“Зарах уу, болих уу?” буюу дэлхийн улс орнууд архины хэрэглээтэй хэрхэн тэмцдэг вэ? 

2017-12-11 14:51

 

  Өнгөрсөн долоо хоногт Оросын Ленинград мужийн хурлын депутат архины хэрэглээтэй холбоотой нэгэн санал гаргажээ. Тодруулбал, 12 дугаар сарын сарын 31-01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө, түүнчлэн 01 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө архины хоригыг түр цуцлах хэрэгтэй гэсэн санал гаргасан байна.  Хүн гэж хорих тусам тэмүүлдэг хачин амьтан. Тиймээс хорихын оронд нээлттэй болгож өгвөл иргэд хуурамч архи хэрэглэн эрүүл мэндээрээ хохирохоос сэргийлнэ гэж тэрбээр үзжээ. Манайд бол ойлгомжтой, 12 дугаар сарын 31-нд дэлгүүр хахаас өмнө амжиж архи, дарсаа цуглуулаад, нэгний өдөр бүх нийтээрээ согтууруулах ундаагүй өнжинө. Гэхдээ энэ хориг манай улсад хэр үр дүнтэй , дэлхийн бусад орнууд архидан согтуурахтай хэрхэн тэмцдэг вэ?  

 

 

                                                                              МАНАЙХ...


  Монгол улсад архи, согтууруулах ундааны худалдааг “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-аар зохицуулдаг. 


   Мөн архидан согтуурахтай тэмцэх үүднээс тусгай журам даган мөрдөх бөгөөд улс даяар сар бүрийн нэгний өдөр архи согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглодог бол аймаг, сумуудад ч энэ тал дээр өөрсдийн гэсэн журмыг нэвтрүүлээд багагүй хугацааг үдэж байна. Хууль журам гаргаж, ажлын байр, хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, эмнэлэг, сувиллын газар, оюутан сурагчдын хичээлийн болон нийтийн байр, орон сууцны орц хонгил, гудамж талбай цэцэрлэг гээд байж болох бүхий л газарт согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон.

 

 Гэлээ  ч хэрэгждэггүй хууль /үнэндээ хяналт байхгүй/, “Монголын хууль гурав хоног” гэж басамжлан тохуурхах иргэдийн хандлага нийлээд өнөөдөр бид нэг ч баярыг архигүй өнгөрөөхөө больж, нэг хүнд ноогдох архины хэрэглээгээрээ дайны түвшинд хүрснийг онцлох судлаачид ч бишгүй.

 

 Согтууруулах ундааны хэрэглээний түвшнийг бууруулах, нийгмийн аюулгүй байдлыг дээшлүүлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэдийн үйлдэх эрхийн зөрчлийн тоог бууруулах зорилгоор дээрх хууль, журмыг нэвтрүүлсэн ч сүүлийн жилүүдэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ аймшигт хэргүүд үйлдэх, архи худалдаалдаггүй өдөр согтуугаар машин барих зөрчлүүд төдийлөн буурсангүй. 

 


                                                                                ТЭД ....


  Нутаг дэвсгэр болон цагаар согтууруулах ундааны худалдаанд хязгаарлалт тавих нь дэлхий нийтийн жишиг. Дарсны өндөр соёлтой орнуудад ч ийм хориг үйлчилдэг. Тухайлбал, Португалд дарсны дэлгүүрүүд 09:00-19:00 цаг хүртэл ажилладаг байна. 


  Италид зарим хотуудад хориг үйлчилдэг. Энэ оны зун Ромын эрх баригчид журмаа чангатган, үдэш болон шөнийн цагаар архины худалдаа төдийгүй хэрэглээг хориглосон юм.  Жуулчны ид улирлаар ийм хориг гаргасан ромчууд жуулчдын урсгалыг алдахаас огтхон ч айсангүй. Улмаар 22.00 цагаас 07.00 цаг хүртэл гадаа талбайд согтууруулах ундаа ил задгай уухыг хориглосон байна. Түүнчлэн 22.00 цагаас хойш супермаркетуудад согтууруулах ундаа худалдахыг хориглосон бол 02.00 цагаас хойш цэнгээний газруудаас ч энэ төрлийн ундаа олдохгүй. 


  Дэлхийн олон хөгжингүй оронд архи согтууруулах ундаа худалдаалах улсын монопол үйлчилдэг. Тухайлбал, Шведэд өдөр бүр 10.00-19.00 цагийн хооронд, бямба гаригт 15.00 цаг хүртэл зөвхөн Systembolagent  гэх сүлжээ дэлгүүрээс л согтууруулах ундаа авч болно. 


  Мөн ийм журам хөрш Норвеги улсад нь ч үйлчлэх бөгөөд Vinmonopolet  сүлжээ дэлгүүр л согтууруулах ундааны жижиглэн худалдаа эрхэлдэг байна. 


  Түүнчлэн, согтууруулах ундаа худалдаалдаг газрууд тун ховор. Тухайлбал, 600 мянга гаруй хүн амтай Осло хотод ердөө 27 дэлгүүр архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг бол улс даяар нийтдээ 267 дэлгүүр түүгээр үйлчилдэг гэнэ. Гэтэл Монгол улсын нийслэл 1.4 сая хүн амтай ч согтууруулах ундаагаар үйлчилдэг, тусгай зөвшөөрөлтэй 6167 байгууллага байдаг гэх. Насанд хүрсэн, хүрээгүй нэг хүнд л согтууруулах ундаагаар үйлчилдэг 200 гаруй байгууллага ноогдож байна гэсэн үг.  


  Финландад  Alko  гэх улсын дэлгүүр 411 салбартай бөгөөд 09:00-22.00 цаг хүртэл, бямба гаригт 18.00 цаг хүртэл ажилладаг юм байна. Жижиг хотуудад архи зардаг дэлгүүр огт байхгүй, гагцхүү урьдчилсан захиалгын дагуу тусгай цэгүүдэд хүргэдэг гэнэ. Түүнчлэн энэ улсад нэг хүнд 2 литрээс дээш согтууруулах ундаа худалддаггүй юм байна. 


  Канад улсад Альберт мужаас бусад газарт жижиглэн худалдаа нь мужийн захиргааны мэдэлд байдаг аж. Тиймээс зөвхөн сүлжээ дэлгүүрүүдээр дамжуулан өдөр бүр 09.00-17.00 цаг хүртэл согтууруулах ундаа худалдаалдаг. 


  Эцэст нь өгүүлэхэд, дэлхий дээр согтууруулах ундаа бүхэлд нь хорьсон улс орнууд ч бий. Мэдээж эдгээр орнууд нь исламын шашинтай улсууд. Үүнд Саудын Араб, Судан, Иран, Сомали, Кувейт, Мали, Ирак, Бангладеш, Мальдив зэрэг орнууд багтдаг. Энэ улсуудад муслим шашинтан биш жуулчдад зориулсан зарим төрлийн хөнгөлөлт байх. Тухайлбал жуулчид зочид буудал, зарим зоогийн газар, цэнгээний газар, шөнийн клубууд зэрэг жуулчны бүсэд байх газрудаар согтууруулах ундаа худалдан авч болно.  Гэлээ ч дээрх улсуудад согтуу явах, эсвэл гартаа согтууруулах ундаа барьсан явж байвал баривчлагдах, өндөр торгууль төлөх шаардлагатай болох бол Кувейтэд ийм зөрчил гаргавал шууд л энэ улсаас албадан гаргадаг гэнэ. 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.