Судалгаагаар 16-21 насныхны архины хэрэглээ өндөр гарчээ

2017-12-10 14:04

     Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн албанаас “Нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж, үйлчилгээ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг /2017.12.08/ зохион байгууллаа.



 

      Хуралд нийт 130 гаруй сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож, эрдэм шинжилгээ, судалгааны 12 бүтээл тавигдсанаас шилдэг гурван бүтээл шалгарсан юм.

Үүнээс:

  1. Нэгдүгээр байранд “ТТАХНЭ-ийн амбулаториор үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа” сэдвээр ТТАХНЭ-ийн сувилагч Б.Нарангэрэл,
  2. Хоёрдугаар байранд “Сувилахуйн түүх хөтлөлтөнд үнэлгээ өгөх нь” сэдвээр ТТАХНЭ-ийн сувилагч М.Энхтуяа,
  3. Гуравдугаар байранд “Ээлжийн сувилагчдын нойр хомсдолын байдалд үнэлгээ өгөх судалгаа” сэдвээр Цэргийн төв эмнэлгийн сувилагч Р.Оюунчимэг нар эхний байрыг эзэллээ.

    Энд шүүгчээр АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн багш Нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор Я.Энхжаргал, Боловсролын ухааны доктор Г.Ганхуяг, Анагаах ухааны магистр Г.Хонгорзул нар уригдан ажилласан юм.

 

 

 

АВИЛГА, ХЭЭЛ ХАХУУЛИАС АНГИД АЖИЛЛАДАГ УЧРААС САНАА ЗОВОХ ЗҮЙЛГҮЙ

 

Сургалтын үеэр бид ТТХНЭ-ийн захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор, дэд хурандаа Л.Баттөртэй цөөн хором ярилцлаа.

 

ESA: Энэ удаагийн  эрдэм шинжилгээний хурлын онцлог юу байна вэ?

        -“Нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээ” гэж   ТТХНЭ  /Төрийн тусгай хамгаалалттай нэгдсэн эмнэлэг/-ийн сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн анхдугаар эрдэм шинжилгээний хурал болж байна. Энд манай эмнэлгийнхнээс гадна Хууль зүй дотоод хэргийн яамны харьяа агентлаг байгууллагууд, тасаг, эмнэлгийн сувилагч, тусгай мэргэжилтнүүд оролцлоо. Тавьж байгаа судалгааны бүтээлүүдээс харахад эмч нарынхаа эрдэм шинжилгээний материалтай дүйцэхүйц, зарим нь түүнээс ч том хэмжээний бүтээлүүд иржээ. Сувилагч, тусгай мэргэжилтнүүд маань ажлын байран дээрээ тулгамдсан асуудлаа судалгаа шинжилгээний үндсэн дээр нотлоод, тэрийгээ шийдвэр гаргах түвшнийхэн, эмнэлгийнхээ эмч удирдлагуудад танилцуулж, цаашдаа сувилахуйн тусламж үйлчилгээ сайжруулахад  арга хэмжээний ач холбогдол оршиж байгаа юм.

 

ESA: Судалгаанаас  гарсан энэ санал санаачлагаас онцлон амьдралд хэрэгжүүлж, ажил болгох хүртэл бас хугацаа орох байх даа?

     -Өнөөдөр дэвшүүлэн тавьсан асуудлаа ирэх жил дүгнэх маягаар цуврал болгоод явах боломжтой. Жишээлбэл сая эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдийн сэтгэл ханамжийн талаарх судалгааг танилцуулж байна. Тэгвэл энийг ажил болгоод ирэх жил  дүгнэж болно. Ийм эрдэм шинжилгээний ажлуудыг зүгээр нэг хийгээд орхих биш үр дүнтэй арга хэмжээ авах нь чухал гэж харж байгаа. .

      Энэ эрдэм шинжилгээний хурал бол манай эмнэлгийн зохион байгуулж байгаа 10 дахь нь болж байгаа байх аа. Бид бие дааж эмнэлгийн эмч ажилчдын эрдэм шинжилгээний хурлыг гурван сард зохион байгуулсан. Харин арван сарын эхээр Үндэсний хэмжээний гэмтэл согог судлал, Монгол харшил судлалын эрдэм шинжилгээний хуралд хамтран зохион байгуулагчаар оролцлоо. Мэдрэлийн нийгэмлэгийн эрдэм шинжилгээний хэд хэдэн хурлыг зохион явууллаа. Бусад сургалтын шинж чанартай сургалтыг ч зөвхөн эмнэлэг дээрээ зохион байгуулдаг.

 

ESA: Сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн илтгэлээс шилдгүүдийг шалгаруулах юм байна, тийм үү?

    - Оюуны бүтээлийг үнэлэх ёстой. Гэмтэл согог судлалын эрдэм шинжилгээний хурлын илтгэл нэг сая төгрөгийн шагналтай байсан. Энэ удаад гурван шилдгийг тодрууллаа.

 

ESA: Удирдлагын түвшний хувьд энд тавьж байгаа илтгэлээс аль нь олзуурхууштай санагдаж байна вэ?

     -Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа их анхаарал татаж байна. Эмнэлгийн удирдлагын түвшинд энэ сэтгэл ханамжийн судалгааг улирал бүр авч үздэг.

 

ESA: Уучлаарай, эмч эмнэлгийн ажилчид авилга авдаг. Өгөхгүй бол сэтгэл гаргаж эмчилдэггүй гэсэн гомдол  аль газар бий. Энд танайх ямар арга хэмжээ авч байна вэ?

       - Ганц нэг зөрчил гарч байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ арга хэмжээ авсны үндсэн дээр арилсан. Мэдээж эмч, сувилагчдаа талархаад чихэр, шоколад өгөх асуудлыг сайн мэдэхгүй байна.

      Манай эмнэлгээс авилга хээл хахуулиас ангид байя гэдэг уриалгыг гаргасан. Эмч мэргэжилтнүүд маань мэдээлэл дутуугаас бэлэн мөнгөөр төлбөр хийх асуудал гардаг л байлаа. Тэрийг таслан зогсоох талаар арга хэмжээ авснаар өнөөдөр манайд бэлэн мөнгөөр тооцоо хийхгүй. Даатгалаас  илүү мөнгө төлөхөөр бол кассаар дамжуулж төлдөг.  Энд санаа зовох зүйлгүй дээ.  Бид төрийн тусгай албан хаагчид учраас өгсөн үүрэг даалгавар цэргийн зохион байгуулалтаар явдаг.

 

 

        Энд тавигдсан судалгаа шинжилгээний бүтээлээс онцолж, зарим нэг илтгэл тавьсан эмч, сувилагч нартай уулзлаа.

 

 

16-21 НАСНЫХНЫ АРХИНЫ ХЭРЭГЛЭЭ ӨНДӨР БАЙНА

 

 

Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч, цагдаагийн ахлах дэслэгч М.Одбаяр:  Энэ удаад “Архины хэрэглээ” сэдвийг сонгож илтгэл тавилаа. Энэ оны нэгдүгээр сараас зургаан сарын 30 хүртэлх хугацаанд хийсэн энэ судалгаанаас харахад архи согтууруулах ундаа хэрэглэх насанд хүрээгүй 16-21 насныхан  эрүүлжүүлэх байранд олноороо саатуулагдсан байна. Тодруулбал, зургаан сарын хугацаанд манай дүүргийн эрүүлжүүлэх байранд саатуулагдсан 1679 иргэнийг судалгаанд хамруулсан. Үүнээс 16-21 насныхны архины хэрэглээ өндөр байна. Тэд 602 буюу 35,8 хувийг эзэлж байгаа юм. Харин 22-45 насныхан 408 буюу 24,5 хувь, 46-60 насныхан 379 буюу 22,5 хувь, 60 наснаас дээшхи нь 17,2 хувийг эзэлсэн.

    Хүйсийн хувьд 2239 иргэнд судалгааг хийсэн. Өнөөдөр эмэгтэйчүүдийг нь төмөр замд дахь саатуулах байр руу шилжүүлэн ажилладаг. Энд 560 буюу 26 хувийг эмэгтэйчүүд, үлдсэн 74 хувийг эрчүүд эзэлж байгаа юм. Боловсролын түвшингээр нь ангилж үзэхэд манай дүүргийн хэмжээнд дээд боловсролтой хүмүүсийн дунд архины хэрэглээ өндөр гарсан. Тэд 540 хувьд 32,1 хувийг, тусгай дунд боловсролтой  166 буюу 9,8 хувийг, бүрэн дунд боловсролтой 435 буюу 25,3 хувийг, бүрэн бус боловсролтой 360 буюу 21,4 хувийг, боловсролгүй иргэд 178 буюу 10,6 хувийг тус тус  эзэлжээ.

      Хэрэг зөрчлөөр нь ангилж үзэхэд гудамж талбайд согтуугаар танхайрсан 7,2 буюу 41,9 хувь,  гэр бүлийн хүчирхийлэл буюу ар гэртээ агсам тавьж танхайрсан 674 буюу 40,1 хувь, хэргийн холбогдолтой 203 буюу 11,9 хувь, гудамж талбайд биеэ авч явах чадваргүй иргэд 103 буюу 6,1 хувийг тус тус эзэлж байна.

        Архидалт бол халдварт бус өвчлөл юм. Энэ бол санааных. Тархин дахь эд эс нөхөн сэргээгдэхгүйгээр үхэждэг. Тамхи хэрэглэхэд 10, архи бол 20 насыг авна гэдэг дээ. Залуус маргаашийн хор уршгийг мэдэхгүйгээсээ болоод дарвиж архийг хэрэглэдэг. Өнөөдөр архины хэрэглээний талаар бие дааж хийсэн судалгаа цөөхөн байдаг. Сүүлийнх нь 2009 онд хийсэн байдаг.

 

 

ЗЭС БУМБА ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮН 97 ХУВЬТАЙ БАЙНА

 

 

       Цагдаагийн албан хаагчдын Сүүж уул сэргээн засах  сувиллын бага эмч, ахлах сувилагч, цагдаагийн ахлагч С.Нороврагчаа: Зэсийг ардын уламжлалт эмчилгээнд хэрэглэж байгаад хуванцар бумба гарснаар  хэрэглэхээ больчихоод байлаа. Харин манай сувилал зэс бумбыг 2016 оны таван сараас  эмчилгээнд хэрэглэж, 2017 он гаргаад зургаан сарын хугацаанд 631 хүнд судалгаа явууллаа. 97 хувь нь үр дүн маш сайн гарсан.

      Зэс бумбыг хуян шар устай, хөшиж хөөрсөн, хүзүү нурууны үрэвсэлтэй, салхинд цохиулах, жиндэхэд бумбыг хэрэглэдэг. Харин идээт үрэвслүүд, өндөр халуунтай үед, хэт ядарсан, мөн арьсны хорт хавдрын үед бумба эмчилгээг хориглодог.

        Зэс нь эрдэс бодис агуулдаг учраас бодисын солилцоог эрчимжүүлж, хорыг гадагшлуулна. Таталт маш сайтай гээд давуу талтай. Нөгөө талдаа зэс бумба бол эдэлгээ удаан.

      Энэ дашрамд зориуд дурдахад монголчууд  олборлосон зэсээ гадагшаа гаргачихдаг. Тэгвэл бизнесмэнүүдэд  зэсийг ашиглан бумба үйлдвэрлэх боломж байгааг хараасай гэж хүсч байна.

 

 

ӨВЧТНҮҮД ЭМЧ, СУВИЛАГЧДААС ОЙР ДОТНЫХ НЬ ХҮН ШИГ НАЙРСАГ ХАРЬЦААГ ХҮСДЭГ

 

 

 

ESA: Хоёр тангарагтай цөөхөн сувилагч нарын нэг гэж байна.


       -Өнөөдөр эмч, сувилагч нар маань эмчийн болон сувилагчийн тангараг өргөдөг. Харин манай эмнэлгийн хувьд үүн дээр нэмээд хил хамгаалах буюу дотоодынхоо цэрэгт тангараг өргөдөг. Эмнэлэг маань өнгөрсөн оны 12-р сараас үйл ажиллагаагаа дахин явуулж эхэлсэн. Эмч нар маань ихэнх нь офицерүүд. Харин цөөхөн хэдэн сувилагчдаа мэргэжлийн ур чадвар, ажилласан жил туршлагыг харгалзан үзэж ахлагч цолыг олгосон байдаг юм. Үүн дээр нэмээд цэргийн тусгай үүрэг даалгаврыг биелүүлж чадах эсэх шалгуур энд бас багтдаг.

 


ESA: Цолоо аваад “Эх орны дуудлага” авав уу?


     -2017 оны долоодугаар сард гал түймрийн үеийн гамшгийн байдалд Төв аймгийн нутагт гурав хоногийн хугацаатай тусгай даалгавар биелүүлээд ирсэн.


ESA: Энэ удаад ямар  сэдвээр илтгэл тавьсан бэ?


        -“Асаргаа сувилгааны үндсэн зарчмуудын хэрэгжилтийг үнэлэх нь” сэдвээр илтгэл тавьсан. Сувилахуйн салбар илүү шинжлэх ухаан тал руугаа хөгжиж байна. Асаргаа сувилгааны үндсэн таван зарчим гэж бий. Үүнд, тухайн хүний орчин, хоололт, хувцаслалт, сэтгэл зүй, шинж тэмдгийн асаргаа гэж байна. Судалгаа маань өнөөдөр ажиллаж байгаа сувилагч, эмнэлгийн дунд мэргэжилтнүүд энэ таван зарчмыг баримтлан ажиллаж чадаж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх зорилготой.  Үүний тулд эмчлүүлэгчдээс сэтгэл ханамжийн болон бичгийн судалгаа авсан. Тэгэхэд сувилагч, эмч нар өвчтөнтэйгээ ойр дотных нь хүн шиг, ах дүү шиг нь харьцааг хүсдэг юм билээ.


      Сүүлийн үеийн судалгаагаар сэтгэл засал нь эмчилгээний явцад 70 хувийн үр дүнтэй  гэж гарсан байдаг.

 

 

 

 

.

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.