ДОХ: Тэр өвдсөн, сэргийлээгүйгээс...Тэгээд "ханатай" болсон

2017-12-01 09:05

    

     “Хүн бүр өөрийн нас, хүйс, оршин суугаа газар, хэнийг хайрлаж байгаагаас үл хамааран эрүүл байх эрхтэй”. Тийм ээ, бидэнд олон эрх бий. Бас олон үүрэг бий.


       Өнөөдөр 12-р сарын 1. Монгол Улс 18 дахь жилдээ Дэлхийн ДОХ-той тэмцэх өдрийг “БИ СЭРГИЙЛЖ ЧАДНА. ХАРИН ТА...” уриатайгаар тэмдэглэж байна. Энэ урианаас зүгээр л ҮҮРЭГ-ийг маш томоор нэг хараад үз гэж зөвлөе.


      Өчигдөр биднийг ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаар ороход засвар хийгээд удаагүйгээс будагны үнэр хамар цоргиулан угтлаа. Эндэхийн зарим нэг өрөө  хаалттай бол нөгөө хэсэгт нь эмч нар ДОХ-ын эсрэг өдөртэй холбоотой ажил их сууна. Өнөө “эртний танил” улаан туузыг  бараг л орсон өрөө бүрт олноор нь ширээн дээрээ тавьчихаж. Энд үйлчлүүлэгч тун цөөн харагдана. Эрүүл мэндийн төвүүд дээр оношлогоо, шинжилгээг хийж байгаа болохоор ийн цөөрсөн гэх.  Ганц нэг үйлчлүүлэгч явж харагдах ч нүүрэнд нь ичингүйрэл илт. Эмнэлгийн коридорт ухуулах хуудас, ДОХ/БЗДХ-т өвчнөөс сэргийлэх гарын авлага, үүнтэй холбоотой хуулийн заалтууд хийгээд бэлгэвч хэрэглэх зааврыг зургаар нэг бүрчлэн үзүүлжээ. Мөн “Соndom boх”-ийг хэд, хэдэн газарт байршуулсан байх бөгөөд товчлуур дээр дарснаар хэрэгцээт хэмжээгээр бэлгэвчийг авч болох аж.  


     Өнөөдрийн нөхцөлд БЗДХ/ДОХ-ООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ супер арга бол ҮНЭНЧ байх. Бас тэгээд тэвчих. Харин дараагийнх нь БЭЛГЭВЧ хэрэглэж сурах. Энд мэдээж олныг  үргэлжлүүлж болох ч ингээд үлдээх байна.

 

 

   Тэгвэл БЗДХ/ДОХ ГЭЖ ЮУ ВЭ? ДОХ бол ХДХВ-ээр халдварладаг бэлгийн замын өвчин юм. Энэхүү вирус бэлгийн замаар, халдвартай цус, цусан бүтээгдэхүүн болон эхийн сүүгээр дамжин халдварладаг.


      ХДХВ халдсан бол та шууд ДОХ өвчин тусна гэсэн үг биш. Халдварыг эрт үед нь илрүүлж, яаралтай эмчилгээ хийлгэвэл та ДОХ өвчин тусахгүй бөгөөд насан туршдаа вирус тээгч, аюулгүй нэгэн хэвээр үлдэх боломжтой.
Харин нэгэнт ДОХ туссан бол дархлаа сулрах, арьсан дээр шарх тууралт гарах, уушиг гэмтэж, шингэн, усархаг зүйл бий болох, дотор эрхтэнд шарх гарах, хоол идэж, шингээж чадахаа болих, ханиад томуу, хавдар, сүрьеэ, хавдар амархан тусах зэрэг шинж тэмдэг илэрдэг юм.

 


      Шинж тэмдэг илэрвэл зүгээр шинжилгээ өг. Халдвар авснаас хойш ДОХ-ын шинж тэмдэг илрэх хугацаа хүн бүрт харилцан адилгүй. Шинж тэмдэг илрээгүй ч ХДХВ-ийн халдвартай  байгаад бусдад халдвараа тараах нь бий.

         Энэ тухай эрүүгийн хуулийн 105 дугаар зүйлийн нэгт: Эмнэлэг, эм хангамжийн болон бусад байгууллагын ажилтан дархлалын олдмол хомсдлын өвчний нян илрүүлэх шинжилгээ хийлгээгүй цус, цусан бүтээгдэхүүн, эд эрхтнийг борлуулсны улмаас тухайн өвчний халдвар бусдад халдаасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох. Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах. Эсхүл гурван хүртэл хорих ял шийтгэнэ.


        105,2. Эмч, эмнэлгийн ажилтан үүрэгт ажилдаа хайнга хандсаны улмаас ДОХ-ын өвчний халдвар бусдад халдаасан бол дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


         105,3. Өөрийн биед ДОХ-ын өвчин байгааг мэдсээр байж хурьцал үйлдэх үед өөр замаар халдаасан бол таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ.


           Тэгэхээр хэрвээ эрсдэлтэй алхам хийсэн бол халдвар авсан эсэхээ мэдэх цорын ганц арга бол ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ юм. Энд анхааруулахад халдвар авснаас хойш 1-3 сарын хугацаанд шинжилгээнд ХДХВ-ийн халдвар илрэхгүй байж болох ба үүнийг ЦОНХ ҮЕ гэдэг. Тэгэхээр халдвар авах эрсдэлд өртсөн  гэж үзэж байгаа бол энэ үеийг тооцон давтан шинжилгээ өгнө.

 


     ХЭРЭВ халдвар авсан бол яах вэ? Мэдээж, хяналтад орж эмчилгээнд явна. Өнөөдөр ретровирусийн эсрэг эмчилгээ /РВЭЭ/ нь ХДХВ-ийн халдварын өндөр идэвхитэй, цорын ганц эмчилгээ юм. Хэдийгээр эмчилгээний үр дүнд ХДХВ биеэс бүрэн зайлуулагдаж, эдгэрдэггүй ч цусанд идэвхитэй эргэлдэх вирусийн тоог дарангуйлснаар халдвартай хүн урт удаан хугацаанд өвдөж шаналахгүй  амьдрах боломжтой.


     2017 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар бүртгэгдсэн 249 тохиолдлоос манай улсад ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээ авч байгаа хүмүүсийн 93,5 хувь нь ретровирусийн эсрэг эмчилгээнд /РВЭЭ/ хамрагдаж байна.


•    Нэгдүгээр эгнээний РВЭЭ-ний нэг хүний жил уух эмийн зардал  804,600 төгрөг,
•    Хоёрдугаар эгнээний РВЭЭ-ний нэг хүний  жил уух эмийн зардал 1,147,186 төгрөг,
•    Гуравдугаар эгнээний РВЭЭ-ний нэг хүний  жил уух эмийн зардал 2,993,400 төгрөг,
•    Ээжээс урагт жирэмсэн, төрөх, төрсний дараах үед халдвар дамжихаас сэргийлэх эмчилгээний зардал 1,191,750 төг,
•    ХДХВ-ийн халдвартай ээжээс төрсөн хүүхдийн эмчилгээний зардал 1,253,500 төгрөг,
•    ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх арга хэмжээний нийт зардал 2,445,250 төгрөг болдог байна.

 

     Дэлхий нийтэд ХДХВ-ийн эмчилгээнд гарсан сүүлийн үеийн ахиц дэвшлээс дурдвал:  Энэ онд шинээр Symtuza хэмээх нийлмэл найрлагатай шинэ эм худалдаанд гарсан нь хоногт 2-6 ширхэг эм уудаг байсан хүмүүст өдөрт нэг ширхэг эм  уух боломжийг олгох болжээ. Мөн ХДХВ-ийн вакцины  хоёр ч туршилт судалгааг эхлүүлжээ. Эхний нь болох HVTN 702 судалгаа нь ХДХВ-ийн түүхэн дэх найм дахь туршилт судалгаа бөгөөд 2009 оноос хойш хийгдэж буй анхных нь  болж байна. HVTN 705 судалгаа энэ оны сүүлээр эхэлж байгаа бөгөөд судалгаанд өмнөд африк, замби, зимбаби, малави, мозамбек улсын 18-35 насны, бэлгийн  идэвхитэй амьдралтай 2600 эмэгтэйчүүдийг хамруулан гурван жилийн хугацаагаар судлана. Судалгааны үр дүнд энэ чиглэлийн мэргэжилтнүүдийн хүлээлтийг үүсгээд байгаа юм. Түүнчлэн Ibalizumab хэмээх удаан үйлчилгээтэй ХДХВ-ийн эсэд халдварлалтыг зогсоох үйлдэлтэй эсрэг биеийг эмчилгээнд хэрэглэх чиглэлээр хийсэн туршилт судалгаа үр дүнгээ танилцуулснаар  АНУ-ын эмийн болон хүнсний холбооноос 2018 оны нэгдүгээр сард хэрэглээнд нэвтрэх эсэх шийдвэр гаргахаар хүлээгдэж байна. Хэрэв тус холбооноос зөвшөөрвөл сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд РВЭЭ-нд нэвтэрч буй анхны шинэ механизмаар үйлчилдэг  ретровирусийн эсрэг эм болох юм

 

      Монголд өнөөдрийн байдлаар ХДХВ/ ДОХ-ын нийт 249 тохиолдол / 2017 онд 24 тохиолдол шинээр оношлогдсон/ бүртгэгджээ. Үүнээс хяналтанд 186 хүн эмчилгээ үйлчилгээ авч байна.  Шинээр оношлогдсон 24 тохиолдлын 11 нь буюу 45,8 хувь нь ДОХ-ын шатандаа оношлогдсон байна.


       Бүртгэгдсэн тохиолдлуудыг авч үзвэл ХДХВ-ийн халдварын тархалт нийт хүн амын дунд 0,1 хувиас бага, харин бэлгийн цөөнх эрчүүлийн дунд 12 хувь,  / ХДХВ, БЗДХ-ын 2014 оны тандалтын судалгаа/ байгаа нь манай улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ -ын ангиллаар нийт хүн амын дунд ХДХВ-ийн халдварын тархалт багатай, харин эрсдэлт бүлгийн хүн амын дунд төвлөрсөн тархалттай  орны тоонд орж байна.


      Нас барсан  40 хүн байгаагаас энэ онд тав нь энэ оны тохиолдол юм. Бүртгэгдсэн тохиолдлууд бүгд бэлгийн замаар дамжсан нь тогтоогдсон. Өнөөгийн байдлаар цус цусан бүтээгдэхүүнээр, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой, мөн эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй.


      ХДХВ-ийн халдвартай 14 эхээс төрсөн /зургаан ээж давтан/ 20 хүүхдийг эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээнд хамруулж, хяналтад оруулсан. 2016 онд ХДХВ-ийн халдвартай есөн жирэмсэн  эх хянагдаж эхэлсэн.

 

 

        Ангилж үзвэл. Харьяаллаар нь авч үзэхэд хөдөө орон нутгийн харьяалалтай 54 буюу 21,6 хувь, Улаанбаатар хотын харьяат 195 буюу 78,4 хувь байна. Нийт 249 тохиолдлоос монгол улсад гадаадын харьяалалтай иргэд ХДХВ-ийн халдвартай нь оношлогдсон 33 тохиолдол бий. Үүнд: ОХУ-аас долоо, Вьетнам, Австрали гурав, Украйн, Канад, Камерон, Солонгос, Африк тус тус хоёр, Тайланд, Швейцарь, Зимбаб, Либери, Хятад, Франц, Англи, Буриад, Япон нэг байдаг байна.


      Бүртгэгдсэн тохиолдлын 20 хувийг 15-24 нас, 40 хувийг 25-34 насныхан эзэлж байна. Үүнд эмэгтэйчүүд 18,6 хувь байгаагаас 26 хувь нь биеэ үнэлэгчид. Харин эрэгтэйчүүд 81,1 хувийг эзэлж байгаагаас 78,7 хувь нь бэлгийн цөөнх. Энэ дотроо гетеросекс 19,8 хувь, бисекс 31,2 хувь, гей 48 хувь, трансжендер нэг хувийг тус тус эзэлж байгаа аж.

 

     Төгсгөлд нь: Олон жилийн өмнө, Камеруны хоёр "хар"-аас ДОХ-ын халдвар авсан бүсгүйтэй уулзаж ярилцахаар цаг товлож байлаа.  Цагаан сарын өмнөхөн л байсан юм даг. Тохирсон ёсоор Багшийн дээдийн замын урд талд орших  нэгэн цайны газар явж ороход тэр ирчихсэн “Цай уух уу” гэж асуулаа. Хар хүрэмтэй, мариалаг  бүсгүй. Гэхдээ нүд нь цаанаа л гунигтай. Тэгсэн атлаа бас цэрвэсэн маягтай. Зэвэргэн өдөр ч байсныг хэлэх үү хоёул цай авч уулаа. Тухайн үедээ элдэв сонины мэдээнээс л харж байсан шинэхэн сэтгүүлч би нүүр тулж уулзсан даруйдаа өөрөө мэдэлгүй хаалт босгож орхилоо. Тэр ч бас  хэвлэлээр “нүдүүлж”, олны зүгээс ирэх эцэс төгсгөлгүй дайралт, үзэн ядалтаас болоод дотор хүн нь  хайр найргүй “эвдэрсэн” мэт. Тиймдээ зузаанаас зузаан “ханатай” байсан. Удаан ярьж сууснаа үнэндээ хэвлэлд ярилцлага өгмөөргүй байна гэлээ. Би ч түүнийг яриаг сонсоод зорилгоо умартсан.

      Тэгвэл одоогоос долоон жилийн өмнө энэ эмэгтэй  хайр дурлалтай учран, хөөрхөн охинтой болсон байлаа. Нэгэн цагт хүүгийнхээ төлөө урт насалмаар буйгаа ярьж байсан бол ахиад нялх охиныхоо төлөө илүү хичээх хэрэгтэйг ярьж байх юм. Хүний амьдрал гэдэг хувь тавилангаа мэдэх тусам ШУНАН ДУРЛАДАГ аж.  


     Тэр сэргийлэх ҮҮРЭГ-ээ биелүүлээгүйгээс, ӨВЧИЛСӨН. Гэхдээ амьдралд тэмүүлсээр л...

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

Vivian Regobert /199.114.218.107/

2019-01-28 07:39

Сайн уу Би vivian Regobert байна ХДХВ-ийн халдвартай хүмүүст энэ тайлбарыг бичлээ Dr Muli Jonathan Herbal эдгэрэх нь ХДХВ-ийн халдварыг эмчлэх баталгаатай 100% баталгаа юм. Тэрээр ямар ч өвчин эмчлэх боломжтой. Миний нөхөр бид хоёр 9 жилээс илүү хугацаанд ХДХВ-ийн халдвар авсан байна. Би өвчтэй байсан бөгөөд вирусны ачаалал> 225,000 хувь / мл байв Би Мули Жонатаныг онлайнаар хэрхэн олон хүнийг эдгээсэн, онлайнаар олон хүмүүст хэрхэн тусалсан талаар онлайнаар үзсэн Тиймээс би түүнтэй холбоо барьж, Миний нөхцөл байдлыг түүнд тайлбарлав Тэр миний ургамлын эмийг илгээнэ гэж амласан бөгөөд 4 өдөр би ургамлын анагаах ухааныг хүлээн авлаа Миний нөхөр бид хоёр ургамлын эмийг 10 өдөр хэрэглэж дараа нь дахин шалгалт хийв Одоо бид ХДХВ-ын эсрэг байна Манай гэр бүлд амар амгаланг сэргээхийн төлөө Др Мюллер Жонатан танд талархаж байна Би энэ гэрчлэлийг хуваалцаж байна. Учир нь би Мули Жонатанд би эдгэрснийхээ дараа гэрчлэх болно гэж амласан. Та Др. Мули Жонатаныг дараахь байдлаар хүрч болно: mulijonathanherbal@gmail.com Дуудлага / Whatsapp: +2349038544302 вэбсайт: https://sites.google.com/view/drmulijonathanherbalhome/home

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.