Олон соёлын огтлолцол дахь МОНГОЛ

2017-12-25 07:49

“Соёл бол хүмүүсийн нийгмийн явцад үүссэн үнэлэмж болон 
хэм хэмжээний систем бөгөөд энэ нь амьдралын хэв маягтай зөрчилддөг”

 

  Аливаа улс орны улс төрийн хийгээд нийгмийн тогтолцоонд гарсан шинэчлэл, өөрчлөлтийг дагаад тухайн үндэстний нийтлэг соёл ч мөн хувьсан өөрчлөгддөгийн бодит жишээг монголчууд бид биечлэн мэдэрсэн. Ерэн оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаас хойш хэдийнэ хорин долоон жил өнгөрсөн ч хүмүүнлэг ардчилсан, олон ургалч, зах зээл эдийн засгийн эрх чөлөөт нийгэмд баримтлах нийтлэг соёл одоо ч бүрэн тогтоогүй мэт санагдана. Улс төр, нийгмийн тогтолцоо ул үндсээрээ өөрчлөгдөхөөс өмнө биднийг хүчээр шахуу нэгтгэн зангидаж байсан социалист хэв маяг бүхий соёл задарснаас хойш он жил улирах тусам хувь хүмүүс, хамт олныг нэгтгэх сүсэг бишрэл, үзэл бодол, ашиг сонирхлын ижилсэл, адил төстэй чанар улам л холдсоор байна. Энэ дүгнэлттэй бүрэн санал нийлэхгүй байх магадлал өндөр учраас дурын нэг байгууллага дээр жишээ татаж болох юм. 


    Өндөр түвшний боловсрол эзэмшсэн, мэргэжлийн ур чадвараар шилдэгт тооцогдох залуусын сүүлийн үеийн хандлага диплом гардаж, ромбо зүүсэн даруйдаа хувийн бизнес яарч эхлүүлэхийн оронд үндэсний хэмжээнд нэр хүндтэй, түүнийгээ дагаад ажиллах орчин нөхцөл таатайгаас гадна цалин хөлс, бусад урамшуулал сайтай,  хөгжин дэвших бололцоо нээлттэй томоохон корпорацид хүчээ өгч, ур чадвараа сорихыг урьтал болгох нь бэлхэнээ анзаарагдах болжээ. Ийм зорилго, хүсэл сонирхол тээсэн хэдэн зуун тооны шинэхэн боловсон хүчнүүд АНУ, Европын орнууд, Австрали, Япон, Солонгос, Хятад гээд л дэлхийн өнцөг булан бүрт боловсрол эзэмшээд эх орондоо ажиллаж амьдрахаар ирцгээж байна. Энэ хүчин зүйлээс үүдэн нэг үндэстэн, нэг төрөлх хэлт, нэг байгууллагын албан хаагчид доторх олон соёлын харилцаа бодитоор үүсэх нөхцөл бүрдэж байгаа юм. Энэ нь тухайн байгуулагын удирдлагыг цоо шинэ менежментийн бодлого боловсруулан баримтлах нөхцлийг хүссэн, хүсээгүй шаардах  болсон нь нууц биш. 


  Энэ үзэгдэл манай нийгэмд яах аргагүй цоо шинэ зүйл. Социалист нийгмийн үед албан байгууллага, үйлдвэрийн удирдах алба хашиж байсан дарга нарт ажилчин мэргэжилтнүүдийнхээ олон соёлын ялгааг уялдуулан яаж зөвөөр ашиглах вэ гэдэг ярвигтай асуудал тулгарч байгаагүй л болов уу?

    Учир нь байгууллагын ажилчид нэг л намын гишүүнчлэлтэй учраас улс төр үзэл бодлын сөргөлдөөн байхгүй. Байлаа гэхэд тэрслүү үзэлтэй ганц нэг нөхрийг үйлдвэр, байгууллагын удирдлага бус харин намын үүр хурлаараа оруулаад хөдөө цөлчихнө. Шашин шүтлэгийн ондоошил бүр ч байхгүй. Гадаад оронд сургууль төгссөн мэргэжилтнүүдийн дийлэнхи нь Зөвлөлтийн школаар боловсрол эзэмшсэн. Байг гэхэд л бусад социалист оронд төгссөн. Тиймээс бүгд орос хэлтэй. Нэг хэлээр ойлголцож байна гэдэг нэг сэтгэхүйтэй байгаагаас өөрцгүй. Ингээд бодохоор хуучин нийгмийн үед нэг үзэл суртлаар хүмүүжин боловсорсон хамт олныг удирдах зовлонгүй ч байсан юм шиг... 


    Тэгвэл орчин цагийн үүссэн шинэ нөхцөл захирал, удирдагчдаас хувийн хөрөнгөө манангаа бусдыг ажиллуулж цалинжуулдаг байдаг л эзэн,  зүгээр л нэг гарын үсэг зурж, тамга дардаг бэлгэдлийн дүр, загнаж зандарч тушаахаас хэтэрдэггүй дарангуйлагч төдий нэгнийг бус харин ч эсрэгээрээ стратегич, социологич, сэтгэл зүйч, теологич, олон хэлэнд суралцсан гүүш гээд нэг хүнд ахадмаар олон мэргэжлийг цогц ерөнхийд нь эзэмшихийг шаардах болжээ. Энэ бүхнийг тодорхой хэмжээнд өөртөө суулгасан байж гэмээнэ “шуудайнд хийсэн үхрийн эврүүд” адил тэс ондоо соёл, амьдралын орчин нөхцөлд олон жил болцгоосон тэр хэрээр тухайн орны онцлог бүхий соёл, ажиллах арга зарчмыг өөртөө суулгасан, харилцан адилгүй боловсролын системээр номын дуу сонссон мэргэжилтнүүдээ асуудалгүй удирдах анхны нөхцөл бүрдэнэ. Хэл соёл, боловсролын системийн зөрүүнээс гадна бөө мөргөлтэй, буддын шүтлэгтэй, Христэд итгэгч, Оошог дагагч,  зэнгийн бясалгагч гээд сүсэг бишрэлийн ондоошил ярвигтай асуудлын нэг яалт ч үгүй мөн.  


    Соёл хийгээд олон соёлын харилцааг дүгнэн тодорхойлсон олон арван дүнэлт бий. Greet Hofstede олон соёлын ялгаа болон менежментийн экспертийн шинжилгээ хийхдээ, “Соёл бол хүний нийгэмд хүмүүсийг бие биенээс нь ялгах оюун ухааны нягт үйл ажиллагаа. Түүнчлэн соёл нь үнэлэмжийн системийг агуулж байдаг, харин үнэлэмжүүд нь соёлын цогцуудаас бүрдэж байдаг”  гэж тодорхойлсон бол,  Hofstede болон Namenwirth, Weber нар “Соёл бол хүмүүсийн нийгмийн явцад үүссэн үнэлэмж болон хэм хэмжээний систем бөгөөд энэ нь амьдралын хэв маягтай зөрчилддөг” гэсэн ухагдахууныг дэвшүүлсэн байдаг.  Олон соёлын огтлолцол олон янзын үндэстнээс бүрдсэн АНУ, Энэтхэг зэрэг орнуудад л ихэвчлэн анзаарагддаг зүйл биш бололтой. Тэр тусмаа нэг үндэстнээс бүрдсэн, хүн амын дийлэнхийг халх ястан бүрдүүлдэг, голлох нэг шашинтай, нэг хэл авиа дуудлагаар ярьцгаадаг, нэг бичиг үсэгтэй учраас олон соёлын харилцаа үүсэх магадлал тун бага манай оронд ашиглагдаж эхэлснийг дээр эш татсан тодорхойлолтоор дүгнэвэл монголын өнөөгийн тогтсон амьдралын хэв маягтай зөрчилдөх нь дамжиггүй ч олон орны үнэлэмжийн системийг өөртөө агуулсан соёлын цогц бүрдлийг байгууллагын бодлого хөгжил, бизнесийн стратегидаа эерэгээр ашиглаж чадвал маш том амжилтыг авчрах нь гарцаагүй. Бидний хувьд энэ нь  ямар үр дагавар авчрах нь тодорхойгүй цоо шинэ туршилт биш. Монголчууд эртнээс олон соёлын огтолцлыг өөрт ашигтайгаар маш чадмаг ашиглаж байсныг түүх гэрчилнэ. Үүний тод жишээ нь эзэлж нэгтгэсэн овог аймаг, улс гүрнээс аль л эрдэм чадвартай гэсэн болгоныг өөртөө зүтгүүлж байсан Чингис хааны менежмент. 

    Нэгэн цагт дэлхийн нийслэл байсан торгоны замын эцсийн зогсоол болох олон хөлийн Хархорин хот. Сэцэн Хубилай хааны байгуулсан Юань гүрний ололт амжилт бүхэн бидний түүхийн өнгөрсөн цагт олон соёлын бизнесийг оновчтойгоор хэрэгжүүлж байсны тод жишээ маргаангүй мөн.  Аливаа реформ, инновацийг энэ маягаар маш түргэн хугацаанд нэвтрүүлж хэрэгжүүлж чаддаг Монгол хүний чадамж уламжлалт нүүдлийн соёлтой нягт холбоотой. Амьдралын минималист хэв загвартай нүүдэлчдийн аж төрөх соёлын онцлог нь хэрэгтээ хэрэггүй бүхнийг агуулж өөрт чирэгдэл болгохыг бус хамгийн хялбар, цаг хэмнэсэн, үр өгөөжтэй, дэвшилтэт гэснийг нь авч үлдээн амьдралын хэв маягт үл нийцэх зүйлсийг эргэлзэж хоргодохгүйгээр орхиж чаддагт нууц нь оршдог. Тиймдээ ч нүүдэлчин сэтгэхүйтэй монголчууд бусдын туршлагаар  батлагдсан сайн ололтыг авч хэрэгжүүлэхэд эргэлзэж цаг бардаггүй. Үүний тод жишээ нь цаасан мөнгийг монголчууд хүн төрөлхтний хэрэглээнд нэвтрүүлсэн явдал. Суурин соёл иргэншилтэй хүн үнэ цэнийн баталгаа болсон алтан зоосоо, эсвэл ховор нандин торго давуугаа нэг муу зурагт цаасаар солин арилжана гэдэг толгойд нь хэзээ ч багтахгүй явдал. Суурин соёл иргэншлийн сул тал алдаа гаргах эрхгүй, зоригтойгоор аз туршиж эрсдэл сорьдоггүй баригдмал загварт оршдог. Тийм ч учраас хүний гадны юмсад амархан хөл алддаггүй онцлогтой. Харин бид тэднээс ялгарах эсрэг темпраментаа зөвөөр ашиглаж чаддаг хатуу дэгт баригдаагүй нээлттэй уян хатан соёлынхоо буянаар одоогоос ердөө зуу гаруйхан жилийн өмнөх харанхуй бүдүүлэг, боловсролгүй, бөөс хуурсандаа баригдсан,  дэлхийн соёл дэвшлээс хэдэн зуунаар хоцрогдсон байдалтай улс орон байсан ч хэдэн арван жилийн дотор л мөр зэрэгцэн ирсэн нь бодит үр дүн билээ. 


    Тэгвэл ойрын ирээдүйд Олон улсын бизнесийн тавцанд монгол компани тоглогч болохын тулд олон соёлын нөлөөллийг оновчтой ашиглах менежментийн ямар бодлого хэрэгтэй вэ? Бизнесийн цар хүрээгээ тэлэхээр ямар нэг оронд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж, цаашлаад салбараа нээхийн тулд нэн тэргүүнд тухайн улсын түнштэйгээ ойлголцох бизнесийн нэг хэл сэтгэхүйгээр нэвтрэлцэн гэрээ хэлцэл байгуулахаас эхэлнэ. Энэ талын чадвар манай лидерүүдэд их дутмаг нь анзаарагддаг, ялангуяа улс төрчид. Стратегийн томоохон ордууд хөдөлгөөнд орж үр өгөөжөө хэдийнэ өгч эхэлчихсэн байхаар хугацаа өнгөрсөн ч одоог болтол төсөл гэрээ хэлцлийнхээ шатанд л байсаар байгаа нь үүний илрэл гэлтэй.  Цаад шалтгаан нь монголчууд гадны түнш, хөрөнгө оруулагчдад итгэдэггүй, харийн хүнтэй хамтарч бизнес явуулж чаддаггүй гэхээс илүүтэй хуучинсаг арга барилтай монгол дарга болон өөрийн гэсэн үнэлэмжийн тогтсон чиг баримжаатай гадны түнш хоёрын соёл, боловсролын асар их зөрүү л дараагийн хийх алхмыг зогсоодог болов уу. Олон Улсын бизнесийн орчинд хүрээгээ тэлж чадахгүй яваа энэ асуудлыг олон соёлд харилцан нэвтэрч онцлог төрхийг нь ухаарч танихаар харь улсуудад суралцан боловсорч байгаа монгол залуусаа нутагтаа буцан ирүүлэх ажиллаж амьдрах таатай орчин нөхцлийг хангаж авч ирснээр ойлголцлын зөрүүг хялбархан арилгаж болохоор санагдана. 
      
             

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.