Монголын УЦС загасны үржилд сөргөөр нөлөөлнө гэж Оросын эрдэмтэд үзэв

2017-12-28 14:51

 

  Манай улс эрчим хүчний хэрэгцээгээ хангах үүднээс усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхээр олон жил ярьж байгаа ч Байгал нууранд хор нөлөө үзүүлнэ гэсэн шалтгаанаар Оросын талаас эсэргүүцсээр өнөөг хүрсэн. 


  Байгал нуурын гол цутгалан болох Сэлэнгэ мөрний ай савд УЦС байгуулснаар Байгал нуурт хэрхэн нөлөөлөх талаар хийсэн Оросын эрдэмтдийн судалгаа дуусчээ. Эх сурвалж агентлаг "Монголын УЦС" төслийн хүрээнд манай улсын усан цахилгаан станцуудын төлөвлөгөө, төсөлтэй холбоотой мэдээллүүдийг цаг алдалгүй хүргэж байгаа. Бид Монголын эрдэмтдийн хийж буй судалгаа болон түүний үр дүнгийн талаарх мэдээллийг холбогдох судлаачдаас авсан эх сурвалжтайгаар тун удахгүй хүргэх болно.  


  Оросын эрдэмтдийн хийсэн Байгал нуурт нөлөөлөх болзошгүй нөлөөллийн тухай судалгаа дуусчээ. Энэ судалгаанд Монгол улс Сэлэнгэ мөрөн дээр усан техникийн байгууламж барьвал омуль , налим болон голд идээшилдэг бусад загаснууд, ургамлын аймаг оршин тогтноход сөргөөр нөлөөлнө гэжээ. Үүний шалтгаан нь усан цахилгаан станц ажиллаж эхлэсний дараа гидрологийн горим алдагдахтай холбоотой гэнэ.

 

  Ийм судалгааны дүнг Оросын Шинжлэх ухааны академийн Эрхүүгийн шинжлэх ухааны төвийн эрдэмтэд танилцуулсан байна. Энэ төвийн эрдэмтэд Оросын ШУА-ийн Л.А.Мелентьевийн нэрэмжит Эрчим хүчний системийн хүрээлэн болон Оросын ШУА-ийн Буриадын биологийн хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтран Монгол улсын барихаар төлөвлөж буй УЦС Сэлэнгэ мөрний хил дамнасан ай савд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээний судалгааны хоёр дахь шатыг дуусгажээ. 

 

  Тэдний дүгнэлтээр, хоёр орны хилээс 150 км зайд байх голын үндсэн гольдрил дээр барихаар төлөвлөж буй Шүрэнгийн УЦС илүүтэй нөлөө үзүүлэх гэнэ. 


  Судалгаа хийх даалгаврыг ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яамны Усны аж ахуйн цогцолборын хөгжлийн мэдээлэл судалгааны төв өгч, дээр дурьдсан шинжлэх ухааны байгууллагууд даалгавар дээр ажиллажээ. 


 Судалгааны хоёр дахь шатанд Шүрэн болон Эгийн голын УЦС гэсэн хоёр үндсэн төслийг авч үзсэн гэж Оросын ШУА-ын, Л.А.Мелентьевийн нэрэмжит Эрчим хүчний системийн хүрээлэнгийн Усны эрчим хүч болон усны аж ахуйн системийн лабораторын эрхлэгч Вячеслав Никитин өгүүлжээ. 


 Судалгааны дүнд, Сэлэнгэ мөрний ай савд УЦС байгуулсны дараа голын урсац тав болон зургаадугаар сард, хоёр болон тав дахин буурч, харин 11 дүгээр сараас гуравдугаар сарын хооронд 3-5 дахин өснө гэсэн дүн гарсан байна. 


  Никитиний онцолсноор усны аж ахуйн системд үзүүлэх нөлөөлөл бага өөрөөр хэлбэл усны аж ахуйд ноцтой нөлөөлөл үзүүлэхгүй гэнэ. 


  Харин гол аюул нь загасны популяцид нөлөөлнө гэж Оросын эрдэмтэд үзжээ. Тодруулбал Сэлэнгэ мөрний ай савд УЦС байгуулвал есдүгээр сард голын урсгалаас дээш омуль загас нүүдэллэж, хөрсөнд бэхлэгддэг түрс хавар болохоос өмнө “боловсрох” гэнэ. Усны байгалийн зарцуулалттай харьцуулахад урсгал хурдсах тул түрс хөрснөөс салж, дасан зохицох орчноосоо холдох тул амьдрах чадвар нь буурч, улмаар омулийн үржилд сөргөөр нөлөөлнө гэж эрдэмтэд үзжээ. Мөн налим болон сига загасны хувьд ч ийм аюул нүүрлэж байгаа гэдгийг онцоллоо. 


 Оросын эрдэмтэд манай улсын барихаар төлөвлөж буй усан байгууламж экологид ноцтой нөлөө үзүүлнэ гэдгийг онцолсны дээр олон улсын эрхзүйн орчин үеийн чиг хандлагыг харгалзан, хилийн усыг хамгаалах болон ашиглах хоёр талт хэлэлцээрийг шинээр боловсруулах санал гаргасан байна. Түүнчлэн зөвхөн Сэлэнгэ мөрний ай савтай хамааралтай тусгай баримт бичиг боловсруулах өөр хувилбарыг ч дэвшүүлжээ. Мөн 1995 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр гарын үсэг зурсан, хилийн усыг хамгаалах, ашиглах тухай Орос, Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулах санал гаргасан байна. 


  Зөвхөн ийм санал гаргаад тогтохгүй, Монгол улсыг эрчим хүчний хомсдлоо арилгах, хуурайшилттай нутаг дэвсгэрийг усаар хангах өөр боломжит аргуудыг сонгон, усан байгууламж барих төлөвлөгөөнөөсөө татгалзвал илүү үр дүнтэй гэсэн санал гаргажээ. Энэ талаарх мэдээлэлд манай холбогдох байгууллагууд ямар байр суурьтай байгаа талаар бид эргэн мэдээлнэ. 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 2 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (2)

Зочин /202.179.26.228/

2018-01-02 11:17

Ккк, анхнаасаа экологи л гэж ярьж байгаа штэ. Экологийн сөрөг нөлөө, усны горим алдагдалд загасны үржил ордог юмаа. Загасны үржлийн талаар [хориотой үг]ийн Эбе-д ч хандаж байсан юм билээ. Мэдэхгүйгээ мэдэхгүй хэдэн инеженр гуайнуудыг яандаа.

Хариулах 1 2
ЗочинИргэн /202.179.27.238/

2017-12-28 17:52

Оросууд шалдаа бууж, үнэнд гүйцэгдсэн байна. Одоо загасны үржил гэж ярихаас өөр юмгүй болж

Хариулах 4 2

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.