг маш ихээр зорьж байна. Ямар бүтээгдэхүүн хийвэл зах зээлд борлуулалттай байх талаар  ч судалсан. Ер нь дундаж цалинтай ажил хийж байснаас өөрийнхөөрөө бизнес хийх нь илүү гэж үздэг болсон. Тиймээс залуучуудын гарааны бизнесийг дэмжихэд чиглэсэн бодлогыг аймгийн хэмжээнд хэрэгжүүлж байна” гэв.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.