С.Батболд: Нүүрсний замд тээвэрлэлт хийдэг нэг ч жолоочийг ажилгүй болгохгүй

2017-12-21 16:31


    Зам тээвэр, хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Автотээврийн үндэсний төвөөс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд шуурхай зохицуулалт хийснээр 118 км байсан ачааны машины цуваа 17 км болж буурчээ. Энэ тухай өнөөдөр Зам тээвэр, хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төвийн удирдлагууд мэдээлэл хийлээ.


    ESA—Засгийн газраас нүүрс тээвэрлэлтийн машины дарааллыг бууруулах чиглэлд хэд, хэдэн тогтоол баталсан. Тухайлбал Тавантолгой-Гашуунсухайт хүрэх тээвэрлэлтийг Тавантолгой-Цагаан хад, Цагаан хад-Гашуунсухайт гэсэн хоёр хуваах шийдвэрийг гаргасан.  Засгийн газрын тогтоолын дагуу энэ сарын 12-ны өдрөөс Тавантолгойн уурхайн нүүрс ачилтыг түр зогсоосон. Ингэснээр нүүрс тээвэрлэлтийн ачааны машины цуваа буурчээ. Тиймээс өнөөдөр өглөө Тавантолгой-Цагаан хад чиглэлд нүүрс ачилтыг эхлүүлсэн бөгөөд үдээс хойш 14 цагт Цагаан хад-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтийг эхлүүлж байгаа юм байна.


    Энэ талаар ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболдоос тодрууллаа.

 


   ESA—Хил дээр үүсэх  дарааллыг бууруулахын тулд нүүрс тээвэрлэлтийн замыг богиносгох нь зөв зохицуулалт мөн үү?


    -Нүүрс тээвэрлэлтийн урт дарааллыг бууруулахын тулд холбогдох бүх байгууллага хамтарч ажиллах шаардлагатай байгаа. Жишээ нь уурхайнууд аман дээрээсээ нүүрсээ тасралтгүй ачдаг болохоор үүнд зохицуулалт хийх хэрэгтэй болсон.  Мөн хилээр өдөрт 500-600 машин гарч байхад өдөрт 1000-1200 тээврийн хэрэгсэл гаалийн бүрдүүлэлт хийх хэрэгтэй болдог. Энэ мэтчилэнгээр байгууллагуудын уялдаа холбоог хангаж ажиллах шаардлага үүссэн учраас нүүрс тээвэрлэлтийг түр зогсоосон. Ер хэт олон тээврийн хэрэгслийг нүүрс тээвэрлэснээр урт замд урт дараалал үүссэн юм. Тиймээс түр хугацаанд уртын замыг богиносгож байгаа нь зөв. Монгол Улсын Засгийн газраас уурхайгаас хэдэн тонн нүүрс гаргах нь чухал бус гагцхүү тэдэнд ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэндийг анхаарч, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг шаардаж байгаа.


     ESA—Олон хүнийг ажилгүй болгож байна гэсэн шүүмжлэлийг жолоочдийн зүгээс тавьж байгаа. Үүнд тайлбар өгөөч?


    Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд хууль бусаар тээвэрлэлт хийж байгаа 3000 гаруй жолоочийг гэрээжүүлж, аж ахуйн нэгжид хамруулсан. Өөрөөр хэлбэл одоо Тавантолгой уурхайд тээвэрлэлт хийж байгаа бүх жолоочид зөвшөөрөлтэй болж, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах боломжтой болсон. Ингэснээр олон хүнийг ажилгүй болгож байгаа зүйл огтоос биш бөгөөд ирэх оны эхээр уурхай тус бүрийн нүүрс ачилтын төлөвлөлтийг үзээд хэчнээн машинаар тээвэрлэлт хийхээр байна, түүнд хэдэн жолооч шаардлагатай байна вэ гэдгийг тодорхой болгох юм. Энэ үед тээвэрлэгч компаниудаас жолооч нэмэгдэж орох боломжтой болсон. Одоогоор энэ чиглэлд нэг ч хятад жолооч байхгүй гэдгийг хэлмээр байна. Харин хятадын хөрөнгө оруулалттай тээвэрлэлтийн компанид монгол жолооч ажиллаж байна.
 
    ESA— Өнгөрсөн долдугаар сараас нүүрсний  экспорт огцом нэмэгдсэнээс үүдэн тээврийн хэрэгслийн ачаалал эрс нэмэгдсэн. Тавантолгойд байрлах уурхайнуудаас тээврийн хэрэгслийн тоог нэмэх хүсэлтийг АТҮТ-д тогтмол ирүүлэх болжээ. Энэ дагуу АТҮТ-өөс уурхай болон нүүрс худалдан авагч хооронд хийсэн гэрээ, тээвэрлэлтийн хэмжээг тооцон зөвшөөрөл олгодог бөгөөд одоогийн байдлаар 7400 орчим тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэлт хийж байгаа байгаа гэнэ. Тээвэрлэлтийн нөхцөл байдал муудсан үеээс АТҮТ-өөс тээвэрлэлтийн нэгдсэн программ бий болгохоор ажиллаж эхэлжээ.


     Энэ талаар Автотээврийн үндэсний төвийн дэд захирал Ш.Батсайханаас тодрууллаа.

 


     ESA—Тээвэрлэлтийн нэгдсэн программыг хэрхэн ашиглах вэ. Уурхай, аж ахуйн нэгжүүд ашиглаж эхэлсэн үү?


    -Тээвэрлэлтийн программыг АТҮТ-ийн мэдээлэл технологийн хэлтсээс  хийсэн. Өмнөх өдөр нь уурхай хилээр гарсан тээврийн хэрэгслийн тоогоо харж байгаад маргааш хэдийг ачих вэ гэдэг тоогоо тавина. Ингээд тээвэрлэлтийн аж ахуйн нэгжүүд нь ямар улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй, хэн гэдэг жолоочийг хэд хэдэн цагт уурхай руу ачилтад оруулах вэ гэдгийг бичих зарчмаар ажиллана. Бид зам дээр жолоочид хонон өнжин ажилладаггүй, зөвхөн кэмп дээрээсээ шууд уурхай руугаа явж ачилт хийлгэдэг байхыг л зөвлөж байна


 ESA—Нэвтрэх чадварыг дээшлүүлэх чиглэлд БНХАУ-ын талтай хэрхэн хамтран ажиллах вэ?

    -Монголын талаас зургаа, БНХАУ-ын талаас хоёр шугамаар нэвтэрч байгаа. БНХАУ таван шугамаар нэвтрүүлэх боломжтой. Өмнө нь нэг тээврийн хэрэгслийг 3-5 секундэд нэвтрүүлдэг байсан бол одоо 28 минут шалгаж байгаа. Энэ асуудлыг холбогдох албаныхан уулзаж, ярилцаж байна. БНХАУ-ын талаас энэ асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ албан бусаар хэлдэг.

    ESA—Тээврийн хэрэгслийн тоог бууруулах уу?

    -АТҮТ-тэй хамтран ажилладаг тээврийн байгууллагуудтай хийсэн гэрээгээ дүгнэсэн. Гашуунсухайтад гэхэд гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн 50 аж ахуйн нэгжийн 3600 тээврийн хэрэгсэл байна. Зөрчил, дутагдлаа арилгах боломжтой 1000 орчим тээврийн хэрэгсэл бий. Эдгээр тээврийн хэрэгслийн тоо, дугаар зэрэг нарийн мэдээллийг уурхайдад хүргүүлсэн. Уурхайнуудаа ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэг хариуцлагатай аж ахуйн нэгжүүдээр тээвэрлэлт гүйцэтгэдэг болохыг анхааруулж байгаа. Нөгөөтэйгүүр, хил хамгаалах байгууллагаас хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгсэл, жолооч нарын мэдээллийг бидэнд сар бүр ирүүлэх болсон. Энэ тоонд үндэслэн бид тээвэр төлөвлөлтөө нарийн боловсруулах боломжтой.

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.