Ч.Наранцэцэг: Энэ сараас томуугийн дуудлага хоногтоо 335 болж нэмэгдсэн

2017-12-12 19:19

       Томуу гэж юу вэ?  Энэ бол вирусээр үүсгэгддэг халдварт өвчин юм. Томуугийн халдвараар аль ч насны хүмүүс өвчилж болдог бөгөөд халдвар авсан хүн өвчилж, ханиаж найтаах үед агаар дуслын замаар халдвар тархаж бусдад халддаг юм.

        Халуурах, толгой өвдөх, хоолой өвдөх, нус гоожих, бие шархирч, булчингаар өвдөх, ядрах шинжээр илэрч голдуу 3-5 хоног үргэлжилдэг. Ихэнхдээ бүрэн эдгэрдэг ч зарим хүмүүс хүнд өвддөг.    

        Бага насны хүүхэд, 65-аас дээш насныхан, жирэмсэн эмэгтэйчүүд, зүрхний болон бусад архаг өвчтэй хүмүүст нянгийн хоёрдогч халдвар болон уушгины хатгаагаар хүндэрдэг.

     Жилийн дөрвөн улиралтай монголчуудын хувьд өвлийн саруудад томуугаар өвчлөгсдийн тоо нэмэгдэж, тэр хэрээр эмнэлгүүдийн ачаалал нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн түргэн тусламжийн төвийн чанарын менежэр Ч.Наранцэцэгээс тодруулга авлаа.  

 


ESA: Томуугийн дэгдэлт өндөр байгааг мэргэжлийн байгууллагынхан хэлж байна. 103 төв дээр  энэ чиглэлийн дуудлага олон ирж байна уу?


       - Нийслэлийн түргэн тусламжийн төвийн нэг онцлог  байна. Бид 2017 оны нэгдүгээр сарын 11-нээс Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн хүүхдийн түргэний дуудлагыг авдаг болсон. Өөрөөр хэлбэл нийслэлд харьяалагдаж байгаа тэгээс дээш насны хүмүүсийн бүх дуудлаганд үйлчилж байгаа юм.


      Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд  хүйтэн сэрүүний улиралд томуугийн дуудлага ихэсдэг. Өөрөөр хэлбэл жилийн  дөрвөн улиралд ханиадны дуудлага ирдэг ч тооны хувьд ялгаатай. Тухайлбал өнгөрсөн ес, аравдугаар сард дуудлагын тоо тогтвортой байснаа 12-р сарын эхний долоо хоногоос нэмэгдэж байна. Ялангуяа  хүүхдийн дуудлага  100,200-гоос хэтэрдэггүй байсан бол одоо хоногтоо 335, амралтын өдрүүдээр энэ тоо нэмэгдэх хандлагатай боллоо. Нийт дуудлагын 30-40 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай. Эндээс хүүхдийн дуудлага 80 хувь байгаа нь ихэсч байгааг харуулж байгаа юм.

 

 

ESA: Томуугийн вакцин хийлгэсэн тохиолдолд өвчлөхгүй байж болох уу?


    - Эцэг эхчүүдийн хувьд улирлын томуугийн эсрэг вакциныг хийлгэснээр томуугаар өвчлөх, хүндрэх, өвчилсний дараа бусдад халдаах эрсдэлийг бууруулах үр дүнтэй.  Хэдийгээр томуугийн вирус хувьсан өөрчлөгдөж байдагтай холбоотойгоор  жил бүр шинэ вакцин хийлгэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл томуугаар өвчлөх эрсдэлээ бууруулах хүсэлтэй хүн бүр улирлын томуугийн эсрэг вакциныг хийлгэх нь эрүүл мэнд болоод эдийн засгийн хувьд ч ашигтай. Вакциныг хийлгэснээс хойш 2 долоо хоногийн дараа дархлаа тогтож, 1 жилийн туршид ханиад томуунаас хамгаалдаг.


    Энд нэмэхэд, томуугийн вакциныг бугалганы булчинд тарьж  хэрэглэх ба дотроо идэвхгүйжүүлсэн (үхүүлсэн) вирусийн 3-4 омгийг агуулдаг ба тухайн жилийн томуугийн вакцины найрлагад орох вирусийн омгийг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас баталдаг юм.


      Гэхдээ ганцхан вакцинд бүхнийг даатгаж болохгүй л дээ. Ээж аав нар дор бүрнээ  урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй. Илчлэг сайтай хоол ундыг бэлтгэж өгөх, хүүхдийнхээ дархлааг дэмжих, цэвэр агаарт  тогтмол гаргаж, шингэн сайн уулгах, гэр орондоо агаарын солилцоог сайн явуулах хэрэгтэй юм. Энэ тухай эмч бүр зөвлөдөг ч хэрэгжүүлдэг ээж аав хэр олон бол оо. Энэ өвчин бол агаар дуслын замаар халдварладаг. Магадгүй нус гоожоод, ханиагаад яваад байгаа ч анхаарал сулрах төдийд л хүндрэх аюултай. Амьсгалын дээд замын архаг өвчлөлүүд, бронхит, бронхиалный астма, трахиабронхит, ларингит, фарингит болох жишээний. Өвчилсөн нялх хүүхдүүд бол нусаа нийж чадахгүйгээс болоод чих, дунд чихний үрэвсэл, гайморит болох эрсдэлтэй. Ийм учраас ханиад дэгдэлт ихэсдэг энэ үед эцэг эхчүүд, асран хүмүүжүүлэгч, багш нар анхаарлаа сулруулж болохгүй.


     Нөгөө талдаа хүрээлэн байгаа орчин маань ямар байгаа билээ. Агаарын бохирдлын хувьд гамшгийн хэмжээнд хүрчихсэн энэ үед хүүхэд томуугаар өвчиллөө гэхэд хүндрэх эрсдэл өндөр гэдгийг санах хэрэгтэй.

 


ESA: Амны хаалт хэдэн хувиар хамгаалдаг юм бол оо?


     -Өөрөө хэрэглэж үзээгүй болохоор хэлж мэдэхгүй байна. Эмч мэргэжилтнүүдийг зөвлөгөөг харж байхад 80-85 хувь хүртэл хамгаална гэж байгаа. Тэднийхээр маскыг сонгохдоо хэр удаан хугацаанд утааг шүүхийг нь харж сонгох хэрэгтэй. Филтертэй маск сонгохдоо тэмдэглэгээг анхаарна. Тухайлбал, FFP1  тэмдэглээ бүхий маск нь  нарийн ширхэгтэй тоосонцорыг 80 хувь, FFP2 тэмдэглэгээтэй маск нь 85 хувь, FFP3 тэмдэглэгээтэй маск нь 90 хувь шүүдэг гэж  уншсан.


  Ноднингийн хувьд 0-5 насны хүүхдэд ханиад томуугийн ид үед нэн шаардлагатай эмүүдийг хөнгөлсөн. Дээр нь энэ насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд хүүхдээ асрах бол цалинтай чөлөө олгосон.  Ингэснээр манайд ирэх дуудлагын тоо цөөрсөн. Өөрөөр хэлбэл заавал түргэн дуудахгүйгээр өрхийн эмчдээ үзүүлээд, эмээ хөнгөлттэй аваад, ажил гэж санаа зовохгүй хүүхдэдээ цаг гаргахаар өөр үр дүн гарч байгаа юм. Даанч энэ жилийн тухайд ахин зарлагдсангүй.

 


ESA:  Өнгөрсөн удаад дунд сургуулийн өвлийн амралтыг уртасгаж байсан. Тэр хэр ач холбогдолтой шийдвэр байсан бэ?


    -Хэрэгтэй шийдвэр байлгүй яах вэ. Ханиадны ид дэгдэлтийн үед ангид  нэг хүүхэд ханиад хүрсэн л бол анги тэр чигээрээ өвчилдөг. Яахав хөнгөн, хүндээрээ л ялгаатай тусдаг. Мэдээж дархлаа сайн байгаад элдэв суурь өвчтэй биш бол хөнгөн тусах магадлалтай.  Тэгэхээр ид дэгдэлтийн үед   зохих шатны байгууллагууд зохицуулалтыг л зөв хийх хэрэгтэй гэж боддог.


    Амьсгалын замаар халдварлах өвчин гэхээр ганцхан томуу, томуу төст өвчнийг хэлэхгүй л дээ. Улаанбурхан, салхинцэцэг ч багтана.

 


ESA: Энэ жилийн тухайд улаанбурхан, салхинцэцгийн өвчлөл ямар байна вэ?


    -Улаанбурхны өвчлөл буурсан. Өнгөрсөн удаад авсан арга хэмжээний үр дүнд 20 жилдээ толгой өвдөхөөргүй болж байгаа юм. Тодруулбал улаанбурхны вакцин нь 20 жилийн хугацаатай дархлаа тогтоодог. Харин салхинцэцгээр өвчлөгсөд байна.  

 

 

ESA: Шинэ жил дөхөж байна. Баяртай холбоотой ямар дуудлага  түлхүү ирдэг вэ?


    -Архитай холбоотой дуудлага нэмэгдэж байна. Баяр тэмдэглэчихээд нэгнийгээ хүргэж өгөхгүй орхичихдогийг онцолж хэлмээр байна. Орхиж явснаас өнөөх нь тасрах, түүнээс болоод хөлдөх, осгох аюултай.  Нөгөө талдаа зүрх өвдөөд, даралт ихэслээ гэсэн дуудлага ирдэг ч цаад шалтгаан нь архины л хамааралтай байдаг. Тэгэхээр баяр ёслол тэмдэглэхдээ ч хувь хүний болоод хамт олны дунд зохион байгуулалт хийж, зөв баярламаар байгаа юм. Архийг хэтрүүлэн хэрэглэснээр амь насаа ч алдах аюултай шүү дээ.

 

ESA: Баярлалаа.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.