Цахим орчинд ямар мэдээлэл оруулах нь өөрт аюултай вэ?

2017-12-09 10:53

Нэр зүсээ нуусан, таних танихгүй хэдэн зуун, хэдэн мянган хүнтэй та бид өдөр бүр цахим сүлжээнд таарна. Гэвч найзлах хүсэлтийг нь хүлээн авсан ганц хормын шийдвэрээс болж зарим хэсэг нь бусдын олз болж байна. Тэд эрүүл мэнд, эдийн засгаараа хохироод зогсохгүй олон нийтийн сүлжээнд ил цагаанаар элдвээр доромжлуулах байдал газар авчээ. Харин нэг хэсэг нь үл таних нэгэнд хэт итгэж, өөрийн нандин бүхнээ дэлгэснээс болж хүчирхийллийн золиос болсон хэргүүд гарч байна. 

 


2017 оны III улирлын байдлаар цагдаагийн байгууллагад цахим орчинд үйлдэгдсэн 90, цахим аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 14 бүртгэгдсэн байна. Мөн Фэйсбүүк болон сошиал сайтыг ашиглаж бусдад хохирол учруулсан гэмт хэрэг 59 бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллага шалгалтын ажил хийж байна.
Иймд өнөөдөр бид та бүхэндээ цахим хуудсандаа бичиж болохгүй зүйлсийн талаарх мэдээллийг хүргэж байна. 

 


Хайр сэтгэл

 

 

Өнгөрсөн, одоо, ирээдүй гээд аль ч цаг хугацаанд өөрийнхөө хайр сэтгэлийн асуудлыг бусдад дэлгэсний хэрэггүй. Өнөөдөр та хайрттайгаа аз жаргалтай байгаа мөчөө цахим хуудсаараа дамжуулан бусадтай хуваалцаж болох хэдий ч, хэсэг хугацааны дараа та хоёр өөр өөрийн зам мөрөө хөөхөөр болбол яах вэ? Тэр үед магадгүй хамтдаа авахуулсан зураг, цугтаа хийсэн бичлэг, хайр сэтгэлийн тухай бичсэн зүйлсээ устгах боломжтой ч, энэ бүгдийг тухайн үед үзэж, харсан хүмүүсийн ой санамжийг устгаж чадахгүй шүү дээ. Нэг ёсондаа таны хайр сэтгэлийн түүхийг таниас гадна, өөр олон хүн мэдэж байгаа гэсэн үг юм. Тиймээс хайр сэтгэлтэй холбоотой асуудлаа цахим ертөнцөд дэлгэсний хэрэггүй.  


Холбоо барих мэдээлэл

 

 

Гар утасны дугаар, ажил болон гэрийн хаягийг зөвхөн компани, аж ахуй нэгж байгууллага болон худалдаа, үйлчилгээний зориулалттай үйл ажиллагаа явуулдаг газрууд цахим хуудсанд байршуулах хэрэгтэй байдаг. Харин хувь хүн дээрх хувийн мэдээллээ цахим хуудсандаа байршуулж хэрхэвч болохгүй. Ингэснээр та өөрийгөө цахим гэмт хэргийн золиос болох үүд хаалгыг нээж өгч буй хэрэг юм. 


Гэр бүл

 

 

Насанд хүрэгчид болон эцэг эхчүүд илүүтэй сайн анхаарах хэрэгтэй. Өхөөрдөм бяцхан үрсийнхээ зургийг авч, бусдад үзүүлэхийг хүсэхгүй хүн гэж хаана байх билээ. Гэвч "бусад" гэх тодотголтой хүмүүс дотор дан ганц таны ойр дотны хүмүүс багтдаггүй гэдгийг сайтар мэдэж байвал зохилтой. Иймд юу ч мэдэхгүй, алдрай бяцхан үрсэд тань ямар нэгэн аюултай зүйл тохиолдох эрсдлээс урьдчилан сэргийлж, тэдний тухай мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан бусадтай бүү хуваалцаарай. 


Өдөр тутмын амьдрал

 

 

Ажил руугаа явах, өдрийн хоолоо идэх, фитнес зааланд хичээллэх гээд өдөр тутмын амьдралаа ч мөн ялгаагүй цахим орчинд нийтлээд байх шаардлагагүй. Эс бөгөөс энэ нь танд өс санасан, эсвэл ямар нэгэн байдлаар таныг хорлох бодолтой хүн байдаг бол, түүнд өөрийгөө хаана байгааг хэлж өгч байгаагаас өөрцгүй хэрэг юм. 


Хөрөнгө мөнгө

 

 

Мэдээж энэ бол цахим орчинд маш нууц байх ёстой асуудал. Хувийн орон сууц, унаж буй автомашин, хэрэглэдэг гар утас гээд эд хөрөнгөө цахим хуудсанд байршуулах нь олон хүний атаархлыг төрүүлдөг. Мөн хэрэв та гэр бүлтэй бол зарим тохиолдолд таны “толгойг эргүүлж” хэдэн төгрөг салгах гэсэн хар санаатай хүмүүсийн аманд өөрөө л орж байгаа үйлдэл болох юм. Уншигч та бүхэн Single lady-2 МУСК санаж байна уу. Тэр кинонд Сэргэлэн гээд нэг баян залуу гардагдаа. Яг түүн шиг зүйл амьдралд тохиолдохыг үгүйсгэхгүй шүү дээ. 

 

          Хэрвээ та цахим ертөнцийг амьдралынхаа салшгүй чухал хэсэг болгосон бол, хувийн мэдээллүүдээ нууцлалтай, бусдад алдагдахаас сэргийлэх нь таны үүрэг юм. Мэдээж хэрэг сонирхол, хобби, ажлын туршлага зэргээ бусадтай хуваалцаж болох хэдий ч, дээр дурдсан 5 зүйлийг юу ч болж байсан бусдад ил дэлгэж болохгүй гэдгийг анхаараарай. Ингэснээр өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ аюулаас хамгаалж байгаа хэрэг юм шүү.

 

 

 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.