Д.Баяраа: Агаарын бохирдолтой холбоотойгоор ШҮЛСНИЙ НАЙРЛАГА өөрчлөгдсөн

2017-12-15 10:15

       Томуу, томуу төст өвчний улирлын дэгдэлтийг эрсдэл багатай давж гарахад эцэг,эхчүүдэд зөвлөгөө өгөхийг Монгол Улсын хүний Гавьяат эмч, клиникийн профессор  Д.Баяраагаас хүссэн юм.



    

      Ээж, аав нарын хэзээний танил  тэрээр “Дэлхий даяар тархсан 2017 оны ханиад нь маш хүнд явцтай, хоруу чанар ихтэй. Вирусийн халдвар жил болгон гардаг ч байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдсантай холбоотой өвчлөл мэдэгдэхүйц нэмэгдэхийн сацуу өвчилсөн тохиолдолд хүндрэл гарах, олон дахих, олон төрлийн вирусээр үүсгэгдэх гээд эрсдэл дагуулдаг болоод байгаа юм.


     2017 оны энэ ханиад нь дэлхийн  бөмбөрцгийн урд хагаст өнгөрсөн 4-10 дугаар сараас эхлээд одоо Хятад, Монгол, ОХУ гээд хойд хагас руу чиглэн явна.


     Иймээс бусад орны эмч мэргэжилтнүүд өөр хоорондоо санал солилцож зөвлөлддөг. Тухайлбал, Австралийн эмч нараас урьдчилан анхааруулга ирүүлснээр манай Эрүүл мэндийн яамнаас  томуугийн вакциныг өмнөх оноос илүү захиалан авчирч хүүхэд, насанд хүрэгчдэдээ хийлээ. Гэхдээ эрүүл мэндээ ганцхан төр засагт даатгаад суух биш ээж, аав нарын анхаарах ёстой хэдэн хэдэн зөвлөгөөг хүргэе” гэлээ.

 

 

ТОСОН СУУРЬТАЙ "ВИТАМИН Д" ТАРХИНЫ ДАРАЛТТАЙ ХҮҮХДҮҮДЭД

ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ

 

       Монгол орон витамин Д-гийн дутагдалтай орны тоонд багтдаг. Хөгжилтэй орнуудын судалгаагаар Д-гийн гол үйлчилгээ нь эсийн түвшинд шингэний зохицуулалтыг  хэвийн  байлгах үүрэгтэй. Бидний мэддэг кальци, магни, фосфорын солилцоог хэвийн болгохоос гадна эсийн түвшнийхээ шингэний тогтолцоог барьдаг юм. Өөрөөр хэлбэл бидний бие эсээс эд, эдээс эрхтнүүд бүрдэж хүн “болдог”. Орчин үеийн анагаах ухааны судалгаагаар эдгээр эсүүд нь PH буюу хүчил шүлтийн тэнцвэрийн сул шүлтлэг түвшинд идэвхитэй хөдөлгөөнд оршдог. Тэгвэл тэр сул шүлтлэг түвшинг хамгийн сайн барьдаг нь витамин Д байгаа юм. Тэгэхээр витамин Д-г хангалттай ууж  хэрэглэвэл өвчлөл хүндрэхгүй байх давуу талтай.

 

 

      Д-гийн нэг хүртэлх насны хүүхдийн хоногийн тун – 2000 олон улсын нэгж байхад Монголын нөхцөлд тохирно. Харин нэгээс дээш бол 1000, том хүмүүс 500, ахмадууд 1000 олон улсын нэгжээр уухад хангалттай. Уг витаминыг жилийн дөрвөн улиралдаа хэрэглэнэ. Үнэндээ Монгол орны хувьд витамин Д-гийн нийлэгжилт байхгүйтэй адил. Өөрөөр хэлбэл нарны хэт ягаан туяанаас авч чаддаггүй. Нарны туяа нь А.B.C гэж гурав байгаагаас С нь азоны давхаргад шүүгддэг бол B нь витамин Д-г үүсгэдэг ч нарны хуанлигаар явахаар 10,11, 3,4-р саруудад л орж ирдэг.

     

      Өнөөдөр өндөр хөгжилтэй орнуудад нэг хэсэгт нь Д-г, нөгөөд нь томуугийн вакцин тариад үр дүнг нь харьцуулан судлахад витамин Д-г тогтмол хэрэглэж байсан хүмүүсийн  өвчлөл нь харьцангуй бага гарсан. Тийм учраас л би ээж аав нарт нь витамин Д-гээ хангалттай өгөөрэй гэж зөвлөж байна. Энд нэмэхэд агаарын бохирдол их байгаа энэ тохиолдолд хүчилтөрөгчийн дутагдлаас болоод уураг тархи гэмтэх магадлал өндөр. Ийм тохиолдолд тархины үйл ажиллагааг сайжруулдаг зүйл бол ханаагүй өөхний хүчлээс бүрдсэн тосон бүтээгдэхүүнүүд байгаа юм. Витамин Д-г тосон болон усан суурьтай гэж  хоёр янзаар бэлтгэн зах зээлд нийлүүлдэг. Тосон суурьтай Д нь тархины даралттай хүүхдүүдэд илүү үр дүнтэй учраас өнөөгийн бидний амьдралд хамгийн  тохиромжтой нь гэж хэлнэ.

 


МОНГОЛ ГЭР ДЭХ АГААРЫН БОХИРДОЛ ХАМГИЙН ИХ БАЙДАГ

 

        Утаатай, бохирдол ихтэйгээс экологийн тэнцвэрт байдал алдагдсан энэ цагт гэр орон, машин, албан тасалгаан дахь орчны бохирдлыг арилгах үүднээс агаар шүүгчийг хэрэглэх болсон. Гэхдээ энэ агаар шүүгчээсээ илүү механик аргаар цэвэрлэх нь илүү үр дүнтэй.  Гэхдээ анхааруулах зүйл байна. Өнөөдөр манай монгол гэрт амьдарч байгаа хүмүүс тооноо гялгар уутаар бүрчихдэг. Уг нь хаалга онгойход тооноор салхи гарч, агаарын солилцоо явах  ёстой юм. Тэгээд үүдэндээ пин барьчихдаг. Үүнээс болж монгол гэр доторхи агаарын бохирдол хамгийн их байдаг. Тэгэхээр гялгар уутаар бүрсэн ч онгойлгодог  хиймээр байгаа юм. Орон сууцынхны хувьд хаалга цонхоо онгойлгоод нэвт салхилуулна. Гэхдээ хүүхдээ дунд нь тавиад салхилуулна гэж байгаа юм биш. Тэр бол маш аюултай. Гол нь агаарын солилцоог маш сайн явуулах ёстой.

 

 


         Онцлон анхааруулахад гэрийн агаарт тэр тусмаа хоол хийдэг газар вирусүүд хамгийн ихээр хуримтлагддаг. Бид орон сууцныхаа ханыг юу ч нэвтэлдэггүй гэж боддог ч вирус, микроб үржин амьдрах боломжтой том том нүхнүүд зөндөө бий. Дэлхийн улс орнууд руу нэгээс нөгөөд шилжиж байгаа вируст хана бол саад биш. Хүмүүс нэг өрөөнд олуулаа цуглахаар “өвчилдөг” мэтээр ойлгодог. Гэтэл унтаж байхдаа л вирусээр  халдварлаад өглөө босохдоо хамар  битүүрч, халуураад босч ирэх нь олонтаа шүү дээ.

 

 

ӨНГӨТЭЙ УРГАМЛУУД ӨВЧЛӨЛИЙГ БУУРУУЛДАГ

 

 

      Монголчуудын хоол хүнсний үндсэн хэрэглээ нь мах, гурил хоёр юм. Энийг шимт бодис буюу үндсэн тэжээл гэдэг. Тэгвэл эрдэс бодис, амин дэм, ислэгийг нэмэлтээр авах шаардлагатай. Үүний тулд жимс жимсгэнэ, хүнсний ногооноос хэрэглэнэ. Аль болох Монголдоо тарьсан, органик бордоогоор бордсон ногоог сонгон авч, хоол унд хийх хэрэгтэй. Тэр дундаа солонгын долоон өнгө мэтээр хэрэглэнэ.  Чацаргана, шар хулуу, улаан лууван зэрэг шар, улбар ягаан өнгөтэй ургамал нь витамин А-гаар баялаг байх жишээний.

 

 

АГААРЫН БОХИРДОЛТОЙ ХОЛБООТОЙ ШҮЛСНИЙ НАЙРЛАГА ӨӨРЧЛӨГДСӨН

 

       Өнөөдөр дэлхий дээр амны хөндийн ариун цэврийн тухай хурцаар ярих болсон. Амны хөндийн ариун цэвэр гэхээр манайхан  шүдээ угаана л гэж боддог. Мэдээж энэ маш зөв. Гэхдээ  агаарын бохирдолтой холбоотойгоор амны хөндийд байгаа шүлсний найрлага хүртэл өөрчлөгдөх болсон. Шүлс нь гаднаас орж ирсэн микробыг устгадаг тусгай бодистой. Гэтэл шүлсний ялгаруулалт багассанаар  шүд хорхойтож, хоолой өвддөг. Тодруулбал, амны хөндийн  гурван тэрбум орчим микроб тэнцвэртэй байх ёстой атал өнөөдөр S мутаци болчихсон. Жишээ нь стрептокок гэдэг нян  нь мутацид ороод хоолойг өвчлүүлдэг.  

 

 

         Япончуудын судалгаагаар эрүүн доор хоёр, шанааны хэсэгт хоёр булчирхай тус тус шүлсийг  ялгаруулдаг. Тэгвэл энэ шүлсний булчирхайны үйл ажиллагаагаа сайжруулахын тулд тусгай дасгалыг хийнэ. Үүнээс нэгийг нь сонирхуулахад өглөө босоод тап - тап - тап, лап - лап – лап, ра-ра-ра гэж 10 удаа хэлэхэд булчирхай идэвхижээд шүлсийг илүүтэй ялгаруулдаг. Шүлс хэдий чинээ их байна, өнөө хэлээд байгаа микробыг устгана хоолой өвдөхөөс сэргийлнэ. Бас чихний урд  болон омгийн хэсгээр байнга иллэг хийнэ. Энэ бол өвлийн цагт ханиадаас сэргийлэх үр дүнтэй аргуудын нэг.

                      

 

ЭМГЭГ МИКРОБЫГ ҮРЖИХЭД “ТУСАЛДАГ” ХООЛ ХҮНС

 

       Бидний бие организм зуун их наяд эстэй мөртлөө 900 их наяд микробтой. Эндээс ашиггүй микроб нь 30 хувь байдаг. Энэ микробууд дархлааны системийг сэдээж өгдөг учраас бид гаднаас орж ирсэн микробыг устгаж чадаж байгаа юм. Хэрвээ гадаад, дотоод орчны байдлаас болоод микроб болон вирусийн тоо хэт ихэсвэл зарим нь эсрэг “дайралт” хийснээс болж, вирусийн халдвар аваад дараа нь микробоор өвчлөөд хүндэрдэг. Тэгвэл эмгэг микробыг хэт их ихээр үржихэд “тусалдаг” хоол хүнс гэж бий. Энэ бол нөгөө л нүүрс уснууд болно. Өөрөөр хэлбэл нүүрс ус бүхий амттаныг хүүхдэдээ битгий өгөөч ээ. Чихэр, шоколад, зайрмагаа багасгах хэрэгтэй. Бас чипс байна. энэ бол хэт ханасан тосоор хийсэн хамгийн муу бүтээгдэхүүний нэг. Эдгээрийн байнга хэрэглээд байхаар хүүхдийн бие дэх ашиггүй бактериуд ихсээд өвчлөмтгий болдог.  

 

 

ӨСӨЛТИЙН ГОРМОН ӨВЧЛӨЛИЙГ БУУРУУЛНА

 

      Хүүхдийн өсөлтийн гормон шөнийн 22:00 – 03:00 цагийн хооронд хамгийн өндөр тунгаар ялгардаг болохыг эрдэмтэд нотолсон. Тэгэхээр хүүхдүүдээ тогтмол цагт унтуулаад сургачихвал насан туршийн зөв дадал болж үлдэнэ. Энэ өсөлтийн гормон нь өвдсөн тохиолдолд “сэжиг бүхий” газруудад хүрч эмчилдэг.

 


      Дээр нь дасгал хөдөлгөөнийг байнга хийх хэрэгтэй. Хөдөлгөөн муудахаар цусны эргэлт муудаж өвчлөмтгий болдог. Хамгийн наад захын хэрэглэж болох хялбар арга бол ханиад хүрлээ л бол дасгал хөдөлгөөн хийж хөлрөх хэрэгтэй. Энэ бол ханиадын үед хамгийн хэрэгтэй анхны эмчилгээнүүдийн нэг  юм. Хөлөрснөөр бодисын солилцоо идэвхижиж, биеийн эсэргүүцэл сайжирна.

 

 

ХҮН ИНЭЭХ ТООЛОНДОО ЭРҮҮЛЖИЖ БАЙДАГ

 

 

        Зөв үг яриатай, зөв үзэл бодолтой хүн өвдөхгүй байж болно. Элдэв сөрөг энергий эсийг байнга гэмтээж байдаг юм. Хүн хэчнээн хүнд өвчтэй байсан ч инээх тоолондоо эрүүлжиж байдаг. Гэтэл сэтгэл санаагаар унаад гутраад ирэхээр ханиад хүрэх нь ч амархан байх жишээний. Амьдрал бол тэртээ тэргүй хүнд. Тэгтлээ гээд ялихгүй жижиг зүйлд гутраад байвал өвчлөл дуудаад байна л гэсэн үг. Инээхэд  эндорфин гэж гормон ялгарч,  кортизол гэдэг депрессэд оруулдаг гормон багасна.

 

 

МЭДЭЭЖ, УС БОЛ ЭМ

 

 

        Дээрх зөвлөгөөн дээр нэмж сануулахад усыг сайн уух хэрэгтэй. Том хүн биеийн жингийнхээ кг тутамд 30 ml, хүүхэд 50 ml-ийг тус тус ууна. Өөрөөр хэлбэл нэг настай 10 кг жинтэй хүүхдийн хоногийн уух усны хэмжээ 500 ml байна.

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.