ШИНЭ НОМ: Бид бүгд ФЕМИНИСТ байх хэрэгтэй

2017-12-25 14:47

 

     Одоогоос хоёр жилийн өмнө “Хаана ч байсан хэрхэн Парисчууд шиг байх вэ?”  номыг эх  хэлнээ орчуулан олны хүртээл болгож байсан орчуулагч Ж.Энхбаярын хоёр дахь орчуулгын бүтээл болох “БИД БҮГД ФЕМИНИСТ БАЙХ ХЭРЭГТЭЙ” сонгодог богино эсээ номын нээлт өнгөрсөн бямба гаригт боллоо. 



 

    Нигерийн зохиолч Чимаманда Нгози Адачийн бичсэн феминизмийн тухай  богино эсээ нь дэлхийн 35 орны хэлнээ орчуулагдсан бөгөөд  хүйсийн тэгш эрх, эрчүүд эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийн тэнцвэргүй байдал, бидний мэддэг ч тэр бүр дэлгэн тавьдаггүй эмэгтэйчүүдийн эрхийн талаар хөндсөн бүтээл ажээ. Энэхүү эсээ нь Африкт зориулан жил бүр зохиогддог чуулганыг угтан 2012 онд ТЕДхИүстонд тавигдсан илтгэлийн гар бичмэл юм.


    Номын нээлтийн үеэр орчуулагч Ж.Энхбаярын тавьсан илтгэлд:  “Феминизмийн тухай ойлголт нь дэлхий нийтийн анхаарлын төвд буй гол асуудлын нэг бөгөөд сүүлийн жилүүдэд  дэлхий даяар  энэ асуудлаар олон олон үйл ажиллагааг зохион байгуулж  байсныг та бүхэн мэдэх биз ээ.


     “Феминизм” гэж чухам ямар үзэл баримтлал болохыг  тодруулбал: Нийгэм улс төр, эдийн засгийн хүрээнд  хүйсийн тэнцвэрт байдлыг эрхэмлэдэг үзэл санаа юм.


    Монгол улсын хувьд эмэгтэйчүүдийн эрх  ажил эрхлэлт,  улс төр, гэр бүл, нийгмийн харилцааны олон зүйл дээр зөрчигддөг нь хүйсийн тэгш эрх алдагдсан болохыг харуулж байгаа юм.  Иймээс Феминизмын тухай ойлголт нь та бидний ярихгүй, орхигдуулж үл болох асуудал юм. Энэ бол дан ганц эмэгтэйчүүдийн асуудал бус , эрэгтэйчүүд төдийгүй бидний хүүхдүүдийн ирээдүйн төлөөх асуудал тул хүн бүр нийтэд түгээх нь чухал байна.


    Магадгүй та бид “БИД БҮГД ФЕМИНИСТ БАЙХ ХЭРЭГТЭЙ” номыг 30 минутын хугацаанд уншаад дуусчихаар харагдаж болох ч  таны амьдралын туршид тантай хамт байх чухал сэдвийг агуулж байгаа юм. Мөн та энэ номыг уншсанаар үр хүүхэд, ирээдүй хойч үеэ зөв төлөвшилтэй хүн болгоход тус болно гэж найдаж байна” гэлээ.


     Ж.Энхбаяр нь  “БИД БҮГД ФЕМИНИСТ БАЙХ ХЭРЭГТЭЙ” номоо дагалдуулан “ФЕМИНИСТ” нэртэй тэмдэглэлийн дэвтрийг гаргасан байв.

     Тус тэмдэглэлийн дэвтэрт бичсэн ишлэлээс товч хүргэе.

•    Бид охидыг хэрхэн өөрийнхөө чадварыг нугачин дарж, өөрийгөө өчүүхэн амьтан болгохыг номлодог. Өөрөөр хэлбэл: Чи хүсэл тэмүүлэлтэй байж болох ч хэтэрхий их амбиц чамд хэрэггүй. Чи амжилттай байхын төлөө тэмүүлж болох ч, хэтэрхий их амжилт руу зүтгээд хэрэггүй. Эс тэгвээс чи эрэгтэй хүнтэй таарахгүй. Хэрвээ чи өөрийн хамтрагч эрэгтэйгээс илүү ухаалаг бол, түүний дэргэд өөрийгөө дарж сур. Ялангуяа олон нийтийн газарт. Учир нь чиний хүчтэй байдал эрчүүдийг хүчгүй сул дорой болгодог гэх мэтчилэн сургадаг.


•    Бид хөвгүүдийг хүмүүжүүлэхдээ олон алдаа гаргадаг. Тэдний нигүүлсэнгүй сэтгэлийг нугачин дарж, оронд нь “эршүүд” хэмээх зан чанарыг яг л шувууны давчуухан үүр мэт ядмагхан тодорхойлоод тэднийгээ тэр үүрэнд насан туршид нь түгжиж орхидог. Бид хөвгүүдийг айдастай, эмзэг, сул дорой байдлаас холуур байхыг, үүнээс жигшихийг сургадаг. Тэднийг өөрсдийнхөө жинхэнэ мөн чанарыг нууж, баг өмсөхөд сургадаг. Яагаад гэвэл тэд хатуу хөтүү эр хүн байх ёстой.

 

 

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.