Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасахыг иргэд дэмжив

2017-12-16 11:56

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар иргэдийн санал асуулгыг авч, нэгтгээд байна. Тодруулбал, УИХ-ын Тамгын газраас “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” УИХ-ын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 39 дүгээр тогтоолын дагуу Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг улс, орон нутгийн хэмжээнд олон нийтээр хэлэлцүүлсэн. 


Хэлэлцүүлэгт нийт 327375 саналын хуудсаар иргэд санал өгсөн байна. Иргэд Үндсэн хуулийн ямар өөрчлөлтийг дэмжсэн талаарх мэдээллийг хүргэж байна. 


Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн нэгдүгээр бүлэгт:   


1.1-т “Сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоох” 
1.2.“Тухайн жилийн улсын төсвийн төсөлд зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглох” 
1.3.”Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргах эрхийг нарийвчлах” 
1.4.”Төрийн хяналтын байгууллагын тухай” 
1.5.”Хянан шалгах түр хороо байгуулж болох тухай Үндсэн хуульд нэмж тусгах”
1.6.”Ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75-аас доошгүй ажлын өдөр болгох”
1.7.”Хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар хуулийг эцэслэн батлах”  


Дээрх заалтуудаас 1.7 заалт нь алдаа дутагдалтай болсон мэт харагдаж байгаа юм. Учир нь одоо мөрдөгдөж байгаа журмаар чуулганд 76 гишүүн оролцох ёстой. Үүнээс ирц хүрэхгүй бол хуулийг эцэслэн баталдаггүй. Гэтэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулвал чуулганд хэдэн гишүүн суусан ч хамаагүй, дийлэнх нь дэмжиж байгаа тохиолдолд хуулийг эцэслэн батлах боломжтой болж байгаа гэж ойлгогдохоор байна.  Хэрэв тийм бол энэ нь гишүүдийн хариуцлагыг  сулруулж, хуулийн чанар байдалд сөргөөр нөлөөлнө. 


Хоёрдугаар бүлэгт: 


2.1.”Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах”
2.2.”Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх эрхийг хасах” 


Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарлахаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгажээ. Үүнийг ч иргэд дэмжсэн байна. Хэрвээ эцэслэн батлагдаад гарвал хууль 2021 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Тэгэхээр энэ чигээрээ батлагдвал 2021 онд сонгогдсон Ерөнхийлөгч Үндсэн хуулийн шинэ заалтаар эрхээ хэрэгжүүлж, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх үүргээ жинхэнэ утгаар хэрэгжүүлэх боломжтой болох нь. 


Гуравдугаар бүлэгт: 


3.1.”Ерөнхий сайд болон Засгийн газрын нийт гишүүний гуравны нэг нь Улсын Их Хурлын гишүүн байж болохоор хязгаарлах” 
3.2.”Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх /Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах/”
 3.3.”Засгийн газрын үндсэн чиг үүргийн 5 яамыг Үндсэн хуульд нэрлэх заах, Ерөнхий сайд 7 хүртэл яамыг нэмж байгуулах саналыг Улсын Их Хуралд оруулах”


Гуравдугаар бүлэг тэр чигтээ Засгийн газартай холбоотой өөрчлөлтүүд тусгагдаад байна. Өнөөгийн үүсээд байгаа нөхцөл байдалаас дүгнэвэл Ерөнхий сайд танхимаа бүрдүүлж, тэднийг тараадаг байх нь илүү оновчтой байх боломжтой. Хэрэв хууль батлагдвал УИХ-ын гишүүд сайдын суудал горилох нь багасах боломжтой юм. 


Нөгөө талаасаа  3.3-ын энэ заалт яамдын тоонд хязгаар тогтоож, засаглал хэт данхайхаас сэргийлж байгаагаараа  онцлог юм. 


Дөрөвдүгээр бүлэгт: 


4.1.”Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой байх, шатлан дэвших зарчимд үндэслэх”
4.2.“Төрийн албаны төв байгууллагын хараат бус байдал, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтоох”
4.3.“Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр болон хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглох” 


Төрийн албан хаагчдын эрх зүйн байдлыг Үндсэн хуулиар тогтоох нь иргэдийн чин хүсэлт байлаа. Өнөөгийн төрийн алба сонгуулийн дараа нам даган солигдож, дарга нарын танимл тал хамаатан саднаас төрийн алба дүүрсэн нь нууц биш. Тиймээс энэ байдлыг залруулах ганц боломж нь Үндсэн хууулиар зохицуулах явдал гэж иргэд, хуульчид үздэг. Тэр ч үүднээсээ Үндсэн хуулинд төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар халж, сэлгэхгүй байх гэж  тусгаж өгснөөр төрийн алба тогтвортой байх алхмыг тавьж өгч байна. 


Тавдугаар бүлэгт: 


5.1.“Шүүхийн ерөнхий зөвлөл арван нэгэн гишүүнээс бүрдэхээр Үндсэн хуульд заах”
5.2.”Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохоор Улсын Их Хуралд танилцуулж дэмжсэнийг, бусад шүүхийн шүүгчийг томилохоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосныг Ерөнхийлөгч батламжлах”
5.3.”Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр, Монгол Улсын гучин нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилох”


Шүүгч томилоход УИХ-ын оролцоо байх нь шүүгчдийн хараат бус байдалд нөлөөлж эхлэх маш том эрсдэлтэй. Одоо ШЕЗ-өөс шүүгчийг санал болгож, Монгол Улсын Ерөнхийлөгч ёсчилон баталдаг билээ. 


Зургадугаар бүлэгт: 


6.1.“Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум, хотод /орон нутгийн харьяалалтай/, сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, хот нь хороонд хуваагдахаар Үндсэн хуульд бэхжүүлэх”
6.2.“Баг, тосгон, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүрэг, хотын Засаг дарга шууд томилох”


Анхан шатны нэгжийн Засаг даргыг дээд шатны Засаг дарга томилдог байх нь улс төрийн намын үзлээр шийдэгдэх эрсдэлтэй. Гэвч иргэд энэ өөрчлөлтийг дэмжсэнээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл нэгтгэгдэж дууслаа. Одоо УИХ төслийг батлах л үлдлээ.


Дахин сануулахад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсан ч 2020-2021 оноос хэрэгжиж эхлэх юм. 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.