Гоо үзэсгэлэн, хүч чадал, айдас гэрэл зурагчдын дуранд...

2017-12-27 14:00


Барууны хэвлэлүүд улиран одож буй 2017 онд тохиосон олон улсын үйл явдлын тойм мэдээллүүдийг хүргэсээр байна. Эх сурвалж агентлаг ч мөн адил 2017 онд дэлхий дахинд өрнөсөн онцлох үйл явдлуудыг редакцийн сонгосноор тоймлон хүргэнэ. Харин энэ удаад дэлхийд алдартай Getty Images агентлагийн гэрэл зургийн тоймыг хүргэж байна.  Энэ агентлаг чухам ямар шалтгаанаар доорх зургуудыг онцолж байгаагаа мөн тайлбарлажээ. 



 

Фото: Ал Белло/GETTY IMAGES 

 

  Америкийн теннесчин Аманда Анисимова  Флоридад болсон “Майами опен” тэмцээнд эх орон нэгт Тейлор Таунсендтэй өрсөлдөж байна. Хэн нэгний зургийг хамгийн сайнаар авах, теннисийн цохилтын агшныг тааруулах, гэрэл болон ракурсаа олохыг сурсан хэн бүрт энэ зураг хамгийн шилдэг жишээ гэж агентлаг онцолжээ. Гэрэл зургийг авсан Ал Белло олон жилийн спортын гэрэл зурагчнаар ажиллаж байгаа гэнэ. 

 


 

Фото: Кристофер Полк / GETTY IMAGES


  Америкийн кино академийн шагнал гардуулах ёслол руу зөвхөн гурван гэрэл зурагчин л оруулдаг. Энэ үеэр ажилласан гэрэл зурагчин Кристофер Полк  “Оскар”-ын шагналыг Эмма Стоун гардан авсны дараах Леонардо Ди Каприо болон Эмма Стоун хоёрын хоорондыйн харилцааны агшинг буулгаж чаджээ. Кристоферийн зургийг онцлох болсноо агентлаг тайлбарлахдаа “энд уур амьсгал,1950-аад оныг санагдуулам  ретро гоозүй гээд бүгд байна” хэмээжээ.

 

 
Фото : Кевин Фрейер/ GETTY IMAGES 

  Бангладешийн Кокс-Базар хотод рохинжа үндэстэн дүрвэгч хүү хүмүүнлэгийн тусламж тарааж буй ачааны тэрэг рүү нулимс унаган зүтгэж байна. Гетти Имижэс агентлаг энэ зургийг онцлох болсноо тайлбарлахдаа “ энэ төрлийн зургийг хараад бид тэр бүр уярдаггүй.  Харамсалтай нь ийм зургууд байнга харсаар дөжирчихсөн хэрэг. Гэхдээ Кевин Фрейерийн энэ зураг дээр хүүг гол цөм болгон авсан  нь түүний нөхцөл байдал хичнээн эмгэнэлтэй байгааг харуулна. Тусламж хүссэн эсвэл идэх юм гуйсан хүүхдийн зургийг хараад ямар ч эцэг, эх хүний өр өвдөнө. Тиймээс л энэ төрлийн зурагнуудыг зурагчид авсаар байх хэрэгтэй” хэмээжээ. 

 

Фото: Райан Пирс/ GETTY IMAGES 

  Гэрэл зурагчин  Сидней Бонди Бич хэмээх алдартай наран шарлагын газарт серфийн тамирчин тавцангаасаа унах агшныг хальснаа буулгажээ. Энэ гэрэл зураг давалгааны гайхам хүчийг мэдрүүлэхийн дээр хүн, байгалийн хүчний харьцааг тод томруунаар харуулж байна. Тамирчин тавцангаа хянаж чадахаа больж, усанд  унах мөчийг харсан хүмүүс бидний хувь тавилан эгзэгтэй мөчид байгалийн эрхшээлд орж мэднэ гэдгийг харуулна хэмээн агентлаг тайлбарлажээ.

 


 

Фото:  Чип Сомодевийя/ GETTY IMAGES 

  Виржиния мужийн Шарлоттсвилл дэх эмх замбараагүй байдлын үеэр Америкийн хэт барууны үзэл баргимтлагчид өөрсдийн сөргөлдөгчидтэй нүүр тулав. Нөхцөл байдал түгшүүртэй болжээ, үймээнд оролцогчид бейсболын цохиураар зэвсэглэсэн байх  бөгөөд зарим нь хамгаалалтын дуулга өмсчээ. Ийм нөхцөлд энэ гэрэл зургийг авсан Чип Сомодевийя өөрийгөө ихээхэн аюулд учруулсан ч ховор агшныг буулгаж чадсан байна. 

 

Фото: Брюс Беннетт / GETTY IMAGES
 

  “Питтсбург Пингвинз”-ийн Патрик Хёрнквист  “Нью-Жерси Девилз” багийн хаалга руу шайб оруулж байна. Энэ зураг дээр гэрэл зурагчин Брюс Беннетт маш чухал хоёр мөчийг харуулсан гэж агентлаг онцолжээ. Нэгдүгээрт, тэмцээний төгсгөлийн хамгийн чухал мөчүүдийн нэгийг , хоёрдугаарт хүмүүс зурагтаар үзэж чаддаггүй тэрхүү торгон агшныг буулгаж чадсан байна.  Брюс хаалган дээр алсын удирдлагатай камер суурилуулж, агшныг нь мэдрэн ийнхүү гайхалтай зураг буулгажээ. 

 

Фото: Кевин Мазур/ GETTY IMAGES

  Энэ оны тавдугаар сарын 22-ны өдөр Ариана Грандегийн тоглолтын үеэр Манчестер хотод халдлага болсон. Халдлагаар амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулсан буяны тоглолтын үеэр тайзнаас зураг авах зөвшөөрлийг авсан цорын ганц хүн нь Кевин Мазур байжээ. Ингэснээр гэрэл зурагчин Ариана Гранде дуучны сэтгэл хөдлөлийн торгон агшныг хальснаа буулгаж чаджээ. 

 


 

Фото: Жес Азнар / GETTY IMAGES
 

  Филиппиний Марави хотын захад Катти Маланг хэмээх сүйт бүсгүй найз бүсгүйчүүдийн хамт өөрсдийнхөө зургийг авч байна.  Энэ оны тавдугаар сараас эхлэн энэ хотын хэсгийг Исламын улс алан хядах бүлэглэлийн дайчид хяналтандаа оруулсан юм.  “Энэ гэрэл зурагт хоёр зүйл  бахдал төрүүлж байна. Нэгдүгээрт зургийн зохиомж яг л уран зураг шиг харагдуулж байна. Хоёрдугаарт дайн сөргөлдөөн дунд амьдарч байгаа хүмүүс биднээс дэндүү хол хөндий мэт бид төсөөлдөг. Гэтэл селфи хийж байгааг буулгасан нь их л ойр дотно, энгийн үйлдлийг харуулж байна” хэмээн агентлаг онцолжээ. 

 

Фото: Дэвид Бекер/ GETTY IMAGES

  Дэвид Бекер Лас-Вегас дахь  "Route 91 Harvest" кантри хөгжмийн наадмын фото сурвалжлага хийхээр томилолт авчээ. Гэвч буун дуу хадмагц гэрэл зурагчин байршлаа өөрчлөн аймшигт явдлыг гэрэл зургийн хальснаа буулгаж эхлэсэн байна.  "Үйл явдлын оновчтой зураг авч чадаагүй бол үйл явдлын голомтод ойр байгаагүйтэй холбоотой" гэсэн үг мэдээний гэрэл зурагчдын дунд түгээмэл байдаг.  Яг л энэ зарчмаар Дэвид Бекер эмгэнэлт явдлын төв хэсэгтэй тун ойр байжээ. 

 


 

Фото: Тристан Фьювингс/ GETTY IMAGES
 

  Дуучин Рианна Канны кино наадмын нээлтэнд ирэх үеийн зураг. Энэ төрлийн зургийг олон гэрэл зурагчид авсан ч Тристан Фьювингс  улаан хивсэн дээрх гэрлийг ашигласан нь зургийг нэн өвөрмөц, гайхалтай болгожээ. 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.